| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00359/И |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-01-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 29
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Жинст 1-р баг, Булгийн эх 3-1 тоотод оршин суух, Шарнууд овогтой Ч.Н-ын /РД: ИА77060215/ нэхэмжлэлтэй,
хариуцагч: Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох,
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А, гэрч Х.Дм, Д.Х, Ж.Г, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар намайг бичиг хүргэгчийн ажлаас халсан. Тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч танилцсан. Уг тушаалаар намайг ажлаас халахдаа хууль зүйн болон хууль хэрэглээний алдаатай байна гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч.Нын нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлд “Ажлаас халах тухай” тушаал нь хууль зүйн болон хууль хэрэглээний 2 алдаатай гэсэн нь тодорхой бус байна. Үүнийгээ тодорхой болгох нь зүйтэй. 1-т Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Ч.Н нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажил тасалсан болох нь цаг бүртгэлийн машинаас хэвлэсэн цагийн бүртгэл, няравын цагийн бүртгэл хоёроос тодорхой харагдана. Шүүхийн Тамгын газрын даргын зүгээс ажилдаа ирэхийг мэдэгд хэмээн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, архив бичиг хэргийн эрхлэгч Э.Гантулга нараар бичиг хүргэгч Ч.Н-т утсаар болон биеэр хэлүүлсэн боловч ажилдаа ирээгүй байдаг. 2-т Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтан өөрийн хүсэлт, ажил олгогчийн зөвшөөрлөөр чөлөө авах журамтайг ажил хийдэг хүн бүр мэддэг. Гэтэл Ч.Н нь 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 12 өдрийн ажил чөлөө, зөвшөөрөлгүйгээр тасалсан. Иймд Тамгын газрын даргын зүгээс ажил, үүргээ цаашид хийхгүй юм байна гэж ойлгоод 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05/229 тоот ажил, үүргээ хүлээлгэн өгнө үү гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийг өгсний дараа 2019 оны 07 дугаар сарын 03-нд ажилдаа ирсэн. 3-т Шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот “Цалин хасаж тооцох тухай” тушаалаар бичиг хүргэгч Ч.Нын ажлын 12 хоногийн үндсэн цалин, бусад нэмэгдлийг хассан бөгөөд уг тушаалд гомдол гаргаагүй нь түүнийг гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байсныг илтгэнэ. 4-т Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах заалттай тул 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05/235 тоот албан бичгээр “Ажлаас халах тухай” мэдэгдлийг түүнд гардуулан өгсөн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын Б/38 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Н нь Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдуулан Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А нь “...Ч.Н нь 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 12 өдрийн ажил чөлөө, зөвшөөрөлгүйгээр тасалсан. Иймд Тамгын газрын даргын зүгээс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05/229 тоот ажил, үүргээ хүлээлгэн өгнө үү гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийг өгсний дараа 2019 оны 07 дугаар сарын 03-нд ажилдаа ирсэн. Шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот “Цалин хасаж тооцох тухай” тушаалаар бичиг хүргэгч Ч.Нын ажлын 12 хоногийн үндсэн цалин, бусад нэмэгдлийг хассан бөгөөд уг тушаалд гомдол гаргаагүй нь түүнийг гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байсныг илтгэнэ. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах заалттай тул 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05/235 тоот албан бичгээр “Ажлаас халах тухай” мэдэгдлийг түүнд гардуулан өгсөн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж...” маргаж байна.
Нэхэмжлэгч Ч.Н нь Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт бичиг хүргэгчээр ажиллаж байгаад Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас халагджээ.
Нэхэмжлэгч Ч.Н нь Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс бичиг хүргэгчээр ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдсан болох нь Ч.Н-ын 0636914 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч Ч.Н нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар нь Ч.Н-тай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, бичиг хүргэгчээр ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.2.2, 10.5.3, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 2.3.2, 10.5.3, Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9.6-д заасныг тус тус үндэслэн Ч.Н-ыг ажлаас халах шийдвэрийг гаргажээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “...Ч.Н нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын 12 өдрийн ажил тасалсан тул Шүүхийн Тамгын газрын даргын зүгээс нэхэмжлэгч Ч.Ныг ажилдаа ирэхийг удаа дараа сануулж, улмаар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон..” гэжээ.
Ажил олгогч Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга нь бичиг хүргэгч Ч.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заажээ.
Энэ зүйлд заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон ба уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 08 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсэгт заасан болон энэхүү гэрээний дагуу сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж, мөн байгууллагын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батласан Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2-т “Дараах зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгоно”, гээд 10.2.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш удаа ажил тасалсан болон ажлын 2 өдөр ажил тасалсан” гэж заасан байгаа бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ. /хх-51-54, 55-67/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр хуульчилсан бөгөөд Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05/235 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр бичиг хүргэгч Ч.Нт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах болсныг мэдэгдэж улмаар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байгаа нь уг тушаал хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ. /хх-69/
Нэхэмжлэгч Ч.Н нь Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт бичиг хүргэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 12 өдрийн ажлыг тасалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05/229 тоот бичиг хүргэгч Ч.Н-т 10 хоног ажил тасалснаас үүдэн шүүхийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж байгаа тул албан ёсоор ажил, үүргээ хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн албан бичиг /хх-68/,
- цаг бүртгэлийн програмаас гаргасан бичиг хүргэгч Ч.Нын 2019.06.10-аас 2019.07.04-ний өдрийн цагийн бүртгэл /хх-70, 71/
- гэрч Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Д-н “Бичиг хүргэгч Ч.Н нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэс ажил таслаад ажилдаа ирэхгүй байсан. Миний хувьд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн учраас шүүхийн захиргааны ажилчдын өдөр тутмын ажлын цагийг хянаж, бүртгэдэг. Тухайн үед Ч.Нтай уулзаад ажлын цагаар яагаад архи уугаад явж байгаа юм бэ? ажил үүргээ хий гэсэн шаардлага тавьсан. Нийт 12 хоног ажлын байраа орхиж, тасалсан” гэх мэдүүлэг,
- гэрч Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.С-ийн “Би шүүхийн Тамгын газрын дарга болон няравт цаг бүртгэлтийн системээс гаргасан тайлан, мэдээллийг гаргаж өгсөн. Цаг бүртгэлтийн системээс гаргаж өгсөн мэдээллийг ямар нэгэн засваргүй, үнэн бодит байдлаар гаргаж өгсөн. Төхөөрөмжид засвар оруулах боломжгүй. Цаг бүртгэлтийн мэдээлэлд засвар оруулах эрх нь админ буюу надад байдаг. Гэвч засвар оруулахад он, сар өдрийн дарааллаар гарч ирдэг учраас сүүлд засвар оруулсан ч тухайн засвар оруулсан мэдээлэл харагддаг. Мөн цаг бүртгэлийн мэдээлэл цаг хугацааны хувьд устахгүйгээр хязгааргүйгээр хадгалагддаг” гэх мэдүүлэг,
- гэрч Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын нярав Д.Х-ийн “Би холбогдох хууль, журамд заасан үүргийн дагуу цаг бүртгэлийн мэдээллийг гаргаж, нягтланд өгдөг. Ч.Н 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажил тасалсан болох нь үнэн. Цагийн бүртгэл гаргахад ажил тасалсан байсан” гэх мэдүүлэг,
- гэрч Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч Ж.Г-ийн “Ч.Н нь ажлаа тасалсан, ажлын цагаар архи уусан болохоо хүлээн зөвшөөрдөг. Би түүнд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалын дагуу үүрэгт ажлаас чинь чөлөөлж байна гэж танилцуулсан. Ч.Н одоо яах вэ? гэхэд нь би ажлаас халах эрх бүхий этгээд биш. Тушаал гарсны дагуу танилцуулах үүрэгтэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
- нэхэмжлэгч Ч.Н-ын шүүхэд бичгээр ирүүлсэн “...Миний тухайд 2019 оны 06 дугаар сарын 17-оос 2019 оны 07 дугаар сарын 02-ны хооронд ажил тасалсан нь үнэн. Ингэж ажил тасалсан шалтгаан нь гэр бүлийн шалтгаан байсан үүнийг тайлбарлах боломжгүй байна. Ажил тасалсан зөрчилд 2019.07.05-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар 12 хоногийн ажил тасалсан гэж цалин хасаж тооцсон. Ажил тасалсан зөрчилдөө бол буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа... гэх тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна. /хх-111, 112/
Өөрөөр хэлбэл зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Ч.Н нь ажлын 12 өдрийн ажил тасалсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч Ч.Н нь “...ажил тасалсан зөрчилд цалин хасаж тооцоод, зөрчил гарснаас хойш 2 сар гаруй хугацааны дараа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасан 1 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад сахилгын зөрчил ногдуулж ажлаас халсанд гомдолтой байна” гэх тайлбарыг ирүүлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэдэг нь ажилтан сахилгын зөрчил гаргасныг тодорхой хугацааны дараа эсхүл хяналт шалгалтаар уг зөрчлийг илрүүлсэн байдлыг ойлгох бөгөөд уг илрүүлсэн зөрчилд нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахыг харин зөрчил гаргаснаас хойш зургаан сар гэдэг нь тухайн зөрчлийг гаргаснаас зургаан сарын дотор ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон сахилгын шийтгэл ногдуулахыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл нь нэхэмжлэгч Ч.Н нь 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 12 өдрийн ажил тасалсан сахилгын зөрчил гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Н-ын нэхэмжлэлтэй, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ