| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/03249/И |
| Дугаар | 101/ШШ2020/01174 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2020/01174
| 2020 04 06 | 101/ШШ2020/01174 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 23,622,900 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Ө.Бгийн нэхэмжлэгч Ц.Бд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,451,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярбат /№0717/, С.Сансартуяа /№2065/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Б миний бие 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр танилын найз гэх Сонгинохайрхан дүүрэгт байрлах гурвалжин барилгын материалын захад худалдаа, наймаа хийдэг Ө.Бгийн гуйлтаар 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, мөн 19-ний өдөр ахин дахин бараа ирсэн яаралтай мөнгө хэрэгтэй байна гэсээр 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй тус тус зээлж хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3-0,5 хувийн алданги төлөхөөр 7 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 2016 оны 5 дугаар сараас цувуулж 10,000,000 төгрөг төлж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр тооцоог бүрэн хүлээн зөвшөөрч, гэр ахуйн бараа зарагдмагц бүрэн төлж барагдуулна гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагчаас үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүнд 7 сар*900,000=6,300,000, алдангид 10,000,000 төгрөг нийт 36,300,000 төгрөгөөс зээлийн гэрээний хүү, анзад төлсөн 12,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 24,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Ц.Б би тус шүүхэд иргэн Ө.Бгаас 24,300,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Өмнө нь миний өмгөөлөгчөр ажиллаж байсан өмгөөлөгч 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хийсэн зээлийн гэрээгээр үндэслэж үндэслэлгүй буруу нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Ө.Б бидний дунд 2015 оны 5 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ хийгдэж үргэлжилж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 13-нд дахин шинээр 20,000,000 төгрөгийн 2 зээлийн гэрээ хийгдэж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа болно. Тус гэрээнүүдээр 10,000,000 төгрөгийг 2 удаа нийт 20 сая төгрөгийг 4%, 5%-ийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд үүнээс зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн хойно буюу 2016 оны 9 дүгээр сард 2,000,000 төгрөгийг өгсөн. Мөн зээлийн гэрээний хугацаанд үндсэн хүүг төлж барагдуулсан болно. Энэ талаараа Ө.Б бид хоёрын дунд 2016 оны 9 дүгээр сард тооцоо нийлсэн хавтаст хэргийн материалд байгаа болно. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй юм. 2016 оны 4 дүгээр сарын 13-нд хийгдсэн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3-т заасан алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.
Ц.Б миний бие Ө.Бд 2015 оны 6 дугаар сарын 18-нд өмнөх мөнгөө өгчихөөр нь өмнө зээлийн гэрээний нөхцлийн дагуу амаар тохиролцож 10,000,000 төгрөгийг дансаар, 10,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. 10,000,000 төгрөгийг бэлнээр 4 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийг дансаар 5 хувийн хүүтэй, үүнийг 7 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс хойш 2016 оны 3 дугаар сар хүртэл 500,000 төгрөг, 400,000 төгрөгөөр тус тус хүүгээ төлж явсан. Тэгээд үндсэн зээлээ огт төлөгдөхгүй байхаар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг дээр нөхөж гэрээ байгуулсан. “урд тохиролцсон аман хэлцлийг баталгаажуулж”. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 15-нд тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ үед үндсэн зээлээсээ 2,000,000 төгрөг төлсөн. Тэгэхээр тооцоо нийлсэн актны дагуу үндсэн зээл 18,000,000 төгрөгийн үлдэгдлийн баталгаа хийсэн. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл төлөгдсөн дүн 2,251,400 төгрөг болж байна. Үүнийг үндсэн зээлээс хасч 15,748,600 төгрөг ба алдангид 7,874,300 төгрөг, нийт 23,622,900 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Ө.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нь авсан мөнгөө бүгдийг буцаагаад төлсөн гэв.
Хариуцагч Ө.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ц.Б, Ө.Б нар нь найзууд бөгөөд Ө.Бд бараагаа татах яаралтай мөнгө хэрэгтэй байсан учраас Ц.Бын санал болгосны дагуу мөнгө зээлэхээр болсон. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, мөн 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 7 сарын хугацаатайгаар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 20,000,000 төгрөг зээлсэн. Ө.Бгийн барааны мөнгө эргэж орж ирсэн тул Ц.Бын 5090655057 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны хооронд цувуулан нийт 21,200,000 төгрөг, 5030253915 тоот дансанд 6 дугаар сарын 18-нд 490,000 төгрөг төлж, нийт 21,690,000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээл 20,000,000 төгрөг 2 сар ашигласан хүү 1,690,000 төгрөг төлснөөр 2015 оны 5 дугаар сарын 15-нд зээлсэн зээлийн гэрээ дуусгавар болсон. Ө.Б нь зээлсэн мөнгөө ашигласан хугацааны хүүтэй нь хамт удаалгүй бүрэн төлсөн учраас дахиад 10,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлэхээр тохирч гэрээ байгуулалгүйгээр Ө.Бгийн дансанд 10,000,000 төгрөгийг “Ц.Баас зээл олгов” гэж 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн. Үүнээс хойш Ө.Б нь хүүгүй, хугацаагүйгээр зээлсэн учраас орлого бүрээсээ тодорхой хэмжээгээр буцаан төлж, Ц.Быг нэхэх үед бас төлж явсаар /найздаа итгэж тооцоо нийлэхгүй/ 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 15,451,400 төгрөг төлсөн байна. Ө.Б нь Ц.Бын мөнгийг ямар ч байсан бүрэн төлсөн гэж бодож явсан ба Ц.Быг шүүхэд нэхэмжлэл гаргахад дансны хуулгуудаа шалгаж тооцож үзэхэд зээлсэн мөнгөө бүрэн төлөөд зогсохгүй илүү 5,451,400 төгрөг төлсөн байсныгаа олж мэдсэн. Ц.Бын шүүхэд баримтаар өгсөн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны гэрээгээр нэг ч төгрөг зээлээгүй, өгөлцөж авалцаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 болон 492.1.1-д заасны баримтлан зээлийн төлбөр 10,000,000 төгрөг төлж дуусгаад ямар нэг гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй байхад Ө.Бгаас Ц.Бын Хаан банкны 5030253915 тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд илүү шилжүүлсэн 5,451,400 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулан нэхэмжлэгч Ө.Бд олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Бидний дунд 2016 оны 9 дүгээр сард тооцоо нийлсэн гар бичмэл байдаг бөгөөд энэ нь хэргийн материалд авагдсан. Хариуцагч Ө.Б нь зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул нэхэмжлэгч Ц.Бын хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж илүү мөнгө авсан зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ө.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь байдлаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилж, багасгасан болно. Үүнд:
- Үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүүд 6,300,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 36,300,000 төгрөгөөс хүү, анзад төлсөн 12,000,000 төгрөгийг хасч 24,300,000 төгрөг гаргуулах,
- Үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах,
- Үндсэн зээлийн үлдэгдэл 15,748,600 төгрөг, алданги 7,874,300 төгрөг, нийт 23,622,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буюу Ц.Баас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан, улмаар илүү төлсөн байх тул нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж илүү төлсөн 5,451,400 төгрөгийг Ц.Баас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн
Дээрх 2 зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Ө.Б нь Ц.Бын Хаан банкин дахь 5090655057 тоот данс руу 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 9,000,000 /3,000,000 х3/ төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 9,200,000 /3,000,000+3,000,000+2,200,000+1,000,000/ төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг, мөн өдрөө Ц.Бын Хаан банкин дахь 5030253915 тоот данс руу 490,000 төгрөгийг, нийт 21,690,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу Ө.Б гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, эдгээр гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилж, багасгасан бөгөөд дээрх 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2 гэрээний үүрэг дуусгавар болсон, харин энэхүү 2 гэрээний үүрэг дуусгавар болсон өдрөө буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Ө.Б нь дансаар 10,000,000 төгрөг, бэлнээр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг өмнө байгуулсан 2 гэрээний нөхцлөөр харилцан тохиролцож авсан, тухайн үедээ бичгээр байгуулаагүй гэж тайлбарлаж байна.
Ц.Баас 10,000,000 төгрөгийг “зээл олгов” гэсэн утгаар 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ө.Бд шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь уг зээлийг авсаны хувьд маргаагүй болно.
Харин Ө.Б нь бэлнээр 10,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч Ө.Б нь 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээл олгосоноо баталгаажуулан зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2 зээлийн гэрээ, түүнчлэн 2016 оны 9 дүгээр сард зохигчдын хооронд тооцоо нийлсэн баримт, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2 зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй боловч өмнө нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зохигчдын хооронд мөнгө зээлдүүлсэн нөхцөл байдал буюу өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Ц.Б нь мөнгийг Ө.Бд шилжүүлэн өгсөн буюу ийнхүү 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мөнгийг шилжүүлэн өгснөөр зохигчдын хооронд нийтдээ 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.
Харин зээлийн гэрээг зохигчид нь зээлийг олгосон цаг хугацаанд бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан буюу нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь хүү авах эрхээ хуульд зааснаар алдсан тул хариуцагчийн зээлийн хүүд төлсөн гэх төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.
Ө.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5753677445, 5125062721 тоот данснаас 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Бын 5030253915, 5090655057 тоот данс руу нийтдээ 15,851,400 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгын баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр зохицуулсан ба зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхгүй байна.
Дээрх үндэслэлүүдээс дүгнэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу хариуцагч Ө.Б нь зээлийн гэрээний дагуу зээлийг илүү төлсөн гэж үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр амаар харилцан тохирч 20,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул уг зээлээс хариуцагчийн зээлд төлсөн 15,851,400 төгрөгийг хасч, 4,148,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ө.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 4,148,600 /дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 19,474,300 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ө.Бгийн нэхэмжлэгч Ц.Бд холбогдох 5,451,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,600 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,175 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 81,327 /наян нэгэн мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2019/19221 дугаартай болон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2020/00087 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжууд нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
5 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ