| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 221/2025/0022/З |
| Дугаар | 221/ШШ2025/0026 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 221/ШШ2025/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тариф батлах тухай” 632 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Д, Б.Э
Иргэдийн төлөөлөгч З.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 221/2025/0022/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тариф батлах тухай” 632 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, маргасан.
2. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:
2.1. “Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн тухайд;
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тариф батлах тухай” 632 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг баталсан. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн ... оршин суудаг айл өрхийн хувьд цахилгаанаар хангах хэрэглэгчийн гэрээтэй болно. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны тус тогтоолоор тарифыг шинэчлэн баталснаас үүдэж хэрэглэгч айл өрхийн хувьд цахилгааны төлбөр өмнөх тариф мөрдөгдөж байснаас даруй 2 дахин их буюу 50 орчим хувиар хэрэглээний төлбөр өндөр гарах болсноор уг захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч миний цахилгаан хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өмнөх үеэс илүү өндөр төлбөр төлж санхүүгийн хувьд хохирч байгаа ба цаашид энэ байдлаар хэт өндөр төлбөр гарсаар байх нь цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрч айл өрхийн үндсэн хэрэглээ болох цахилгаан хэрэглээг авах боломжгүйд хүрч болзошгүй байна. Тодруулбал, Эрчим хүчний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан “хэрэглэгчийн эрх” маань хариуцагчийн тариф нэмэгдүүлэн баталсан үйл ажиллагаанаас болж шууд зөрчигдөөд байна.
2.2. Зөрчилдөж буй хууль, хэм хэмжээний тухайд;
Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлд тариф тогтоох зарчмыг тогтоож өгсөн ба маргаж буй Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 632 дугаар “Тариф тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг батлахдаа дараах зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд захиргааны шүүх нотлох зарчим, чиг үүргийнхээ дагуу нотлох баримт бүрдүүлэх хүрээнд хариуцагчаас холбогдох баримтуудыг гаргуулах, шинжээч томилох зэргээр эдгээрийг нотлох боломжтой болно. Үүнд: Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1 “үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах”, 23.2.3 “эрчим хүчний хэрэглээг зохицуулах боломжтой байх”, 26.2.4 “үнийг инфляцтай уялдуулан тооцох”, 26.2.6 “эрчим хүчний тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх”, 26.2.7 “эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, үйл ажиллагаанд техник технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх” зэрэг болно. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл “Давамгай байдлаа хууль бусаар ашиглах”, 7.1.2 “Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
2.3. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: Б.Б миний бие ... хаягт амьдардаг, цахилгааны хэрэглэгчийн гэрээтэй бөгөөд манай гэр бүлийн цахилгааны төлбөр 2024 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хэт өндөр төлбөр гараад байгаа болно.
Манайх цахилгааны 955.... кодтой ба 2024 оны 11 дүгээр сард 388.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 892.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1.208.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1.006.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын төлбөр 602.358 төгрөгийн төлбөр тус тус гарсныг төлж барагдуулсан. Урд оны мөн үетэй харьцуулбал манай цахилгааны төлбөр сардаа хамгийн ихдээ 300.000-500.000 төгрөгөөс хэтэрдэггүй байсан. Цахилгааны төлбөр яагаад ийм өндөр гаргаад байгаа шалтгаан нөхцөлийг тодруултал Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн "Тариф тогтоох тухай” 632 дугаар тогтоол батлагдсан байна. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “Айл өрхөд борлуулах цахилгааны тариф”-ыг тогтоохдоо Монгол Улсын Үндсэн хуультай нийцээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, баталсан мөн дээр дурдсан хууль, хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө хичээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасныг, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг зөрчиж, баталсан.
1958 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Женевийн Монгол Улсын олон улсын гэрээ "Алагчлахгүй байх тухай" конвенцын 2 дугаар хавсралтаар баталсан Дотоодын дэмжлэгийн Бууруулах үүрэг амлалтаас чөлөөлөх үндэслэлийн (g)-д “дэд бүтцийн үйлчилгээ, үүнд: цахилгаан хангамж, зам болон тээврийн бусад байгууламж, зах зээлийн болон боомтын тоног төхөөрөмж, усан хангамж, далайн буюу усан хоолойн төсөл болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах хөтөлбөртэй уялдсан дэд бүтцийн ажил орно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Эрчим хүчний зохицуулах хороо нь айл өрхөд борлуулах цахилгааны тариф худалдан борлуулах тарифыг батлахдаа айл өрхүүдийн энгийн тоолууртай, 2 тарифт тоолууртай, 3 тарифт тоолууртай гэж хөрөнгөөр нь ялгаварлан ангилсан нь хүний эрхийг ноцтой зөрчиж, хөрөнгө чингээгээр нь ялгаварлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, тогтоол гаргасан гэж үзэж байна. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг өдөр, орой, шөнийн тарифыг тогтоохдоо хөрөнгийн дараах байдлаар ангилж, тогтоосон. Энгийн тоолууртай сарын нийт хэрэглээний 150 кВт ц-аас ихгүй хэрэглээг 175.00 төгрөгөөр, сарын нийт хэрэглээний 150 кВт ц-аас 300 кВт ц-аас ихгүй хэрэглээг 256 төгрөгөөр, сарын нийт хэрэглээний 300 кВт ц-аас их хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Хэдийгээр айл өрхүүд хүн амын тооноос шалтгаалан цахилгааны хэрэглээг хэрэглэж байгаа ч хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөх нь мэдээж хэрэг. Гэхдээ айл өрхүүд цахилгааны хэрэглээ хэрэглэх тусам өндөр үнээр цахилгаан худалдан авч байгаа нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр ийнхүү хэт өндөр үнэ тогтоосон нь тодорхой бус байна. Зах зээлийн хуулиар шатахуун болон өргөн хэрэглээний бараа, мах махан болон бусад бүтээгдэхүүнийг худалдан авах бүрдээ их хэмжээгээр авахаар бол аль болох хямд үнээр худалдаж авдаг. Гэтэл айл өрхүүд цахилгааны их хэрэглэх бүрдээ илүү их мөнгө төлнө гэдэг нь шударга бус юм.
Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тариф батлах тухай” 632 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний тариф тогтоохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийг түгээмэл тунхаглал, Эрчим хүчний тухай хууль, Монгол Улс нэгдэн орсон Эрчим хүчний Хартын гэрээ, Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцыг зөрчсөн байдаг. Монгол Улс өөрөө цахилгаан үйлдвэрлэгч орон. Би сонголтгүйгээр гэрээ байгуулж, сонголтгүйгээр төлбөр төлдөг. Би төлбөрөө цаг тухайд нь төлдөг, сард 1,200,000 төгрөг гардаг. Эрчим хүчний зохицуулах хорооны 632 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын шөнө, өдөр, орой гэдэг дээр би огт маргаагүй. Энэ дээр маргаад байна гэж хариуцагч ойлгоод байх шиг байна. Олон улсын жишиг, дүрмийг би судалж үзсэн. Юунд гол нь маргаад байгаа вэ гэхээр айл өрхүүдэд худалдахдаа 0-ээс 150 киловатт цахилгаан ашигласан бол 175 төгрөг, 150-аас 300 киловатт цахилгаан ашигласан бол 256 төгрөг, 300 киловаттаас дээш цахилгаан ашиглах юм бол 285 төгрөгөөр худалдаж байгаа юм. Гэтэл манай ам бүл арвуулаа, би 7 хүүхэдтэй. Усанд орох юм уу, гараа угаах, бие засах болгонд цахилгаан ашигладаг. Гэтэл цахилгааны тарифыг тогтоохдоо яагаад 150 киловатт хүртэл 175 төгрөгөөр тогтоож өгөөд байгаа юм, энэ дээр би гомдолтой байгаа. Түүнээс өдөр, шөнө, орой гэдэг дээр бол би огт маргаагүй. Манайх 1500 киловатт цахилгаан хэрэглэвэл автоматаар хүссэн хүсээгүй 285 төгрөгөөр худалдаж аваад, төлбөр төлөөд байгаа юм. Гэтэл зуслангийн айл өрхүүд ихэвчлэн амины орон сууцад байдаг. Бүх юм нь цахилгаанаас хамааралтай, усанд орох, бие засах, бүх юм нь дандаа цахилгаан зарцуулж байдаг. Апартментын айлууд бол өөр, 150 киловатт дотроо явчихдаг. Гэтэл яагаад ялгаварлан гадуурхаж өөр айлуудад нь 150 төгрөгөөр зарчхаад, надад болохоор 285 төгрөгөөр зарж байгаа гэдэг асуудал байна. Манай төлбөр урд оны мөн үетэй харьцуулаад үзэхэд 12, 01 дүгээр сард үсрээд л 500,000 төгрөг гардаг байсан. Гэтэл өнгөрсөн онд сард 1,200,000 юм уу 1,000,000 төгрөг тогтмол гарч байгаа. Тэгээд цахилгааныг хүчээр тастчихна. Төлөхгүй бол сар болгон 5-ны өдрийн дотор төл гэж байдаг атлаа 01, 02-ны өдөр болонгуут автоматаар ухаалаг кнопоор тасалчихдаг. Монгол Улс үнэхээр хэтэрхий ард, иргэдээ шулсан үйлдэл гаргаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооныхон энэ асуудалд анхааралтай хандуулаад, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулаад, олон нийтийн санал асуулга явуулах ёстой. Тус байгууллагын цахим хаягт ороод үзэхэд нийтэд ил хүртээмжтэй болсон, айл өрхүүдээс санал авсан юм байхгүй. Үндсэндээ айл өрхүүдийн Үндсэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрхийг зөрчсөн байгаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар алагчлахгүй байх эрхтэй. Гэтэл би алагчлуулаад, ингээд ялгавартай байдлаар цахилгааны төлбөр төлөөд, сонголтгүй сонголтоор Эрчим хүчний зохицуулах хорооныхон гэрээ байгуулчхаад, Эрчим хүчний яамнаасаа хүртэл энэ асуудлаар санал аваад, зохион байгуулалтын арга хэмжээ авахгүйгээр ард иргэдэд ингэж цахилгаан өгч байна. Өнөөдөр зуслангийн эрчим хүчний хойд чиглэлийн айлуудад дандаа тийм төлбөр төлж байгаа. Урагшаа Кувейтийн аманд айлууд ч гэсэн мөн адилхан байгаа. Гэтэл энийг хүчээр төлөх ёстой юм шиг ийм байж болохгүй гэдгийг би хэлээд, энэ журмыг хүчингүй болгуулаад, зөвхөн нэг тарифаар явах нь зөв. Өмнө нэг тарифаар л төлдөг байсан. Ялгамжтай үнэ тарифыг тогтоосон гэдэг агуулгыг ойлгуулах гэж тайлбарлаж байгаа юм” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 632 дугаар тогтоол нь ялгаварлан гадуурхах гэдгийг агуулаагүй юм. Яагаад өндөр, шөнөөр гээд гаргаад байна вэ гэхлээр энэ хэрэглээний асуудал байгаа юм. Хэрэглэгч нар хэдий хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэх вэ, тэрнээсээ шалтгаалаад та төлбөрөө төл өө гэдэг л зохицуулалт. Тэрнээс хэн нэгнийг бид эд хөрөнгөөр нь юм уу ялгаварласан, гадуурхсан ийм зохицуулалт биш юм гэдгийг ойлгоосой. Жишээлбэл энгийн тоолууртай байх уу, 2 тарифт, 3 тарифт тоолууртай байсан уу гэдгээсээ 1 дүгээрт шалтгаална. 2 дугаарт хэр зэрэг хэрэглэсэн бэ гэдгээс нь шалтгаалаад таны төлбөрийн тооцоолол гарах юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нарынхаа бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэж байгаа. Та бага хэрэглэвэл бага төлбөр төлнө шүү, их хэрэглэвэл, замбараагүй хэрэглэвэл тэр хэмжээгээрээ төлбөр чинь их гарах нь ээ гэдэг зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад бичсэн 1958 оны Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцын 2 дугаар хавсралтаар баталсан заалтыг зөрчсөн гэж байгаа. Гадаад харилцааны яамны албан бичигт дурдсанаар энэ 1958 оны Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц нь хавсралтгүй болно гэж ирсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн яриад байгаа энэ конвенц бол ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг зохицуулсан ийм зохицуулалт байгаа юм. Тэрнээс биш нэхэмжлэгчийн тавиад байгаа энэ заалтууд бол дээрх конвенцын заалт биш байна. Ийм учраас энэ нь үндэслэлгүй байна. Түүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг манайх хангаж, 632 дугаар тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл хуульд нийцсэн байх буюу Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны бодит өртөг зардалд тулгуурлах, нэхэмжлэгчийн бичсэний дагуу бүх тайлбарууд дээр хариу тайлбар гаргачихсан байгаа. Эдийн засгийн асуудалтай холбоотой учраас манай Үнэ тарифын газраас энийг дэлгэрүүлж тайлбарлах байх. Нөгөө талаас яамтай зөвшилцөж гаргаагүй гээд байна. Гэтэл Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар хуралдааны тэмдэглэлд юу гэж заасан бэ гэхээр эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт үндэслэн тогтоох, цаашид үнэ тарифыг индексжүүлэх замаар эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Эрчим хүчний сайд, Эрчим хүчний зохицуулах хороонд үүрэг болгосон байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ үнэ, тарифын асуудлууд судлагдаж тогтоол гарсан. Нөгөөтээгүүр манайх бусад улс, орны тарифын зохицуулалтуудыг харьцуулсан үзүүлэлтээр гаргаад, энэ тарифын өөрчлөлтийг хийсэн. Тэгэхлээр олон улсад хэрэглэгдэж байгаа бүх зохицуулалтыг харьцуулж гаргасан байгаа. Хэрэглээнд үндэслэж гэдэг нь сая өгсөн нотлох баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл 955.... кодтой Ю.С гэж хүний цахилгааны хэрэглээгээр иргэн Б.Б нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа дээрх кодтой Ю.С гэж хүний хэрэглээг сая өгсөн баримтаар харахад тариф нэмэхээс өмнө 2023 оны 06 дугаар сард 8069 киловатт цагийг хэрэглэж байсан. Гэтэл тариф нэмэгдсэнээс хойш үзэхээр 2025 онд хамгийн өндөр хэрэглээ нь 6200 киловатт байгаа юм. Тэгэхлээр бүтэн 2000 орчим киловатт цагаар энэ айлын хэрэглээ багассан байгаа. Энэ нь юуг харуулаад байна вэ гэхээр үнэ тариф өсөөд манай энэ зохицуулалт хэрэглээг нь хязгаарлаж байна. Боломжтой бол цахилгаан эрчим хүчээ хэмнээч ээ. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нөхцөл байдал ямар байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл бид эх үүсвэргүйн улмаас цахилгаан эрчим хүчний дутагдалд ороод их асуудалтай байгаа. Тэгэхлээр энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд манайх таны хэрэглээг зохицуулах үүднээс энэ үнэ тарифын асуудлыг өөрчилсөн. Ийм өөрчлөлт оруулахаас өөр арга байгаагүй.
2 дугаарт эх үүсвэр буюу цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын бодит өртөг зардалд нь нийцүүлж энэ тарифын өөрчлөлт хийсэн юм. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбар тухайн үеийн нөхцөл байдлыг мөнгөн дүнгээр манай Үнэ тарифын газар ярих байх. 370 орчим тэрбум төгрөгийн өр, төлбөрийн авлагатай, үйлдвэрлээд байгаа цахилгаан эрчим хүчнийхээ бодит өртөг зардлыг төлж дийлэхгүй, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болон дамжуулах, түгээх шугам сүлжээний хооронд өр төлбөрийн маань маш их өр төлбөр үүсчихсэн. Ийм нөхцөл байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлын үүднээс Засгийн газар энэ үнэ тарифыг бодит өртөг, зардалд нь нийцүүлж тогтоохыг даалгасны дагуу энэ шийдвэр гарсан. Уг 632 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хянан үзээд, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна гэж үзээд хэм хэмжээний актад бүртгэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэглээнээс хамааруулаад 3 шатлалтай тарифыг айл, өрхүүд мөрдөж байгаа. Энэ хэрэглээнээс хамаарсан шатлалтай тарифын талаар нэмэлт тайлбар өгье. Энэ нь олон улсад байдаг л тарифын бүтэц байгаа юм. Бид хариу тайлбар өгөхдөө хэд хэдэн улсын жишээг авч үзсэн байгаа. Жишээлбэл Узбекстан Улсын хувьд 8 хэрэглээний шатлалтай тариф мөрддөг. Америкийн Нэгдсэн улсын Калифорни мужийн хувьд 2 шатлалтай тариф мөрддөг. Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын хувьд 3 шатлалтай тариф мөрддөг юм байна. Үүнээс гадна улирлаас хамааруулсан тариф, хүчдэлийн түвшнээс хамааруулсан тариф гээд олон янзын тарифын төрөл бүтцүүд байгаа. Бидний хувьд 11 дүгээр сард шинээр тогтоосон тарифын хувьд 3 шатлалтай тарифыг гаргаж мөрдүүлж байгаа. Гэхдээ олон улсад хэрэглээнээс хамааруулсан шатлалтай тарифыг 2 янзаар ашигладаг. Нэг нь тухайн айлын хэрэглээ нь тухайн шатлалд хамаарч байх юм бол тухайн шатлалын нэг тарифаар бүрддэг. Өөрөөр хэлбэл иргэн Б.Б-ынх жишээлбэл 6000 киловатт цагийн хэрэглээтэй байгаа тохиолдолд 300-аас дээш хэрэглээний тариф гэдэг ганц тарифыг мөрддөг ийм аргачлал байдаг. Бидний хувьд шатлан нэмэгдэх төрлийн тарифын 2 дахь аргачлалыг нь энэ тогтоолоор мөрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд нийтдээ 800,000 орчим цахилгаан эрчим хэрэглэгч айл өрх байдаг. Энэ дотор хамгийн бага нь 10, 20 киловатт цагийн хэрэглээтэйгээсээ гадна хамгийн их нь 50,000 киловатт цаг хүртэл хэрэглээтэй ч айл байна. Нэхэмжлэгч 4000-аас 6000 киловатт цаг орчим дундаж хэрэглээтэй байдаг. Улсын дунджаар бол нэг өрх сард 220 орчим киловатт цагт цахилгаан хэрэглэдэг. Тэгэхээр энэ 800,000 айлуудад бүгд дээр нь сарын хэрэглээний эхний 150 киловатт цаг нь ийм тарифаар, 150-аас 300 киловатт цаг хүртэлх хэрэглээний 2 дахь тариф байна, 300 киловатт цагаас дээших хэрэглээ нь 3 дахь тариф байна. Тэгэхлээр иргэн Б.Б-ын хувьд 6000 киловатт цаг цахилгаан хэрэглэсэн гэж үзэхэд эхний 100 киловатт цахилгааны тариф нь 175 төгрөг байна. 150-аас 300 киловатт хүртэлх 2 дахь 150 киловатт цаг нь 2 дахь тарифаар, 300 киловаттаас дээш 6000 киловатт цаг нь 3 дахь тарифаар тооцно. Үүнийг олон улсад прогрессив тариф гэдэг. Монголоор бол “шатлан нэмэгдэх тариф” гэж нэрлээд байгаа. Яагаад шатлан нэмэгдэх байдлаар авч ашиглах шийдэлд хүрэв ээ гэвэл Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль гэх мэтчилэн олон хуулиудыг судалж үзсэн. Түүн дээр дандаа орлогын хэмжээнээс хамааруулаад шатлалтай татварын хуулиудыг хэрэглэдэг юм байна. Жишээлбэл Хувь хүний орлогын албан татварын хувьд тухайн иргэний жилийн 120 сая хүртэл төгрөгийн орлого дээр нь 10 хувь, 120-оос 180 сая хүртэлх тэр 60 сая төгрөгийнх нь орлого дээр нь 15 хувийн, 180 саяаас дээш төгрөгийн нь орлого дээр нь 20 хувийн татвар ногдуулдаг. Тэгэхээр манай улсын хуулийн системийн хувьд шатлан нэмэгдэх прогрессив аргачлалыг ашигладаг юм байна. Тийм учраас бид айл өрхийн хэрэглээнээс хамааруулсан тариф дээрээ шууд мөрдөх биш, шатлан нэмэгдэх тарифыг хэрэглэнэ гээд ийм шийдвэр гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгч тал ялгавартай байдлаар хандаж байна гэж байна. Энийг үгүйсгэж байгаа шалтгаан нь 800,000 айл өрхүүд бүгдийнх нь эхний 150 киловатт цаг нь бүгд нэг тариф гарна. Энгийн тоолууртай хэрэглэгчийн хувьд эхний 150 киловатт цаг нь 175 төгрөг, 150-аас 300 киловатт цагийн хэрэглээ бүх хэрэглэгчийн 256 төгрөг, 300 киловатт цагаас дээш хэрэглээнийх нь тариф нь 255 төгрөг. Тухайн хэрэглэгч 200 киловатт цагийн цахилгаан хэрэглэлээ гэхэд эхний 150 киловатт цаг нь 175 төгрөгөөр, дараагийн 50 киловатт цаг нь 256 төгрөгөөр, энэ хэрэглэгч 300 киловатт цагаас дээш хэрэглээтэй биш учраас 285 төгрөгөөр тооцох хэрэглээ байхгүй. Ийм байдлаар бүх хэрэглэгчтэй ижил түвшний тарифыг хэрэглэж байгаа. Ийм учраас алагчлах, ялгавартай үзэх гэсэн зүйл байхгүй” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “150 киловатт цаг түүнээс дээш хэрэглээ гээд манай Д.Э дарга хэллээ. Энэ нь олон улсад байдаг жишиг. Энэ тариф маань өмнө нь мөрдөгдөж л байсан. 2011 онд 150 киловатт цаг хүртэл хэдэн төгрөг, 150-аас дээш хэдэн төгрөг гэдэг ангилал өмнө нь мөрдөгдөж байсан баримт байгаа. Энэ нь шатлан дээшлээд өртөгт ойртуулах байдлаар шийдсэн. Ер нь бол 150 киловатт цаг хүртэлх тариф нь бага байгаа шалтгаан нь орлого багатай иргэдэд аль болох төлбөрийн дарамт бага байлгах асуудал байгаа. Ингээд нийт хэрэглэгчдийн хувьд 150 киловатт цаг хүртэл тариф нь хямд тариф гэсэн үг. Энэ тариф маань бүх хэрэглэгчдэд жигд үйлчлэх байдлаар тогтоосон. 300 киловатт цагаас дээш хэрэглээнд 285 төгрөг гэдэг нь 2024 оны 11 дүгээр сард тарифын тооцоолол хийж байх үеийн цахилгаан эрчим хүчний дундаж өртөг нь байгаа. Энэ өртгөөр тогтоохгүй бол эрчим хүчний салбарын өр, авлага нэмэгдчихсэн, гал алдах хэмжээнд хүрчхээд байсан. Ийм асуудал байсан учраас тариф нэмэх зайлшгүй ийм шаардлага байсан. Эрчим хүчний салбар 2024 оны эцсээр бараг 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах ийм нөхцөл байдал үүсчихсэн. Үүнээс цаашлаад уурхайнууд хүртэл тэг зогсох байдал руу хүрчихсэн. Нэг талаасаа уурхай, дулааны цахилгаан станц, дамжуулах түгээх сүлжээ компаниуд бол тарифаа нэмээч гэдэг ийм асуудлыг тавьж байсан. Ер нь 285 төгрөг төлөх ёстой байдаг. Тэгэхээр бид хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг бага байлгах үүднээс олон улсын практик ашиглалтуудаас 3 шатлалтай тарифыг тогтоосон байгаа. Хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний тарифын өсөлтөө бага байлгах ийм тогтолцоог оруулж ирэх үүднээс өдөр, шөнө, оргил ачааллын тариф, ялангуяа хэрэглэгч маань 3 тарифт тоолуур тавиад оргил ачаалалдаа бага, ид ачаалал ихэсдэг үед бага байх юм бол энэ маань буураад явах ийм боломжийг нь бас хадгалж өгсөн байж байгаа. Сүүлийн үед хэрэглэгчид маань сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулаад үнийг бага болгох, буцаагаад нэгдсэн сүлжээнд худалдах тогтолцоо руу өндөр хэрэглээтэй хэрэглэгчид маань шилжих, эрчим хүчний оргил ачаалал үедээ хэрэглээ багасах ийм хандлага бол гарч ирсэн. Тийм учраас эрчим хүчний салбарт ч төдийгүй хэрэглэгчдэд энэ зохицуулалтыг тусгаж өгсөн гэж бас хэлэх байна” гэжээ.
7. Иргэдийн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд “Эрчим хүчний зохицуулах хорооны тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Монгол Улсад үйлдвэрлэж байгаа цахилгааны тариф нь иргэдэд очих өртгөөс шалтгаалан 3 төрлийн тарифаар тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Энэ хэрэгт эрчим хүчний зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоож, бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагаас цахилгааны үнэ тариф тогтоосон тухай захиргааны хэм хэмжээний акт нь хуульд нийцсэн буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.
2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тариф батлах тухай” 632 дугаар тогтоолын 1 дэх заалтаар, Төв, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг 1 дүгээр хавсралтаар, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталжээ.
4. Нэхэмжлэгчийн хувьд, уг тогтоолын 2 дугаар хавсралтын “айл өрхөд борлуулах цахилгааны тариф”-ыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...Эрчим хүчний зохицуулах хороо нь айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрчим хүчний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Алагчлахгүй байх тухай олон улсын конвенцийг зөрчсөн, хуульд заасан “хэрэглэгчийн эрх” маань хариуцагчийн тариф нэмэгдүүлэн баталсан үйл ажиллагаанаас болж шууд зөрчигдсөн, хэрэглээний төлбөр өндөр гарах болсноор уг захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч миний цахилгаан хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, айл өрхийн үндсэн хэрэглээ болох цахилгаан хэрэглээг авах боломжгүйд хүрч болзошгүй” гэж тодорхойлох бол
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ “... улсын хэмжээнд нийт айл өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэх, өрхөд очих төлбөрийн ачааллыг багасгах зорилгоор тарифын 3 шатлалыг нэвтрүүлсэн, хэрэглэгч нь цахилгаан хэрэглээний зан төлөв, түүнийг хэрхэн зохицуулахаас хамаарч тоолуурын сонголтоо хийх боломжтой, эрчим хүчийг эцсийн хэрэглэгчид худалдаж буй дундаж тариф нь 285 төгрөгийн бодит өртөгтэй бол 216 төгрөгөөр хэрэглэгчид борлуулж байгаа бөгөөд хэрэглээний өсөлтийг өндөр өртөгтэй эх үүсвэрүүдээс хангаж байгаа нөхцөлд энэ тариф нь хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх хуулийн шаардлагад нийцсэн, уг тогтоолыг батлахдаа байгууллагын цахим хуудсанд байршуулах, олон нийтээс санал авах, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний акт гаргах шаардлагыг хангасан” гэж тайлбарлаж маргасан.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, … нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасныг, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тариф тогтоосон тухай маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 632 дугаар тогтоол нь хариуцагчид цахилгааны тариф тогтоох хуулиар олгосон эрхэд хамаарах эсэх, Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт батлан гаргаж журамд нийцсэн эсэх, түүний 2 дугаар хавсралтаар баталсан айл өрхөд борлуулах цахилгааны тарифын улмаас нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.
6. Маргааны үйл баримтын тухайд;
6.1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт гэр бүлийн хамт оршин суудаг, тухайн хаягт “УБЦТС” ТӨХК-ийн “Зуслан” хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 955.... код үүсгэж, цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд хэрэглээний төлбөрийн мэдээлэл нь Б.Б-н эзэмшлийн үүрэн холбооны утсанд мессеж хэлбэрээр ирдэг байна.
6.2. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар хуралдаанд, эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт үндэслэн тогтоох, индексжүүлэх зэргээр цаашид эрчим хүчний салбарын бие даасан тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус даалгаж байжээ.
6.3. Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/17 дугаар тушаалаар байгуулагдсан айл өрхийн цахилгааны шатлан нэмэгдэх тарифын талаар дүгнэлт гаргаж, санал боловсруулах ажлын хэсэг нь тус хорооны 2023 оны 5 дугаар сарын 18, 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эрчим хүчний реформын үндэсний хорооны хуралд тус тус холбогдох санал, дүгнэлтээ танилцуулж хэлэлцүүлснээс гадна Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.
Түүнчлэн тогтоолын төслийг 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны вэб сайтад байршуулахад, үнэ тарифтай холбоотой ямар нэг санал ирээгүй байна.
6.4. Маргаан бүхий тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэгдсэн сангийн 6970 дугаарт бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №32-т нийтэлжээ.
7. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдох хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлээс үзэхэд, Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулиар эрх олгосон асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлахдаа, шийдвэр гаргах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулсан нөхцөлд захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэнэ.
8. Хууль тогтоомжийн зохицуулалтын тухайд;
8.1. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг”, 3.1.22-т ““тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.4.тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;” гэж,
8.2. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах” гэж,
8.3. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх;”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
9. Энэ хэсгийн 8.1-8.2-т заасан хуулийн зохицуулалтуудыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, эрчим хүч үйлдвэрлэгчийн тарифыг хянан батлахаас гадна тэдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хэрэглэгчдэд худалдан борлуулах эрчим хүчний үнэ тарифыг тогтоох эрх нь Эрчим хүчний зохицуулах хороонд хадгалагдаж байх бөгөөд энэ нь тухайн харилцаанд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг зохицуулж, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй нь холбоотой байна. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний хэрэглээний тарифыг хянаж батлах нь Хорооны зорилго, үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарна.
Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулиар олгосон эрхийн дагуу хэрэглэгчдэд худалдах эрчим хүчний үнийг тогтоохдоо бусдын оролцоогүй, бие даан шийдвэрлэх бөгөөд гагцхүү Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан зарчмыг хангасан байх шаардлагатай.
10. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан үзэхэд, эрчим хүч үйлдвэрлэж буй бодит өртөг нь түүнийг хэрэглэгчдэд худалдаж байгаа үнэ тарифаас ямагт бага байх, эрчим хүчний өсөлтийг өндөр өртөгтэй буюу импортын эрчим хүчээр нөхөх зэргээр эрчим хүчний салбарын бие даасан байдлыг хангах нөхцөл хязгаарлагдмал байжээ.
Улс орны эрчим хүчний салбарын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд, үнэ тарифыг шатлалтай болгох, бодит өртгөөр тооцох буюу үнэ тарифыг индексжүүлэх тухай Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос ажлын хэсэг байгуулж, холбогдох тооцоо судалгааг хийсний үндсэн дээр энгийн, 2 тарифт болон 3 тарифт тоолуурын шатлал нэвтрүүлж, уг ангиллаас хамааруулан ялгамжтай дүнгээр хэрэглэгчдэд худалдах цахилгааны үнэ тарифыг тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
11. Хариуцагчийн гаргасан тайлбар, түүний үндэслэл, хавсаргасан баримтуудаас үзэхэд, Хороо нь маргаан бүхий дээрх тогтоолоор хэрэглэгчдэд худалдан цахилгааны үнэ тарифыг тогтоохдоо бодит өртөг, зардалд тулгуурлах, хэрэглэгчийн ангилал тус бүрээр өртөг зардлыг хуваарилах, эрчим хүчний хэрэглээг зохицуулах боломжтой байх тарифын бүтэц хэрэглэгчдэд ойлгомжтой, энгийн байх зэрэг Эрчим хүчний тухай хуульд заасан үнэ тариф тогтооход харгалзвал зохих зарчимд нийцжээ.
12. Тухайлбал, Монгол Улсад 1 кВт.ц эрчим хүчийг 280 төгрөгөөр үйлдвэрлэдэг бол хэрэглэгчийн хувьд нэг сард хэрэглэсэн цахилгааны хэмжээнээс хамааран /энгийн тоолууртай/ эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр; 150 кВт.ц-аас их, 300 кВт.ц хүртэл хэрэглээг 256 төгрөгөөр; 300 кВт.ц-аас их хэрэглээг 285 төгрөгөөр төлөх тарифын зохицуулалт нь айл өрхүүдэд[1] адил үйлчилдэг нөхцөлд цахилгааны үнэ тарифыг ойлгомжгүй, хэрэглэгчдэд тэгш бус хандсан гэж дүгнэх боломжгүй.
Нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлсон, Монгол Улсын нэгдэн орсон “Алагчлахгүй байх тухай” 1958 оны Женевийн конвенц нь хөдөлмөрлөх эрхийн харилцаанд хамаарах тул энэ тохиолдолд үйлчлэхгүй, нэхэмжлэгч ч шүүх хуралдааны явцад энэ талаар зөвшөөрсөн тул маргаан бүхий тогтоол нь дээрх конвенцийг зөрчсөн гэж үзэхгүй.
13. Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх байдлаар айл өрхүүдэд худалдан цахилгааны үнэ тарифыг ангиллын дагуу тогтоохдоо хуулиар олгосон эрхийг хэтрүүлж, буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцүүлэн ашиглаагүй зэргээр хуульд зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй тул захиргааны үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Энэ агуулгаараа иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
14. Түүнчлэн энэ хэсгийн 6.3, 6.4, 8.3-д заасан үйл баримт, хуулийн зохицуулалтыг харьцуулан дүгнэхэд, Хороо нь нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээний акт батлан гаргахаас өмнө төсөл, холбогдох судалгаа зэргийг байгууллагын цахим хуудсанд тодорхой хугацааны туршид байршуулах, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан салбарын форум, хэлэлцүүлэгт судалгаа тооцооллыг танилцуулах зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлснээс гадна хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг бодитоор хэрэгжүүлсэн, хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
15. Иймд хуулиар олгосон эрхийн дагуу айл өрхүүдэд худалдах цахилгааны үнэ тарифыг тогтоосон уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг баримтлан Б.Б-с Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тариф батлах тухай” 632 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн гэрээтэй 800,000 гаруй “айл өрх” бий гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.