Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0171

 

 

 

 

2022            03           11                                      128/ШШ2022/0171

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О, Х.Н .

Нэхэмжлэлийн шаардлага:  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтын “цагдаагийн хошууч” цол хадгалуулах гэснийг “цагдаагийн дэд хурандаа” гэж өөрчлөлт оруулах, 2015 онд Б/1... дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Г ад холбогдох, 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг  цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг тус тус илт бусад тооцуулах төрийн албаны маргааныг маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.О , Х.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтын “цагдаагийн хошууч” цол хадгалуулах гэснийг “цагдаагийн дэд хурандаа” гэж өөрчлөлт оруулах, 2015 онд Б/1... дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Г ад холбогдох, 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг  цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын  2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цагдаагийн цол олгох тухай” 7... дугаар тушаалаар Б.Г ад  хугацааны өмнө “Цагдаагийн ахмад” цол,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  “Цол олгох тухай” 240 дугаар тушаалаар Б.Г “цагдаагийн хошууч” цол,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  “Ажлаас чөлөөлж, томилох, албан тушаалын цол олгох, хүүхэд асрах чөлөөг цуцлах, олгох, албанаас чөлөөлөх, цол хураах, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах, тэтгэмж олгох тухай” 350 дугаар тушаалын 13-д “Б.Г ыг ... Цагдаагийн албаны тухай Монгол Улсын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.12-т заасныг үндэслэн, Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын 2 дугаар бүлгийн 2.1-д заасныг баримтлан “цагдаагийн дэд хурандаа” цол,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  “Албан тушаалын цол хураах, олгох тухай” Б/1... дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 44 дүгээр Нийтийн хэв журам хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Б.Г ын “Цагдаагийн дэд хурандаа цол”-ыг хурааж, 2 дугаар хавсралтын Цагдаагийн ахмад цолоор гэсэн хүснэгтийн 3 дугаарт Б.Г ад “Цагдаагийн ахмад” цол,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  Б/555 дугаар тушаалаар “Цагдаагийн хошууч” цол тус тус олгож шийдвэрлэжээ.

2.2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтаар “Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Бархасын Галсанжамцыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, “цагдаагийн хошууч”  цолыг хадгалуулж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгож шийдвэрлэсэн байна.

2.3. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсээс 2021 оны 05  дугаар сарын 24-ний өдөр Мэдэгдэх хуудсаар Б.Г ад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалыг танилцуулж баримт дээр гарын үсэг зуруулжээ.

2.4.Монгол Улсын Хуул зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 08 дугаар 06-ны өдрийн 2/3406 дугаар Цагдаагийн ерөнхий газрын даргад гомдол шилжүүлэх тухай албан бичгээр Б.Г ын гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны Б/5.. дугаар тушаалаар “ цагдаагийн хошууч “ цолыг хадгалуулж гэснийг “цагдаагийн дэд хурандаа” цолыг хадгалуулж гэж өөрчлөхийг хүссэн өргөдлийг шилжүүлжээ.

2.5. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5б/6414 дүгээр албан бичгээр Б.Г ад хүсэлтийг хариу өгчээ.

2.6. Б.Г аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтад өөрчлөлт оруулах, албан тушаалын “цагдаагийн дэд хурандаа” цолыг хадгалуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7924 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.

2.7. Б.Г ын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтад өөрчлөлт оруулах, албан тушаалын “цагдаагийн дэд хурандаа” цолыг хадгалуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8617 дугаар шүүгчийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 28, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Албан тушаалын цол хураах, олгох тухай” Б/1... дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 44 дүгээр заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус  захиргааны актад тооцуулах, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтын “цагдаагийн хошууч” цолыг хадгалуулж ...” гэсэн шийдвэр болон түүнийг өөрчлүүлэх талаарх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа э үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, цагдаагийн дэд хурандаа цолыг хадгалуулах талаарх шинээр захиргааны акт гаргахыг цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүх хүлээн авсан.

2.9. Нэхэмжлэгчээс мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 онд Б/1... дугаар тушаалын 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг  цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг илт хууль бус захиргааны актад тооцуулах “ гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүх хүлээн авч дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

3. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Нэхэмжлэгч: Анх 2000 онд цагдаагийн байгууллагад орсон түүнээс өмнө хөдөө мал маллаж байгаад ирсэн. Цагдаагийн байгууллагад анх орохдоо ахлах ажилтнаас эхлээд дэд ахлагч, ахлагч, цагдаагийн дэслэгч ахмад гээд цагдаагийн дэд хурандаа цолуудыг дараалуулан авсан. Ямар нэг албан тушаал алгасалгүй дороос нь эхлэн хийж цагдаагийн байгууллагад ажилласан. Үүнээс 15 жил нь цагдаагийн хүнд ажлыг хийсэн. 5 жил нь алтны уурхайд байхдаа хүмүүстэй буудалцах хүртэл хатуу нөхцөлд ажиллаж байсан. 2014 оноос захиргааны төлөвлөлт зохион байгуулалтын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тухайн үед хууль тогтоомжид өөрчлөлт орж албан тушаалын цол гэдэг ойлголт гарч ирсэн, өмнө нь цагдаагийн цолыг хугацаагаар олгодог байсан. Өмнө нь 2013 онд цагдаагийн ахмад цол аваад 2014 онд албан тушаалын гэдэг цол гарч ирсэн. Энэ үед миний ажиллаж байсан албан тушаал нь цагдаагийн дэд хурандаагийн ажил байсан. Улсын хэмжээнд 21 аймгийг хариуцан ажилладаг байсан ахлах мэргэжилтнээр томилогдож өмнөх хугацаа гэсэн уламжилж 2014 онд цагдаагийн хошууч цолыг өгсөн. Гэтэл манай удирдлагууд зэргэлдээ нэгжүүд цагдаагийн дэслэгч цолноос дэд хурандаа цол олгосон байсан. Манай удирдлагууд цагдаагийн хошууч цолонд хугацаа хамаарахгүй. Энэ нь дэд хурандаагийн албан тушаалд ажиллах ёстой гэж үзээд нэг сарын дараа цагдаагийн дэд хурандаа цолыг олгож байсан. Энэ цолтой нэг жил ажилласан дараа нь н.Дорлигжав сайд гарснаар цол дэвшихэд дахин хугацааны шаардлага тавьдаг болж бүгдийг буцаан эрэмбэлэхдээ алгасуулан олгоогүй бол хэвээр үлдээнэ, алгасуулсан бол 2.1 хүрч байвал доод цол дээр үлдэж, 2.1-д хүрээгүй бол анх олгож байсан цолыг буцаан олгох байдлаар аман хэлбэрээр явж байсан. Би 2021 оны 6 дугаар сард анх бичгээр харж байсан. Би ойлгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан Цагдаагийн тухай хуульд заасан дээд цолыг гарахад нь хадгалуулах учир би тэтгэвэрт гарахдаа дэд хурандаагаар хүлээн зөвшөөрөгдөж явна. Иймд удирдлагын шийдвэртэй маргалдаагүй. Ингэж явсаар 2017 онд цагдаагийн хошууч цолыг надад буцааж өгөхөд миний доод талын албан тушаал буюу цагдаагийн хошууч байсан хүмүүс 2019 онд дэд хурандаа цолтой болж байхад 2021 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарч байхад болоогүй байсан. Энд ямар журам байгаа гэдгийг ойлгохгүй байна. Тэдний тооцоолсноор 2021 оны 12 дугаар сард цагдаагийн дэд хурандаа цол нь болно гэсэн. Би ойлгохдоо 2019 онд надтай ахмад, хошуу ч гээд цол аваад явсан хүмүүс 2019 онд 2-3 хүн дэд хурандаа цолоо авсан. Гэтэл би дээд албан тушаалыг хашиж байсан. Гэтэл Хууль зүйн сайдын баталсан цол олгох тухай журмын 2 дахь заалт дээр Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дүгээр тушаал 2 дугаар заалт “Хууль зүйн сайдын 2014 онд А/3 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэ журамд нийцүүлэх ба тухай олгосон цолны 2,1 хугацаанд хүрээгүй байх тул цагдаагийн байгууллагын тухай хуулиар хэрэглэж байсан цолыг олгох харин дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр үлдээ гэсэн агуулга”-д нийцүүлэн намайг алгасуулан олгосон байна гэж үзэж дэд хурандаа цолоос ахмад цол олгосон. Ахмад цолыг үзэхэд бууруулсан гэж ойлгогдохоор шийдвэр байгаа. Гэтэл бууруулсан биш нэгдүгээр заалтаараа хураан авсугай, хоёрдугаар заалтаараа шинээр цагдаагийн цол олгосугай гэдэг агуулга бүхий шийдвэр гарсныг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар илт хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь өнөөдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолын 1.5 дахь хэсэгт хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоох насанд хүрсэн тэтгэвэр тогтоолгосон албан хаагчийг чөлөөнд гарахад Цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр эдэлж байсан цолыг хадгалуулна гэсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр   цагдаагийн дэд хурандаа цолыг нэг жил эдэлсэн. Үүнийг эдлээгүй гэж үзсэн гэдэгтэй маргаж эхэлсэн. Миний нэр төр алдар хүндэд хохирол учирч байна. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаа хүнд цол нэр хүндтэй байдаг. Би нутагтаа дэд хурандаа болсон гэж хэлээд очсон, гэтэл тэтгэвэрт гарсан цол маань байхгүй худлаа хэлсэн болж таарсан. Үүнийг шийдэж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэмэгдүүлсэн шаардлагадаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/1... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж дурдсан ба Захиргааны ерөнхий хуулийн 92.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.", 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж тус тус заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т "14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:" гэж заажээ. "Албан тушаалын цол хураах, олгох тухай" Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/1... дугаар тушаалаар нэхэмжлэгчид урьд олгосон "цагдаагийн дэд хурандаа" цолыг хурааж мөн тушаалын 2 дугаар хавсралтаар түүнд "цагдаагийн ахмад" цолыг олгож, тухайн үеэс эхлэн олгосон цолыг хэрэглэж ирсэн. 2004-20016 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана." гэж хуульчилсан байсан.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасны эрх ашгийг нь хөндсөн гэж үзэж буй захиргааны актыг мэдсэн атлаа гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлүүлэлгүй өдийг хүрчээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт, тэтгэвэрт гарахад нь  тушаал дээр нь дурдаж өгсөн цагдаагийн хошууч цолыг хадгалуулсан гэсэн цолыг цагдаагийн дэд хурандаа цол болгуулах, цагдаагийн ахмад цол олгосон болон цагдаагийн дэд хурандаа цолын албан тушаалын цол олгосон тушаал буюу анхны илт хууль бус болохыг тогтоолгох гурван төрлийн шаардлага байсан.

Эхний шаардлагын хувьд албан тушаалын цолыг олгосон болон дэд хурандаа цолыг хураан авсан тушаалуудтай тухайн үед маргаагүй учир хуулийн хэрэгцээ шаардлагад хүрэхгүй учир маргаан бүхий захиргааны актыг өөрт нь мэдэгдсэнээс хойш 30 хонгийн дотор гомдол гаргана гэсэн заалт байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэсний дагуу гомдлоо гаргаж байна. Үүнийг шүүх өөрийн эрх хэмжээнд зааснаар дүрэм, журмын дагуу төрийн алба илт хууль бус байсан уу гэдгийг хянаж шийдвэр гаргах байх.

Цэргийн байнгын тэтгэвэрт гарахад нь олгосон хошууч цол хадгалуулсан тухайд, Хууль 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр цагдаагийн байгууллагад байсан албан тушаалын цол байхгүй болсон. Одоо цагдаагийн цолтой холбоотой асуудлыг Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд заасны дагуу Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан цагдаагийн бага дунд, ахлах, цол олгох, бууруулах хураан авах, сэргээх журмын дагуу зохицуулж байгаа. Нэхэмжлэгч ахмад цол авсан уг цолоо эдэлж байгаад хугацааны хошууч цол авсан тэр цолоо хэрэглэж байсан шийдвэрүүд нь зохих журмын дагуу гараад явж байсан. Үүнтэй нэхэмжлэгч маргаж байгаагүй. 2021 оны 5 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтээ өөрөө өгсний дагуу цэргийн байнгын тэтгэвэрт гаргахдаа Засгийн газрын 72 дугаар тогтоолоор баталсан цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох бууруулах, сэргээх, хураан авах журмын 1.5 дахь хэсэгт хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн албан хаагчийг чөлөөнд гарахад Цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр эдэлж байсан цагдаагийн цолыг хадгалуулна гэсэн. Үүнээс харахад өөрөө ахмад цолноос эхлэн шинэ дүрэм журмын дагуу хугацааны ахмад цол эдлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа бид уг дүрмийн дагуу эдэлж байсан цагдаагийн хошууч цолыг цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа тушаалд зааж уг цолыг хадгалуулсан... “ гэв.

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан талбартаа: Б.Г ын хувьд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацааны ахмад цолоор шагнагдсан. Тус авсан цолоос хойш 4 жилийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хошууч цолтой байх ёстой. Үүнээс хойш дэд хурандаа цол нь 5 жил гэхээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дэд хурандаа болох ёстой. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Цагдаагийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар цагдаагийн албан хаагчийн цол нь албан тушаалын илэрхийлэл болно гэсэн. Эрхэлж байгаа албан тушаал нь дараах цолтой байх ёстой гээд хуульчилж тогтоосон. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Г “ ... 2014 оны үед хууль тогтоомжид өөрчлөлт орж албан тушаалын цол гэдэг ойлголт гарч ирсэн, өмнө нь цагдаагийн цолыг хугацаагаар олгодог байсан. Өмнө нь 2013 онд цагдаагийн ахмад цол аваад 2014 онд албан тушаалын гэдэг цол гарч ирсэн. Энэ үед миний ажиллаж байсан албан тушаал нь цагдаагийн дэд хурандаагийн ажил байсан. ... Хууль зүйн сайдын баталсан цол олгох тухай журмын 2 дахь заалт дээр Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дүгээр тушаал 2 дугаар заалт “Хууль зүйн сайдын 2014 онд А/3 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэ журамд нийцүүлэх ба тухай олгосон цолны 2,1 хугацаанд хүрээгүй байх тул цагдаагийн байгууллагын тухай хуулиар хэрэглэж байсан цолыг олгох харин дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр үлдээ гэсэн агуулга”-д нийцүүлэн намайг алгасуулан олгосон байна гэж үзэж дэд хурандаа цолоос ахмад цол олгосон. Ахмад цолыг үзэхэд бууруулсан гэж ойлгогдохоор шийдвэр байгаа. Гэтэл бууруулсан биш нэгдүгээр заалтаараа хураан авсугай, хоёрдугаар заалтаараа шинээр цагдаагийн цол олгосугай гэдэг агуулга бүхий шийдвэр гарсныг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар илт хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь өнөөдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолын 1.5 дахь хэсэгт хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоох насанд хүрсэн тэтгэвэр тогтоолгосон албан хаагчийг чөлөөнд гарахад Цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр эдэлж байсан цолыг хадгалуулна гэсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр цагдаагийн дэд хурандаа цолыг нэг жил эдэлсэн. Үүнийг эдлээгүй гэж үзсэн гэдэгтэй маргаж эхэлсэн. Миний нэр төр алдар хүндэд хохирол учирч байна.” гэж,

Хариуцагчаас “ ... Цагдаагийн албаны тухай хууль 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр цагдаагийн байгууллагад байсан албан тушаалын цол байхгүй болсон. Одоо цагдаагийн цолтой холбоотой асуудлыг Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд заасны дагуу Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан цагдаагийн бага дунд, ахлах, цол олгох, бууруулах хураан авах, сэргээх журмын дагуу зохицуулж байгаа. Нэхэмжлэгч ахмад цол авсан уг цолоо эдэлж байгаад хугацааны хошууч цол авсан тэр цолоо хэрэглэж байсан шийдвэрүүд нь зохих журмын дагуу гараад явж байсан. Үүнтэй нэхэмжлэгч маргаж байгаагүй. 2021 оны 5 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтээ өөрөө өгсний дагуу цэргийн байнгын тэтгэвэрт гаргахдаа Засгийн газрын 72 дугаар тогтоолоор баталсан цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох бууруулах, сэргээх, хураан авах журмын 1.5 дахь хэсэгт хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн албан хаагчийг чөлөөнд гарахад Цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр эдэлж байсан цагдаагийн цолыг хадгалуулна гэсэн. Үүнээс харахад өөрөө ахмад цолноос эхлэн шинэ дүрэм журмын дагуу хугацааны ахмад цол эдлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа бид уг дүрмийн дагуу эдэлж байсан цагдаагийн хошууч цолыг цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа тушаалд зааж уг цолыг хадгалуулсан“ гэж тус тус маргасан.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд;

3.1. Нэхэмжлэгч Б.Г нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цагдаагийн цол олгох тухай” 7... дугаар тушаалаар хугацааны өмнө “Цагдаагийн ахмад”, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Цол олгох тухай” 240 дүгээр тушаалаар албан тушаалын “Цагдаагийн хошууч”, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлж томилох, албан тушаалын цол олгох, хүүхэд асрах чөлөөг цуцлах, олгох, албанаас чөлөөлөх, цол хураах, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах, тэтгэмж олгох тухай” 350 дугаар тушаалаар албан тушаалын “Цагдаагийн дэд хурандаа” цолуудыг авчээ.

3.2. Харин Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Албан тушаалын цол хураах, олгох тухай” 168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч Б.Г ын “Цагдаагийн дэд хурандаа” цолыг хурааж, нэхэмжлэгчид уг тушаалын 2 дугаар хавсралтаар “Цагдаагийн ахмад” олгосон байна. Нэхэмжлэгч нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/555 дугаар дугаар тушаалаар “Цагдаагийн хошууч” цол авсан байна.

3.3. Улмаар нэхэмжлэгч Б.Г нь “Цагдаагийн хошууч” цолтой ажиллаж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/5.. дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, ажлаасаа чөлөөлөгджээ.

3.4. Маргаан бүхий дээрх Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 3, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэл нэхэмжлэгч Б.Г ад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, ажлаас нь чөлөөлж “цагдаагийн хошууч” цол хадгалуулж шийдвэрлэсэн байна.

4. Маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд;

4.1. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Албан тушаалын цол хураах, олгох тухай” 168 дугаар тушаалын нэхэмжлэгч Б.Г ад холбогдох хэсэг нь захиргааны актын илт хууль байх шинжийг агуулсан эсэх тухайд;

4.2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.“утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.6.“иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасан шинжүүдийг агуулсан гэж тайлбарлан маргаж байна.

4.3. Захиргааны акт “утга агуулгын илэрхий алдаатай” гэдгийг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг, мөн захиргааны акт гаргаж “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн  эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна.

4.4. Гэтэл маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Албан тушаалын цол хураах, олгох тухай” 168 дугаар тушаалын нэхэмжлэгч Б.Г ад холбогдох хэсэг нь захиргааны актын илт хууль бус байх дээрх шинжүүдийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн “Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4.5. Нэхэмжлэгчийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтын “цагдаагийн хошууч” цол хадгалуулах гэснийг “цагдаагийн дэд хурандаа” гэж өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

4.6. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаал нь Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д “Хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэвэр тогтоолгосон алба хаагчийг чөлөөнд гарахад цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр эдэлж байсан цагдаагийн цолыг нь хадгалуулна.” гэж заасныг үндэслэл болгожээ.

4.7. Нэхэмжлэгч Д.Галсанжамц нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/555 дугаар дугаар тушаалаар авсан “Цагдаагийн хошууч” цолтой ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

4.8. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалаар нэхэмжлэгчид “Цагдаагийн хошууч” цолыг хадгалуулж, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.9. Тодруулбал, нэхэмжлэгч нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, ажлаасаа чөлөөлөгдөх үедээ “Цагдаагийн хошууч” цолтой ажиллаж байсан байх тул уг цолыг хадгалуулж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

4.10. Харин нэхэмжлэгчийн Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу миний эдэлж байсан “Цагдаагийн дэд хурандаа” цолыг хадгалуулах ёстой байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

4.11. Учир нь нэхэмжлэгч Д.Галсанжамц нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “... албан тушаалын цол олгох, ... тухай” 350 дугаар тушаалаар албан тушаалын “Цагдаагийн дэд хурандаа” цолыг авсан байх бөгөөд уг албан тушаалын цолыг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Албан тушаалын цол хураах, олгох тухай” 168 дугаар тушаалаар хурааж, “Цагдаагийн ахмад” олгож шийдвэрлэсэн байх бөгөөд цолыг хураасан уг тушаал хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй бөгөөд эдэлж байсан цол гэдэгт хураалгасан цол хамраахгүй юм.

4.12. Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, ажлаасаа чөлөөлөгдөх үедээ эдэлж байсан “Цагдаагийн хошууч” цолыг хадгалуулж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтын “цагдаагийн хошууч” цол хадгалуулах гэснийг “цагдаагийн дэд хурандаа” гэж өөрчлөлт оруулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.     

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/5.. дугаар тушаалын 1 дэх заалтын “цагдаагийн хошууч” цол хадгалуулах гэснийг “цагдаагийн дэд хурандаа” гэж өөрчлөлт оруулах, 2015 онд Б/1... дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Г ад холбогдох, 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг  цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ