Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил баг, 10-р гудамж, 4-1 тоотод оршин суух, Д.Ш-д холбогдох,

Байгууллагын төсөвт учруулсан гэм хорын хохирол 3.830.064 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч А.Шинэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 /Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна/ дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албан үүсгэн байгуулагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 /Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ/ дэх заадтыг үндэслэн буруу шийдвэр гаргасны улмаас ажлаас халагдсан ажилтанд шүүхийн шийдвэрээр төсвөөс олгосон цалин болон бусад зардлыг тухайн шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтнаас нэхэмжилж төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулж байна. Иргэн М.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуульд холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2018/00143 дугаартай шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч М.Од 3.830.064 төгрөгийн цалинг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон нь анхан шатны баримтаар нотлогдож байна. Иймд Есөнбулаг сумын 2 дугаар сургуулиас нэхэмжлэгч М.Од олгосон 3.830.064 төгрөгийн цалинг буруу шийдвэр гаргасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захирал Д.Ш-гаар нөхөн төлүүлэх шийдвэр гарган, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Д.Ганзориг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын албанаас Говь-Алтай аймгийн Засаг даргад буруу шийдвэр гаргасны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах тухай албан шаардлага ирүүлсэн. Энэ албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах чиг үүргийг Засаг даргын зүгээс манай байгууллагад өгсөн. Манай байгууллага Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Говь-Алтай аймгийн Дотоод аудитыг хариуцан хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллага юм. Тийм учраас уг чиг үүргийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасан. Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захирал Д.Ш нь буруу шийдвэр гаргасны улмаас төсөвт 3.830.064 төгрөгийг учруулсан болох нь шат шатны шүүхээр тогтоогдсон байх тул төсөвт учирсан гэм хорын хохирол болох 3.830.064 төгрөгийг хуульд заасны дагуу Д.Шар нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Д.Шг Говь-Алтай аймгийн Есөнбулагс сумын 2 дугаар сургуулийн захиралаар ажиллаж байхдаа н.Отгонжаргалыг ажлаас чөлөөлж, ажилгүй байсан хугацааны цалинг олгосон учраас нэхэмжлэл гаргасан байна. Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргасан нэхэмжлэлд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохирол нэхэмжилж байна. Тэгэхээр энэ заалтад заасан гэм хорын хохиролыг ямар тохиолдолд шаарддаг вэ гэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалтны хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан хохирлыг шаардах эрх олгосон заалт юм. Гэтэл хариуцагч Д.Шг гэм буруутай болохыг тогтоосон буюу хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Д.Ш-д холбогдуулан Байгууллагын төсөвт учруулсан гэм хорын хохирол 3.830.064 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь татгалзалдаа .... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалтны хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан хохирлыг шаардах эрх олгосон заалт юм. Гэтэл хариуцагч Д.Шг гэм буруутай болохыг тогтоосон буюу хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хариуцагч Д.Ш нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар тус аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захиралаар томилогдсон бөгөөд тус байгууллагын бичиг хэрэг, архивын ажилтан М.О-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2018/00143 дугаартай шийдвэрээр М.О-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.830.064 төгрөгийг ажил олгогч байгууллагаас гаргуулж М.Од олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 133/ШШ2018/00143 дугаартай шийдвэрийн хуулбараар тогтоогдож, ажил олгогч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургууль нь М.О-ыг өмнөх ажилд эгүүлэн тогтоосон болохыг зохигчид тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй болно. /ХХ-48, 47/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулиас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу 3.830.064 төгрөгийг М.О-д шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төрийн сангийн төлбөрийн хүсэлт, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн авлагын тайлангаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Д.Ш-г Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захиралаар жинхлэн томилсон байна. /хх-3, 9-10, 48/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Манай байгууллага Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Говь-Алтай аймгийн Дотоод аудитыг хариуцан хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллага юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар уг чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаж төсөвт учруулсан хохиролыг шаардах эрхтэй...гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй хэм хэмжээ буюу Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж, мөн хуулийн 103.3 дахь хэсэгт Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж, 103.4.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийн хувьд авч үзвэл:

Нэхэмжлэгч буюу Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.2, 103.3-т зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж, дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцана гэж заасан байна. Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна гэж зааснаар тухайн ерөнхий боловсролын сургуулийн дээд шатны байгууллага нь Говь-Алтай аймгийн Болосрол, соёлын газар байх тул дээр дурдсаны дагуу Боловсрол, соёлын газрын дотоод аудит, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудит буюу Аудитын газар уг үүргийг хариуцахаар байна. Аудитын тухай хуульд зааснаар эдгээрийн аудиторууд нь улсын байцаагчийн эрхийнхээ дагуу төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих хэлбэрээр уг үүргээ хэрэгжүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрх үйл баримт нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд харьяалагдахгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд авч үзвэл:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ шүүхэд тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасныг үндэслэн нөхөн төлүүлнэ гэсэн байгааг эрх зүй талаас нь тайлбарлавал аудит уг үүргээ хэрэгжүүлэхдээ үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх учиртай.

Харин дээрх эрхийн үндэслэл болгох эрх зүйн хэм хэмжээ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйл байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заажээ.

Тодруулбал дээр дурдсан хуулиудын тухайн заалтын агуулгыг эрх зүйн үүднээс тайлбарлавал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн энэхүү зохицуулалтын агуулга нь ажиллагсад хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа гэм буруутай үйлдлээр өөрийн ажиллаж байгаа байгууллагадаа хохирол учруулах тухай биш харин бусдад буюу гуравдагч этгээдэд хохирол учруулсныг ажил олгогч арилгах тухай ойлголт юм.

Хариуцагч Д.Ш нь Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллахдаа ажилтныг ажлаас чөлөөлсөн байх ба ажилтныг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоож түүнд олговор олгосон үйл баримт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн агуулгад хамаарахгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Есөнбулаг сумын 2 дугаар сургуульд учирсан хохирлыг Д.Ш-аар төлүүлэхээр гаргасан нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Шинэхүү нь сургуулийн захирал Д.Ш-с гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг үндэслэн хариуцагч Малиу овогт Д.Ш-д /ПМ70060115/ холбогдуулан гаргасан төсөвт учруулсан гэм хорын хохиролд 3.830.064 төгрөг гаргуулахыг хүссэн Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ҮЙТҮМЭН

 

Э.ОЮУН-ЭРДЭНЭ