Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

   2020            2             20                                      2020/ДШМ/231 

 

 

                                   Э.Цт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Э.Цт холбогдох эрүүгийн 1906061482429 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чөдрөн овгийн Э.Ц, 1986 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Арвин бумба ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 2026 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧС86040113/;

 

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 420 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ял,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сарын хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 4 сар 18 хоногийн хорих ял тус тус шийтгүүлж байсан;

 

            Э.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд буудлын автобусны буудал дээр байрлах хүнсний мухлаг дотор Ч.Насанбаттай маргалдаж, түүний цээж хэсэгт хутгаар зүсэх, боох зэргээр биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чөдрөн овогт Э.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 8 сар 47 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цын цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь мурийсан ишгүй хутга 1 ширхгийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

 

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Цт 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сар 47 хоногийн хорих оногдуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм”-ийг тогтоож, тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан тул давж заалдах шатны шүүх нь мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж тус тус заажээ.  

 

Харин, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Цт 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сар 47 хоногийн хорих оногдуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм”-ийг заагаагүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар              “хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Цт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ