Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат (цахимаар),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогч З.Б (цахимаар),

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овгийн Б-н Б-т холбогдох 2316002350082 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ****** багт оршин суух,

Урьд: Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 900 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ДЛ********* регистрийн дугаартай, Л овгийн Б-н Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн ****** сумын төвд байрлах өөрийн гэртээ З.Б-тай “манай малыг авна гэсэн үнээрээ авсангүй” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоолны төмөр халбагаар нүдэн тус газарт цохих, гараараа шанаан тус газар цохисон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Б.Б нь З.Б-ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр нүдний дээд доод зовхи, хамрын уг, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

Хохирогч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би тухайн өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд өөрийн эзэмшлийн ****** ГАА гэсэн улсын дугаартай Кено маркын тээврийн хэрэгсэлтэй хажуудаа туслах жолооч Ц-ын хамт “Б” ХХК-ийн мах бэлтгэл мал нийлүүлэх ажлаар явж байсан. Тухайн өдөр “Б” ХХК-ийн 2 ачааны машин мал ачих зориулалттай шаланз маркын 2 тээврийн хэрэгсэлтэй очоод тус сумын малчдаас авсан 1000 гаруй тооны малаа ачуулаад тухайн өдрөө уг мал ачсан 2 тээврийн хэрэгслийг ****** аймаг руу түрүүлээд хөдөлгөсөн ба уг 2 машинд багтахгүй үлдсэн 60 тооны эр ямаа 1 хонь нийт 61 тооны мал ******* сумын төвд хашаанд үлдсэн байсан. Говь-Алтай аймгийн ****** сумын харьяат Б.Б гэх залуу намайг гэртээ дуудаад урьдчилгаа авмаар байна гэхээр нь би урьд Б.Б-тэй тохирсон байсан 1,120,000 төгрөгийг өгөхөөр нь гэрт нь очтол Б.Б гэртээ 2 хүүхэдтэйгээ өөрөө согтуу байдалтай бас эхнэртэйгээ муудалцчихлаа гээд сууж байсан. Тэгээд би Б.Б-тэй тохирсон байсан 1,120,000 төгрөгийг өгөх гэтэл чи миний малыг хямд авлаа гээд хоолны ган халбага над руу шидээд тэр халбага нь миний цээж хэсэгт оносон. Тэгтэл Б босож ирээд нөгөө хоолны ган /төмөр/ халбага аваад миний баруун талын нүд хэсэгт халбагаар 2 удаа цохиод бас толгой чихний ар хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Миний баруун нүд тэр дороо хавдаж хаагдсан. Тэгтэл гаднаас Б.Б-ийн эхнэр болон хадам ээж, аав нь орж ирээд Б.Б-ийг салгахаар нь би Говь-Алтай аймгийн ***** сумын цагдаа дуудтал сумын төлөөлөгч, цагдаа тухайн өдөр сумдаа байхгүй байсан. Би Б.Б-ийн гэрээс гараад эмнэлэгт нүдээ үзүүлээд эм бичиж өгөөд ***** аймгийнхаа эмнэлэгт яаралтай үзүүлээрэй гээд бичиг хийж өгөхөөр нь би эмнэлгээс гараад бусад хүмүүсийн тооцоо хийж явж байгаад орой 22 цагийн үед багтахгүй үлдээд хашсан байсан 61 тооны малаа харуулахаар туслах жолооч Ц-ыг явуулахад 61 тооны мал алга болсон байна гэж хэлэхээр нь би очоод хартал байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

   Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 сарын 24-ний өдөр намайг гэртээ байж байтал манай хоёр зээ уйлаад ороод ирсэн. Аав ирсэн хүнтэй зодолдоод байна гэсэн. Өгсөн ямааныхаа мөнгө төгрөгийг авах гэсэн чинь авах гэсэн үнэ ханшиндаа авахгүй. Мөнгө төгрөг өгөхгүй гээд хамаг юмаа аваад явах гэж байна гэсэн. Тэгээд би мөнгө төгрөгөө авах гээд босоод иртэл гар руу түлхүүрээр цохисон. Үснээс зулгаасан. Тэгэхээр нь би хоолны халбага аваад шидсэн гэж манай хүргэн Б.Б хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний орой З.Б нь надад утсаар дуудлага өгсний дагуу ***** сумын Цагдаагийн хэсэг дээр очиход З.Б ирчихсэн зогсож байсан. З.Б надад хэлэхдээ миний нүдийг Б.Б цохчихлоо гэж надад хэлсэн. З.Б нь бас надад хэлэхдээ хашиж байсан ямааг Б.Б туугаад явсан байна гэж ярьж байсан. З.Б нь би гомдолтой байна гэж хэлж ярьж байсан. З.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би малын тоог мэдэхгүй байна. 2022 оны 11 сарын 24-ний өдөр Б.Б манайд ирсэн мал авч байгаа хүн цалин хөлсийг өгье мал ачилцаад өгөөч гэж байна гэж надад хэлэхээр нь би тэгье гэж хэлээд очиход З.Б гэх хүн хүмүүсээс авсан малаа ***** аймаг руу ачуулж байсан. Би З.Б-ын малыг ачилцаж өгсөн. Надад 50,000 төгрөг өгсөн. Гэртээ очоод цай хоолоо идэж уугаад байж байтал Б.Б гэрийн үүдэн дээр чинь байна гараад ир гэсэн. З.Б-ын ачсан малаас цөөхөн хэдэн мал багтахгүй үлдсэн юм. Гэтэл Б.Б нь З.Б-т малаа өгөхөө болилоо. Анх авна гэсэн үнээсээ доогуур хэлээд байна гэж хэлээд малаа хашаанаас гаргаж хойд талынхаа Ч ахын хашаанд бид хоёр тууж оруулсан. Тухайн үед 23 цаг болж байсан байх. Би өөрийнхөө малыг тууж байна гэж ойлгосон. Б.Б, 3.Б нар нь малаасаа болж маргалдаж муудалцсан эсэхийг би мэдэхгүй. Б.Б нь З.Б-т малаа өгөхөө болилоо. Анх авна гэсэн үнээсээ доогуур хэлээд байна гэж хэлээд малаа хашаанаас гаргаж хойд талынхаа Ч ахын хашаанд бид хоёр тууж оруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 103-р хуудас/,

Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б нь би З.Б-т 93 тооны ямаа өгсөн юм. Ямааны төлбөр тооцоо хийх гэж үнэ ханш дээрээ тохиролцоогүй, түүнээс болж маргаан үүсэж гараараа цохиж З.Б-ын биед гэмтэг учруулсан. З.Б нь миний 93 тооны малын үнэ ханшийг өгчихвөл би энэ 61 тооны малыг өгнө. Миний малыг ачуулчхаад түүний дараа үнэ ханш тохиролцохгүй байсан гэж хэлсэн. Б.Б-өөс 61 тооны мал хаана байна гэхэд хадам аав Б-н малын хашаанд байгаа гэсэн. Тэгэхээр олон нийтийн цагдаа Б.Б-ийн хамт очиж үзэхэд 61 тооны малыг үр зарж болохгүй. З.Б-т хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б миний 93 тооны малын үнэ хөлсийг надад өгчихвөл би малыг нь өгнө гэж хэлсэн. З.Б-ын ********* дугаар руу залгаж мал чинь байна гэж хэлэх гээд залгахад энэ дугаар огт холбогдохгүй байсан. Би тухайн үед өдөрт 2-3 удаа ********** дугаар руу залгахад холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

******** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Д.Тогтохын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1010 дугаартай шинжээчийн “З.Б-ын биед баруун нүдний дээд доод зовхи, хамрын уг, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. З.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. З.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 107-108-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авч, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.Б 61 тооны мал авсан. З.Б-ын хажууд нь сууж байгаа хүн З.Б хоёрт хэлээд аваад явсан гэж байна. Хохирогчийн мэдүүлгээр хажууд нь сууж байсан хүн Ц гэдэг тусалж явсан гэдэг нь харагдаж байна. Ц гэдэг хүнийг асуугаагүй. З.Б, Б.Б хоёрын хооронд маргаан үүсээд байгаа зүйлийг энэ хоёр хүн хэлээд байдаг. З.Б надаас асуугаагүй гэдэг. Шүүгдэгч Б.Б би хэлээд авсан гэдэг. Хавтаст хэргийн материалд өөр харсан хүнийг асуугаагүй. Мөн гэрч Э-ийнд очоод байж байхад Ц-ыг явуулсан очиж хараад утсаар 61 тооны мал алга болсон гэдгийг хэлсэн гэдэг. Э-г асуусан боловч З.Б танайд хэнтэй ирсэн, З.Б-ыг байж байхад хүн утсаар ярьж 61 тооны мал алга болсон талаар хэлсэн үү гэж асуугаагүй. Б.Б барьцаалсан гээд байна. Иргэний хуулийн 13 дугаар бүлэгт заасан барьцааны эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа юм. Түүнээс хүний малыг өөртөө туслах зорилгоор авах үйлдлийг хэлэхгүй. Б.Б-ийн авсан үйлдэл нь хоёрдугаар бүлэгт заасан өөртөө туслах үйлдэл. Өөртөө туслах үйлдлээр авлаа гээд хүний малыг зарж болохгүй. Эхнэр нь хохирогч З.Б-тай мессенжерээр харилцсан байдаг. З.Б зарсныхаа дараа надтай харилцсан гэдэг. Үүнийг хавтаст хэргийн материалд тодруулаагүй. Эхнэр нь З.Б руу чат бичсэн боловч өмгөөлөгч надад хэлж байгаагаараа зарсны дараа надаас зөвшөөрөл авсан гэж байгаа. Өөртөө туслах үйлдлээр авсан эд зүйлийг зарж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. 61 тооны мал Б.Б-ийн мал биш. Өөр хүнээс авсан мал байсан. Б.Б-ийн малыг ******* аймаг руу ачуулаад явуулсан байсан. Иргэний хуулиар хэлэлцэж тохиролцоод өөртөө шилжүүлсэн зүйлийг нь аваад зарсан байгаа. Энэ бол Эрүүгийн хуульд заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завших гэмт хэрэг болно. Б.Б-ийн ярьж байгаагаар авч явахыг нь зөвшөөрсөн бол бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зарах гэмт хэрэг. Тийм зөвшөөрөл аваагүй бол мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж хараад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлийг зааж өгсөн. 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болно гэж заасан. 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт юу гэж заасан бэ гэхээр 6.13-д нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол; 6.14-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол гэж зааж өгсөн байна. Хавтаст хэргийн материалд хохирогч З.Б нь мал хулгайлах гэмт хэрэг болон зодуулсан тухай хоёр утгатай гомдлын шаардлага гаргасан. Энэ гомдлыг шийдвэрлэхдээ прокурор зодуулсан асуудал шийдвэрлээд мал хулгайлсан асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч З.Б-ыг прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхээр нь хангаагүй. Хяналтын прокурорт өөр нь болон дээд шатны прокурор, улсын ерөнхий прокурор хүртэл гомдол гаргах эрхтэй  байдаг. Энэ эрхээр нь хангаагүй. Мэдэгдсэн, шуудангаар явуулсан талаар хавтаст хэргийн материалд байхгүй” гэх дүгнэлт гаргаж оролцлоо.

Шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбатын дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 2316002350082 дугаартай хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Мөн шүүгдэгч Б.Б нь 93 тооны малыг хохирогч З.Б-т худалдсан, дээрх 93 тооны малын үнийг төлөөгүй гэсэн шалтгаанаар 61 тооны малыг буцаан авсан талаарх харилцаа нь иргэний эрх зүйн шинжтэй харилцаа байх бөгөөд улсын яллагчаас яллах дүгнэлтдээ дээрх харилцааг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн  нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.

 

             2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 900 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулга /хавтаст хэргийн 146-151 дүгээр хуудас/, багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 152 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б-ийн урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ...” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч З.Б-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

4.Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л овгийн Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.Б-т мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

         9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР