Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00048

 

Х.Х-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00209 дүгээр шийдвэртэй, Х.Х-ны хүсэлттэй  иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Х.Х, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай.

 

            Хүсэлтэд: “X.Х (хоч нэр Ш) миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын "Жаргалын зам" нэгдэлд 1976 онд нэгдлийн “гишүүн”-ээр элсэн орж, 1976 оноос 1992 оныг дуустал нийт 17 жил тасралтгүй малчнаар ажилласан. Тухайн үед Х.Х /Ш/ миний малчнаар ажиллаж байсан болох нь 1976 онд хэвлэгдсэн улаан өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр, 1980 онд хэвлэгдсэн саарал өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1991 онд олгогдсон Улаан өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Х.Х /Ш/ надад тухайн он жилүүдэд олгогдож байсан эдгээр Хөдөлмөрийн дэвтрийн бичилтэд ямар ч засваргүй, тухайн үед эрх бүхий албан тушаалтнууд "ажилласан байдлын талаар" бичилтийг үнэн зөв хөтөлж, бичиж өгсөн байдаг. Түүнээс гадна Х.Х /Ш/ миний Б сумын "Жаргалын зам" нэгдэлд ажиллаж байсныг нотолбол зохих гэрчүүдийн тайлбар тодорхойлолтыг нотлох баримтаар өгөх болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1,  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Х /Ш/миний 1976 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Өлгий аймгийн Б сумын "Жаргалын зам" нэгдэлд нийт 17 жил малчнаар ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү.” гэв.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00209 шийдвэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Х.Х-ы Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

           

Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, “Х" овогт Х.Х миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00209 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. X.Х(хоч нэр Ш) би 1960 онд төрсөн одоо 58 настай. Манай эцэг Хатран нь 1959 оноос эхэлж Б сумын "Жаргалын зам” нэгдэлд малчин байсан бөгөөд төрсөн ах дүүс нь бүгд сургуульд яваад эцэг Хатран нь ганц малчин байсан тул Х.Х намайг Өлгий хотын 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцаж байхад сургуулиас гаргаж Б сумын "Жаргалын зам" нэгдлийн малыг хариулахад туслуулсан. Тэгээд дахин сургуульд суралцаагүй бөгөөд 1976 онд 16 нас хүрсэн үеэс эхэлж, Хөдөлмөрлөх насанд хүрсэн гэж үзэж эцэг Хатраны туслах малчнаар томилон ажиллуулсан ба 1976 оноос эхэлж Б сумын “Жаргалын зам" нэгдэлд 1992 онд улсын хэмжээнд хувьчлал явагдаж, нэгдлийн мал хувьчлагдах хүртэл нэгдэлд малчин байсан. X.Х би нэгдлийн мал маллаж байснаас болж цэргийн албанд ч яваагүй тасралтгүй мал малласан. X.Х миний хувьд төрснөөс хойш одоо хүртэл 58 жил Б сумын 2 дугаар багийн нутаг Улаантолгой гэх газарт өвөлжиж хаваржаад, тус багийн зуслан “Мөст" гэх газар зусаж амьдралыг өнгөрүүлсэн. Байнгын малын захад, малчны хотод амьдралаа зориулсан нэгэн байхад миний малчнаар ажилласан хугацааг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00209 тоот шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 324 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт гишүүний гарын үсэггүй, 1971 оныг засварласан (1976 он гэдгийг 1971 он гэж) овог нэг зөрүүтэй, Хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэггүй, зураггүй, эрхэлсэн ажилд томилсон, чөлөөлсөн, өөрчилсөн талаар тэмдэглэл хийгээгүй гэжээ. X.Х миний хувьд Хөдөлмөрийн дэвтэрт гарын үсэг зураагүй боловч 1971 онд хэвлэгдсэн “улаан" хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн овог Х.Х гэж бичигдсэн нь миний овог, нэр зөрүүгүй болохыг баталж байна. Хөдөлмөрийн дэвтрийг олгосон огноог 1971 байсныг 1976 болгон өөрчилсөн гэх боловч, 1971 онд Х би 11 настай байсан тул 1976 онд 16 нас хүрсэн. Хөдөлмөрийн чадвартай болсон учир Хөдөлмөрийн дэвтрийн бичилт үндэслэлтэй гэдгийг баталж байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн дэвтрийн “Урьдах жилүүдэд хөдөлмөрлөсөн байдал" гэх хэсгийн 1960-1967 оны бичилт хэсэг (7-8 хуудас), 1971 -1975 оны хоорондох он жилүүдэд бичилт хийгдээгүй (Хөдөлмөрийн дэвтрийн  14-18 хуудас) байгаагаас үзэхэд X.Х надад 1971 онд Хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүй байх нь илт харагдаж байтал нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй байна. Харин уг Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тухай тэмдэглэл, өөрчлөлт хийгээгүй гэжээ. Уг асуудалд ажилтан миний гэм буруугүй болно.

X.Х миний хувьд 1976 онд малчнаар томилогдсоноос хойш, өөр ажилд шилжиж байгаагүй. Зөвхөн Б сумын 2 дугаар баг “Жаргалын зам" нэгдэлд малчнаар ажилласан тул олон удаа тушаал гарч, шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаагүй “онцлог” -ыг шүүгч анхаараагүй байна. 1978 онд хөх өнгийн балаар нөхөн бичилт хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Ямар үзэг балаар бичих нь бичсэн хүний эрх юм.          

1989 онд хэвлэгдсэн “Саарал” өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэрт X.Х миний Б сумын "Жаргалын зам” нэгдэлд 1981 оноос 1990 оныг дуусталх 10 жилийн хугацааны бичилт хийгдсэн ба уг дэвтэрт ямар ч засваргүй, тухайн үед бичигдсэн хэвээр байхад шүүх шийдвэртээ нотлох баримтаар үнэлсэн эсвэл нотлох баримтаар үнэлээгүй талаар дурдаагүй байна. Х.Х надад олгогдсон 1991 оны Хөдөлмөрийн дэвтэрт 1991 -1992 оны Хөдөлмөр бичигдсэн байх бэ ямар нэгэн засваргүй болно. Уг дэвтрийг ч гэсэн нотлох баримтаар үнэлээгүй байж, Улсад ажилласан хугацааг тогтоох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Нотлох баримтын эх сурвалж болох ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, цалингийн цэс зэргийг нотлох баримтаар өгөөгүй гэжээ. Дээрх нотлох баримтуудыг архивд шилжүүлээгүй байгаа нь тухайн үеийн Б сумын “Жаргалын зам" нэгдлийн удирдлагын буруутай ажиллагаа болохоос бус малчин Х.Х миний буруу биш юм. Хэрэв ажилд орсон, гарсан тушаал байвал Х.Х миний бие шүүхэд хандах шаардлага байхгүй байсан гэдгийг шүүгч тунгааж үзээгүй байна.

2. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн талаар: Х.Х миний бие 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагт шүүх хуралдаан болно гэхээр миний бие товлосон цагт бэлэн ирсэн. Гэтэл шүүгчийн туслах М.Ерлан нь “та хүлээж бай” гэхээр би шүүхийн байрны үүдний өрөөнд гэрч н.Г-ын хамт шүүх хуралдааныг хүлээж суусан. Хэсэг хугацааны дараа “шүүх хуралдаанд” орох гэтэл “шүүх хуралдаан” болоод өнгөрсөн гэж хэлсэн. Ингэж бэлэн байсан намайг хуралд оруулалгүй шүүх хурал хийсэн болно.Энэ нь Х.Х миний шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр хэргийг хянаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00209 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Х.Х-ы хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар  явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Х.Х-ы шүүхэд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 193 дугаартай архивын лавлагааг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхдээ уг баримтын эх сурвалжийг магадлаагүй буюу үнэн зөв, бодитой эсэхийг нь нягтлан шалгаагүй нь учир дутагдалтай болжээ. Х.Х нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Х.Х” болон хоч нэр нь болох “Ш”-д холбогдох, хүсэлтэд дурдсан хугацааны санхүүгийн анхан шатны баримт бичгүүд архивын газраас олдсон талаар тайлбарлаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан этгээд гомдлын үндэслэлдээ анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт заах эрхгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх тул уг хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Х.Х нь анхан шатны шүүхэд М.Г, И.С, Р.Г нарын 3 иргэний нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг гаргаж өгч, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр И.С, Р.Г нараас гэрчийн мэдүүлэг авчээ. Анхан шатны шүүх Х.Х-ы хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа учраас М.Г-ийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй байна. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо гэрч М.Г-ийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд дуудан, хамт ирсэн бөгөөд анхан шатны шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй талаар дурджээ.

 

Анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт эхлэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Х.Х-д 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан боловч Х.Х нь давж заалдах гомдолдоо “... 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15.00 цагт шүүх хуралдаан болно гэхээр товлосон цагт шүүхэд бэлэн ирсэн. Шүүгчийн туслах “та хүлээж бай” гэхээр би шүүхийн байрны үүдний өрөөнд гэрч Гайв /М.Г/-ын хамт шүүх хуралдааныг хүлээж суусан. Хэсэг хугацааны дараа шүүх хуралдаанд орох гэтэл “шүүх хуралдаан болоод өнгөрсөн” гэж хэлсэн. Ингэж бэлэн байсан намайг шүүх хуралдаанд оруулахгүй хурал хийсэн” гэжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг нэг өдрийн өмнө буюу шүүх хуралдаанд оролцох боломжит хугацааны өмнө мэдэгдээгүйгээс гадна нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл, Х.Х-ы шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангасан гэж үзэхээргүй байна.

 

Хэргийн 26 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШЗ2018/00754 дугаартай шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт “... хүсэлт гаргагч Х.С шүүх хуралдаанд хамт ажиллаж байсан Х.А-ыг гэрчээр асуулгах болон ...” гэж тухайн хэрэгт хамааралгүй баримт, мэдээллийн талаар дурдагдсаныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, Х.Хы гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Х.Х-ы давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.Х-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК