| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 221/2025/0014/З |
| Дугаар | 221/ШШ2025/0030 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/ШШ2025/0030
Х.Нийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Нэхэмжлэгч: Х.Н
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 тоот тогтоолыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Н
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 221/2025/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Н нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан тус хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан.
2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 тоот тогтоолоор: Хариуцагч Х.Нийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.5, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12, 22 дугаар зүйлийн 22.1, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 тоот тогтоолыг эс зөвшөөрч, маргаж байна. Үүнд:
3.1. “... Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргаагүй тухайд, миний бие 2001 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан иргэн Б.Г нь миний үйлчлүүлэгч биш бөгөөд бидний хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй болно.Тодруулбал, иргэн Б.Г нь миний танилаар дамжуулан намайг өмгөөлөгчөөрөө авах хүсэлтэй байна гэж холбогдоход нь миний бие хэргийн материалтай танилцсаны дараа тухайн хэргийн ээдрээ төвөгтэй байдал, хэрэг маргааны үргэлжлэх хугацаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль зүйн туслалцаа үзүүлэх эсэх шийдвэрээ гаргана гэж хэлсэн.
Ингээд иргэн Б.Гын хамт мөрдөн байцаагчтай очиж уулзан хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйлчлэлтэй хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байсан бөгөөд Б.Г нь 3.000.000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ тодорхой илэрхийлсэн тул миний бие тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцохгүй гэж хэлээд хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж, улмаар Р.Н өмгөөлөгчийг санал болгосон.
Ингээд гэрээ байгуулагдаагүй байж байтал манай гэрт иргэн Б.Г нь өөрийн төрсөн ах Б.Гийн хамт очиж миний нөхөр Р.Нтой уулзаж Р.Н нь мөн өмгөөлөгчөөр оролцохоос татгалзсан, миний зөвшөөрөлгүй дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн байсныг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буцаан шилжүүлсэн. Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “үйлчлүүлэгч” гэж өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг", 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна", 23 дугаар зүйлийн 23.1-д Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно”, 23.2-т “Өмгөөллийн хөлсийг тогтооход өмгөөлөгчөөс үзүүлэх өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдал, тухайн хэрэг, маргааны үргэлжлэх хугацаа, өмгөөлөгчийн мэргэшсэн байдал, туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзнэ” гэж тус тус зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, өмгөөллийн хөлсийг өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдал, тухайн хэрэг маргааны үргэлжлэх хугацаа зэргийг харгалзан үзэж харилцан тохиролцсоны үндсэн дээр үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёрын хооронд үүрэг, хариуцлага үүсэх ёстой.
Гэтэл хүний амьд явах эрхийн эсрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн эрүүгийн гэмт хэрэгт 3.000.000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдгээ тодорхой илэрхийлж, гэрээ байгуулахаас татгалзсан байтал талуудын хооронд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй шийдвэр болсон.Түүнчлэн гомдол гаргагчийн зүгээс 3.000.000 төгрөгийг буцаан авсан, гомдолгүй гэх бичгээр гаргасан тайлбар болон өмгөөлөгч миний өмнө нь огт ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй гэх мэт нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шууд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ өмгөөлөгчийн эрхэлж байгаа ажил, албан тушаалаас үл хамааран тэгш, шударга хандах бөгөөд шийтгэл нь гаргасан зөрчилд тохирсон байх зарчмыг удирдлага болгоно” гэж заасныг зөрчсөн.
3.2. Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгчийн ёс зүйн маргаан хянан
шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн бөгөөд иргэн Б.Гын гаргасан гомдлын хувийг надад гардуулаагүй, тайлбар, баримт гаргах боломжоор хангаагүй, хуралдааны товыг мэдэгдээгүй, хуралдаанд оролцуулалгүйгээр хариуцлага ногдуулсан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 70 дугаар зүйлийн 70.2-д “Өмгөөлөгчид буруутгаж байгаа асуудлынх нь талаар танилцуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхтэйг нь тайлбарлана” гэж заасныг болон ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх журмыг бүхэлд нь огт хэрэгжүүлэн ажиллагаагүй болно. Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “... Нэхэмжлэгч Х.Нээс Б.Г нь миний зөвшөөрөлгүй дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсныг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр буцаан шилжүүлсэн гэжээ. 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Б.Гын ах Б.Гаас Мэргэжлийн хариуцлагын хороонд “Б.Г, Б.Г нар нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Х.Нт өмгөөллийн хөлс болох гурван сая төгрөгийг өгсөн. Өмгөөллийн үйлчилгээ авч чадаагүй. Өмгөөллийн мөнгөө 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 2 сая, 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийг авсан” гэх тайлбарыг бичиж ирүүлсэн. Маргаан хянан шийдвэрлэх журмын 42 дугаар зүйлийн 42.1-д “Гомдол гаргагч гомдлоосоо татгалзах, дэмжихгүй байх эсхүл маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хайхрамжгүй хандаж байгаа нь тухайн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг сунгах, зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан байх тул дээрх гомдлыг шалгахгүй байх, хариуцлага тооцохгүй болох үндэслэл болохгүй юм.
Б.Гын гомдолд дурдсанаар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмгөөлөгч Х.Нийг өмгөөлөгчөөр авч өмгөөллийн хөлс шилжүүлсэн гэжээ. 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Гын ах Б.Гаас өмгөөлөл нэртэйгээр 1 сая төгрөг шилжүүлсэн талаарх баримт авагдсан. Өмгөөлөгч Х.Н нь Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэж зааснаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, гэрээнд өмгөөллийн хөлсний хэмжээг үйлчилгээний цар хүрээг тодорхой тусгах үүрэгтэй байсан. Гэтэл дээрх хуулийн заалтыг зөрчин гэрээ байгуулахгүйгээр өмгөөллийн хөлс тохирч авсан байна.
4.2. Нэхэмжлэгч Х.Н нь Мэргэжлийн хариуцлагын хороог гомдлыг танилцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ***-р нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож буй иргэн Б.Гаас ирүүлсэн гомдлын талаар өмгөөлөгч Х.Нт утсаар мэдэгдсэн, цахим шуудан болон, Монгол шуудангаар ажлын байрны хаяг болон гэрийн хаяг, шуудангийн хайрцагт, мөн хянан шалгагч нь өөрийн гар утас болох 990604** дугаарын утсаар зурвасаар гэх мэт боломжтой бүхий л байдлаар мэдэгдэл хүргүүлж, Х.Н нь хүлэн авч байсан. Зөрчлийн дүгнэлтийг мөн шуудангаар хүргүүлсэн байдаг.
Мөн хариуцагч, өмгөөлөгч Х.Н нь гомдол гаргагч Н.Гаас ирүүлсэн гомдлыг мэдсэн, цахим шуудангаар хүлээн авсан боловч маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдолд дурдсан үйл баримтын талаар үндэслэл бүхий тайлбар, баримт ирүүлээгүй нь Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмын 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэгт зааснаар гомдлыг хүлээн зөвшөөрсөнд тооцож бүрэлдэхүүн маргааныг хянан шийдвэрлэсэн.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Б.Гаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирсэн гомдлыг хариуцагч мэдсээр байж 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ор сураггүй алга болж маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд ч ирж оролцохгүй хороог үл хүндэтгэж байгаа нь иргэнийг хэрхэн хохироож байгаа нь үүгээр илтэд харагддаг.Хариуцагч Х.Н нь мэргэжлийн хариуцлагын хороонд хариу тайлбараа ч ирүүлдэггүй атлаа 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн дүгнэлт үйлдээд хүргүүлсний дараа гомдол гаргагчид өмгөөллийн хөлс 3 сая төгрөгийг гомдол гаргагчид шилжүүлж гомдол гаргагч гомдлоосоо татгалзсан байдаг.
Мөн тэрээр Баянзүрх дүүргийн *-р хороо, 2*-8* тоот хаягт амьдардаггүй гэжээ. Гэтэл тухайн хаягт амьдардаг бөгөөд шууданг хүүхдүүд нь хүлээж авдаг бөгөөд хуульч хүний хувьд тухайн хаягт оршин суудаггүй болох Засаг даргын тодорхойлолт ирүүлээгүй болно. Өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлагын 6 дугаар зүйлд 6.1-д “Өмгөөлөгчөөс Өмгөөлөгчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн утасны дугаар, ажил, гэрийн хаяг, цахим шуудангийн хаяг нь Өмгөөлөгчдийн холбоо, харьяалагдах салбар зөвлөлөөс түүнтэй харилцах үндсэн эх сурвалж болно” 6.2-т “Бүртгэлийн маягтад бичигдсэн мэдээлэл өөрчлөгдөх бүрд өмгөөлөгч энэ тухай харьяалагдах зөвлөлд ажлын гурван өдөрт багтаан мэдэгдэж зохих өөрчлөлтийг хийлгэж байна” гэсэн шаардлагыг ч дагаж мөрддөггүй болох нь ёс зүйн дүрэм журам, холбооноос гарсан хууль дүрэм журмыг уншиж танилцдаггүй гэж дүгнэхээр байна.
4.3. Хариуцагч, өмгөөлөгч Х.Н нь дээрх үйлдлүүдээрээ Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгийн “шуурхай, бүрэн, тууштай байх”, 4.1.3 дахь хэсгийн “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 4.1.5 дахь хэсгийн “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах", 4.1.6 дахь хэсгийн "хүнлэг, энэрэнгүй байх” зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийн “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2 дахь хэсгийн “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.9 дэх хэсгийн “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах”, 14.1.11 дэх хэсгийн “шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох”, 14.1.12 дахь хэсгийн “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох” үүрэг болон 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэсэн заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дэх хэсгийн “хууль зүйн үйлчилгээний зорилгод хүрэх арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”, 16.1.3 дахь хэсгийн “үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн тул ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Х.Нийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэв.
ХЯНАВАЛ:
1. Дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцааж шийдвэрлэлээ.
2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч М.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс “иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ...” гэж заасныг үндэслэн хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 дүгээр тогтоолоор өмгөөлөгч Х.Нийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.5, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12, 22 дугаар зүйлийн 22.1, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-т заасныг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэжээ.
4. Иргэн Б.Гаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиар дамжуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд “Б.Г миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж, 1 жил 6 сарын хорих ял эдэлж байгаа бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өмгөөлөгч Х.Нийг өмгөөлөгчөөрөө авсан. Өмгөөллийн үйл ажиллагааны төлбөр болох 3.000.000 төгрөгийг өөрийн болон ахынхаа данснаас шилжүүлсэн. Өмгөөлөгч нь надтай хамт мөрдөгчтэй уулзахдаа гэрээ байгуулсан бөгөөд ийнхүү ганц удаа л хамт очсон. Үүнээс хойш надад өмгөөллийн туслалцаа үзүүлээгүй, утсаа огт авдаггүй. Иймд өмгөөллийн хөлсийг буцааж авах хүсэлттэй байна ...” гэх гомдлыг ирүүлсэн байх бөгөөд,
4.1. Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо өөрийн санаачилгаар, эсхүл Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн хүсэлт, эсхүл шүүгч, прокурор, хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу дээрх гомдлоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Х.Нт холбогдуулан маргаан үүсгэж, уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Х.Н нь огт оролцоогүй, холбогдох тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй байна.
5. Ийнхүү маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 дүгээр тогтоолыг гаргасан байх бөгөөд тус тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Х.Нээс “... Б.Г нь миний үйлчлүүлэгч биш бөгөөд бидний хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй ... миний танилаар дамжуулан намайг өмгөөлөгчөөрөө авах хүсэлттэй байна гэж холбогдоход хэргийн материалтай танилцсаны дараагаар тухайн хэргийн ээдрээ төвөгтэй байдал, хэрэг маргаан үргэлжлэх хугацаа зэргийг харгалзан үзэж хууль зүйн туслалцаа үзүүлэх эсэх шийдвэр гаргахаа хэлсэн. Ингээд Б.Гын хамт мөрдөн байцаагчтай очиж уулзан хэргийн материалтай танилцахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байсан бөгөөд Б.Гаас 3.000.000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа авахаа илэрхийлсэн тул татгалзсан, миний зөвшөөрөлгүйгээр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсныг буцаан шилжүүлсэн. Мэргэжлийн хариуцлагын хороо Б.Гын гаргасан гомдлын хувийг надад гардуулаагүй, тайлбар баримт гаргах боломжоор хангаагүй, хуралдааны товыг мэдэгдээгүй, хуралдаанд оролцуулалгүйгээр хариуцлага ногдуулсан” гэж тайлбарлан маргасан.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х.Н нь тус маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, холбогдох тайлбар баримтыг гаргаж өгөөгүй байх бөгөөд Б.Г нь миний үйлчлүүлэгч биш, бидний хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй, хүлээлгэсэн хариуцлага гаргасан зөрчилд тохирсон байх зарчмыг хангаагүй гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс маргаан бүхий тогтоол хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнэх боломжгүй байна.
7. Тодруулбал гомдол гаргагч Б.Гаас өмгөөлөгч Х.Нтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан гэх боловч, гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, мөн гомдол гаргагч иргэн Б.Гыг гэм буруутайд тооцсон 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд тэрээр нэр бүхий өөр өмгөөлөгч нарын хамт оролцсон байх төдийгүй нэхэмжлэгч нь маргаан бүхий Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 дүгээр тогтоолыг гарахаас өмнө 3.000.000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.
8. Хэдийгээр Мэргэжлийн хариуцлагын хорооноос Х.Нт илгээсэн шууданг хүү нь хүлээн авч, түүний нөхөр Г.Н гэх өмгөөлөгчөөс тайлбар гаргаж өгсөн байх боловч “Г.Н өмгөөлөгч өөрийгөө ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй байна” гэх агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна.
8.1. Энэ талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс “... нөхөр бид хоёр сүүлийн 2 жил тусдаа амьдарч байгаа учир тэр талаар надад мэдээлэл өгөөгүй ...” гэж тайлбарласан тул шуудангийн мэдэгдлүүдийг түүнд гардуулсан гэж үзэх боломжгүй, тодруулбал Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” 35.1.1-д “хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болон маргаанд холбогдох өмгөөлөгчөөс тайлбар авах” гэж зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо нь тус ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр маргаан бүхий актыг гаргажээ.
8.2. Мөн нэхэмжлэгчээс “хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй гэж хэлсээр байхад Б.Гын ах нь 3.000.000 төгрөг шилжүүлсэн байсан ... тухайн мөнгө нь таньдаг хүнээр дамжсан бөгөөд тэр хүн бид хоёрын хооронд өглөг авлага байсан” гэх тайлбарыг гаргасан болохыг ч дурдах нь зүйтэй байна.
9. Түүнчлэн өмгөөлөгч Х.Н нь түүнд ногдуулсан хариуцлага хүндэдсэн гэж маргадаг бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж зааснаар хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, Монгол Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол зэргээс үзвэл өмгөөлөгч Х.Нт түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн хариуцлага хүлээлгэсэн нь гаргасан зөрчилд тохирсон гэж үзэхээргүй байна.
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хувьд өмгөөлөгчийг холбогдох хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсан эсэх, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоож, шийтгэл оногдуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд гагцхүү Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээтэй.
11. Энэ тохиолдолд нэгэнт тэрээр маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, холбогдох тайлбар баримтыг гаргаж өгөөгүй, хуралдааны товыг мэдээгүй, гэх зэрэг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхээ эдэлж чадаагүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МТ/2025/004 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ