Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00049

 

К.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00167 дугаар шийдвэртэй, К.А-н нэхэмжлэлтэй, Х.Е-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч К.А, хариуцагч Х.Е, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Машины үнээс үлдсэн 300000.00 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд: “2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Х.Е нь надаас 95-34 дугаартай Елантра маркийн машиныг 1200000 төгрөгөөр худалдаж аваад тухайн үед бэлэн 900000 төгрөг өгөөд үлдсэн 300000 төгрөгийг сарын дараа өгнө гэж баримт өгсөн. Иргэн Х.Е-аас үлдсэн 300000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч хэл амаар доромжлон намайг хохироож байна. Иймд иргэн Х.Е-аас 300000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Анх К.А надад 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 95-34 улсын дугаартай Елантра машиныг 1200000 төгрөгөөр зарахдаа тухайн үнэнээс доошоо ярина гэсэн. Би машиныг асааж жаахан явж үзэхэд моторын цапоны шланкийг сугалж хаяад ундааны сав \пепси\ угласан байсан. Түүнээс болж мотор нь муудсан байсан. Урьд шил нь хагархай их хуучин машин байсан тул 1200000 төгрөгөөр авахгүй гэхэд К.А өөрөө бэлэн 900000 төгрөгөө өгөөд ав, дараа нь 100000 төгрөгөөр тохирч болох байх гэснээ “чиний эхнэр өвчтэй амьдрал хүнд байгааг үзлээ, чи надад Елантрагийн аккумлятор өгчихвөл болно” гэж тохиролцсон. Би 900000 төгрөгөө өгөөд машиныг авсан. Машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон. Уг машин нь явахаа болихоор нь би 600000 төгрөгөөр мотор худалдан авч тавьсан. Би 20-иод хоногийн дараа аккумлятор аваад гэрт нь очиход тэр хөдөө явсан байсан. Эхнэр нь “би авахгүй” гээд загнаад гаргасан. Бичиг баримтыг өгөөгүй учир би удаа дараа цагдаад торгуулж, сүүлд 200000 төгрөгөөр номер, бичиг баримтыг худалдаж авсан. Миний ахуй амьдрал маш хүнд байгаа болохоор би түүнд одоо мөнгө өгч чадахгүй хэлэлцэн тохиролцсоноор аккумлятор авна гэвэл өгч болно. Иймд Аманкелдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00167 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Е-оос Елантра маркийн машины үнийн үлдэгдэл 300000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.А-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “К.А нэхэмжлэлдээ бүгдийг худлаа бичсэн байна. Миний бие энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой бичсэн. К.А нь манай эхнэр Э-ийн хүнд өвчтэй хэвтэж байгааг далимдуулан заль хэргэлж намайг эзгүйд очоод “танай нөхөр миний машиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар болж 900.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд 100.000 төгрөгөө маргааш өгөхөөр болсон. Үлдсэн 200.000 төгрөгөө дараа нь сарын дотор төлөхөөр тохирлоо. Чамаар бичиг хийлгээд авчих гэж хэллээ” гэж хууран мэхэлж байгаад өндийлгөн суулгаж өөрөө хэлж байгаад хүнд өвчтэй хүнээр бичүүлэн авсан байсан. Анхан шатны шүүх түүний үгэнд итгээд надаар 300.000 төгрөг төлүүлэхээр үндэслэлгүй шийдвэр гаргалаа. К.А нь 2014 онд машинаа зарсан гэсэн байна. Би түүний машиныг 2013 онд авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Түүнээс хойш 4 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч К.А нь надаас 300,000 төгрөг авах байсан бол 4 жил өнгөрч байхад яагаад нэхэж аваагүй вэ гэдэгт анхан шатны шүүхээс зарчмын дүгнэлт хийх нь зүйтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үндэслэл муутай шийдвэрийг хүчингүй болгон К.Айн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

            Эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч К.А, хариуцагч Х.Е бид шүүх хуралдааны явцад хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгт нь эвлэрч, нэхэмжлэгч К.А би нэхэмжлэлийн шаардлага болох 300.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж, 100.000 төгрөгийг авахаар, хариуцагч Х.Е нь 100.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нэхэмжлэгч К.А-д өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.А, хариуцагч Х.Е нар “Нэхэмжлэгч К.А, хариуцагч Х.Е бид шүүх хуралдааны явцад хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгт нь эвлэрч, нэхэмжлэгч К.А би нэхэмжлэлийн шаардлага болох 300.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж, 100.000 төгрөгийг авахаар, хариуцагч Х.Е нь 100.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нэхэмжлэгч К.А-д өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэж харилцан тохиролцож, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй. Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод тайлбарласан болно.

 

Хуульд зааснаар К.Айн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9700.00 төгрөгийг, хариуцагч Х.Е-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9700.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00167 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.А, хариуцагч Х.Е нарын  “нэхэмжлэгч К.А, хариуцагч Х.Е бид шүүх хуралдааны явцад хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгт нь эвлэрч, нэхэмжлэгч К.А би нэхэмжлэлийн шаардлага болох 300.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж, 100.000 төгрөгийг авахаар, хариуцагч Х.Е нь 100.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нэхэмжлэгч К.А-д өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Айн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9700.00 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан хариуцагч Х.Е-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9700.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК