Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Эконобэ индастри ХХК-ний захирал Б.Н-д холбогдох

орон нутгийн хөгжлийн сангаас зээлийн үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, зээлийн хүү 1.822.000 төгрөг, алданги 9.611.000 төгрөг нийт 51.433.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, Т.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Орон нутгийн хөгжлийн сангаас 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэйгээр олгох зээлийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Эконобэ индастри ХХК-тай аймагт жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх ажлын байр нэмэгдүүлж, гэрээнд заасан хугацаанд, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн торгууль төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Эконобэ индастри ХХК нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг сар бүр хугацаандаа төлөөгүйгээс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 40.000.000 төгрөг, зээлийн хүү 1.822.000 төгрөг, алданги 9.611.000 төгрөг нийт 51.433.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөг болсон байна. Гэрээг цуцлах мэдэгдлийг 10 сарын 23-ны өдрийн 3/1611 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Эконобэ индастри ХХК-д Орон нутгийн хөгжлийн сангаас зээлийн гэрээгээр олгогдсон 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн үндсэн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс үүссэн торгууль нийт 51.433.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөгийг орон нутгийн Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн төрийн сан дахь 100050051402 тоот дансанд төлүүлэх буюу гэрээний 5.2.1 дэх заалтын дагуу шийдвэрлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллагаас Эконобэ индастри ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/390 дугаартай албан бичиг болон 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгүүдийг хүргүүлж байсан. Бичиг хүргүүлээд байхад ирж уулзаад өнөөдөр шүүх хуралдаанд ярьж байгаа саналаа хэлээд зээлээ төлөх хугацаа байсан. Нэгэнт өнөөдрийг хүрч, гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/1611 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Гэрээнд зээл олгосон талын санаачлагаар цуцалж болно гэж заасны дагуу зээлийн гэрээг цуцалсан. Гэрээг цуцалчихаад зээлээ төл гэж мэдэгдээд байхад төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй Эконобэ индастри ХХК-тай анх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусах гэж байгаа. Нэгэнт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу мөнгө хийгдээгүй. Нэг удаа 500.000 төгрөг хийж байсан. Түүнээс хойш огт зээлээ төлөөгүй 3 жил өнгөрсөн байна. Гэрээний хугацаагаа сунгаад дахин зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийхэд зээлээ төлөөд явна гэж үзэхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эвлэрэх цаг хугацааны талаар тохиролцох боломж байхгүй байна. Бид 2020 оны 02 дугаар сард аудитын шалгалтаар ороод зээлийн эргэн төлөлтийн хугацааны дагуу зээлийг төлүүлээгүй хариуцлагагүй хандсан байна гэж үзээд 2 удаа акт тавигдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хугацааны талаар тохиролцож, эвлэрэх боломжгүй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүлээн зөвшөөрч байна. Би Эконобэ индастри ХХК-ний захирал бөгөөд манай компани 2017 онд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас зээл авсан. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон үйлдвэрийн байрын түрээс зэрэг холбогдох зардлуудыг тухайн санхүүжилтээс гаргуулсан. Аудитын 2 шатны үзлэг, шалгалтаар шалгуулсан. Аудитаас үйлдвэрлэл тогтмол явуулах боломжтой, тухайн зорилгоор зээл авсан. Аудитаас манай компанийг үйл ажиллагаа тогтмол явуулах боломжтой үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бэлдсэн байна гэж үзсэн. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 28.000.000 төгрөг болсон. Түүний хажуугаар гарсан зардлууд зэрэг нийт 35.000.000 төгрөгөөр тоног төхөөрөмж, бусад материалыг авсан. 5.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө оруулалт хийж, нүүрсээ татан аваад үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд үйлдвэрлэл тогтмол явагдаж байсан. Тухайн үед зээлийн эргэн төлөлтийн дагуу зохих төлбөрийг хийж байсан. 2018 оны 04 дүгээр сараас үйлдэрлэлд доголдол гарч, технологийн шийдэлд асуудал гарсан. Технологийн шийдэл нь оновчтой биш учраас эргээд бүтээгдэхүүний чанар, хүртээмжид нөлөөлсөн үйлдвэрлэлийг түр зогсоосон. Үйлдвэрлэл эрхэлнэ гэж авсан зээлийг хууль, дүрэм, гэрээнд заасан үүргээ зөрчилгүй үйлдвэрлэлийг зохих хүрээнд эрхэлсэн. Гол асуудал нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй. Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Цаашид эвлэрээд, энэ онд дулааны улирал эхлэхэд технологийн асуудлыг шийдвэрлэх гарц хайсан. Мөн эргэлтийн хөрөнгө болон бусад холбогдох хөрөнгүүдийг зохих хэмжээнд бүрдүүлж, 4 дүгээр сараас үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Иймд үүнээс хойших хугацаанд үйлвэрлэлээ тогтмол явуулах боломжтой учраас эвлэрлийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарийг батлуулаад авсан зээлээ аймаг, орон нутгийн төрийн санд эргүүлэн төвлөрүүлэх боломжтой байх тул энэ нөхцлийг харгалзан үзэж эвлэрлийн гэрээ байгуулж өгнө үү? гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Эконобэ индастри ХХК-д холбогдуулан орон нутгийн хөгжлийн сангаас зээлийн үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, зээлийн хүү 1.822.000 төгрөг, алданги 9.611.000 төгрөг нийт 51.433.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Эконобэ индастри ХХК-ний захирал Б.Н Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Эконобэ индастри ХХК нь миний компани мөн. Цаашид эвлэрээд, энэ онд дулааны улирал эхлэхэд технологийн асуудлыг шийдвэрлэх гарц хайсан. Мөн эргэлтийн хөрөнгө болон бусад холбогдох хөрөнгүүдийг зохих хэмжээнд бүрдүүлж, 4 дүгээр сараас үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Иймд үүнээс хойших хугацаанд үйлвэрлэлээ тогтмол явуулах боломжтой учраас эвлэрлийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарийг батлуулаад авсан зээлээ аймаг, орон нутгийн төрийн санд эргүүлэн төвлөрүүлэх боломжтой байх тул энэ нөхцлийг харгалзан үзэж эвлэрлийн гэрээ байгуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Н нь Эконобэ индастри ХХК-ний захирал мөн бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангаас зээл авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхцэцэг Эвлэрэх цаг хугацааны талаар тохиролцох боломж байхгүй байна гэжээ.

Эконобэ индастри ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангаас 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан орон нутгийн хөгжлийн сангаас олгох зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийг төлөөлж Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, зээлдэгчийг төлөөлж Эконобэ индастри ХХК-ний захирал Б.Н нар гарын үсэг зурж, аймгийн Засаг дарга зээлийн гэрээг баталсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь шүүх хуралдаанд ...анх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусах гэж байгаа. Нэгэнт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу мөнгө хийгдээгүй. Нэг удаа 500.000 төгрөг хийж байсан. Түүнээс хойш огт зээлээ төлөөгүй 3 жил өнгөрсөн байна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээний 2.4-т энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан торгуулийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Эконобэ индастри ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангаас 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг зээлийг авч, зээлийн төлбөрөөс 500.000 төгрөг хийж, зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөг, зээлийн хүүг төлөөгүй болох нь зохигчдын шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, зээлийн хүү 1.822.000 төгрөг, алданги 9.611.000 төгрөг нийт 51.433.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар хуульчилсан байх тул Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэл гаргаж байгааг буруутгах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эконобэ индастри ХХК-иас орон нутгийн хөгжлийн сангаас олгосон зээлийн үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, зээлийн хүү 1.822.000 төгрөг, алданги 9.611.000 төгрөг нийт 51.433.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 51.433.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 415.115 төгрөгийг хариуцагч Эконобэ индастри ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эконобэ индастри ХХК-иас орон нутгийн хөгжлийн сангаас олгосон зээлийн үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, зээлийн хүү 1.822.000 төгрөг, алданги 9.611.000 төгрөг нийт 51.433.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 51.433.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 415.115 төгрөгийг хариуцагч Эконобэ индастри ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                        

 

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ