Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0135

 

 

 

 

 

 

 

 

        2022          03            01                                    128/ШШ2022/0135       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /РД: 62124**/,

Хариуцагч: ЭХХ,

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭХСХ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **, 02 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, М ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “М ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тодорхой нөхцөл шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станцын 30 мегабайт эх үүсгүүр барих 68/2017 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 жилийн хугацаагаар авсан.

Нарны цахилгаан станцын эх үүсгүүр барихад хөрөнгө, мөнгө санхүү маш их шаардлагатай байдаг тул манай компани нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станцын 30 мегабайт эх үүсгүүр барих 68/2017 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг авахтай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Турк улсын иргэн Мехмед Кизилтэй байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т заасны дагуу тус хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгон байгуулсан. Гэтэл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурлаас 2019 онд хийснээс шалтгаалан хөрөнгө оруулалтын гэрээнд зайлшгүй нэмэлт өөрчлөлтийг хөрөнгө оруулагч Мехмед Кизилтай хэлэлцэж тохиролцох хэрэгцээ, шаардлага тулгарсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээгээр нийт 60,002,000 (жаран сая хоёр мянга) ам.долларын хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчийн зүгээс оруулахаар тохиролцсон байсан тул яах ч аргагүй хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулагч хийхээр зөвшөөрөхдөө 2007 оны Эрчим хүчний тухай хуульд үндэслэж зөвшөөрсөн байсан боловч 2019 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хөрөнгө оруулагчтай дахин ширээний ард сууж хэлцэл хийхээс өөр аргагүй болсон.

Мөн Ж  2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 102/2017/22 дугаар олгосон Х ХХК-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт баригдах 30 МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын эрчим хүчний нэгдсэн системд холбогдох техникийн нөхцлийг шалтгаангүйгээр сунгаж өгөхгүй байсны улмаас бидний дараагийн ажил хийгдэхгүй шууд саатсан. Энэ нь ч мөн адил хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийх хугацааг хойшлуулах шалтгаан болж өгсөн юм.

Мөн 2019 оны 12 дугаар сараас дэлхий нийтэд учирсан цар тахлаас шалтгаалан манай компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, дэлхий нийтийн ялангуяа Монгол Улсын бизнесийн орчин өөрчлөгдсөн. Энэ мэтчилэн дотоод болон гадаад олон хүчин зүйлсээс болж манай төсөл хойшлогдох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шаардлагатай болсон.

Ингээд Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасныг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 4/18 тоот “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүй хугацаа авч байснаа бүхэл бүтэн 10 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/93 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Ж хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор манай компанид олгосон 68/20** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мэдэгдлийг ирүүлсэн.

Бидний өгсөн хүсэлтийг шийдвэрлэхгүй удсаны улмаас манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон ба төрийн байгууллага өөрт ашигтай нөхцөл байдлыг ашиглан өөрт давуу байдлыг санаатайгаар бий болгосны дараа буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш 11 сарын дараа тогтоол үйлдэж, маргаан бүхий захиргааны акт буюу тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан" гэснийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангахгүй байгаа зэрэг тус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Э 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай" 145 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Э 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай” 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Э 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 145 дугаар тогтоолд нь тус хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай” 09 дүгээр тогтоолыг үндэслэл болгон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Мөн Х 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай” 09 дүгээр тогтоолд тус хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 122 дугаартай тогтоолыг үндэслэсэн байх бөгөөд тус тогтоолоор *********** ХХК-ийн 68/2** дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн.

************** хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай" 09 дүгээр тогтоол болон тус хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар тогтоолуудыг үндэслэн маргаан бүхий 145 дугаар тогтоол гарсан болно.

Иймд маргаан бүхий актын үндэслэл болсон Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гаргасан тайлбартаа: “М ХХК-ийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг өгсөн. Үүнийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод, М ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон *************** хорооны 1** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, М ХХК-д тусгай зөвшөөрөл нөхөж олгохыг даалгуулах гэсэн гурван нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн зүгээс Эрчим хүчний барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хангаж ажилласантай холбоотой хавтаст хэрэгт авагдсан материал буюу хариуцагчаас гаргаж өгсөн баримтад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт буюу хөрөнгө оруулалтын гэрээг 2017 оны 08 дугаар сард байгуулж байсан, үүнийгээ Эрчим хүчний зохицуулах хороонд 2019 онд тайлагнаж байсан. Энэ нь Х ХХК-ийн зүгээс нөхцөл шаардлагын биелэлтийг шат бүрд нь биелүүлж байсан гэдгийг нотлох баримт болж байна.” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны дагуу гэрээ байгуулаад, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, энэ асуудлаараа ямар нэгэн байдлаар хариуцагч талтай харилцаа үүссэн, тусгай зөвшөөрөл олгосон байна, нэгэнт ковид-19 өвчний нөхцөл байдалд дэлхий нийтээрээ байгаа, энэ хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэгчийн зүгээс нөхцөл байдлынхаа талаар хүргүүлсэн. Хариуцагч талаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй, тухайн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Үндсэн хуульд заасны дагуу өргөдөл гомдлоо гаргах эрх нь нээлттэй байдаг, тухайн өргөдөлд хариуцагчаас хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус байна. Тийм учраас тусгай зөвшөөрлийг нөхөн олгох асуудлыг дахин хэлэлцэж болно. Нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлөө аваад тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан болоод шүүхэд хандсан. Нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааг ковид-19 өвчний нөхцөл байдлаас шалтгаалан зөвтгөх боломжтой гэж харж байна.

М ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр албан бичиг өгсөн байна гэж үзэж байна. Нэгэнт албан бичгээ өгсөн байхад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.” гэж зохицуулсан. Тус хуулийн 14.1-т “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 14.1.1-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан”, 14.1.2-т “хуулийн этгээд татан буугдсан”, 14.1.3-т “тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон”, 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох харилцаа нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд яригддаг ойлголт юм. Бид ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын холбогдох бичиг баримтуудыг шаардлагатай бол гаргаж өгч болно. М ХХК-иас хүргүүлсэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байна. Шийдвэрлээгүйг нь хууль бус гэж үзэж байна, шийдвэрлэх ёстой хуульд заасан хугацаа нь өнгөрсөн байхад цахим программд буруугаа чихээд суугаад байж болохгүй. Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай албан бичиг нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. Үүнд огноотой, хаягтай, буцах хаягтай албан бичгийг хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шүүх дүгнээсэй гэж хүсэж байна.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж дүгнүүлэх гэж байна. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд Х ХХК-ийн өргөдлийг шийдвэрлээгүй учраас түүнээс хойш гарсан тогтоолууд нь хүчингүй болох ёстой. Х ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн хүсэлтээс эхлэн даалгах нь зүйтэй. Түүнээс биш Х ХХК-ийн юм хийсэн асуудал үүнд яригдахгүй байх гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, сунгах асуудал хууль бус болсон учраас үүнийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 289 дүгээр тогтоолоор Х ХХК-д Хөвсгөл аймаг, Мөрөн сумын нутагт 30 МВт-ын нарны цахилгаан станц эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэг буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлийг баримталсан.

Х ХХК нь тусгай зөвшөөрөл авахдаа түүний нөхцөл, шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд уг үүргийг хэрхэн биелүүлсэнийг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу дүгнэдэг. Энэ дүгнэлтээр Х ХХК нь “хангалтгүй” үнэлгээ авсан нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 122 дугаар тогтоолоор нотлогдож байгаа бөгөөд уг тогтоолоор барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх шаардлагыг биелүүлэхийг даалгаж 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор тайлагнах хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч хариу ирүүлээгүй.

Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын нэг нь Диспетчерийн үндэсний төв ХХК-тай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгасан байдаг бөгөөд уг компани 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн СЭХ 15/20** дугаар бүхий цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг хуурамчаар үйлдэж энэхүү гэрээг байгуулсан нь Диспетчерийн үндэсний төвөөс ирүүлсэн 03/28** тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдсон.

Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт хангалтгүй гэж дүгнэгдсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсoop биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байсан учраас тус компанийн 68/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн.

Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгээр Х ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу 68/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдэлд хариу тайлбар, санал ирүүлээгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зуйлийн 24.4 дэх заалтын дагуу мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногт багтаан Хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолоор 68/2017 дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Н дээрх шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаж шийдвэр гаргах тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд харин нэхэмжлэгч талаас эдгээр албан бичигт дурдсан асуудлаар ямар нэг тайлбар өгч байгаагүй. Нөгөө талаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 526 дугаар тогтоол нь дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу гарсан бөгөөд хууль зөрчөөгүй болно. Иймд Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо түүний нөхцөл, шаардлагыг тогтоож өгдөг бөгөөд уг нөхцөл шаардлагыг хэрхэн биелүүлсэнээр нь дүгнэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг нь шийдвэрлэдэг. Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэж үзэхэд 47 хувь буюу "хангалтгүй" биелүүлсэн учраас Эрчим хүчний зохицуулах хороо 2020 оны 122 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09 дүгээр тогтоолыг тус тус гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаан дээр нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбараа одоо өгөөд тайлбарлаад явья. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгээр хүргүүлсэн. Энэ албан бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр М ХХК-ийн захирал Ж өөрийн биеэр ирж гардаж авсан. Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардаж аваад, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тус 09 дүгээр тогтоол нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн захиргааны акт  буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэдэг агуулгаар дээд шатны захиргааны байгууллагад хянагдах шаардлагагүй, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах акт юм. Тэгэхээр 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэдэг хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг тайлбарыг гаргаж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоол нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны акт юм. Тухайн захиргааны актыг Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар тусгай зөвшөөрлийг олгох болон хүчингүй болгохтой холбоотойгоор гарсан актад Эрчим хүчний яаманд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байсан. Эрчим хүчний яам 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/20** тоот албан бичгээр хариу өгсөн. Энэ хариуг ХХХК нь Эрчим хүчний яамны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/4421 тоот албан бичигт дурдсанаар “...захирал Ж нь тус хариуг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирж авсан...” байна. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд нэхэмжлэл гаргах эрх нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцогдоно. Т ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуг гардаж аваад Захиргааны ерөнхий хуулийн 14-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн байгаа учраас нэхэмжлэлээ 30 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой. Нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан байна. Тэгэхээр үүн дээр мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрхэн шийдвэрлэдэг вэ гэхээр тусгай зөвшөөрлийг анх 2017 онд олгохдоо М ХХК-д тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тусгай зөвшөөрлийн хавсралт байдлаар хамтад нь тогтоож өгдөг. Энэ нөхцөл шаардлагад дурдсан шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд үнэлгээ өгөөд, энэ үнэлгээнд хангалтгүй үзүүлэлт авсан бол тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй болдог юм. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаарт зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бол тус тусгай зөвшөөрлийг сунгах тухай заасан.

Эрчим хүчний зохицуулах хорооны 184 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм гэж байдаг. Тус журам нь захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн, нийтээр дагаж мөрдөж байгаа журмын дагуу зохицуулагддаг. М ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй, нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй учраас 2017 онд авсан тусгай зөвшөөрөл нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Үүнтэй уялдуулаад тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Дараагийн асуудал нь Эрчим хүчний зохицуулах хороо нь 09 дүгээр тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн. Энэ албан бичигт “...Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй боллоо. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал бүрдэж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал, хүсэлт байвал ирүүлэх, тусгай зөвшөөрөл хүчингүй болгохтой холбоотой хуралд оролцоно уу...” гэдэг асуудлаар тус компанид мэдэгдсэн. Дараа нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/153 тоот албан бичгээр “...Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх хуралд оролцоно уу...” гэж дахин явуулсан. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/527 тоот албан бичиг мөн үүнтэй холбоотой нөхцөл байдлыг тодорхой тайлбарлаж явуулсан. Нөгөөтээгүүр М ХХК нь 09, 145 дугаар тогтоолууд гарсан Эрчим хүчний зохицуулах хорооны хурлуудад гүйцэтгэх захирал У оролцсон нь энэ хурлын тэмдэглэлүүдэд тусгагдсан. Өөрөөр хэлбэл биечлэн болон цахимаар оролцоод захиргааны байгууллагаас ямар акт гарах гэж байгааг мэдсэн, тус асуудалд холбогдох тайлбаруудаа хэлж байсан. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу М ХХК-тай холбоотой асуудлыг мэдээгүй, эсвэл шийдвэрлээгүй, сонсоогүй асуудал байхгүй. Энэ бүх хурлуудад тус компанийг оролцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

Дараагийн асуудал нь тус компани нь анх тусгай зөвшөөрлийг авсны дараа хийх ёстой Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг Диспетчерын үндэсний төвтэй хийдэг зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл тус тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэж заасан байдаг. Тус гэрээг тусгай зөвшөөрлөө авч, үнэ тарифаа батлуулсны дараа хийх ёстой. Гэтэл тус компани нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээний 7.1-д “Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот тогтоолын дагуу тарифаа тогтоосон” байдаг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо нь М ХХК-ийн тарифыг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш байгуулах ёстой  байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус гэрээг байгуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг хуурамчаар буюу худал ташаа тогтоолоор байгуулсан. Тэгэхээр тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдэг нөхцөл байдал үүссэн байсан. Энэ нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон бэ гэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос хяналт, шалгалт ороод тухайн нөхцөл байдлуудыг илрүүлж гаргасан. Энэ гэрээ нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэхэд тодорхой хэмжээгээр үнэлгээний хувьд нөлөөлдөг юм. Тэгэхээр цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус нөхцөл байдалтай байгаа учраас тус гэрээг хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Эрчим хүчний зохицуулах хорооноос тариф баталсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоол байна. М ХХК-ийн хүсэлтийг үндэслээд Эрчим хүчний зохицуулах хорооноос тарифыг баталсан байна. Энэ нь хуурамч тогтоол юм. Диспетчерын үндэсний төвөөс ирүүлсэн баримтууд дунд хуурамч тогтоол орчихсон байгаа гэсэн үг юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 тоот тогтоол гараагүй. Тухайн тогтоол нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоол юм. Тухайн тогтоолын он сараас бусад нь зөв. Он сарыг нь засчихсан гэсэн үг юм. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 дугаартай тогтоол Эрчим хүчний зохицуулах хорооноос огт гараагүй. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоолоор тухайн тарифыг баталсан, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот тогтоол байхгүй. М ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний 7.1-д дурдахдаа 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 11 дүгээр тогтоол гэж дурдсан байдаг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 11 тоот тогтоол байдаг.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 11 дугаартай тогтоол нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сард болон 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Диспетчерын үндэсний төв ХХК-д худалдах цахилгааны тариф батлах тухай тогтоол байдаг. Өөр этгээдийн тарифыг баталсан тогтоол юм. Тусгай зөвшөөрлөө авч байж тарифаа баталдаг.

Ийм учир шалтгаантай тус компанитай холбоотой нөхцөл байдлууд байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос хуульд нийцүүлэн М ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тус компанитай холбоотой хууль бус шийдвэр гаргаагүй, Эрчим хүчний зохицуулах хорооноос гарсан бүх шийдвэрүүд хууль ёсны дагуу гарсан.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт цахимаар ирүүлэхдээ байршил болон нэршлээ буруу ирүүлээд, хавсаргасан файлдаа “М” ХХК гэсэн байсан.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөд явахгүй бол шууд Өргөдөл, гомдол шийдвэрлэх хуулийн дагуу шууд хариулт өгөх боломжгүй. Яагаад гэвэл М ХХК-иас хүсэлт ирүүлсний дагуу тайланг шаардаж авдаг, зарим компаниуд тайлангаа ирүүлдэггүй. Бид ирүүлсэн материалд үнэлэлт, дүгнэлт өгөөд, М ХХК нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Энэ хангалтгүй гэсэн үнэлгээ нь тухайн хүсэлтийн хариу болж байна гэсэн үг юм. Компаниудаас тайлангаа ирүүлдэггүй, тайлангаа ирүүлсний дараа нөхцөл шаардлагад заасны дагуу тайланг нягталж, биелэлтийг шалгадаг учраас хугацаа их ордог юм.

Тусгай зөвшөөрлийг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрчим хүчний тухай хуулийн 22.3 дахь заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг цахим системд хандаж гаргах ба шаардагдах мэдээллийг бүртгүүлнэ” гэж заасан. Тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлөө цахимаар хандаж гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг юм.

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтэд хариу өгөөгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны ирсэн баримт бичгийн бүртгэлээр тухайн хүсэлт нь ирээгүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Тухайн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай албан бичиг нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний 2020-0014 албан бичигт хавсаргаж ирсэн байна. 2020 оны 12 дугаар сард тайлбар хүргүүлэх тухай албан бичиг байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхээс үл хамаараад тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас хийсэн ажлуудыг шалгах зарчим баримталдаг. Үүний дагуу М ХХК-иас тухайн тайлбарыг ирүүлсэн, тухайн тайлбарт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгийг хавсаргаж ирүүлсэн байна гэдгийг дурдъя. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020-0014 тоот албан бичиг ирсний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх талаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирсэн албан бичгийн дагуу хуулийн хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх асуудлыг шийдвэрлэсэн. Ийм учраас хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон асуудал ********** хорооны зүгээс байхгүй юм.

Мөн нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад асуудлыг шийдвэрлээд байна гэж тайлбарлаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан ч гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн оролцох эрхийг нь хангах үүднээс, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын нөхцөл байдлыг тодруулах үүднээс тайлбар хүсэлтийг авч танилцаж байж шийдвэр гаргадаг.

Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, ямар нэгэн нотлогдсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. Үүнтэй нэхэмжлэгч талаас маргахгүй гэж бодож байна.

Тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Эрчим хүчний зохицуулах хороо ямар нэгэн хууль бус шийдвэр гаргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлбарын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тогтоолыг гаргаж, хуульд заасны дагуу хүргүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны 145 тоот тогтоол нь мөн ялгаагүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн тул үүнтэй холбоотойгоор нэгэнт тусгай зөвшөөрөл олгосон харилцаа явагдаж байгаа учраас тухайн харилцааг дуусгавар болгох зайлшгүй шаардлагатай байсан учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүндэтгэж, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан ч гэсэн ковид-19 өвчний нөхцөл байдал, бусад хүчин зүйлсийг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргах хүртэл тухайн компани нь ямар ажил гүйцэтгэсэн талаар, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах нөхцөл байдал байгаа эсэхийг заавал судалж үзэж байж шийдвэр гаргадаг. Үүний дагуу үүргээ гүйцэтгэсэн эсэхэд асуудлыг авч үзсэн. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад заасан үүргүүдийг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй хууль, эрх зүйн зохицуулалттай учраас үүний дагуу шийдвэрлэсэн.

Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй. Тухайн олгосон тусгай зөвшөөрлөө хүчингүйд тооцож байж тус харилцаа дуусгавар болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нар тайлангаа ирүүлдэггүй, тайлбараа өгдөггүй. Ялангуяа М ХХК хаягтаа байдаггүй, тийм учраас бид байнга Ж захиралтай утсаар ярьж мэдэгддэг. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын араас хөөцөлдөж байж асуудлыг нь шийдвэрлэдэг. Нэгэнт үүсгэсэн харилцаагаа Эрчим хүчний зохицуулах хорооноос дуусгахгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгасан эсэх, захиргааны байгууллага ямар шийдвэр гаргах гэж байгаа нь тодорхойгүй байж болохгүй учраас шийдвэр гаргасан.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага нь нийтдээ 6 үзүүлэлттэй байдаг. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын аж ахуйн харилцааны дүрэм гэж байдаг. Тус дүрмийн 6-д тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрхэн дүгнэх талаар аргачлал байдаг. Энэ аргачлалд тухайлбал М ХХК-ийн хувьд 6 үзүүлэлтийн эхний нөхцөл шаардлага буюу тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барилга байгууламж барьж, ашиглалтад оруулах гэж заасан. Үүнд 2 үзүүлэлтээр дүгнэдэг.

 Нэгдүгээрт: Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй бол 50 хувь, барилга угсралтын ажил дуусаж улсын комиссын акт гарсан бол 50 хувь, нийлээд 100 оноо авах ёстойгоос ямар ч ажил хийгээгүй.

Хоёрдугаарт: Зураг төсөл боловсруулах, зөвшөөрлийг батлах дүрмийн дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх буюу батлуулах гэдэгт ямар ч тайлан ирүүлээгүй. Үүнд батлагдсан зураг төслийг хувиар тооцдог, тайлан ирүүлээгүй учраас үүнд 0 оноотой.

Гуравдугаарт: Барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх гэдэгт магадлалын дүгнэлт гарсан зургийн төсөлд зургийн нийт эзлэх хувиар нь тооцдог. Үүнд магадлалын дүгнэлт гараагүй буюу юу ч байхгүй байсан учраас 0 оноотой.

Дөрөвдүгээрт: Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 24 сарын дотор хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулсан байх гэдэгт 80 оноо өгсөн. Үүнд яагаад 80 оноо өгсөн бэ гэвэл дүрэмд зааснаар цахилгаан эрчим хүч худалдаж, худалдан авах гэрээ байгуулсан бол 20 хувь, хөрөнгө оруулагчтай талтай гэрээг эцэслэн байгуулсан бол 40 хувь өгөх ёстой байдаг. Т ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээг Миякан яки гэдэг компанитай 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн учраас  Эрчим хүчний зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гэж үзэн 80 огноо өгсөн.

Тавдугаарт: Барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулагдсанаас хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх гэж заасан. Эх үүсвэрийг барих газрын гэрчилгээтэй тохиолдолд 10 хувь, Эрчим хүчний яамнаас барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл олгосон бол 40 хувь, зөвшөөрөл олгогдсоны дараа барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол ажлын явцаас хамааран 50 хувиар үнэлэхээр зохицуулсан. Үүнд ямар ч тайлан ирүүлээгүй боловч М ХХК нь газрын гэрчилгээтэй учраас 10 оноог нь өгсөн.

Зургаадугаарт: Барилга угсралтын ил далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах  гэдэгт Эрчим хүчний яамнаас техникийн гэрчилгээ олгосон бол 50 хувь, захиалагч техникийн хяналтын гэрээ байгуулсан бол 50 хувь олгохоор заасан байдаг. Үүнд мөн тайлан ирүүлээгүй. Гэхдээ М ХХК-ийн техникийн нөхцөл олгогдсон боловч хугацаа нь дууссан байгаа. Тухайн техникийн нөхцөлийн хугацаа дууссан байсан ч гэсэн Эрчим хүчний зохицуулах хороо авсан гэж үзэн 50 оноо өгсөн. Нийтдээ дунджаар 47 оноо буюу хангалтгүй оноо авсан.

Газрын гэрчилгээтэй, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан, техникийн нөхцөл авсан гэсэн 3 үндэслэлээр оноо өгөгдсөн, бусдаар оноо өгөгдөөгүй, 2018, 2019, 2020 оны тайланг ирүүлээгүй, нөхцөл шаардлагын биелэлтийг дээрх 3 үзүүлэлтээр үнэлсэн, үүнээс өөрөөр үнэлэгдэх баримтууд байгаагүй.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаарт зааснаар 60 хүртэл хангалтгүй, 60-75 дунд, 75-90 сайн, 90-100 хангалттай сайн гэсэн үнэлгээ байдаг. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлсэн эсэхэд үнэлгээ дүгнэлт өгч байж, үндэслэл бүхий баримтад үндэслэн шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд хууль бус байхыг шаарддаг. Эрчим хүчний зохицуулах хорооны 145 болон 09 дүгээр тогтоолууд нь хууль бус байсан гэж нэхэмжлэгч талаас маргахгүй байна гэж харж байна.

Харин эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны байгууллага шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлээгүй, хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй гэж үзэж байна. Үүнд нэхэмжлэгч талаас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг ирээгүй болох нь шүүхийн үзлэгийн үед тогтоогдсон. Тус албан бичиг нь 2020 оны 12 дугаар сард ирсэн нь шүүхийн үзлэгээр тогтоогдож, нотлох баримт цугларсан. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар нэгэн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлт ирүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг хэрэгт өгсөн. Үүнд Багахангайн нарны цахилгаан станц гэдэгт дараад орохоор сунгуулах тухай өргөдөл нь гарч ирдэг юм. Тухайн өргөдөлдөө Багахангайн нарны цахилгаан станц гэсэн өөр нэртэй өргөдөл ирүүлээд, хавсаргасан файлдаа М ХХК гэсэн хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн байсан. М ХХК-иас хүсэлт гаргахдаа манай тусгай зөвшөөрлийн цахим системд нэвтэрч ороод хүсэлтээ явуулдаг. Тухайн эрхээр зөвхөн М ХХК нь нэвтэрч орох боломжтой. Эрчим хүчний зохицуулах хорооноос буцаасан тухай төлөвийг нэхэмжлэгч тал харах боломжтой.

Багахангайн нарны цахилгаан станц ХХК-иас хандсан бүртгэлтэй байна. М ХХК-иас хандалт байгаагүй. 200 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн хүсэлт анх гаргаснаасаа хойш программын эрх нээлгээд, хандаж явдаг. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу тайланг авдаг. Үүнд хөрөнгө оруулалтын гэрээнээс авахуулаад Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, техник, хяналтын гэрээ, зураг төсөл боловсруулж өгсөн эсэх энэ бүрээр бид харж дүгнэдэг.

Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бол Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана...” гэж заасан. Би өөрөө тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтний хувьд М ХХК-ийн захирал У олон удаа уулзаж байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор М ХХК-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт нарны цахилгаан станцын 30 МВт эх үүсгүүр буюу эрчим хүчний барилга байгууламж барих 68/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд маргаанд хамаарах 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй” үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолоор “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь тус компанийн 2017 онд авсан 68/2017 дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг болон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мөн хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар, М ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор, тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгуулахаар шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд.

а/ Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.4-т зааснаар эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, энэ чиг үүргийн хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож, хэрэгжилтийг хянах, тарифыг батлах, тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийг батлах эрхийг хэрэгжүүлэх бөгөөд маргаан бүхий тушаалд баримталсан хуулийн зохицуулалтаас үзвэл Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3-т эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилээр олгож, хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө гаргахаар, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар заажээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлд “эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны дотор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг цахим системээр тайлагнахаар, уг мэдээллийн үнэн зөвийг хариуцахаар, Эрчм хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг жил бүрийн 4 дүгээр сард багтаан зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж дүгнэхээр, хугацаанд нь тайлагнаагүй тохиолдолд биелэлтийг хангалтгүй гэж үнэлэхээр, дүгнэхдээ нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын үзүүлэлт бүрийн дунджаар үнэлэхээр, 60 онооноос доош үнэлэгдвэл хангалтгүй гэж дүгнэхээр, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хувьд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах, барилга угсралтын ажлын зөвшөөрөл авах, барилгын зураг төслийг батлуулах, зураг төсөлд магадлал хийлгэх, барилга байгууламжийг барих хөрөнгийг санхүүжүүлэх гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулах, барилга угсралтын ажлын явц зэргээс хамааран тодорхой хувьд тодорхой үнэлгээ өгч дүгнэхээр” журамлажээ.

Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо 2017 оны 289 дүгээр тогтоолоор 68/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталсан, үүгээр тоног төхөөрөмж техник хэрэгсэл, мэргэшсэн хүний нөөц, хэмжих хэрэгсэл, программ хангамж, тайлагналын систем, төлөвлөгөө, хяналт, шинжилгээ гээд тодорхой нөхцлүүдээс гадна, тусгай зөвшөөрлийн хугацаанд хийж гүйцэтгэх ажил, үе шатны шаардлага тавигдсан, тухайлбал эрчим хүчний барилга, байгууламжийг барих, ашиглалтад оруулах, зураг төслийг гүйцэтгүүлж батлуулах, зураг төсөлд магадлал хийлгэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, техникийн хяналт бичиг баримтыг баталгаажуулах, барилгын ажлын явцыг хянуулах шаардлагыг тогтоосон байна.

Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэмд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны дотор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг цахим системээр тайлагнах үүрэгтэй ч С ХХК нь 2018, 2019, 2020 онд 68/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаарх үйл ажиллагааны тайланг гаргаж ирүүлээгүй болох нь шүүхээс цахим системд хийсэн үзлэгээр тогтоогдсон.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэдийгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тайланг ирүүлээгүй ч Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг жил бүрийн 4 дүгээр сард багтаан зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж дүгнэхээр аж ахуйн харилцааны дүрэмд заасанчлан нөхцөл, шаардлагын биелэлтийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд 122 дугаар тогтоолоор 2019 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг 47 оноогоор хангалтгүй гэж дүгнэсэн байдаг. Тухайлбал “хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэх газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, техникийн нөхцөл авсан” гэх 3 үзүүлэлт л үнэлэгдсэн, бусад үзүүлэлт буюу нөхцөл, шаардлагын “4.1 эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж ашиглалтад оруулаагүй, 4.2 барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгүүлж, батлуулаагүй, 4.3 зураг төсөлд магадлал хийлгээгүй, 4.5 хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелснээс хойш 12 сарын дотор эрчим хүчний барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, 4.6 барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх этгээдтэй гэрээ байгуулаагүй, 4.7 зохиогчийн хяналт хийгдээгүй” байх бөгөөд тусгай зөвшөөрлийн дээрх шаардлагууд хангагдаагүйгээс үнэлэгдээгүй байна.           

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг анх тусгай зөвшөөрөл олгохдоо тогтоосон, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй, нөхцөл, шаардлагыг хангасан эсэх биелэлтийг жил бүр дүгнэхээр, энэ үнэлгээг буюу нөхцөл, шаардлагыг биелүүлсэн байдлыг харгалзаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд, мөн техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр байх тул хуулийн энэ шаардлагыг хангаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн 09 дүгээр тогтоол үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

б/ М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг хэлэлцсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө цахилгаан эрчим хүч нийлүүлэх, худалдах гэрээ байгуулсан асуудлыг хэлэлцсэн, тодруулбал, “2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулснаас хойш 13 хоногийн дараах 10 дугаар сарын 26-ны өдрийн Хорооны 31 дүгээр хурлаар тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн” нь дотоод шалгалтаар тогтоогдсон талаар танилцуулагдсан байдаг.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгож,  2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ********* ХХК-ийн 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцаас цахилгаан үйлдвэрлэх тарифыг баталсан, ийнхүү эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл олгож, худалдах нийлүүлэх эрчим хүчний тарифыг тогтоосны дараа эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах ёстой, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй этгээд батлагдсан тарифаар эрчим хүч нийлүүлэх тул тусгай зөвшөөрөлтэй этгээдтэй хорооноос баталсан тарифыг үндэслэн гэрээ байгуулагддаг.

Гэтэл ийнхүү хорооноос 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тарифыг батлахаас өмнө, түүгээр ч үл барам тусгай зөвшөөрөл 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгогдохоос ч өмнө Диспетчерийн үндэсний төв ХХК-тай С ХХК нарны цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байх бөгөөд гэрээнд “Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан тарифаар нийлүүлэх эрчим хүчний үнийг тооцохоор” заасан байдаг.

Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын дугаар олгосон бүртгэлээс үзэхэд тус хорооноос 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 дугаартай тогтоол гараагүй буюу тухайн өдөр ямарваа дугаар олгогдоогүй, 10 дугаар сарын 06-ны орчимд буюу 9 дүгээр сарын 28-нд 275, 10 дугаар сарын 26-нд 276 гэсэн дугаар олгогдсон, 2017 онд тогтоолын 11 дугаар нь 1 дүгээр сарын 25-ны өдөр өөр этгээдийн буюу Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-иас Диспетчерийн үндэсний төв ХХК-д нийлүүлэх эрчим хүчний тарифыг баталсан тогтоолд олгогдсон байдаг.

Диспетчерийн үндэсний төв ХХК нь диспетчерийн зохицуулалт хийхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн дагуу эрчим хүчний нэгдсэн сүлжээний зохицуулалт хийх, нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээд бөгөөд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосноор эрчим хүч үйлдвэрлэгчээс сүлжээнд нийлүүлэх эрчим хүчийг худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу зохицуулалт хийдэг. Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг тухайн бүс нутгийн газар зүйн байрлал, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, үнэ, тариф нь хэрэглэгчдийн худалдан авах чадавхид нийцсэн байдлыг харгалзан Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд тогтоодог. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуурамчаар үйлдсэн гэж, уг хуурамч тогтоолыг үндэслэн  Диспетчерийн үндэсний төв ХХК гэрээ байгуулсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр гэрээ байгуулахад тарифыг тооцох үндэслэл болсон Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоол нь тус хорооноос шүүхэд хуулбар үнэн тэмдэгтэйгээр ирсэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос хүчингүй болгоогүй, уг тогтоолоос 3 сарын дараа гарсан гэх 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолтой үг, үсэг, утга агуулга ижил, мөн тогтоолын доорх “хөтлөх хэргийн нэрсийн жагсаалтын 1-3-д оруулав. D:\Ajil\Khoroonii khural\Khoroonii khural 2018” гэсэн файлын өргөтгөл бичигдсэн, хариуцагч нь хэвлэмэл хуудас, тогтоолын агуулга, бичиглэл, гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдсэн гэж маргаагүй, огноог өөрчилсөн гэж л маргадаг тул “тогтоолын огноог өөрчилж гаргасан” гэх асуудалд дан ганц тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгах, эрх бүхий этгээдийн шийдвэрийг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий этгээдээс 3 сарын дараа гарах тогтоолыг хэвлэмэл хуудас, тамга, гарын үсэг ашиглан үг, үсэг, агуулгын зөрүүгүй урьдчилж гаргах боломжгүй.   

Хэдий ийм ч уг үндэслэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн үндэслэл болоогүй, тодруулбал Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолын үндэслэлд тусгагдаагүй болно.

2. “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд.

Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т тусгай зөвшөөрлийн хугацаа нь олгосон өдрөөс тооцогдохоор, 24 дүгээр зүйлийн 24.3.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага ийнхүү хангалтгүй дүгнэгдсэн, нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүйгээс хугацаа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн л үндэслэлтэй, хуульд нийцжээ.

3. Нэхэмжлэлийн “С ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгуулах” шаардлагын тухайд.

а/ Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3-т эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилээр олгож, хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө гаргахаар, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хуульчлагдсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/18 тоот албан бичгийг гаргасан ч Эрчим хүчний зохицуулах хороонд ирсэн бичгийг бүртгэдэг бүртгэлээс үзэхэд 2020 оны 4 дүгээр сард М ХХК-иас ямарваа бичиг хүсэлт ирээгүй буюу бүртгэгдээгүй байна.

Тус компаниас 2020 оны 12 дугаар сарын 14-нд Эрчим хүчний зохицуулах хороонд 2020/0014 тоот албан бичгээр гаргасан тайлбарт дурдсанаар “Эрчим хүчний зохицуулах хорооноос утсаар мэдэгдсэн шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ цахимаар илгээсэн” гэх хэдий ч ийнхүү цахимаар илгээхдээ “Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Багахангайн нарны цахилгаан станц” оноосон нэрээр буюу өөр нэрээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цахим системд илгээж, үүндээ 4/18 тоот албан бичгээ хавсаргасан байдаг. Хэдий өөр оноосон нэрээр цахим системд 4 дүгээр сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл маягтаар илгээсэн ч, уг өргөдөлд 4/18 тоот албан бичиг хавсаргагдсан нь Эрчим хүчний зохицуулах хорооны license.erc.mn цахим системд хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул “хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө гаргах” хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлсэн гэж үзлээ.

Харин энэ хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан Эрчим хүчний зохицуулах хорооны хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх талаарх зохицуулалт агуулсан Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйл болон Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг нарийвчлан зохицуулаагүй, харин уг хүсэлтийг шийдвэрлэхэд тавигдах шаардлагыг зохицуулсан, тодруулбал тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг болон техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг үнэлж байж хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр урьдчилсан нөхцөл болгож журамласан тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2019 оны зорилтын биелэлтийг үнэлсний дараагаар уг үнэлгээг үндэслэн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэсэн нь зөв байна. Нөгөөтэйгүүр хугацаа сунгуулах хүсэлтийг хуралдаанаар шийдвэрлэж тогтоол гаргасан, тогтоолыг хүргүүлсэн байх тул шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэхгүй.

б/ Нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч үүнийгээ нэгэнт хугацаа дууссан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлага нь үр дагавар үүсгэхгүй гэх агуулгаар “тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгах” хэмээн тодорхойлсон.

Дээр дүгнэснээр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангалтгүй дүгнэгдэж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноор “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр нь  үндэслэл бүхий, хуульд нийцсэн тул тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгах үндэслэлгүй байна.

4. Сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгдсэн талаар.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн 09 дүгээр тогтоолыг хүргүүлж, уг албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэснийг, улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэнийг, хорооны 2 дугаар сарын хурлаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал хэлэлцэхийг, хуралд оролцохыг” мэдэгдсэн ба, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/153 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх хурлын  товыг буюу 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралд оролцохыг мэдэгдсэн, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо зохицуулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, ийнхүү хэлэлцэх хуралд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буюу түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийг оролцуулсан тухайлбал, маргаанд хамаарах шийдвэрүүдийг хэлэлцсэн хорооны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний хуралд тусгай зөвшөөрөл эзэмшигч МХХК-ийн захирал Т, төслийн менежер Н нар, 2 дугаар сарын 10 –ны хуралд захирал Д., төслийн менежер Б нар оролцсон байх тул сонсох ажиллагаа хийсэн, гаргасан шийдвэрээ танилцуулсан гэж үзнэ.

5. Хариуцагчийн “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолыг тус компанийн захирал Д 2 дугаар сарын 23-нд гардан авсан нь явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэгдсэн байх бөгөөд шүүхэд анх 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан хугацаанаас тооцоход 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж шүүх үзсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2169 дүгээр захирамжаар “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх” шаардлага тавьж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар 145 дугаар тогтоолыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Эрчим хүчний сайдад болон Эрчим хүчний зохицуулах хороонд өөрт нь 5 дугаар сарын 12-нд гомдол гаргаснаар Эрчим хүчний сайдын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн а/2009 тоот албан бичгээр хариу өгснийг 6 дугаар сарын 15-ны өдөр компанийн захирал Д нь гардан авсан болох нь тус яамны явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2/527 тоот албан бичгээр хариу өгснийг 7 дугаар сарын 19-нд хүлээн авсан гэж тайлбарладаг бөгөөд 8 дугаар сарын 16-нд дахин нэхэмжлэлээ гаргасан байх тул 145 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзээгүй болно.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүргүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгийг 1 дүгээр сарын 25-ны өдөр компанийн захирал Т гардан авсан нь явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэгдсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх тогтоолоор “урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Эрчим хүчний сайдад болон Эрчим хүчний зохицуулах хороонд хандахдаа 09 дүгээр тогтоолыг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргасан ч эрх бүхий этгээдээс шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасныг эс зөвшөөрсөн агуулгаар маргаж байсан, 145 дугаар тогтоол нь нэхэмжлэгчид чиглэсэн тодорхой үр дагавар бүхий 09 дүгээр тогтоолыг  үндэслэж гарсан байх тул уг тогтоолд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалтыг баримтлан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09, 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Т ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгах” тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХАЛИУНА