Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар

хохирогч Д.Сайханбаяр

шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын өмгөөлөгч Д.Жаргал

шүүгдэгч У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат  нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол  дүүргийн прокурорын газраас А.Урттамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт, 

Ө.Отгон-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэгт,

У.Пүрэвсүрэнмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэгт,

С.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

1.Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 29-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 12/5 дугаар байрны 62 тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн 28 дугаар гудамж 1354 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЖЯ95042910/  Дандар овогт Алтанхуягийн Урттамир.

 

2.Монгол Улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 17-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн радио телевиз, видео урлагийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 418б тоотод оршин суух хаягтай, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 3 дугаар баг Баянцагаанд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛД94021716/ Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнэ.

 

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 9-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн УХҮЦ-ын 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 35 дугаар 103 тоотод оршин суух хаягтай, иргэний лавлагаагаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байрны 96 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЕЮ95020914/  Боржигон овогт Ууганбаатарын Пүрэвсүрэнмаа.

 

4.Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 6-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ах нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар баг Баян-Уулд оршин суух албан ёсны хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 24 дүгээр гудамжны  591а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЛД93060614/ Боржигон овогт Сүх-Очирын Эрдэнэбат нарт холбогдох 201626021215 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” хотхоны 9 дүгээр байрны гадаа иргэн Д.Сайханбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч А.Урттамир Ө.Отгон-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны ар талд орших үерийн даланг дамнасан шатан дээр иргэн О.Ган-Эрдэний эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Samsung Galaxy S4 загварын гар утас болон түрүүвчийг авч бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч С.Эрдэнэбат нь дээрхи танхайрах гэмт хэргийг үйлдэх үедээ газарт унасан байсан иргэн Э.Болдсүхийн Samsung S2 загварын гар утсыг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг авсан,

Шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нар нь бүлэглэн С.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох Samsung Galaxy S2 загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан,

Шүүгдэгч Ө.Отгон-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Меетинг” нэртэй барны орчим сэжигтэн Э.Энх-Эрдэний хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 45.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч болон 90.000 төгрөгийг авч завшин 135.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч А.Урттамир шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Эрдэнэбат, Пүрэвсүрэнмаа, Отгон-Эрдэнэ бид 4 уулзаад хамт явж байтал миний машины бензин дуусах гэж байсан. Тэгтэл 10 дугаар хорооллын замын хажууд 3 залуу такси барих гээд зогсож байхаар нь  Эрдэнэбат, Пүрэвсүрэнмаа хоёрыг машиныхаа багажинд хийгээд би машинаа бариад миний хажуугийн суудалд Отгон-Эрдэнэ суугаад тэр 3 залууг аваад 10 дугаар хорооллоос Нарны хороолол орсон. Нарны хороололд очоод би “5000 төгрөг болж байна” гэж хэлэхэд Сайханбаяр “яахаараа 5000 төгрөг болдог юм бэ” гэхээр нь би шөнө 1000 төгрөгөөр явдаг гэж хэлсэн. Тэгтэл ард сууж явсан 3 залуугийн нэг нилээн согтуу байсан Өлзийдаваа нь миний толгойн ар хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Өлзийдавааг машинаас буулгах гэхэд буухгүй байхаар нь машиныхаа багажыг онгойлгоход Эрдэнэбат, Пүрэвсүрэнмаа нар гарч ирээд зодоон болсон. Тэгээд таксины мөнгөө ч авалгүй бид 4 явсан. Зодооны үед газар унасан байсан утсыг Эрдэнэбат авсан байсан. Унасан байсан гар утсыг Эрдэнэбат авсан талаар машинаа асаагаад хөдлөөд явсаны дараа л мэдсэн. 2016 оны 4 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Отгон-Эрдэнэ бид 2 хорооллын эцсийн Файр бааранд 2 залуутай танилцсан. Нэг залуугийнх нь нэрийг Ганзо гэж байсан. Нөгөө залуугийнх нь нэрийг бол мэдэхгүй байна.  Одоо харвал тэр 2 залууг танина. Тэр 2 залуутай Отгон-Эрдэнэ бид 4 шоудахын тулд  мөнгө олох талаар ярилцаад  доошилж ганцаараа явж байгаа хүн таарвал айлгаж гар утсыг нь авах талаар ярилцсан.  Тэгээд явж байтал далангийн доороос нэг залуу дээш өгсөж явахад Отгон-Эрдэнэ очоод барьж авахад би хажуугаас нь тэр залууг өшиглөсөн. Отгон-Эрдэнэ гар утсыг нь авсан. Нөгөө бааранд танилцсан 2 залуу ирээд тэр хохирогч залууг үсдэж зодсон. Тэгээд бид 4-лээ болоод зугатсан. Энэ талаар Тэмүүжин байцаагчид хэлэхэд Пүрэвсүрэнмаа, Эрдэнэбат нар байсан уу? гээд 2 найз руу маань чихэх гээд байсан.  Хохирогч Ган-Эрдэнийн утсыг Отгон-Эрдэнэ авсан.  Харин түрийвчийг нь нөгөө 2 залуугийн хар пальтотой нь авсан гэв.

 

Шүүгдэгч Ө.Отгон-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт:  Таксины мөнгөнөөс болж

хохирогч Сайханбаяр, Урттамир нар маргалдаад бид зодолдсон. Тэр үед газар уначихсан байсан Самсунг мега утсыг би авсан. Тэгээд Пүрэвсүрэнмаа бид хоёр Пүрэвсүрэнмаагийн гэрийн хажуугийн ломбарданд 60000 төгрөгөнд тавьсан. 

Урттамир бид 2, Файр нэртэй бааранд ороод нэрийг нь санахгүй байна, өмнө нь зүс таних 2 залуутай хамт уусан. Би нилээн уусан. Урттамир бол уугаагүй. Тэгээд бид 4 нийлж шоудаж уух талаар ярилцсан. Тэгээд мөнгө олох талаар ярилцаж тэр баарнаас гараад далан дээр ганцаараа явж байсан хохирогч Ган-Эрдэнэ гэх залуугийн гар утсыг нь би авсан. Түрийвчийг нь нөгөө 2 залуугийн нэг нь авсан. Ган-Эрдэнийг дээрэмдэх үйлдлийг бол Урттамир бид 2-той хамт, нөгөө зүсийг нь мэдэх нэрийг нь мэдэхгүй 2 залуу хамт үйлдсэн. Прокурорын шатанд дээрмийн хэрэг үйлдэхэд Урттамир бид хоёроос гадна дахиад 2 залуу байсан талаар хэлэхэд прокурор “та нар битгий үлгэр яриад бай” гээд байсан. Энэ талаар Тэмүүжин байцаагчид хэлэхэд ойшоохгүй байсан. Урттамир үнэн зөв мэдүүлж байна  гэв.

 

Шүүгдэгч У.Пүрэвсүрэнмаа шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Эрдэнэбат, Пүрэвсүрэнмаа, Отгон-Эрдэнэ бид 4 уулзаад хамт явж байтал Урттамирын машины бензин нь дуусах гээд бид бензиний мөнгө олохын тулд таксинд явах болсон. Тэгээд Эрдэнэбат бид 2 машины багажинд суусан.  Урттамир, Сайханбаяр хоёр хоорондоо зодолдсон. Сайханбаярын нуруу руу нэг удаа цохисон. Тэгсэн чинь нэг утас газар унасан байхад нь авсан гэж Эрдэнэбат хэлсэн, тэгээд тэр утсыг ломбарданд аваачиж Отгон-Эрдэнэ бид хоёр аваачиж тавьсан гэв.

 

Шүүгдэгч С.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт: Урттамирын машины бензин дуусах гэж байсан болохоор таксинд явж бензины мөнгө олох гээд Пүрэвсүрэнмаа бид хоёр багажинд нь орсон.  Тэгээд явж байгаад таксины мөнгөнөөс болж маргалдаж бидний дунд зодоон болсон. Газарт унасан байсан гар утсыг аваад би Пүрэвсүрэнмаад өгсөн гэв.

 

Хохирогч Д.Сайханбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд 10 дугаар хорооллын караокед найз Өлзийдаваа, Болдсүх нарын хамт орж байж байгаад тэндээсээ гарсан. 10 дугаар хорооллын зам дээрээс бид гурав таксинд суугаад Нарны хороолол орсон. Тэнд очоод таксины төлбөр 5000 төгрөг гарсан гэхээр нь би яахаараа 5000 төгрөг гардаг юм бэ гэж би хэлээд тэрнээсээ болж маргалдсан.  Хэн хэн нь намайг яаж зодсоныг би ялгаж салгаж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг энэ залуучууд зодсон. Намайг газарт унахад  миний гарт байсан Өлзийдаваагийн гар утас, миний гар утас түрийвч газарт унасан. Би өөрийнхөө гар утас, түрийвчийг газраас гараараа татаж авсан. Өлзийдаваагийн Самсунг мега маркийн гар утас алга болсон. Өлзийдаваа Японд байгаа, хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Болдсүх гартаа утасаа барьчихсан байгаа харагдаж байсан. Болдсүх, Өлзийдаваа бид гуравт шүүгдэгч Урттамир, Отгон-Эрдэнэ, Пүрэвсүрэнмаа, Эрдэнэбат нар нийлээд нийт 2 сая төгрөг өгсөн. Болдсүхийн утас нь алга болсон, утасны мөнгөнд 250000 төгрөг, Өлзийдаваагийн утас нь алга болсон учир утасны үнэ 250000 төгрөг, Өлзийдаваагийн нүүр нь халцарсан байсан тэрэнд нь 500000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь би авсан. Тухайн үед би Бээжингээс авсан жинсэн өмд өмсөж явсан, урагдсан байсан. Би өөрөө мөн тайзан дээр гардаг загвар өмсөгч хүн болохоор нүүр аманд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан. Одоо бол эдгээр залуучуудад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Ө.Отгон-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа / 2хх-ийн 66/, ял шалгах хуудас /1хх-ийн 146/, СУИС-ийн тодорхойлолт /1хх-ийн 147/, өргөмжлөлүүдийн хуулбар /1хх-ийн 149-159, 161-167/, Төрийн банкны депозит дансны хуулга /1хх-ийн 223/,

А.Урттамирын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 168/, ял шалгах хуудас /хх-ийн 169/, оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 170/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 171/, өргөмжлөлййн хуулбар /1хх-ийн 172/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 218/, төрийн банкны депозит дансны хуулга /1хх-ийн 228/,

У.Пүрэвсүрэнмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 173/, ял шалгах хуудас /1хх-ийн 174/, ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /1хх-ийн 175/, ШУТИС-ийн тодорхойлолт /1хх-ийн 176/, оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 177/, өргөмжлөлүүдийн хуулбар /1хх-ийн 178-204/,

С.Эрдэнэбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 205/, ял шалгах хуудас /1хх-ийн 206/, өргөмжлөлүүдийн хуулбар /1хх-ийн 207-211/, иргэний үнэмлэхийн  хуулбар /1хх-ийн 212/,  төрийн банкны депозит дансны хуулга /1хх-ийн 226/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” хотхоны 9 дүгээр байрны гадаа иргэн Д.Сайханбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  

хохирогч Д.Сайханбаярын:..”2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд би төрсөн тэмдэглэхээр найз Өлзийдаваа, Болдсүх Содномдорж болон түүний найзуудын хамт 10 дугаар хорооллын Хас караокед орж тэмдэглэсэн юм. Тэгээд тэндээсээ шөнө 02 цагийн үед гараад Содномдорж найзын хамт яваад Болдсүх, Өлзийдаваа бид гурав, 10 дугаар хорооллын замынхаа хойд талын автобусны буудал дээр гар өргөөд таксинд суугаад явсан юм. Таксинд суухад жолооч болон жолоочийн хажууд нэг эрэгтэй сууж явсан. Тэгээд манай найз Өлзийдаваа их согтоод тасарчихсан байсан болохоор гэр рүү нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 9 дүгээр байр руу хүргэж өгөөд хамт хонохоор явсан юм. Тэгээд уг такситай явж байгаад 9-р байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талын хороолол дундах замын уулзвар дээр зогсоод төлбөр болох 6000 төгрөг нэхэхээр нь их мөнгө гарсан байна бид нар байнга явдаг учраас 6000 төгрөг гарах ёсгүй гэтэл нөгөө жолооч та нар юу яриад байгаан хэлсэн мөнгийг өг гээд бид нарын хооронд маргаан үүсээд байж байтал жолооч нь эргэж хараад шууд миний нүүр рүү 1 удаа цохихоор нь яаж байна аа гээд нүүрээ хамгаалаад машины баруун хойд талын хаалгаар буух гэтэл жолооч машинаасаа бууж ирээд миний баруун зүүн шанаа руу 3 удаа гараараа цохиод татаж машинаас буулгаад газар унагаад машиныхаа хойд талын багажийг онгойлгоход багаж дотроос 2 эрэгтэй хүний толгой харагдсан. Тэгсэн чинь нөгөө багажинд байсан 2 залуу бууж ирээд толгой дээр дэвсээд зам дээр машинаасаа холдуулан чирсэн. Тухайн үед миний халаасанд байсан гар утас газар унасан байхаар нь авсан чинь дээрээс бөөнөөрөө дэвсэж байтал манай найз Болдсүх салгасан чинь нөгөө залуучууд машиндаа суугаад явсан юм. Тэгээд бид нар нөгөө залуучуудыг явсаны дараа эд зүйлээ бүртгэсэн чинь найз Болдсүх Өлзийдаваа нарын гар утас алга болсон байсан. Гар утсыг тэр залуучуудын хэн нь авсныг мэдэхгүй.  /1хх-ийн 54/ гэсэн,

...Тэгэхээр нь би хажууд архи уугаад тасарсан байсан Өлзийдаваа дээгүүр даваад машинаас буутал жолооч нь бууж ирээд машины арын багажаа онгойлгоход хоёр залуу гараад ирсэн. Тэгээд тэд нар нийлж байгаад намайг зодоод, миний гар утас түрийвч булааж авах гэж оролдохоор нь би булаацалдаад халаасандаа хийсэн. Дараа нь харахад миний утасны дэлгэц хагарсан байсан. Тухайн үед Өлзийдавааг машинаас чирч буулгаад цохиж зодоод Болдсүх залгасан чинь нөгөө залуучууд машиндаа суугаад явцгаасан. Тэгээд бид нар нөгөө залуучуудыг явсаны дараа эд зүйлээ бүртгэхэд Болдсүх, Өлзийдаваа хоёрын гар утаснууд байхгүй алга болсон тэр залуучууд аваад явсан. /1хх-ийн 77/,

 

хохирогч Э.Болдсүхийн:..”2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр найз Сайханбаярын төрсөн өдөр болоод Өлзийдаваа, Содномдорж түүний найзын хамт 10-р хорооллын Хас нэртэй караокед ороод 2 цаг дуулаад тэндээсээ 2 цаг өнгөрч байхад гараад Содномдорж найзын хамт яваад Сайханбаяр, Өлзийдаваа бид гурав Стелла баарны зүүн талд хашлага налаад зогсож байтал нэг цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн 44-08 УБВ улсын дугаартай суудлын автомашин ирээд такси авах уу гэхээр нь уг машинд суутал жолоочийн хажууд нэг залуу байсан. Тэгээд бид гурав арын суудал дээр суугаад Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хорооллын 9 дүгээр байрны гадаа ирээд тооцоо 6000 төгрөг гараад нэхэхээр нь манай найз Сайханбаяр “5000 төгрөг л гардаг ш дээ гэхдээ яахав өгье гэтэл жолооч чи надтай юм ярих гээд байгаа юмуу ямар том байна” гэснээ эргэж хараад Сайханбаярын нүүр рүү гараараа цохиод жолооч машинаасаа буугаад зүүн хойд талын хаалгыг гадна талаас нь онгойлгоод Сайханбаярыг чирч буулгаад гадаа гаргаад нүүр рүү цохиход нь би машины баруун хойд талын хаалгаар буусан чинь жолоочийн хажуу талд сууж явсан залуу бууж ирээд миний хүзүүний ар хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн чинь жолооч арын багажаа онгойлготол 2 залуу бууж ирээд Сайханбаярыг газар чирээд дээрээс нь дэвсээд зодоод байхаар нь би мөнгийг чинь өгье гэж хэлээд салгатал нөгөө залуучууд шууд зугатаасан. Надад ямар ч гэмтэл учраагүй. /1хх-ийн 56/   гэсэн мэдүүлгүүд болон

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3264 дугаартай: Д.Сайханбаярын биед дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /1хх-ийн 66/ гэсэн дүгнэлт, хэрэгт хураагдсан СД бичлэг зэргээр  нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.Урттамир Ө.Отгон-Эрдэнэ нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны ар талын үерийн даланг дамнасан шатан дээр хохирогч О.Ган-Эрдэний эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Samsung Galaxy S4 загварын гар утас болон түрүүвчийг авч бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь:

хохирогч А.Ган-Эрдэний:..” Би 2016 оны 4 дүгээр сарын 12-нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 0 тоот  гэртээ ах Хишигбатын хамт байж байгаад орой 23 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25 дугаар байрны 308 тоотод эгч Үүлэнзаяагийнд очиж өнгийн харандаа авахаар гэрээсээ гараад 42 дугаар байрны ертөнцийн зүгээр ар талд байдаг 10 дугаар хорооллын үерийн далангийн зүүн талын шат руу өгсөөд ганцаараа явж байтал шатны дээд талаас 20-25  орчим насны 170-175 орчим см өндөртэй хоёр залуу бууж ирж яваа харагдсан. Тус шат нь гурван үетэй байсан бөгөөд хамгийн дээд талын 3 дах үен дээр тааралдах үед цагаан өнгийн ханцуй хэсэгтээ кантархуу зураастай малгайтай цамцтай залуу нь үг дуугүй шууд цээж рүү түлхээд хойшлох үед дээд талаараа бараан өнгийн хувцастай зүүн талын ташаа хавирга руу өшиглөөд би хойшоо газар унах үед цагаан өнгийн малгайтай цамцтай залуу нь ар талаас хоёр гарыг дараад барьж авахаар нь би гараа сугалж авах гэтэл болохгүй байсан. Бараан өнгийн хувцастай залуу нь толгой доош харах үед доошоо тонгойхдоо 20-25 орчим насны 170-175 орчим см өндөртэй хоёр залуу гүйгээд ирсэн.

...хар өнгийн босоо захтай пальто өмссөн залуу нь шатны доороос гүйгээд ирж яваа харагдсан. Нөгөө залуугийнх нь өмссөн хувцасыг нь сайн санахгүй байна. Далангийн зүүн талын харанхуй хэсгээс гүйж ирж яваа харагдсан. Ингээд нөгөө хоёр залуу гүйж ирээд дөрвүүлээ болоод хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь үсдэж байснаа нүүррүү 2-3 удаа цохисон. Тухайн үед өөрт байгаа эд зүйлсээ гаргаж өг, утас чинь хаана байна гэж хэлэхэд нь утас байхгүй гэхэд нэмээд хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь үснээс барьж толгой доош нь дарж байснаа эрүү рүү хөл нь хальт орж ирээд өшиглөсөн. Бага зэргийн манарах үед цагаан өнгийн малгай цамцтай залуу нь байх шиг санагдсан. Миний цэнхэр өнгийн давуун өмдний баруун талын халаасанд байсан Samsung galaxy S4 маркийн хөх ягаан өнгийн гэртэй, дэлгэцний зүүн дээд хэсэгтээ бага зэргийн хагарсан гар утас болон энгэрийн халаасанд байсан бор өнгийн арьсан түрүүвчийг аваад далангийн зүүн талын харанхуй хэсэг рүү зугтаах үед нь араас гүйгээд цагаан өнгийн малгайтай цамцтай залууг нь барьж авах үед намайг зодоод байсан хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь эргэж ирсэнээ нөгөө залуугаа надаас салгах зорилготой түлхэх үед цагаан малгайтай цамцтай залуу тавих үед харанхуй хэсэг рүү гүйгээд орох үед араас нь түрүүвчинд авчихаар хэрэгтэй юм байхгүй, наад утсаа аваа, түрүүвч, сим
карт хоёрыг үлдээчих гэхэд хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь түрийвч, сим хоёрыг газар хаяад цаашаа зугтаагаад явсан. Ингээд түрүүвчин доторхи бүх бичиг баримтыг гаргаад энд тэнд хаясан байхаар нь бөөгнүүлж аваад араас нь гүйгээд гартал далангаар гүйж байснаа UB раlасе тал руугаа гражин дундуур гүйгээд яваад өгсөн. UB раlасе-н хойд талаар хайхад олдохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

...Samsung galaxy S4 маркийн гар утсаа 2013 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас  960.000 төгрөгөөр авч байсан. Хайрцаг сав нь байгаа. Имей кодийг нь хусаад арилгасан байна лээ. Өөр алдсан эд зүйл байхгүй. Алдсан гар утсаа одоо зарж байгаа үнээр 200.000 төгрөгөөр үнэлж байгаа. /1хх-ийн 35/ гэсэн,

 

гэрчээр Д.Энхбаярын:..О.Ган-Эрдэнэ манай эхнэрийн аавынх нь дүүгийн хүүхэд байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ган-Эрдэнэ 23 цагийн үед эхнэр Үүлэнзаяагийн утас руу дүүгийн өнгийн харандаа аваад түр хэрэглэгчихээд өгье, маргааш зургийн  хичээлдээ хэрэглэчихээд өгье гэхээр нь тэг тэг ирээд аваа гэж хэлсэн. Ингээд утсаар ярьчихаад тухайн үед орондоо орсон байсан болохоор цаг хэд болж байсныг мэдээгүй юм. Унтаж байтал хаалга хүн тогшихоор тайлтал Ган-Эрдэнэ хүнд зодуулаад Samsung galaxy s4 маркийн, хөх өнгийн гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж орж ирсэн.

... Ган-Эрдэнийг дээрэмдүүлчихлээ гэж хэлэхээр нь юу болсон талаар асуутал
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 42 дугаар байрны 0 тоотод гэрээсээ гараад Хөгжил хотхон орох гэж явах үедээ 10 хорооллын хойд талын үерийн далангийн зүүн талын шатан дээрээ дээшээ өгсөх үед нь хэсэг залуучууд гарч ирээд нэг нь тэвэрч аваад зодоод халаасанд байсан гар утас дээрэмдсэн гэж хэлж байсан. Тухайн үед бага зэргийн нойрмог байсан тул сайн тодруулж асуугаагүй, ямарч хурдан цагдаагийн газар очиж мэдэгд гэж хэлсэн. /1хх-ийн 38/ гэсэн мэдүүлгүүд болон

эд зүйлийн үнэлгээ SAMSUNG GALAXY S4 /1хх-ийн 30/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Эрдэнэбат нь дээрхи танхайрах гэмт хэргийг үйлдэх үедээ газарт унасан байсан иргэн Э.Болдсүхийн Samsung S2 загварын гар утсыг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг авч завшсан,

шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нар нь бүлэглэн С.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох  Samsung Galaxy S2 загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан,

шүүгдэгч Ө.Отгон-Эрдэнэ  2016 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Меетинг” нэртэй баарны орчим сэжигтэн Э.Энх-Эрдэний хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 45.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч болон 90.000 төгрөгийг авч 135.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Болдсүхийн:...”миний Samsung galaxy s2 маркийн цагаан өнгийн гар утас, ямар нэгэн содон шинж тэмдэггүй шинээр нь манай аав саяхан худалдан авч өгсөн. Уг утас 200.000-250.000 төгрөгийн үнэтэй байгаа” /1хх-ийн 56/,

 

хохирогч Д.Сайханбаярын...”Тэгээд бид нар нөгөө залуучуудыг явсаны дараа эд зүйлээ бүртгэхэд Болдсүх, Өлзийдаваа хоёрын гар утаснууд байхгүй алга болсон тэр залуучууд аваад явсан” /1хх-ийн 77/ гэсэн мэдүүлэг болон

эд зүйлийн үнэлгээ SAMSUNG GALAXY S2 /2хх-ийн 29/,

 

хохирогч Н.Батзаяагийн:..”2016 оны 3 дугаар сарын 9-ний шөнө хамт ажилладаг байсан Отгон-Эрдэнэ, Энх-Эрдэнэ нартай “Меетинг” бааранд орж ууцгаасан. Баарнаас гарахад намайг Энх-Эрдэнэ гэрт хүргэж өгөхөөр болоод аваад явсан байна лээ, би тэр талаар нь сайн санахгүй байна. Маргааш нь I Phone-5 маркийн гар утас, түрийвч 2-ыг яасан бэ
та 2 намайг аваад явсан гэж байна гэж хэлэхэд Отгон-Эрдэнэ надад хэлэхдээ
Энх-Эрдэнэ чиний гар утас болон түрийвчтэй мөнгийг авсан байсан би түрийвч 90.000 төгрөгийг нь авсан гээд ирж уулзсан. Уулзаад түрийвчийг чинь гээсэн байна 150.000 төгрөг өгч хохирол барагдуулъя гэж хэлсэн. Энх-Эрдэнэ хэрэг
болсны маргааш өглөө ажил дээр ирээд хувцсаа авангаа касснаас 20.000 төгрөг
хулгай хийсэн нь камерт бичигдсэн байна лээ. Энх-Эрдэнийн ээжтэй нь ярихад
аавтайгаа амьдардаг би мэдэхгүй гэсэн, аавтай нь ярихад ирж уулзана гээд
ирэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Аавтай нь яриад танай
хүүхэд мөнгө хулгай хийсэн байна камерын бичлэг байна гэхэд танайх манай
хүүхдэд цалинг нь дутуу бодож өгсөн байналээ. тэгээд манай хүүхэд 20.000 төгрөг авсан байна лээ гэж хэлсэн.

...утсаа өмднийхөө урд 2 халаасанд хийсэн байсан, Энх-Эрдэнэ миний гар утасны кодыг мэддэг хайрцаг сав нь байхгүй, IMEI кодоо мэдэхгүй. Гар утсаа
найзаасаа 250.000 төгрөгөөр авсан. бараг шинээрээ шахуу утас байсан.

...Алдаж гээсэн эд зүйлсээ хуулийн дагуу шийдүүлж олж авмаар байна. Миний түрийвчинд 290.000 төгрөг,  бичиг баримт/үнэлэхгүй/ байсан. Отгон-Эрдэнэ үнэхээр миний түрийвч, 90.000 төгрөгийг авсан нь үнэн байвал би түүнтэй тохирсны дагуу 150.000 аваад гомдолгүй болно. Үлдсэн 200.000 төгрөг болон гар утсаа Энх-Эрдэнээр төлүүлчихвэл гомдол санал байхгүй. /2хх-ийн 49/ гэсэн мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ гар утас, түрийвч, бэлэн мөнгө /2хх-ийн 84/,

 

гэрчээр М.Баатархүүгийн:..”2016 оны 3 дугаар сарын 09-ний 00 цагийн үед намайг гадуур таксинд явж байхад Н.Батзаяа надруу залгаад Отгон-Эрдэнэ, Энх-Эрдэнэ, Батхүү бид нар 3, 4 дүгээр хороололд уулзаад бааранд орохоор явж байна гэсэн тэгээд би тэднийг байгаа газраас очин аваад Сүхбаатарын талбай хүргэж өгсөн харин тэд Меетинг бааранд орж би машинаа
тавихаар явсан ингээд 01 цаг өнгөрч байхад тэдний араас бааранд орсон ба намайг орох үед Батзаяа их согтсон ухаангүй болсон байсан. Батхүүг найз нь ирээд аваад явсан, харин Энх-Эрдэнэ, Отгон-Эрдэнэ нар зүгээр шахуу байсан тэгээд бид тэнд хэсэг ууж, бүжиглэж байгаад 03 цагийн орчим баарнаас гарсан ба баарны тооцоо хийх гэтэл бид нарын цуглуулсан мөнгө Батзаяад байсан тул Энх-Эрдэнэ Батзаяагийн түрүүвчийг аваад тооцоог хийгээд Батзаяаг аваад Энх-Эрдэнэ бид 3 хүүхдийн 100 хүртэл алхаж байхад Батзаяа согтоод ганцаараа зугтаад гүйгээд байсан тул Энх-Эрдэнэ Батзаяаг гэрт нь хүргэж өгөөд  тэндээ хононо гэж байсан. Тэгэхээр нь би Энх-Эрдэнэд “чи Батзаяагийн гар утас, түрүүвчийг авч маллаж байгаад маргааш өөрт нь өгөөрэй“ гэж хэлээд гар утас түрүүвчийг нь авахуулсан ба яг Батзаяагийн гэрийн гадаа иртэл Батзаяа ганцаараа зугтаад гэртээ орсон харин
Энх-Эрдэнэ байрны урд талд үлдсэн тэгэхээр нь би гэртээ харилаа гээд салаад явсан. Харин  Энх-Эрдэнэ Батзаяагийн гэрт орно гээд үлдсэн харин үүнээс хойш юу болсон гэдгийг би мэдэхгүй. Харин маргааш нь Батзаяа над руу залгаад түрийвч, гар утасаа асуухад Энх-Эрдэнэ авсан гэдгийг хэлсэн. Харин үүнээс хойш би тэд нартай дахин уулзаагүй. /2хх-ийн 86/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудаар

шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон байна. 

Үүнд: сэжигтнээр А.Урттамирын:..”бид нар машиндаа суугаад шөнө 02 цагийн үед 10 хорооллын Зочин буузны хажууд зогсож байтал 3-н залуу зогсож байсан тэгээд такси авах уу гээд Эрдэнэбат, Пүрэвсүрэнмаа хоёрыг багааж руу хийгээд тэр гурван залууг суулгаад Нарны хороолол орсон бөгөөд 5000 төгрөг гарсан гэж хэлсэн чинь надтай маргалдаад байж байтал нэг залуу нь хойноос хоёр удаа толгой руу цохисон Тэгэхээр нь би буугаад хаалгыг нь онгойлгоод муудалцаад араас нөгөө хоёр найзыгаа буулгаж ирээд ноцолдоод зодолдоод байж байтал гар утас нь газар унасан бөгөөд тэрийг Эрдэнэбат авсан тэгээд бид нар машиндаа суугаад явцгаасан. 2 гар утасыг нь Пүрэвсүрэнмаагийн эгчид зарсан, нэг гар утасыг нь ломбарданд тавьсан...Дараа нь 2016 оны Отгон-эрдэнэ бид хоёр 10 дугаар хорооллын үерийн далан дээр явж байгаад нэг залуу явж байхаар нь бид хоёр явж очоод байгаа юм аа өг гэхэд айгаад Samsung S-4 маркын гар утас гаргаж өгсөн тэрийг нь аваад зуггаагаад явсан. Тэр утасыг Отгон-Эрдэнийн таньдаг хүнд 150.000 төгрөгөөр зараад бид хоёр тэр мөнгөөр Хэнтий явж би өөрийн найз охинтойгоо уулзчихаад ирсэн. Өөр үйлдсэн хэрэг байхгүй. /1хх-ийн 87-88/,

сэжигтнээр Ө.Отгон-Эрдэнийн:..”10 дугаар хорооллын Хаан буузны ойролцоо
бензингүй болчихсон хүн авдаг юм билүү гээд байж байтал 3-н залуу гар өргөсөн нэг
залуу нь бүр тасарчихсан байсан тэгэхээр нь Пүрэвсүрэнмаа, Эрдэнэбат хоёрыг
багааж руу оруулаад тэр гурван залууг суулгаад Нарны хороололд хүргэж өгөөд таксины мөнгө 5000 төгрөг гарсан гэж хэлсэн ямар ч дээрэмдэх бодол байгаагүй тэгсэн чинь нэг залуу нь яахаараа 5000 төгрөг гардаг юм би өөрөө таксинд явдаг
гэсэн тэр үед Урттамир 12 цагаас хойш км нь  1000 төгрөгөөр явдаг ш дээ гэж хэлтэл тэр залуу уурлаад машины суудал цохиод Урттамирын нүүр рүү нь цохисон тэгтэл
Урттамир уурлаад бууж очоод хойд хаалга онгойлгосон чинь өөдөөс нь шууд цохисон тэгээд Урттамир арын тээш онгойлгоод нөгөө хоёрыг буулгаж ирээд тэгтэл өндөр нуруутай залуу нь бууж ирээд Урттамиртай зодолдоод эхэлсэн тэгээд бид нар бүгд очоод тэр залууг зодсон. Тэр үед газарт нэг гар утас уначихсан байсан тэрийг
Эрдэнэбат аваад халаасандаа хийсэн бөгөөд бид нар тэр залуучуудаас салаад
машиндаа суугаад явсан. Тэр явдлаас хойш 2 хоногийн дараа бид нар далангаас
дээрэмдсэн S4 мини маркын гар утас, samsung megа гэх хоёр утасыг нийлүүлээд
Пүрэвсүрэнмаагийн эгчид 160000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгөө 4-лээ хувааж авсан. Харин Samsung S2 маркын гар утасыг интернэтээр зар харж
байгаад нэг залууд 55,000 төгрөгөөр зараад мөнгийг нь бас дөрвүүлээ хуваагаад
авсан...2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хороололын үерийн далангийн зүүн талын шатны тэр хавьд Урттамир бид хоёр шатаар дээшээ гарч байсан 20 орчим насын залууг би тэвэрч аваад төмөр дээр дараад байгаа зүйлээ өгчих гэтэл гар тавьчих өөрөө гаргаад өгье гэхээр нь гарыг нь тавьтал халааснаас Samsung S4 маркын гар утас гаргаж өгсөн тэрийг аваад зугатаагаад явсан. Тэр S4 маркын гар утсаа зар харж байгаад 120.000 төгрөгөөр зараад мөнгийг бид хоёр Хэнтий явах ажилтай байж байгаад тэр зардалдаа зарцуулсан /1хх-ийн 95/,

сэжигтнээр У.Пүрэвсүрэнмаагийн:...” 2016 оны 3 дугаар сарын 05-ны...шөнө 02 цагийн үед 10 дугаар хорооллын Хаан буузны гадаа машиндаа сууж байсан чинь зам дагуу гурван залуу такси барих гээд гар өргөөд зогсож байсан бид нар бензиний мөнгөгүй байсан болохоор авах уу гээд Эрдэнэбат  бид хоёр ард талын багаажинд орж хэвтсэн. Тэр гурван залууг суулгаад Нарны хороолол руу ороод таксины мөнгө гэхэд Урттамир 5000 төгрөг болсон гэж
тэгтэл өндөр нуруутай залуу нь хэдэн төгрөгөөр явж байгаа юм гэсэн чинь 1000 төгрөгөөр явж байгаа гэж хэлсэн. Тэр залуу би таксинд явдаг 800 төгрөгөөр явдаг гээд уурлаад  маргалдаад нөгөө өндөр нуруутай залуу нь Урттамирыг цохьсон тэгээд гараад маргалдаад зодоон болсон бөгөөд бид нар машиндаа суугаад буцаад явсан. Машинд суугаад явж байхад Эрдэнэбат Samsung mega гэх утас гаргаж ирээд уначихсан байна гэж хэлсэн. Samsung s2 маркын гар утасыг зарын дагуу 40,000 төгрөгөөр зарсан, нөгөө хоёр утасыг нь манай эгч Ариунтуяад 150,000 төгрөгөөр зарсан. 2016 оны 3  дугаар сарын 10-ны үед Баянзүрх дүүргийн  Өгөөмөр захын хойд талын байрнууд дунд Урттамир, Отгон-Эрдэнэ, Эрдэнэбат бид дөрөв зогсож байсан чинь Отгон-Эрдэнэ бие заслаа гээд явсан бөгөөд Эрдэнэбат бид хоёр тамхи татаад зогсож байтал нэг залуу ирсэн тэрийг Эрдэнэбат бид хоёр дагуулаад Отгон-Эрдэнийн байгаа газар руу явсан бөгөөд нөгөө залууг айлгаж байгаад Samsung s4 маркын гар утас авсан бөгөөд тэр залуу шууд зугтаагаад яваад өгсөн. Бид нар машиндаа суугаад зугтаж яваад тэр гар утсыг 25-р эмийн сангийн ломбарданд 60,000 төгрөгөөр тавьсан. Өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. /хх-ийн 102/ гэсэн,

сэжигтнээр С.Эрдэнэбатын:..”2016 оны 3 дугаар сарын 5-ны орой ...Урттамирын машинтай орой 01 цагийн үед 10 дугаар хорооллын “МТ” ШТС-ын хажуу талд зогсож байтал 3-н залуу такси барьсан бөгөөд Пүрэвсүрэнмаа бид хоёр ард талын багаажинд суугаад нөгөө 3-н залууг машинд суулгаад Шинэ гүүр даваад нэг хороололд очоод Урттамир 5000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу би адилхан таксинд явдаг 4000 төгрөг гардаг хуцаад бай гээд маргалдаад тэр хоёр буугаад Урттамир хаалга онгойлгоод Урттамир тэр хоёр
хоорондоо зодолдсон бөгөөд тэр үед би хажуугаас салгах гэж зууралдаж байгаад түрийвчээ газар унагаад түрийвчээ автал газарт бас нэг гар утас уначихсан байхаар нь аваад халаасандаа хийсэн бөгөөд Урттамир нөгөө залуутай зодолдоод байхаар нь явж очоод тэр залууг нэг цохиод найзуудыгаа аваад машиндаа суугаад
явцгаасан. Хэд хоногийн дараа Пүрэвсүрэнмаагийн эгчид хоёр гар утасыг нь зараад мөнгөөр нь бид нар хоолонд ороод бензин хийгээд дуусгасан.../1хх-ийн 108/ гэж тус тус үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлжээ.

 

Шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Дандар овогт Алтанхуягийн Урттамирыг  Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнэтэй бүлэглэн бусдын амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнийг Дандар овогт Алтанхуягийн Урттамиртай бүлэглэн бусдын амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Ууганбаатарын Пүрэвсүрэнмааг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Сүх-Очирын Эрдэнэбатыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарт, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар      шүүгдэгч С.Эрдэнэбатад тус тус ял оногдуулж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдгээрийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэрэг байдлыг харгалзан тэдгээрт ялыг ялгамжтай оногдуулав.   

 

Шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1,  С.Эрдэнэбатын үйлдсэн мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

Учир нь хэд хэдэн буюу нийлмэл гэмт хэрэг үйлдсэн А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын хувьд хамгийн хүнд ялтай гэмт хэрэг буюу тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэргийг үйлдэж дууссан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 

Шүүх,  Ө.Отгон-Эрдэнэд холбогдох хэргээс сэжигтэн Э.Энх-Эрдэнэд холбогдох хэргийг прокурор тогтоолоороо тусгаарласан нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дандар овогт Алтанхуягийн Урттамирыг  Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнэтэй бүлэглэн бусдын амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнийг Дандар овогт Алтанхуягийн Урттамиртай бүлэглэн бусдын амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Ууганбаатарын Пүрэвсүрэнмааг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Сүх-Очирын Эрдэнэбатыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1/нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч А.Урттамирт 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял,  шүүгдэгч Ө.Отгон-Эрдэнэд 3/гурав/ жил 3 /гурав/ сар хорих ял, шүүгдэгч У.Пүрэвсүрэнмаа, шүүгдэгч С.Эрдэнэбат нарт тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарт тус бүр 2 /хоёр/ сар баривчлах ял,

Шүүгдэгч С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.А.Урттамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн  181.2.1, 181.2.5-д  зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жил 1/нэг/ сарын хорих ял,

Ө.Отгон-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн  181.2.1, 181.2.5-д  зааснаар оногдуулсан 3 жил 3 сар хорих ялын зарим болох 10 сарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 11 /арван нэг/ сарын хорих ял,

У.Пүрэвсүрэнмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бүгдийг багтааж түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,

С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бүгдийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4.А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын эдлэх ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй бөгөөд А.Урттамирын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн 44-08 УБВ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгосугай.

 

6.Хэрэгт хураагдсан CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7.А.Урттамирын 3 хоног, Ө.Отгон-Эрдэнийн 27 хоног, У.Пүрэвсүрэнмаагийн 3 хоног, С.Эрдэнэбатын 27 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцсугай.

 

8.А.Урттамир, У.Пүрэвсүрэнмаа нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ

                     ШҮҮГЧИД                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                             Л.ОЮУН