| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00377/И |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-12-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 19
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Түмэн багийн 1-3 тоотод оршин суух Олзот овогтой С.Б-ын /РД: ХЗ59091776/ нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох,
2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С овогтой Б миний бие Хүнс, хөдөө аж ахуйн газарт мал эмнэлгийн албаны даргаар ажиллаж байгаад 2018 оны 06 сарын 18-нд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын Б/11 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халагдсан талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар 2018 оны 12 сарын 04-ний өдрийн дугаар 22 шүүх хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 06 сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож С.Б миний биеийг урьд эрхэлж байсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Гэвч шийдвэр гарснаас хойш удаа дараа ажилд орох талаар хүсэлт гаргаж байсан боловч ажилд авалгүй байсаар 11 сар өнгөрсөн. Иймээс шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэл хугацааны буюу 2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэр гарсны дараа С.Б-тай ярьж тохиролцон аймгийн Мал эмнэлгийн газарт цалин бууруулахгүйгээр ажилд томилохоор болсон. Үүний дагуу С.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн өргөдлөө Мал эмнэлгийн газарт гаргасан. Гаргасан өргөдлийн дагуу Мал эмнэлгийн газрын даргын ажилд томилох тухай Б/05 дугаар тушаал гарсан. Гэвч С.Б нь ажилдаа ороогүй. 2018 онд Засгийн газраас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн хууль шинээр батлагдан гарсантай холбоотойгоор 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 267 дугаар тогтоол гарч Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс Мал эмнэлгийн газар гарч шинээр байгуулагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Мал эмнэлгийн төсөв салж, бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлснээр С.Б-ыг эгүүлэн Мал эмнэлгийн газрын даргаар томилох эрх зүйн асуудал нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын мэдэлд очсон. Хүнс, хөдөө аж ахуйн газар томилох эрхгүй болсон. Иймд С.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Б нь Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан 2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Б нь бие Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргаар ажиллаж байгаад Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 06 сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас халагджээ.
Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 22 шүүх С.Б-ыг урьд эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн даргын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар С.Б-ыг Мал эмнэлгийн газрын МЭТ, МЭҮН болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн, баталгаажуулалт, эмийн хяналтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдсон болох нь Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/41 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч С.Б нь эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 267 дугаар тогтоол гарч Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс Мал эмнэлгийн газар гарч шинээр байгуулагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Мал эмнэлгийн төсөв салж, бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлснээр С.Б-ыг эгүүлэн Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилох эрх зүйн асуудал нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын мэдэлд очсон. Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар томилох эрхгүй болсон тул ажилгүй байсан хугацааны цалинг Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулах боломжгүй. Иймд С.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь ажилтны ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн гаргуулж байгаа хуулийн зохицуулалт нь тухайн ажилтан уг ажлаа эрхлэн гүйцэтгэж байсан үеийн эрх, нөхцлийг сэргээн тогтоох зорилготой зохицуулалт юм.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...ажилгүй байсан хугацааны цалинг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан буюу Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шаардаж байна” гэж тайлбарлажээ.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т зааснаар “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж тус тус заажээ.
Ажилчны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зардал нь тухайн байгууллагын төсөвт суугдаж, төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоолоор “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт “Мал эмнэлгийн газар” гэж нэмсүгэй..., ...Аймаг, сумын Хүнс, хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн газар, сум дүүргийн тасгийн орон тоо, цалингийн сан, үйл ажиллагааны зардлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн багцад зохицуулалт хийж, санхүүжүүлэх арга хэмжээ авах, цаашид жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай...” гэжээ.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаар тушаалаар “...Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог 1 дүгээр, сум, мал бүхий дүүргийн Мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоог 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай” гэх тушаал зэргээс дүгнэхэд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс Мал эмнэлгийн газар тусгаарлаж, шинээр байгуулагдсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Б нь Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын МЭТ, МЭҮН болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн, баталгаажуулалт, эмийн хяналтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдсон боловч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн гаргуулж байгаа хуулийн зохицуулалт нь тухайн ажилтан уг ажлаа эрхлэн гүйцэтгэж байсан бол тухайн байгууллагын төсвөөс цалин олговроо авах тэр эрхийг нь сэргээн тогтоох зорилготой зохицуулалт юм.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан агуулга нь эрх бүхий албан тушаалтны шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулахаар заасан зохицуулалт юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан байх тул шүүх санаачилгаараа хариуцагчийг солих боломжгүй байна.
Зохигчидод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ. Нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан 2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Б-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох 2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ