| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00442/И |
| Дугаар | 85 |
| Огноо | 2020-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 85
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Найрамдал хороо 5-19 тоотод оршин суух, Шарнууд овогтой Б.Б-ийн /РД: ДЭ79101710/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Индэрт баг, 8-64 тоотод оршин суух О.О-т /РД: ДА94050447/ холбогдох,
400.000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б миний бие нь О.О-ээс 2018 оны 10 дугаар сарын 05-нд Жаргалантын 12-10 тоотод 744 метр квадрат талбай бүхий газраа худалдах худалдан авах гэрээгээр 1500.000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаанд 400.000 төгрөг өгч үлдэгдлийг нь хавар ноос, ноолуур гарахаар өгье гэж тохиролцон тус газрыг авсан. Тэгээд миний бие эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэг гэж явж байгаад үлдэгдэл мөнгийг нь төлж чадаагүй, намайг шүүхэд өгч 2019 оны 11 дүгээр сарын 29-нд шүүх хурал болж, тус газрыг О.О-т буцааж өгөхөөр шийдэж, надаас тус газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд О.О-ээс газрын урьдчилгаанд төлсөн 400.000 төгрөгийг хуульд зааснаар гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.О нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хашаа бүтэн байхад манайх найр хийсэн. Нэхэмжлэгч газрыг худалдаж авахаар болсон учраас хашааг хариуцаж байсан. Манай гэр бүл аймаг, хөдөө хооронд нааш, цааш явж байгаад хөдөө амьдрах болсон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хашааны банз шургааг дутсан байсан. Дутсан банзыг нөхөж өгвөл зөрүү мөнгийг нь өгч болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь О.О-т холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд өгсөн 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.О нь ...Нэхэмжлэгч газрыг худалдаж авахаар болсон учраас хашааг хариуцаж байсан. Дутсан банзыг нөхөж өгвөл зөрүү мөнгийг нь өгч болно гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч О.О нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд хандаж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 133/ШШ2019/00401 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу Улсын бүртгэлийн Г-0518002075 дугаарт бүргэгдэж, хариуцагч Шарнууд овгийн Батчулууны Буяннэмэхэд өмчлүүлсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000455688 дугаартай гэрчилгээ бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг Жаргалант 12-р гудамж, 10 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 744 мкв талбайтай газрыг Б.Б-ийн өмчлөлөөс чөлөөлж, газар өмчлөх эрхийг нэхэмжлэгч О.О-т буцаан олгож шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь газрын төлбөрийн урьдчилгаанд өгсөн 400.000 төгрөгийг хариуцагч О.О-ээс шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч О.О нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг Жаргалант 12-р гудамж, 10 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 744 мкв талбайтай Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000455381 дугаартай О.О-т 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон хууль ёсны өмчлөгчийн эрхийн гэрчилгээтэй газрыг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байуулсан бөгөөд энэ талаар талууд маргадаггүй болно.
Нэхэмжлэгч Б.Б нь төлбөр төлөх нөхцөлдөө газрын үнийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр бүрэн төлж, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцож, улмаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000455688 дугаартай гэрчилгээгээр хариуцагч Б.Б-д газар өмчлөх эрхийг шилжүүлж, урьдчилгаанд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 50.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд газрын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 350.000 төгрөгийг хариуцагч О.О-ээс гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б нь ...50.000 төгрөгийг газрын гэрчилгээ нэр шилжүүлэхэд Капитал банкаар шилжүүлсэн, Капитал банк дампуурсан учраас 50.000 төгрөг тушаасан баримтаа авч чадаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-ээс 12.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар газрын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 350.000 төгрөгийг хариуцагч О.О-ээс гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-ээс 12.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ