| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00423/И |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 100
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-15 Пенталон ХХК-ний байр 101 тоотод байрлах Бодит бүртгэл аудит ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Үйлдвэрийн ройан, Алтайн сүрлэг нуруу ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөгийн үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөрхүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, гэрч Р.Цанжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК-ний захирал Х.Ундрага нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бодит бүртгэл аудит ХХК нь Алтайн сүрлэг нуруу ХХК-тай 2016 оны санхүүгийн тайланд аудит хийхээр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Санхүүгийн аудитыг гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээний үргэлжлэх хугацааг 5 жилээр байгуулсан. Гэрээний дагуу 2016 он, 2017 оны төлбөр болох 2.200.000,00 төгрөгийг тус тус төлсөн болно. Бид гэрээний үүргээ биелүүлж 2018 оны санхүүгийн тайланд аудитыг гүйцэтгэж тухайн жилийн хуулийн хугацаанд 2 сарын 20-ны дотор цахимаар илгээж, компанийн удирдлага, нягтлан бодогч нарт албан тоотоор дүгнэлтийг хүргүүлсэн боловч Алтайн сүрлэг нуруу ХХК нь гэрээний үүргээ зөрчиж 2018 оны санхүүгийн аудитын төлбөр болох 1.200.000 төгрөгийг төлөөгүй байна. 2018 аудитын төлбөрийг олон удаа тус компаниас төлөхийг удаа дараа утсаар шаардсан боловч одоог хүртэл өгөөгүйгээр барам хэл амаар доромжилж бичиг цаас байгийн бол шүүхдээд авахгүй юу гэж гутааж, аудитын компанийн нэр төрд халдсан. Иймд 2018 оны аудитын төлбөр болох 1.200.000 төгрөг, үүн дээр улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийг тус тус гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Алтайн сүрлэг нуруу ХХК-иас аудитын төлбөр болох 1.200.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах хүсэлтэй байна. Манай Бодитбүртгэл Аудит ХХК нь хариуцагч байгууллагаас хол байдаг учраас зөвхөн утсаар л холбогдож маш олон удаа аудитын төлбөрийг нэхэмжилж байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Би 10 дугаар сард хүний машинд дайгдаж Говь-Алтай аймагт ирээд Н.Батболдыг 3 хоног хайгаад олоогүй. Улаанбаатар хот руу буцах гээд онгоцонд суух гэж байхад Н.Батболдын утас холбогдсон. Гэтэл Н.Батболд та нарт бичиг цаас байвал чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж доромжилсон гэв.
Хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-ний захирал Н.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай байгууллагад ирсэн Бодит бүртгэл аудит ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авсан. Тус компаний нэхэмжлэлийг Алтайн сүрлэг нуруу ХХК-ний гүйцэтгэх захирлын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 3 хувь эзэмшигчтэй иргэн Н.Батболд, иргэн Ш.Баяржаргал, Агро-Сфер холдинг ХХК юм. 2016 онд Бодит бүртгэл аудит ХХК-тай Агро-Сфер холдинг ХХК-ний захирал Н.Энхжаргал гэрээ хийж, 2016, 2017 онд аудитын дүгнэлт хийлгэсэн. Гэвч 2018 онд аудитын дүгнэлт хийлгэсэн боловч Агро-Сфер холдинг ХХК-ний захирал Н.Энхжаргал хийлгэх ёсгүй, хүчингүй гэсэн тул уг мөнгийг одоог хүртэл төлөөгүй, 2018 оны 06 сараас хойш манай компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй данс хаалттай байгаа нь үнэн болно. Иймд нэхэмжлэлийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй, харин Бодит бүртгэл аудит ХХК нь Агро-Сфер холдинг ХХК-ний захирал Н.Энхжаргалд хандана уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК нь Алтайн сүрлэг нуруу ХХК-ний захирал Н.Батболдод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Бодит бүртгэл аудит ХХК нь Алтайн сүрлэг нуруу ХХК-ний захирал Н.Батболд нь 2016 онд Бодит бүртгэл аудит ХХК-тай Агро-Сфер холдинг ХХК-ний захирал Н.Энхжаргал гэрээ хийж, 2016, 2017 онд аудитын дүгнэлт хийлгэсэн. Гэвч 2018 онд аудитын дүгнэлт хийлгэсэн боловч Агро-Сфер холдинг ХХК-ний захирал Н.Энхжаргал хийлгэх ёсгүй, хүчингүй гэсэн тул уг мөнгийг одоог хүртэл төлөөгүй, 2018 оны 06 сараас хойш манай компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй данс хаалттай байгаа нь үнэн болно. Иймд нэхэмжлэлийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй, харин Бодит бүртгэл аудит ХХК нь Агро-Сфер холдинг ХХК-ний захирал Н.Энхжаргалд хандана уу хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Алтайн сүрлэг нуруу ХХК нь өөрийн компаний 2016, 2017, 2018, 2019 оны баримтад санхүүгийн шалгалт хийж, дүгнэлт гаргах ажил гүйцэтгэхээр Санхүүгийн шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын гэрээ-г байгуулснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /ХХ-8-9/
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-иас шаардах эрхтэй.
Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Аль нэг аудитын хуулийн этгээд нь нэг аж ахуйн нэгж, байгууллагад дараалсан таван жилээс илүү хугацаанд энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасан аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Гэрээнд аудитын үйл ажиллагаатай холбогдуулж харилцан хүлээх үүрэг, хариуцлага, ажлын хүрээ, гүйцэтгэх хугацаа, хөлс, үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээг дуусгавар болгох журмыг заасан байна гэж зааснаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Бодит бүртгэл аудит ХХК нь хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-ний 2016, 2017, 2018 оны баримтад санхүүгийн шалгалт хийсэн бөгөөд 2016 он, 2017 оны санхүүгийн аудитын төлбөр болох 2.200.000 төгрөгийг төлж, 2018 оны санхүүгийн аудитын төлбөр болох 1.200.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Бодит бүртгэл аудит ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаартай Хараат бус аудиторын тайлан-гаар нотлогдон тогтоогдож байна. /ХХ-10-11/
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Санхүүгийн шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад Үйлчлүүлэгч нь гүйцэтгэгчид ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг төлнө гээд 2016 он 1 сая, 2017 он 1 сая 200 мянга, 2018 он 1 сая 200 мянга, 2018 он 1 сая 200 мянга, 2019 он гэж гараар бичсэн байгаа нь гэрч Р.Цанжидмаагийн Аудитын тухай хуульд аудитын гэрээг 5 жилийн хугацаатай байгуулах талаар заасан байдаг. Хуульд заасны дагуу гэрээг 2017 оноос хойш 5 жилийн хугацаатай байгуулсан нь үнэн гэх мэдүүлгээр уг ажил гүйцэтгэх гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан болох нь давхар тогтоогдож байна.
Хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-ний захирал Н.Батболд нь 2018 онд манай компани үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байх бөгөөд уг тайлбарын үндэслэл болгож 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.
Гэвч Алтайн сүрлэг нуруу ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 31-ний Аудитлагдсан хураангуй санхүүгийн тайлан баланст мөнгөн гүйлгээний тайланд Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого нь 402.764.200 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, мөн гэрч Р.Цанжидмаагийн ...2018 оны 01 дүгээр сард Алтайн сүрлэг нуруу ХХК ид ачаалалтай ажилласан. Уг 01 дүгээр сарын үйл ажиллагаатай холбоотойгоор тоон мэдээллүүд уг Аудитын хураангуй санхүүгийн тайлан, баланс-д гарсан байгаа. Хариуцагч байгууллагын төлөөлөгч 2019 онд үйл ажиллагаа явуулаагүй учраас мөнгөгүй болчихоод 2018 оны аудитын төлбөрийг төлж чадахгүй гэж тайлбарлаж байна гэж ойлгож байна гэх мэдүүлэг зэргээр хариуцагчийн 2018 онд тухайн компани үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар нь няцаагдаж байна гэж шүүх үзлээ.
Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх тул ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагчийн Алтайн сүрлэг нуруу ХХК-ний захирал Н.Батболдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа нь ...Улаанбаатар хотоос ирсэн. Байнга нааш, цааш явах боломжгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-иас 33.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алтайн сүрлэг нуруу ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-иас 33.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бодит бүртгэл аудит ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ