Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/994

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           08           22                                     2023/ШЦТ/994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

           улсын яллагч Б.Энхбаяр,

            шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О**** овогт Э-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230800000**** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар дүгээр сарын 27-ны өдөр *** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ****** ажилладаг, ам бүл ***, хамтран амьдрагч, * хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овооны ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О*** овогт Эгийн О (РД:*********),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Эг 2023 оны 01 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ********* тоотод байх гэртээ шалтгаангүйгээр хутга барин дайрч, улмаар толгой хэсэгт нь гараараа олон удаа цохиж зодсон, 2023 оны 03 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх тоотод байх гэртээ "хумсаа янзлууллаа" гэсэн шалтгаанаар гэрээс чирч гарган, толгой болон гар хэсэгт нь гараараа цохиж зодсон, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо Мандал овоогийн *** тоотод "гэртээ харьсангүй" гэх шалтгааны улмаас гэрээс чирч гарган гар болон хөл рүү нь гараараа цохиж, чулуугаар толгойг нь хагалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо Мандал овооны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Эг "гэртээ харьсангүй" гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан ирүүлжээ. 

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            1.Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2.Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О 2023 оны 01 дүгээр сарын эхээр ажлаасаа орж ирээд хашааны өвөөтэй хамт архи уугаад унтаж байгаад босож ирээд хутга бариад  дайраад, миний толгой руу цохисон. 2023 оны 02 дугаар сард нойлоос орж  ирээд миний толгой, нүд рүү цохисон. 2023 оны 03 дугаар сард найзын төрсөн өдрийг тэмдэглэх гээд гэртээ хумсаа янзлуулаад сууж байхад О “гараад ир гээд орилоод” байсан. Би хумсаа янзлуулж байсан учраас гарахгүй байсан чинь орж ирээд орон дээр унагаж байгаад гараа атгаж байгаад толгой руу цохисон. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найзындаа байхад орж ирээд чирч гаргаад толгой руу цохиж, зодсон. 2023 оны 05 дугаар сард найзындаа байхад ирээд хашхираад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дараа нь 06 дугаар сард орж ирээд хэл амаар доромжилсон. Хүүхдүүддээ ширүүн ханддаг, том хүүгээ сураар цохидог гэв. Яагаад намайг цохиод байгаа юм гэхэд шалтаг хэрэгтэй юу гээд байдаг юм. Одоо бид тусдаа амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Ог гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутай тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, төлөх хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ************** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Эг:

- 2023 оны 01 дүгээр сард шалтгаангүйгээр хутга барин дайрч, толгой хэсэгт нь гараараа удаа дараа цохиж зодсон,

-2023 оны 02  дугаар сард цагаан сарын үеэр толгой болон нүд рүү нь цохиж хөхрүүлсэн,

-2023 оны 03 дугаар сард "хумсаа янзлууллаа" гэсэн шалтгаанаар толгой болон гар хэсэгт нь гараараа цохиж зодсон,

- 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо Мандал овооны *** тоотод байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Эг "гэртээ харьсангүй" гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу дээрх хэргүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч Б.Эн: “...Би 2013 оноос хойш Э.Отэй хамт амьдарч байгаа. Э.О нь хардалтын улмаас удаа дараа намайг зоддог. 2013 онд хамтран амьдарснаас хойш 2 сарын дараа О над руу Nokia маркийн утас шидээд миний толгойг хагалж байсан, тэрнээс хойш байнга зоддог болсон. Намайг ажил хийлгэдэггүй, ажил хийхээр хүмүүстэй хардаад уурлаад байдаг. Миний санаж байгаагаар 2018 оны 3 дугаар сард орой би хүүхэд Энхзоригийн хичээлийг хийлгээд сууж байсан чинь О сууж байгаад “та 2-н хичээл хийнэ гэж юу байдаг юм гэрлээ унтраа” гээд сандлаар миний баруун талын гар болон толгой хэсэгт цохихоор нь цагдаад дуудлага өгч О баривчилгаанд явж байсан. Тэгээд баривчилгаанаас явж ирээд дахиад чи цагдаад өгөөрэй гээд миний нуд рүү цохиод нүд хөхрүүлж байсан. 2020 оны цагаан сарын Шинийн нэгний өглөө ээжийнд орж золгосонгүй гээд миний хөл хэсэгт өшиглөж гэмтээж байсан, бас 2023 оны цагаан сараар намайг нойлд сууж байхад согтуу орж ирээд миний зүүн нүдэнд цохиод хөхрүүлж байсан. ...2023 оны 1 сарын эхээр хүүхдүүдийн хамт унтах гээд хэвтэж байсан чинь О гаднаас согтуу орж ирээд хутга бариад алчихъя гээд дайраад, толгой түрүү рүү цохиод байхаар нь би Огийн найзыг Жигжидийг дуудаад найзындаа 3 хүүхдийн хамт хүргүүлж байсан. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу цагаан сарын үеэр намайг нойлд сууж байхад согтуу орж ирээд миний зүүн нүдэнд цохиод хөхрүүлж байсан.2023 оны 03 дугаар сард Түвшинбатын эхнэрийн төрсөн өдөр болох гэд би хумсаа нэг хашаанд байдаг Уранбямба гээд эмэгтэйгээр янзлуулж байсан чинь О “чи хумсаа янзлууллаа” гээд миний гараас татаж чирч гаргаад толгой болон хуруу, гар луу цохих үед найз Жигжид нь дундуур орж салгасан. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо Мандал овоо *** тоотод найз Эын гэрт хүүхдүүдийн хамт очиж хоносон юм. Тэгсэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай хамтран амьдрагч Э.О согтуу ирээд айлд хонолоо гэр орондоо харьсангүй гээд айлаас чирч гараад намайг гар луу хөл рүү гараараа цохиод байсан тэр үед манай найз Эын ээж гарч ирээд чи эмэгтэй хүнийг цохиод байхдаа яадаг юм гээд бид 2-г салгасан. Тэгсэн Э.О газраас чулуу аваад над руу шидээд миний толгой хагарсан. Тэгээд Э.Ог манай найз Эын ээж хөөгөөд явуулсан тэрнээс хойш Э.О ирээгүй, би одоо найзындаа амьдарч байгаа. Өмнө би ажилгүй гэртээ хүүхдүүдээ хардаг байсан болохоор хоолны мөнгөнөөсөө салчих вий гэж бодоод цагдаад дуудлага мэдээлэл өгч чаддаггүй байсан. Эрүүл байхдаа ч намайг зоддог. Огээс яагаад уурлаад байдаг талаар асуухад “яадаг юм, уурлахад шалтгаан хэрэгтэй юм уу” гээд байдаг. О нь миний толгой хэсэг рүү байнга зодож цохидог. Зодож цохих болгонд нь би эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй. Өөрөө өвчин намдаах авч уудаг байсан. Толгойдоо байнга цохиулснаас болоод хаяа юмаа мартдаг болоод байгаа, бас зүрх савлаж нүд бүрэлзээд даралт ихсээд байдаг болсон. Одоо байнга өвчин намдаах ууж байгаа..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 61-62 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Гэрч Б.Эын: “...2019 онд Э, О нар нь манай хашаанд хамт амьдарч байгаад нүүсэн юм. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай найз Э 2 хүүхдийн хамт ирж хоносон. Тэр үед Эн нөхөр нь утсаар залгаад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэр үед нь юм хэлээгүй унтаж амарсан. Тэгээд өглөө манай ээж Болормаа манайд ирчихсэн бид 3 хоорондоо юм яриад хоол хийж идээд сууж байсан чинь О гаднаас согтуу орж ирээд “гараад ир, пизда минь” гээд Эг манай гэрээс чирээд аваад гарсан. Тэгээд гадаа маргалдаад байсан. Араас нь би гарсан чинь манай ээж Од хандан “эмэгтэй хүнд гар хүрдэг чи хэн юм” гээд заамдаад Ог хашаанаас гаргаад явуулсан. Би цохиж байгааг нь хараагүй, тухайн үед Эн толгойноос цус гарчихсан байсан. Дараа нь сонсоход О чулуугаар цохисон гэж байсан. ... Өмнө манай хашаанд байхдаа нэг удаа шөнө унтаж байхад том хүүхэд Энхзориг нь уйлчихсан орж ирээд “аав ээжийг аллаа” гэж хэлж байсан. Тухайн үед гэрт нь ороход Э болон хүүхдүүд нь уйлчихсан, О өөрөө согтуу хутгалж ална гээд хутга хайж байсан. Ер нь бол О нь удаа дараа цохиж зодсон зүйл байгаа. Он сарыг нь би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

3. Гэрч Я.Г: “...О гэх хүнийг сайн мэддэггүй байж байгаад одоогоос 3-4 жилийн өмнө нэг нэгнийхнээрээ орж гардаг болоод О болон Э нартай танилцсан.О нь архи их уудгийг мэднэ. Миний хажууд Э, О нар нь маргалдаж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын эхээр намайг гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 12-161 тоотод 00 цагийн үед унтаж амрах гэж байхад Э том хүү Энхзориг болон бага хүүхдээ дагуулаад манайд “О архи уугаад агсам тавиад байна” гэж ирээд хоноод явсан. Тэрнээс өөрөөр манай гэрт ирж байгаагүй. Тэр үед биед нь ямар нэгэн гэмтэл учирсан талаар би сайн мэдэхгүй байна. Э нь 2023 оны 4 дүгээр сард найзындаа байсан чинь О ирээд зодсон талаар, 2023 оны 3 сард Огийн төрсөн өдөр болон Огийн найз Түвшинбатын эхнэрийнх нь төрсөн өдөр болох гээд би хумсаа нэг хашаанд байдаг Уранбямба гээд эмэгтэйгээр янзлуулж байсан чинь О найзуудтайгаа архи ууж байгаад чи хумсаа янзлууллаа гээд уурлаад зодсон талаар ярьж байсан, бусдыг нь би сайн санахгүй байна. Э ер нь бол байнга надад гэрт нь юу болж байгаа талаар хэлж ярьдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

4. Насанд хүрээгүй гэрч Э.Э: “...Манай ээж Э намайг 3 настай байхад О гэдэг хүнтэй гэр бүл болж байсан, би тэр цагаас хойш Э.Ог ааваа гаж дууддаг болсон юм. Би сургуульд орохоосоо өмнө буюу 2015 оноос өмнө эмээ Эрдэнэчимэгтэй хамт байдаг байсан ба сургуульд ороод ээж, аавтай хамт амьдардаг болсон. Тэгээд хамт амьдарснаас хойш манай аав О нь архи уусан үедээ гэртээ агсам тавьж ээжийг зоддог байсан юм. ...2018 оны 03 дугаар сард оройн цагаар хичээлээ хийгээд сууж байсан чинь аав О нь харанхуй шөнө хичээл хийнэ гэж юу байдаг юм би унтаж амармаар байна гээд пивар сандлаар манай ээжийг зодсон. 2021 оны 08 дугаар сард Огийн үеэл Эрдэнэбаяр нь эхнэр хүүхдийн хамт манайд манай дүү Энхбаясгалангийн хувцсыг авчирч өгөх гээд ирсэн чинь аав Эрдэнэбаяр ахтай хамт архи ууна гээд байхаар нь ээж уулгахгүй гэсэн чинь ээж рүү тоосго барьж дайраад ээжийг зодсон. Тэрнээс өөр санахгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын эхээр Тогтох гээд өвөөтэй хамт архи уучхаад гэрт орж ирээд ээжийг ална гээд хутга барьж дайраад байхаар нь ээж бид 2 нийлж байгаад хутгыг нь булааж аваад Жигжидийг дуудаад ээжийн найз Гүнжээгийн гэрт очиж хонож байсан. Тэгээд 2023 оны 3 дугаар сард ээж найз Урнаагийн хамт хүнсний эд зүйл цуглуулаад ирье гээд гараад ирэхдээ хиймэл хумс авчихсан байсан бөгөөд Урнаа эгч ээжид хумс хийгээд сууж байсан чинь аав ээж руу агсам тавиад ээжийг өшиглөөд, толгой руу нь гараараа цохиод байсан. Тэрний дараагаар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр намайг дүү нарын хамт гэрт байхад ээж над руу залгаад хувцсаа өмсөөд байж бай гэж хэлсэн тэгээд ээж ирээд бид нар ээжийн найз болох Э эгчийн гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь аав Эын гэрт ирээд аав ээж 2 маргалдаад гэрээс нь гараад хашаан дотор нь аав ээжийг заамдаад авахаар нь би салгах гэсэн чинь аав над руу уурлахаар нь би больчихсон.Тэгээд Э эгчийн ээж Болормаа ээж аав 2-г салгасан чинь аав ээж руу чулуу авч шидээд толгойг нь хагалчихсан юм. Эрүүл болон уусан үедээ дуу нар болон намайг загнадаг, хоол идээд сууж байхад хүртэл хурдан гударцгаагаач писдануудаа гээд хэл амаар доромжлоод байдаг. Бас уурласан үедээ гарт таарсан эд зүйлээ дүү нар болон над руу шидээд байдаг...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2023 оны 5 дугаар 08-ны өдөр 5883 дугаартай: “...Б.Эн духанд шарх, зүүн шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн  17-18 дахь тал),

 

6. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын байдлын үнэлгээ: “эрсдэлийн үнэлгээ өндөр” гэх (хавтаст хэргийн 47-52 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Э нь мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлэг өгөхдөө  2023 оны 02 дугаар сард Э.Од толгой болон нүд рүүгээ цохиулсан, тухайн үед нүд нь хөхөрсөн байдалтай байсан талаараа мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь энэ талаараа мөн тодорхой дурдаж мэдүүлсэн тул яллах дүгнэлтэд дурдагдаагүй уг орхигдсон үйлдлийг Э.Огийн “гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон” гэх үйлдлийн тоонд оруулан тооцох нь зөв байх бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байгааг тэмдэглэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Э.О, хохирогч Б.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2013 оноос эхлэн хамтран амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

 

 Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан.

Гэтэл шүүгдэгч Э.О нь хамт амьдарч эхэлсэн цагаасаа буюу 2013 оноос  эхлэн  хамтран амьдрагч Б.Эг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр цохиж зодсоор ирсэн байх бөгөөд хохирогч Б.Э нь шүүгдэгч Э.Ог ажилгүй болчхож магадгүй, ар гэр үр хүүхдүүд нь хэцүүднэ гэдэг шалтгаанаар цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагуудад хандалгүй явсаар ирсэн нь  энэхүү хүчирхийллийг даамжруулсан төдийгүй хэвийн үзэгдэл мэтээр хандаж ирсэн уршигтай байна.

Шүүгдэгч Э.О нь 2023 он гарснаас  хойш, тодруулбал, 2023 оны 01 дүгээр сард,  2023 оны 02  дугаар сард цагаан сарын үеэр, 2023 оны 03 дугаар сард толгой болон нүд рүү цохих, юм шидэх, үсдэж чирэх зэргээр байнга зодсоноос гадна мөн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд хохирогч Б.Эн толгой руу чулуу шидэж хагалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг 4 удаа үйлдсэн байх ба тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн бие махбодод халдаж хүч хэрэглэхээс гадна хүүхдүүдээ өмөөрлөө гэх шалтгаанаар эсхүл бусадтай шалтгаангүйгээр холбон хардаж, элдэв хараалын бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, гутаан доромжлох, басамжлахад чиглэгдсэн үг ба үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байна.

Мөн шүүгдэгч Э.О нь архийг ихээр ууж, уух болгондоо агсам тавьдаг төдийгүй дагавар болон төрсөн хүүхдүүдийн дэргэд ээжийг нь байнга зодсоноос үүдэлтэйгээр хүүхдүүдийг айдаст автуулсан, тэдгээр хүүхдүүдийн хичээлээ хийхэд саад учруулах, тайван аюулгүй орчинд хүмүүжих, амьдрах боломжийг хязгаарлах зэргээр гэр бүлийн бусад гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэйгээс гадна бие махбодын болон сэтгэхүйн айдастай нөхцөл байдалд амьдруулдаг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Э, насанд хүрээгүй гэрч Э.Энхзориг, Б.Э нарын мэдүүлгээр тогтоогдсон тул Э.Огийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр  үйлдэгдсэн  гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Э.Огийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн буюу сүүлийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэж дүгнэсэн буюу тэрээр дээрх нийлмэл гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймээс шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэдий ч хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй байгаагаа илэрхийлсэн байна. Иймээс шүүгдэгч Э.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “... шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвгэрээс гарахыг хориглох Зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч Б.Э “ямар нэгэн саналгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нь “..шүүгдэгч Э.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн гэрээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлж хүүхдүүдийнхээ  хэрэгцээг хангадаг, энэ хүн байхгүй бол ар гэрийн байдал хүнд байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.О нь “...надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг  хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон  болно.

 

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь “ шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан  хохирол, хор  уршгийн  шинж чанар, хувийн байдал ... зэргийг харгалзан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж,  эсхүл  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан.

Гэтэл шүүгдэгчийн хувьд  мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ  зарим үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй, санахгүй байна, байнга зодож байгаагүй гэх агуулга бүхий мэдүүлгийг  өгсөн, мөн хохирогчид хохирол, хор уршгийг арилгасан зүйлгүй  байх тул түүнийг Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймд шүүгдэгч Э.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа эсрэг байнгын шинжтэй бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллийн үйлдэл үйлддэг, тэр нь дадал болсон шинжтэйгээс гадна хамт амьдардаг бага насны хүүхдүүдийн дэргэд хүчирхийлэл үйлддэгээс шалтгаалан хүүхдүүд айдас түгшүүртэй нөхцөл байдалд амьдардаг, мөн шүүгдэгч Э.Огийн хувийн байдал буюу өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж буй шинжгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /240:8=30хоног/ буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Э.Огийн биечлэн эдлэх ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О*** овогт Э-гийн О-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутай тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 (найман) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 9 (ес) сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.О-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ