Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00337

 

  

Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01971 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1980 дугаар магадлалтай,

 

Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлтэй

Г.Сайнсөрд холбогдох

 

Зээлсэн мөнгө болон бараа, эд хөрөнгийн үнэ 34,253,960 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Г.Сайнсөр, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагч Г.Сайнсөр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Дэлгэрнарангаас Г.Сайнсөрд холбогдуулан зээлсэн мөнгө болон бараа, эд хөрөнгийн үнэ 34,253,960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ...хэрэглээний мөнгө авдаг байсан нь үнэн, гэхдээ тэр мөнгийг зээлж байна гэж бодоогүй, ...би авсан мөнгөнөөсөө заримыг нь буцааж өгсөн гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01971 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Сайнсөрөөс 11,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дэлгэрнаранд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,053,960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1980 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01971 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч Г.Сайнсөрөөс 27,931,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дэлгэрнаранд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,322,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 194,150 төгрөг гэснийг 297,608 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Г.Сайнсөр, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын мэтгэлцээнд бодит дүгнэлт хийж чадаагүй байхаас гадна Иргэний хуулийн 492-р дугаар зүйлд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Г.Сайнсөрөөс 16,731,700 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээргүй болжээ.

4.1. Тодруулбал, давж заалдах шатны шүүх 27,931,700 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа: Нэхэмжлэгчтэй хувийн харилцаатай байсан гэх нөхцөл байдал нь хариуцагчийг 16,731,700 төгрөгийг авах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ хэмжээгээр түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдад хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байхад хөрөнгөө шилжүүлсэн бол уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 16,731,700 төгрөгийг нэмж хангах нь зүйтэй гэж үзэв гэжээ. Шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэргийн үйл баримт болон хэргийн материалд авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн талуудын тайлбар мэтгэлцээнээс үзэхэд хариуцагч Г.Сайнсөр нь 16,731,700 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй байх ба нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран анхнаасаа хариуцагчтай дотно харилцаатай байсны үндсэн дээр хариу төлбөргүй, өөрөөр хэлбэл ИХ-ийн 276-р зүйлийн 276.1-д заасны дагуу бэлэглэлийн журмаар хөрөнгө шилжүүлсэн байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нь үндэслэл муутай юм.

4.2. Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг шаарддаг атал уг хэрэг маргааны үйл баримтын хувьд нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран хариуцагч Г.Сайнсөр нарын хооронд дотно харилцаатай байхаас гадна Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 276-р зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаа байсан нь хэрэгт авагдсан дансны хуулга, дансны хуулганд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтад авагдсан утга, хариуцагчийн буцаан төлж байсан төлбөрийн баримт, талуудын тайлбар мэтгэлцээн, бусад баримтаар хангалттай нотлогдож байхад 16,731,700 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэн, хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилгүй үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Иймд магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран хариуцагч Г.Сайнсөрд холбогдуулан зээлсэн мөнгө болон бараа, эд хөрөнгийн үнэ 34,253,960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, харилцан бие биендээ тусалдаг байсан, зээлж авсан мөнгөний заримыг төлсөн, 5,500,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2017 онд танилцснаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар болон төлбөрийн баримтаар мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан, нэхэмжлэгчээс 2017.03.28-ны өдрөөс 2020.01.12-ны хооронд нийт 41,304,500 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч 6,322,800 төгрөгийг хариуцагчийн бус өөр этгээдийн дансанд шилжүүлсэн, харин үлдэх 34,981,700 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчаас нэхэмжлэгчид 7,050,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

7. Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нь зээлдүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 41,304,500 төгрөгийг бүхэлд нь зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон 18,250,000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээсэн байна, үүнээс 7,050,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл буюу 11,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд шилжүүлсэн 34,981,700 төгрөгөөс зээлдүүлэх зорилгоор 18,250,000 төгрөгийг харилцан тохиролцож шилжүүлсэн нь нотлогдсон, харин үлдэх 16,731,700 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар хариуцагч маргаагүй, гагцхүү гэрээний үндсэн дээр хүлээн авсан болохоо хариуцагч нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчтэй хувийн харилцаатай байсан нь түүнийг дээрх мөнгөн хөрөнгийг авах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ... гэсэн дүгнэлт хийж, дээрх 34,981,700 төгрөгөөс төлсөн 7,050,000 төгрөгийг хасч, үлдэх 27,931,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

9. Магадлалыг эс зөвшөөч хариуцагч, түүний өмгөөлөгчөөс: ...хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн талуудын тайлбар, мэтгэлцээнээс үзэхэд хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй, ...хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл үүсээгүй, ... давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4.1-.4.2/

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигч дотно харилцаатай байснаас гадна хэн аль нь бие биедээ харилцан туслалцаж байсан талаар тайлбарлаж байсан, тухайлбал, нэхэмжлэгчээс ...хариуцагч нь энэ хугацаанд хамт БНХАУ, Шанхай явж ажил хөөцөлдөж байсан... гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгчийн төлбөрийг барагдуулахаар Эрдэнэт явж, төлбөртэй хүмүүстэй уулзаж гэрээ хийж мөнгийг нь авч өгдөг байсан, тухайн үед надад ажлын хөлс гэж мөнгө өгч байгаагүй... зэрэг тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн гүйлгээний утгыг тодорхой бичээгүй хариуцагчид шилжүүлсэн хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн ямар үүрэгт шилжүүлсэн хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй.

 

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчид зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн хөрөнгийг тогтоож, төлбөл зохих төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй, шийдвэр мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1980 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01971 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Сайнсөр, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.Сайнсөрөөс 2020.10.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД