Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

     2020          2             13                                        2020/ДШМ/206 

 

 

                                   Ж.Нт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор А.Аварзэд,

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1804 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806045750565 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монголмууд овгийн Ж.Н, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 8 дугаар гудамжны 375 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ШУ88112631/;

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

Ж.Н нь 2017 оны 6 дугаар сард иргэн Б.Болдбаатарын өмчлөлийн 92-61 УНГ дугаартай “Ланд-Круйзер-80” маркийн авто машиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж, иргэн Б.Болдбаатартай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Наранболдод зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж, 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Монголмууд овогт Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ЖалбалжавынНыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Нын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Нт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие прокурор Б.Эрдэнэбаатар, мөрдөн байцаагч Батдэлгэр, Даваасүрэн, Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Баяр-Эрдэнэ нарт зодуулж, амаа скочдуулж, машины дорцовоор цохиулж, эрүүдэн шүүлгүүлэн 1937 оны хэлмэгдүүлэлтийг биеэрээ амссан. Эдгээр хүмүүс нь хавтаст хэргийг хүчээр өөрчилж, бичиг баримт устгаж, нэг талыг барьж, хэрэгт ач холбогдолтой  хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Гэрчүүдийг айлган миний эсрэг худал мэдүүлэг авч, хуурамч бичиг баримтыг миний эсрэг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хүчээр хэрэг тулгасан. Надад заавал ял өгнө гэж бие сэтгэл, хэл амаар доромжилж, биед халдсан. Мөн Б.Болдбаатараас тухайн машиныг 5.000.000 төгрөгөөр авсныг С.Батбаяр, Ц.Энхбат, Ж.Эрдэнэтуяа, Жамбалжав, Анар, Н.Жаргалсайхан, Батсайхан нар гэрчилнэ. И.Наранболдтой тухайн автомашиныг 12.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийснийг гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэх талаар хүсэлт тавьсан боловч хийгээгүй. Б.Болдбаатараас 5.000.000 төгрөгөөр автомашиныг худалдан авч өр төлбөргүй байхад 3.000.000 төгрөгийг төл гэж хүчээр төлүүлсэн. Мөн Г.Отгонболд, Б.Мөнхбат нарыг хорино гэж айлган сүрдүүлж худал мэдүүлэг авсан. Хавтас хэргээс гэрээ болон бусад бичиг баримтыг алга болгосон. Прокурор Б.Эрдэнэбаатар хэргийг чинь хаана гэж худал хэлж, хууран мэхлэн яллах дүгнэлтэд гарын үсэг зуруулсан. Тухайн автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан байхад 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж гүтгэж байна. И.Наранболд нь 12.500.000 төгрөгийн гэрээ, хэлцэл хийчихээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй гүтгэж, 2017 оны 9 дүгээр сарын 15-нд                              15 хоногийн хугацаатай төлөхөөр тохиролцсон байхад намайг гүтгэж Оргилбаяраас шилжүүлэн авахаар болсон. Иймд хавтас хэрэг дутуу шалгагдсан байна. ...” гэв. 

 

Шүүгдэгч Ж.Нын өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар Ж.Нын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, худалдах, худалдан авах гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байдаг. Ж.Н автомашин худалдаж авахаар тохиролцон  5.000.000 төгрөгийг бэлнээр төлж, автомашины техникийн сэлбэг засвар хийсэн байдаг. Энэ талаарх баримт хавтас хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан ч алга болсон тул хэргийг дахин шалгах шаардлагатай. Прокурор нь шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан саналыг авч хэлэлцэлгүй, орхигдуулж нэг талыг  барьдаг. Урьд давж заалдах шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой баримтуудыг тал бүрээс нь шалгаж, Ж.Нтай гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох талаар дүгнэлт хийж хэргийг буцаасан. Гэтэл энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Яг л байгаагаар нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх хэргийг тал бүрээс нь хянаж үзсэн ч хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаагүй. Учир нь, шүүгдэгчийн тайлбар, мэдүүлгийг огт үнэлэлгүй, шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн. Гэтэл Ж.Нт ямар нэг шунахайн сэдэлтээр тухайн автомашиныг авах санаа зорилго байгаагүй. 5.000.000 төгрөгийг бэлнээр төлж, уг автомашиныг худалдаж авсныхаа дараа өөрөө засвар хийж бусдад худалдаалсан. Уг гэрээний баримт байдаг ч үүнийг шинжлэн судлуулъя гэхээр мөн хэрэгт байдаггүй. Иймд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хийсэн гэж үзэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Прокурор А.Аварзэд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Н нь Болдбаатарын өмчлөлийн 92-61 УНГ улсын дугаартай “Ланд крузер-80” маркийн автомашиныг худалдаж авахдаа 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Гэвч Болдбаатар дахин 3.000.000 төгрөгийн тооцоо дутуу буюу төлөөгүй гэж мэдүүлдэг. Ж.Н уг автомашиныг цааш нь И.Наранболд гэх хүнд 9.000.000 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл, Ж.Н өмнөх тооцоогоо дуусгаагүй, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байж бусдад худалдсан байдаг. Үүнээс болж анхан шатны шүүхээс түүнийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Уг шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ж.Н нь 2017 оны 6 дугаар сард иргэн Б.Болдбаатарын өмчлөлийн 92-61 УНГ дугаартай “Ланд-Круйзер-80” маркийн авто машиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж, иргэн Б.Болдбаатартай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Наранболдод зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж, 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Болдбаатарын “...Ж.Н нь зарын дагуу ирж, миний машиныг унаж үзээд 7.000.000 төгрөгөөр авахаар болсон.Н машины гэрчилгээг үзээд Оргилбаярын нэр дээр байдаг байна гэхэд би учир байдлыг тайлбарлаж хэлсэн. Ж.Н эхлээд 4.000.000 төгрөгийг бэлнээр өгье. Улаанбаатар хотод очоод Оргилбаяр гэх хүнтэй уулзаж машины гэрчилгээг шилжүүлсний дараа 3.000.000 төгрөгийг өгөхөөр болсон.  Би ямар нэгэн баримт үйлдэж, нотариатын газар ороогүй, гэрээ хийгээгүй. Би машин болон  3.000.000 төгрөгөө одоо болтол олж авч чадаагүй байна. Ж.Н гэх хүн 4.000.000 төгрөгөөр машиныг маань аваад алга болсон. Миний машиныг авч явснаасаа хойш Наранболд гэх залууд зараад тэр залууг залилсан сурагтай байсан. Тэр залуу нь машиныг маань авч яваад яасныг мэдэхгүй байна. Миний төрсөн дүү Баярбаатар хэлэхдээ, миний машиныг Улаанбаатар хотод цайз 16-гийн тэнд байрны гадаа байна. Их удаан хөдөлгөөгүй бололтой тоос, шороонд дарагдсан байна гэж хэлж байна. Би очиж машинаа хараагүй, миний машин одоо олдсон ч гэсэн тоногдчихсон, эвдэрчихсэн, миний зарсан үеийнх шиг биш болчихсон байгаа байх. Тэгэхээр би 3.000.000 төгрөгөө авмаар байна. ...” /1хх 14/,

 

хохирогч И.Наранболдын “...Би тухайн машиныг зүс танихН гэгчээс 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, нэг хээр адууг 3.000.000 төгрөгөөр бодон бэлнээр өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 3 хувааж хийсэн. Ж.Нтай ямар нэгэн гэрээ, худалдан авах талаар тохиролцоогүй. Зүгээр амаар тохиролцсон юм. Тухайн залууд итгэсэн учраас би мөнгөө данс руу хийсэн. ... Дорнод аймагт очоод өгье гээд одоо байгаа 1 адуугаа 3.000.000 төгрөгт бодож тохиролцсон юм. Анх машинаа авч явахдаа гэрт нь цаасан дээр гарын үсэг зуралцаад машиныг аваад явсан юм. Машины бичиг баримтыг мөнгөө гүйцээгээд өгөхөөр чинь шилжүүлж өгнө гээд би 10 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 5099550511 дугаарын дансаар Жамбалжавын Эрхэмтуяа нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ж.Эрхэмтуяагийн дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3.500.000 төгрөгийг тухайн хүний дансаар нийтдээ 6.000.000 төгрөгийг төлсөн юм. Ингээд мөнгө төгрөгөө шилжүүлээд дуусаадН руу нэрээ шилжүүлэх талаар асуусан. Тухайн үед дарга нь гэлүү согтуу архи уугаад явчихсан байна гээд хойшлуулсан. Ингээд удаа дараа худлаа хэлж, сүүлдээ утсаа авахаар за яах вэ болно, бүтнэ гэж итгэл үнэмшил төрүүлсээр байсан. Яг тухайн 92-61 УНГ улсын дугаартай машин бол М.Оргилбаяр гэдэг хүний нэр дээр байдаг мөртлөө “Хан Агьт” ХХК-ийн нэр дээр 2014 оны 8 дугаар сард тавьсан байсныг би мэдсэн. М.Оргилбаяртай уулзахад миний машин яагаадН зардаг юм, юу яриад байгаа юм, би өөрөө машинаа авна гэж тухайн маргаан эхэлсэн юм. ...” /1хх 8-9, 16-17/,

 

гэрч М.Оргилболдын “...Ланд криузер 9261 УНГ улсын дугаартай авто машиныг Бацаанаа гэж дуудаг залуугаас 12.000.000 гаран төгрөгөөр хуурай дүү Б.Галмандах гэдэг хүний нэр дээр авч байсан машин байгаа юм. ...Ж.Нт би зараагүй, миний ойлгосноор Б.Галмандахын хадам ах БолдооНтай ярьж тохирсон юм шиг байна лээ. ...” /1хх 18-19/,

 

гэрч Б.Галмандахын “...Би машин хайж байгаад тухайн үед хамт машин засдаг байсан найз Оргилбаярт "ах машин захисан, гайгүй зарах машин байна уу" гэж асуусан. Оргилбаяр өөрийнхөө ланд-80 маркийн машиныг 13.000.000 төгрөгөөр зарья гэсэн. Тэгээд Оргилбаярт 13.000.000 төгрөг өгч машиныг нь авсан. Би тэр машиныг Сүхбаатар аймаг явж Болдбаатар ахад хүргэж өгсөн. Болдбаатар ахад машиныг нь өгөхдөө "би найзаасаа авсан юм. Та нэг хот руу орохоороо машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихаарай" гэж хэлсэн. Болдбаатар ах тэгье гэж байсан. ...Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад 2017 оны 6 дугаар сар хүргэсэн. 2017 оны 6 дугаар сард Болдбаатар ах надтай утсаар ярихдаа "ах нь машинаа зарна гээд зар тавьчихсан чинь Улаанбаатар хотоос нэг машины ченж ирээд аваад явчихлаа. 3.000.0000 төгрөг авах дутуу байгаа. Хотод очихоор нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг аваад машины гэрчилгээг шилжүүлээд өгчихөөрэй гэсэн. Хэн гэж хүн ирэх юм гэж асуухадН гэдэг хүн очно гэж ярьсан. Тэгээд хэд хоноходН гэх хүн утсаар ярьж холбогдоогүй. ...” /1хх 26-27/,

 

гэрч Э.Баярбаатарын “...Миний төрсөн ах Б.Болдбаатар 2018 оны 8 дугаар сард надтай утсаар ярихдаа "Ланд-80” маркийн машинаа хүнд зарсан чинь залилуулчихлаа. Үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авч чадахгүй байна. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд явж байна" гэсэн. Тэгээд тухайн үед нь би Болдбаатар ахад "юу болсон талаар үнэн зөв яриад мэдүүлгээ өгчихөө, тэгээд уулзаарай" гэсэн. ...Тэгээд би юу болсон юм бэ гэж асуухад,Н гэх залуу 2017 оны 6 дугаар сард Сүхбаатар аймагт зарын дагуу ирлээ гэж надтай уулзаад миний зарна гэж зар тавьсан ланд-80 маркийн машиныг авахаар болж 4.000.000 төгрөг өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг нь машины гэрчилгээг шилжүүлэхдээ өгнө гээд машиныг маань унаад явсан. Тэгтэл машиныг маань шилжүүлж авахгүй зугтааж, үлдэгдэл мөнгөө өгөөгүй байж өөр Наранболд гэх хүнд машиныг маань зараад мөнгийг нь аваад залилчихсан байна. ...” /1хх 24-25/,

 

гэрч Г.Отгонболдын “...2017 онд байх, Ж.Н нь Ланд-80 маркийн автомашин унаж ирээд найз нь энэ машиныг авчихлаа хэд хоногоос зарна гэж байсан. 10 хоногийн дараа ирээд машинаа зарчихсан, зөрүүнд нь нэг морь оролцуулсан гэж хэлж байсан. Нөгөө морь нь өвөл хашаанд хэвтэж байгаад үхсэн. Би Ж.Н, Жамбалжав, И.Наранболд нарыг хоорондоо гэрээ байгуулахыг хараагүй. Машин худалдаж авсан хүнийг танихгүй. 2019 оны 5 дугаар сард Ж.Н над дээр ирж, чи надад туслаад өгөөч миний машин өгсөн авсан асуудалд гэрч болоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь та нарын авч өгөлцсөнийг мэдэхгүй байж яаж тэгэх юм бэ гэхэд зүгээрээ би шүүх хурал дээр  балрах нь гэхээр нь нотариат дээр очоод Ж.Н бид хоёр ярилцаж байгаад бичгийг хийлгэсэн. Ж.Н гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан. ...” /1хх 199/,

 

гэрч Б.Мөнхбатын “...Ж.Н, Жамбалжав, И.Наранболд гэрээ байгуулахад байгаагүй. Тэр машиныг олж хараагүй. И.Наранболд гэх хүнийг ч хараагүй. 2019 оны 4 дүгээр сард Ж.Н ирээд надад туслаач нөгөө машин авсан хүмүүс хэл ам хийгээд байна. Ахдаа гэрчийн мэдүүлэг өгчих гээд Шархадны эцэст дээр байрлах зурагчин канон дээр очоод Ж.Н өөрөө хэлж бичүүлээд гарын үсэг зуруулаад авч явсан. И.Наранболд гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй. ...” /1хх 200/,

шүүгдэгч Ж.Нын яллагдагчаар өгсөн: “...И.Наранболд надаас чи олон машинтай юм чинь нэг машинаа надаа зарчих би адуугаа зараад мөнгөтэй болчихсон гэхээр нь би Наранболдыг гэртээ авчираад Ланд криузер 80 маркийн 9261 УНГ улсын дугаартай Болдбаатараас авсан машинаа үзүүлээд 12.500.000 төгрөгт зарна гэсэн. Тэгсэн Наранболд уг машиныг авахаар болоод цаасан дээр бичиг үйлдээд Отгонболд, Жамбалжав, Мөнхбат нарыг гэрч болгож гарын үсэг зуруулсан.  ...Энхбат тэгсэн надад элгэн дээрээ хэвтсэн 1991 оны Ланд-80 машин байна гээд надад Болдбаатарыг дагуулж ирээд уг Ланд-80 машиныг үзүүлсэн. ... Тэгээд би Болдбаатартай уг машиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 4.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 1.000.000 төгрөгийг нь хотод машинаа нэр дээрээ шилжүүлж авахдаа өгөхөөр тохиролцсон. ... машины бичиг баримтыг нь үзэхээр “Хан Агьт” гэдэг ломбардны нэр дээр байсан учир очиж уулзахад тооцоо дууссан байгаа, Оргилбаяр гэдэг хүний нэр дээр байгаа, тэр хүн зөвшөөрвөл шилжүүлнэ гэсэн. Тэгээд Оргилбаяртай тааралдаад би энэ 1991 оны 92-61 УНГ улсын дугаартай Ланд-80 машиныг худалдаж авсан, таны нэр дээр байдаг юм байна гэсэн чинь Оргилбаяр надад бол шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй шилжүүлээд өгч болно. Б.Галмандах, Б.Болдбаатар хоёр хоорондоо ...өгөө аваа байгаа, тэгээд Галмандах битгий шилжүүл гэж хэлсэн учир байгаад байгаа гэж хэлсэн. ...Би бол шилжүүлэх гэж очоогүй Наранболд өөрөө уг машиныг шилжүүлэх гэж авто тээвэр дээр явж байгаад ... Оргилбаяр руу залгаж хэлсэн байсан. ...” /1хх 108-110/ гэх мэдүүлгүүд, 

 

Ланд криузер 9261 УНГ улсын дугаартай автомашин Хан агьт ХХК-ийн нэр дээр байдаг /хх 44/, И.Наранболд нь Ж.Эрхэмтуяагийн дансруу мөнгө шилжүүлсэн баримт /хх 56/, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Наас И.Наранболдын өмгөөлөгч Л.Бурмаад бэлнээр 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт /2хх 43/, И.Наранболдын өмгөөлөгч Л.Бурмаа нь хохирогч Б.Болдбаатарт 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, машины бичиг баримтыг И.Наранболдын нэр дээр шилжүүлсэн тухай бичиг /2хх 46/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Ныг бусдыг хуурч залилах гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ныг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Нын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Нт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Н “...Болдбаатараас тухайн автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан байхад 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж гүтгэж байна. И.Наранболд нь 12.500.000 төгрөгийн гэрээ, хэлцэл хийчихээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй гүтгэж 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 15 хоногийн хугацаатай төлөхөөр тохиролцсон.   Хавтас хэрэг дутуу шалгагдсан байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэрч М.Оргилбаярын “...Ланд криузер 9261 УНГ улсын дугаартай авто машиныг Бацаанаа гэж дуудаг залуугаас 12.000.000 гаран төгрөгөөр хуурай дүү Б.Галмандах гэдэг хүний нэр дээр авч байсан машин байгаа юм. ...” /1хх 18-19/, гэрч Б.Галмандахын “...Оргилбаярт 13.000.000 төгрөг өгч машиныг нь авсан. Машины нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад 2017 оны 6 дугаар сар хүргэсэн. 2017 оны 6 дугаар сард Болдбаатар ах надтай утсаар ярихдаа "ах нь машинаа зарна гээд зар тавьчихсан чинь Улаанбаатар хотоос нэг машины ченж ирээд аваад явчихлаа. 3.000.0000 төгрөг авах дутуу байгаа. Хотод очихоор нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг аваад машины гэрчилгээг шилжүүлээд өгчихөөрэй гэсэн. ...” /1хх 26-27/, гэх мэдүүлгүүдээс үзэхэд, тухайн Ланд криузер 80 маркийн 9261 УНГ улсын дугаартай автомашиныг хохирогч Б.Болдбаатар 12.000.000 төгрөгөөр М.Оргилбаяраас Б.Галмандахаар дамжуулан худалдаж авсан, уг машин Б.Болдбаатарын өмчлөлд шилжсэн болох нь нотлогдож байна. Гэхдээ хохирогч Б.Болдбаатар нь Ланд криузер 80 маркийн 9261 УНГ улсын дугаартай автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байжээ.  

 

Шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.Болдбаатараас Ланд криузер 80 маркийн 9261 УНГ улсын дугаартай автомашиныг 7.000.000 төгрөгөөр авахаар тохиролцон бэлнээр 4.000.000 төгрөг өгч, Улаанбаатар хотод очоод М.Оргилбаяр гэх хүнтэй уулзаж машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгнө гэж итгүүлэн, уг төлбөрийг өгөөгүй байхдаа өөрийн өмчлөлд шилжээгүй машиныг мэдсээр байж “өөрийн эзэмшлийн машин мөн” гэж хуурч хохирогч И.Наранболдод  9.000.000 төгрөгөөр заржээ.

 

Үүнээс үзэхэд, шүүгдэгч Ж.Н нь Б.Болдбаатараас Ланд криузер 80 маркийн 9261 УНГ улсын дугаартай автомашиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийж, бэлнээр 4.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхгүй байх санаа зорилго нь эхнээсээ байсан гэж үзэв. Уг үйлдэл нь залилах гэмт хэргийн “бусдыг хуурах” гэх шинжийг агуулж байх тул  Ж.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ж.Н нь  анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр И.Наранболдын өмгөөлөгч Л.Бурмаад бэлнээр 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн  /2хх 43/, И.Наранболдын өмгөөлөгч Л.Бурмаа нь хохирогч Б.Болдбаатарт 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч машины бичиг баримтыг И.Наранболдын нэр дээр шилжүүлсэн болох нь  /2хх 46/ хэрэгт буй баримтуудаар тогтоогдож байна.

           

Давж заалдах шатны шүүх  өмнө нь шүүгдэгч Ж.Нын гомдлын дагуу “хэргийг дутуу шалгасан” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, түүний хүсэлтийн дагуу гэрчүүдийг асуулгасан бөгөөд түүний нэр заасан гэрч болох Г.Отгонболд “...Би Ж.Н, Жамбалжав, И.Наранболд нарыг хоорондоо гэрээ байгуулахыг хараагүй. Машин худалдаж авсан хүнийг танихгүй. 2019 оны 5 дугаар сард Ж.Н над дээр ирж, чи надад туслаад өгөөч миний машин өгсөн авсан асуудалд гэрч болоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь та нарын авч өгөлцсөнийг мэдэхгүй байж яаж тэгэх юм бэ гэхэд зүгээрээ би шүүх хурал дээр  балрах  нь гэхээр нь нотариат дээр очоод Ж.Н бид хоёр ярилцаж байгаад бичгийг хийлгэсэн. Ж.Н гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан. ...” /1хх 199/, гэрч Б.Мөнхбат “...Ж.Н, Жамбалжав, И.Наранболд гэрээ байгуулахад байгаагүй. Тэр машиныг олж хараагүй. И.Наранболд гэх хүнийг ч хараагүй. 2019 оны 4 дүгээр сард Ж.Н ирээд надад туслаач нөгөө машин авсан хүмүүс хэл ам хийгээд байна. Ахдаа гэрчийн мэдүүлэг өгчих гээд Шархадны эцэст дээр байрлах зурагчин канон дээр очоод Ж.Н өөрөө хэлж бичүүлээд гарын үсэг зуруулаад авч явсан. И.Наранболд гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй. ...” /1хх 200/ гэж мэдүүлснээс үзэхэд, шүүгдэгч Ж.Н нь өөрт ашигтай мэдүүлэг өгүүлэхийг бусдаас гуйж, хэргийн үйл баримтыг мэдэхгүй хүмүүсийг гэрчээр асуулгажээ.

 

Иймээс дээрх үндэслэлээр хэргийг дахин шалгах шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч Ж.Нын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1804 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ