Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00050

 

М.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00169 дүгээр шийдвэртэй, М.А-ийн нэхэмжлэлтэй, Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, хариуцагч К.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчид бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “М.А миний бие Ц сумын 2 дугаар багийн бага эмчээр 4 жил ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбекийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 720 дугаартай захирамж гарсны дараа Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг үндэслэсэн ба урьд нь ажиллаж байсан ажилтан шүүхээр эгүүлэн тогтоогдсон гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Би уг тушаалыг эс зөвшөөрч гурван шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдол маань хангагдаагүй. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор хэвээр үлдээсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эрхээ эдлэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу М.А намайг Ц сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчид бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “М.А нь Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар тус сумын 2 дугаар баг хариуцсан хүний бага эмчээр томилогдсон. Урьд тус орон тоонд А.Н ажиллаж байгаад тэрээр урьд эрхэлж байсан Ц сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд томилуулахаар шүүхэд хандаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 620 тоот шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн.

М.А нь тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 376 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тогтоолоор түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн. Одоо шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тус эмнэлэг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 42 орон тоотой ажиллаж байгаа. Одоогоор уг 42 орон тоонд 46 ажилтан хууль ёсоор ажиллаж байна. Тус сум 9 багтай, баг бүрд хүний бага эмч ажиллаж байна. Иймд М.А-г бололцооны дагуу өөр ажилд томилох ямар ч боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч М.А-гийн "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу М.А намайг Ц сумын Сум дундын эмнэлэгт бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-д бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130\ШШ2018\00169 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь М.А-гийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын Хүн эмнэлгийн ерөнхий эмчид холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

М.А нь Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар тус сумын 2 дугаар баг хариуцсан хүний бага эмчээр томилогдон ажиллаж байгаад урьд тус орон тоонд ажиллаж байсан А.Н-ыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 620 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий ажилд эгүүлэн томилсон.

М.А нь тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 376 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн. Одоо шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бололцооны дагуу ажил олгогч ажилтанд өөр ажил олж өгөх үүрэгтэй гэсэн нь тухайн байгууллагын орон тоо, бүтцэд сул орон тоо гарсан нөхцөлд бодитой хэрэгжих ёстой. Гэтэл тус эмнэлэг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 42 орон тоотой ажиллаж байгаа одоогоор 42 орон тоонд 46 ажилтан хууль ёсоор ажиллаж байна. Тус сум 9 багтай, баг бүрд хүний бага эмч ажиллаж байна. Иймд ажил олгогчоос М.А-г бололцооны дагуу өөр ажилд томилох санхүүгийн боломжгүй байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтуудыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ“ гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130\ШШ2018\00169 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч М.А-гийн "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу М.А намайг Ц сумын сум дундын эмнэлэгт бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл М.А нь хуульд зааснаар ажил олгогчид бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай “А.Н-ыг хүний бага эмчийн ажилд эгүүлэн томилж, М.А-г хүний бага эмчийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар “М.А-г ажиллуулах тухай” тушаал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 720 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгэр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00102 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00064 дүгээр тогтоол зэргээс дүгнэвэл, шүүхийн шийдвэрээр А.Н-ыг Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоосон үйл баримт  нэхэмжлэгч М.А-г ажлаас чөлөөлөх үндэслэл болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой байна. Иймээс М.А-гийн нэхэмжлэл үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “шинээр орсон ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх” ажил олгогчийн хуульд заасан үүргийн цар хүрээ нь тухайн байгууллагаас “шинээр орсон ажилтанд” зориулж шинэ орон тоог зохиомлоор бий болгох, эсхүл бололцоогүй буюу байгууллагын бүтцэд шинэ орон тоо бий болоогүй, сул орон тоо гараагүй байхад уг ажилтныг заавал ажлын байраар хангах гэсэн агуулгаар бус, харин бололцооны дагуу буюу тухайн байгууллагын бүтцэд шинээр ажлын байр, орон тоо бий болсон, сул орон тоо гарсан, эсхүл түр чөлөөтэй, ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах ажилтны оронд түр авч ажиллуулах тохиолдолд хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан болзол, шаардлагыг хангасан бол уг ажлын байранд ажиллуулах боломжтой талаар саналыг ажил олгогчоос хуулийн 40.2-т заасан “шинээр орсон ажилтанд” санал болгож, бололцооны дагуу өөр ажил олж өгөх зэргээр тодорхойлогдоно. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

Энэ талаар гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК