Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1031

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           8             28                                        2023/ШЦТ/1031

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс, Ц.Хонгорзул,

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

            шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овгийн Ж-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230800319**** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 19-ний өдөр ** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамтаар Өвөрхангай аймгийн ***** сумын *** багийн ******* гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн **дугаар хороо,** дугаар хэгсийн ***тоотод оршин суудаг, урьд нь :

-Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 2006 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр  шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар 24 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөл торгох ялаа биелүүлж дуусгасан, Ө овогт Ж-ын Ж РД: (*************),

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо, малчин 1-11 тоотод хохирогч Б.Ц-ыг бусадтай хардан маргалдаж, улмаар нүүр тус газар гараараа цохиж хэвлий рүү нь хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь баруун зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд шарх хүзүү бүсэлхийд зулгаралт баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Тухайн өдөр найз Б-тэй хамт М, Ж нартай уулзаад караоке орж 0,5 литрийн архи, 2 ширхэг пиво уусан. Караокед бүжиглэж байгаад М бид хоёр 0,5 литрийн архи нэмж авсан. Дөрвүүлээ тэндээс гараад айлд очсон. Ббид 2 хамт хэвтэж байтал Ж нь Б-ийг нөгөө ор луу хэвтүүлээд М, Б2 хамт хэвтсэн. Ж миний хажууд хэвтээд намайг тэврэх гээд байхаар нь үгүй гэхэд М руу шууд дайраад хэд хэдэн удаа цохисон. М гараад зугтаасны дараа Ж над руу ирээд миний дээр сууж байгаад дээрээс 5 литр ус асгасан. Би тухайн үед хувцсаа тайлаагүй байсан. Гэтэл намайг Мтай унтсан гээд хардаад байсан. Тухайн үед миний баруун нүд хөхөрсөн, уруул хавдартай, үүдэн шүднүүд сулралттай, хэвлий хэсгээр зүсэгдсэн шархтай, хүзүү хөхөрсөн байсан. Би шүдний эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн. Миний шүд өвдөөд, сулралт нь ихсээд байсан учраас шүдээ авхуулсан. Миний нэхэмжилж байгаа 12,500,000 төгрөг нь 2 имфлантны мөнгө болон тухайн үед тархи хөдөлсөн, давсгаар өвдөж байх үедээ эмчилгээ хийлгэсний зардалд нэхэмжилж байгаа гэв.” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо, малчин 1-11 тоотод хохирогч Б.Ц-ыг бусадтай хардан маргалдаж, нүүрэн тус газар гараараа цохиж, хэвлий рүү нь хөлөөрөө өшиглөн, хутгаар зүсэх, ус дээрээс нь асгах зэргээр халдаж, эрүүл мэндэд нь баруун зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд шарх, хүзүү бүсэлхийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч Б.Ц-ын: “...2022 оны 12-р сарын 21-нд 00 цагийн үед фейсбүүкээр танилцсан Жак гэдэг залуу түүний найз М**** нартай би болон  өөрийн найз Билгээгийн хамт Баруун салааны гүүрэн дээр уулзаад замын урд талд байрлах караокед орсон юм. Караокед ороод дуулаад ууцгаасан ба 3-4 цаг орчим болоод тэндээс Мөөгийгийн гэр лүү буюу Сонгинохайрхан дүүргийн **-р хороо *** тоот айлд очсон юм. Жак намайг Мөөгий гэдэг найзтайгаа хардаад унтсан гээд нүүрний зуун талын шанаа руу 1 удаа гараараа цохисон. Би тэгэхээр нь явлаа гэж хэлсэн чинь Жак гэдэг залуу нь миний дээрээс 5 литрийн ус асгасан. Би гэрээс нь гараад явсан чинь дахиад миний дээрээс ус асгасан. Миний ам руу гараараа 1 удаа цохиод гэдэс pүү 2-3 удаа өшиглөсөн чинь Билгээ намайг өмөөрсөн. Би тухайн үед хувцсаа тайлаагүй байсан. Гэтэл намайг Мтай унтсан гээд хардаад байсан. ...Би Жак гэдэг залуутай фейсбүүк чатаар нэг нутгийнх гэж танилцаад 1 сар гаруй болж байна. Өнөөдөр анх удаа уулзъя гээд дуудахаар уулзан юм. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруул язарсан, давсаг хэсэг руу өвдөж байна.  Би 2023 оны 1 сарын эхээр фейсбүүк чатаар холбогдоход "сайн уу бие нь гайгүй юу гэж асууж би хөдөө ажил хийж байгаа чи надаа дансаа өгчих би боломжоороо чиний хохирлыг барагдуулна, чиний гэмтлийн зэрэг хэр гарсан бэ гэж асуухад нь би өөрийн 55******** дугаарын дансыг явуулсан. Ж миний дансыг аваад миний дансанд ямар ч мөнгө төгрөг хийгээгүй юм. Би шүдний эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн. Миний шүд өвдөөд, сулралт нь ихсээд байсан учраас шүдээ авхуулсан. Миний нэхэмжилж байгаа 12,000,000 төгрөг нь 2 имфлантны мөнгө болон тухайн үед тархи хөдөлсөн, давсгаар өвдөж байх үедээ эмчилгээ хийлгэсний зардалд нэхэмжилж байгаа... “ гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-30 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. А.Мын хохирогчоор өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Жын хамтаар ажлаа хийж байгаад гэртээ харих үед Ж эмийн сан ороод гэртээ ирнэ гээд салаад явсан ба 22 цагийг орчимд гэртээ гаднаас согтуу орж ирээд гар утсаараа хүнтэй ярьж байгаад хүн дуудаад байсан. Тэгээд намайг гарья гээд хамт гарахад зам дээр хоёр эмэгтэй ирсэн, тэгээд бид дөрөв СХД-н 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу баруун салаа явах замд гүүрний хажуу талын караокед ороод дуулж байгаад 2022 оны 12 дугаар сарын 02 цагийн орчимд гэртээ дөрвүүлээ ороод амрах гээд хэвтэцгээгээд гэрлээ унтраагаад хэвтэж байхад гэнэт Ж гэрэл асаагаад над руу заазуур барьж дайрсан. Тэгээд яагаад байгаа юм гээд тайвшруулаад байж байхад миний хажууд байсан эмэгтэйг алагдаад өшиглөөд нөгөө эмэгтэй муужраад, би чи болиоч гэхэд намайг толгой тус газарт шаазан таваг бариад 2-3 удаа цохисон. Тэгээд би бас муужраад байж байхад нөгөө эмэгтэйн сав, хэвлий тус газарт өшиглөөд байсан, тэгээд дээрээс нь шингэн зүйл асгаад байсан. Би очоод боль гээд дахин хориод байж байхад орны хажууд байсан хугарсан гэрийн унь бариад намайг цохиод дайрсан. Тэгээд миний гараас цус гараад байсан, хэзээ зүссэн талаар мэдэхгүй байна. Тэгээд гэрээс гараад дийлдэхгүй орилж, хашхичаад байхаар нь цагдаа дуудсан. Маргаан болоогүй байхад гэрэл асаагаад шууд хутга барьж шууд над руу дайрсан...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн  19 дэх тал),

 

3. Гэрч Э.Бийн: “...2022 оны 12 сарын 21-нд 23 цагийн үед ажлаа тараад найз болох Цтай уулзаад байж байхад манай найз Ц хоёулаа нэг газар очоод хүнтэй уулзаадахъя гэхээр нь би тэгье гээд бид 2 Баруун салааны гүүрэн дээр очиход үл таних 2 эрэгтэй хүн зогсож байсан. Ц очоод нэг залуутай нь гар бариад манай найз байгаа юм, та 2 танилцаач гэхээр би тухайн  залуутай танилцахад намайг Ж гэдэг, хүмүүс ихэвчлэн Жак гэж дууддаг гэж байсан юм. Тэгээд бид 4 замын урд талд байрлах кароаке ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээс гараад би харилаа гэж хэлсэн  чинь Цын найз гэх Ж нь бөөндөө хамт нэг газар жаахан юм ярьж сууя гээд бид 4 ярилцаж байгаад нэг айлд очсон. Би нэлээн согтчихсон байсан болохоор тухайн айлд очоод жаахан юм ярьж сууж байгаад тасарчихсан байсан, нэг сэрэхэд манай найз Ц өөрийгөө Ж гэж танилцуулж байсан залуутай муудалцаад байсан ба тухайн залуу манай найз Цын нүүрэн тус газарт нь нэг удаа алгадахаар нь би болиоч гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд манай найз Цыг унагааж байгаад 2-3 өшиглөсөн чинь тухайн үед хамт явж байсан үл таних эрэгтэй нь “одоо болиоч” гээд салгах үед тухайн үл таних залууг бас цохиж зодоод байсан юм. Тухайн үед манай найз Цын дээрээс ус асгаад байсан. Юунаас болж муудалцсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Цын хамаг хувцас нь норчихсон, нүүр хэсэг нь хавдчихсан, амнаас цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 529 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...хэсэг газрын үзлэгт: хүзүүний урд хэсэгт 1,8х1,5см, бүсэлхийн зүүн хэсэгт 4,0х0,3см хөндлөн 2 ширхэг, 3,0х0,2см, 2,5х0,2см босоо байрлалтай хүрэн ягаан өнгийн зулгаралттай, орчны эд улайлттай, баруун бугалганы дотор дунд хэсэгт  2,0х2,0см, 1,5х2,0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хэвлийн урд хэсэгт 6,0х0,3см ирмэг тэгш хөндлөн бага зэрэг нумарсан шархтай, дээд уруулын салстад 0,8х0,4см язарсан шархтай, шархны эргэн тойронд хүрэн ягаан өнгийн 2,0х1,5 см цус цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, баруун, зүүн доод үүдэн 1-р шүднүүд нааш, цааш ганхаж хөдөлнө, тэмтрэхэд эмзэглэл ихтэй” гэж,

Дүгнэлт хэсэгт: “...Б.Цын биед баруун, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал хэвлийд шарх, хүзүү бүсэлхийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн  42-44 дэх тал),

 

5.  Шинжээч эмч О.Болороогийн: “...Би Бийн Цын биед үзлэг хийж 529 дугаартай дүгнэлтийг гаргасан. Цын биед учирсан баруун зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэлдэх ба энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, харин хэвлийн шарх бүхий гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба энэ гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Хүзүү бүсэлхий, зулгарал, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ир ирмэг бүхий зүйл гэж иртэй, ирмэг бүхий зүйлийг хэлнэ. Цын биед үүссэн хэвийн шарх гэмтэл нь иртэй ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн. иртэй ирмэг бүхий зүйл нь жишээ нь хагархай архины шил, хагархай аяга гэх мэт зүйл байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  48 дахь тал)

 

6.Шүүгдэгч Ж.Жын: “...2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр найз Мтай хамт ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төв зам дагуу зүс таних Ц үл таних эмэгтэй хүний хамт зогсож байхаар нь бид 4 уулзаад ойролцоо байрлах караоке орж 3-4 цаг юм ярьж сууж байгаад 0.75 граммын 2 шил архи хувааж уучхаад нэлээн согтчихсон байсан болохоор караокеноос гараад манай гэрт очъё гэж хэлэхэд бүгдээрээ манай гэрч буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо малчин 1-11 тоотод очоод бид 4 нэг шил хувааж уучхаад тасарчихсан байсан. Тухайн үед зүс таних Б.Ц, А.М нартай юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тухайн үед би Цтай маргалдаж байгаад хажууд байсан 5 литрийн савтай усыг дээрээс нь асгасан чинь намайг яаж байгаа юм бэ гэхээр нь би 1 удаа алгадсан, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би тухайн үед тасарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 140-141 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “монгол улсын иргэн нь...халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан байна.

Мөн Хүний Эрхийн  Түгээмэл  Тунхаглалын 1 дүгээр зүйлд “ хүн амьд явах,  эрх чөлөөтэй байх,  халдашгүй дархан  байх эрхтэй” гэж заасан.

 Халдашгүй чөлөөтэй байх  эрх гэдэг нь  хүн  бие,  сэтгэлийн хувьд аливаа  хүчирхийллээс  ангид байх буюу  бусдын хууль бус үйлдлээс хамгаалагдсан байхыг ойлгохоор байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид  заасан тохиолдолд  гэм буруутай  үйлдэл, эс  үйлдэхүйн улмаас  хохирол,  хор уршиг  учирсныг  гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан  байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч  Ж.Ж нь  сайн таньж мэдэхгүй, зөвхөн  мессежээр харилцаж байсан хохирогч Б.Цтай уулзаж,  согтууруулах ундааны зүйлийг хохирогч хийгээд найз нөхдийн хамт хэрэглэх явцдаа  хохирогч Б.Цыг өөрийн найз Мтайгаа  хардаж, зодож цохин эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ж.Жын үйлдлийн аргыг харвал, тэрээр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл барьж бусад руу дайрдаг асуудал зөвхөн нэг удаагийнх бус, өмнө нь  ч гаргаж байсан байх бөгөөд  энэ  үйлдэл дээр мөн л  М болон хохирогч руу хутга  барьж дайран  аль алинд нь  ир үзүүртэй зүйлийн  үйлчлэл бүхий гэмтэл учруулсан шинжтэй,  үүнээс гадна хохирогч Б.Цын нүүр ам, биеийн бусад хэсэг гараараа цохих,  газар унасан байхад нь өшиглөх,  дээрээс нь их хэмжээний ус асгах зэргээр бие махбодод халдсан нь хууль бус, хохирогчид гэмтэл учруулахад чиглэсэн үйлдлийг зориуд, хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл,  шүүгдэгч Ж.Жын энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг  гэм хор  учруулахаас  өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх  боломжгүй, эсхүл их зардал гарахаар бол гэм хорыг  мөнгөөр  нөхөн төлж болно” гэж, 4 дэх хэсэгт “...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг  урьдчилан  төлүүлэхээр   гэм хорыг арилгах  үүрэг бүхий этгээдээс шаарах эрхтэй” гэж заасан.

 

Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Цын зүүн доод үүдэн 1 дүгээр шүднүүд нааш, цааш ганхаж хөдөлсөн, тэмтрэхэд эмзэглэл ихтэй байсан нь тэмдэглэгдсэн, мөн хохирогч Б.Ц нь уг шүднүүдийг авхуулсан, эмчилгээ хийлгэсэн, цаашид эрүүл мэнд, гоо сайхан талаас анхаарах зорилгоор имплант шүд хийлгэх шаардлагатай гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бөгөөд тус хэрэгт буй “Urban smile” эмнэлгийн “Б.Ц нь энэ хугацаанд хийлгэсэн эмчилгээний зардалд 670.000 төгрөг гарсан, цаашид имплант хийлгэх зардал 12.500.000 төгрөг болно” гэсэн тодорхойлолт авагдсан байна.(хавтаст хэргийн 62 дахь тал)

Хохирогч Б.Ц нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан  төлүүлэхээр   гэм хорыг арилгах  үүрэг бүхий этгээдээс шаарах эрхтэй байх бөгөөд тэрээр  шүүгдэгч Ж.Жт зодуулснаас болж баруун, зүүн доод үүдэн 1 дүгээр шүднүүд хөдөлгөөн орж, улмаар авхуулсан, “Urban smile” эмнэлэг нь  хохирогчид хийлгэвэл зохих эмчилгээ, уг эмчилгээг хийлгэхэд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай болохыг тодорхойлсон баримтыг гарган өгсөн байх тул  гэм хорыг арилгах үүрэг бүхий шүүгдэгч Ж.Жоос энэхүү зардлыг хохирогч нь шаардан гаргуулах эрхтэй гэж дүгнэлээ.

Иймээс  шүүгдэгч Ж.Жоос нийт 13.170.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч Б.Ц “гомдолтой байна, хохирол төлнө гэж завсарлага авсан ч  төлөөгүй. Янз бүрийн хүнээр яриулсан, дүү нь над руу яриад дурандаа очиж зодуулчхаад мөнгө нэхлээ гэж дарамталсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэж,

Шүүгдэгч Ж.Ж нь “...улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч Ж.Жын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт үйлдлийн шинж,  хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, тэрээр хохирол төлбөр төлөөгүй, төлөх талаар санаа санаачилга гаргаагүй байдал, мөн шүүгдэгч Ж.Жын хувийн байдал /тэрээр хүний эрүүл мэндийн  халдашгүй  байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ч уг үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин үйлдсэн нөхцөл байдал/, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаар баримтгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

            Харин дээрх гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ж.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө овогт Ж-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-т 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

4. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-оос 13.170.000 (арван гурван сая нэг зуун далан мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Цд олгосугай.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ