Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/935

 

 

 

  2023         06         30                                    2023/ШЦТ/935

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч М.Оюунбат /томилолтоор/,щ

Шүүгдэгч ********** , түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт *********** *********-д холбогдох эрүүгийн “2309 00000 0792” дугаартай хэргийг шүүх 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны 2 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг, ам бүл 3, эх хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ****** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

**** овогт ********* ********** /РД:*************/.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн бага ангийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2004 онд төгссөн гэх D200********  дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгт 2005-2008 онд, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд 2009-2010 онд, Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуульд 2010-2011 онд, Домбоско мэргэжил сургалтын төвд 2011-2012 онд, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 2013 оны 9 дүгээр сараас Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “... Миний бие 2000 онд Монгол Улсын боловсролын их сургуульд элсэн орсон бөгөөд 2004 онд жилийн чөлөө авсан. Үргэлжлүүлэн 2005 онд суралцсан бөгөөд тус хичээлийн жил улсын шалгалтаа өгөх гэтэл хоцорч очоод өгч чадаагүй. Үүний улмаас сургуулиа төгсөж чадаагүй, тэгээд “их сургуулийн диплом зарна” гэсэн зарын дагуу хэргийн материалд хураагдсан ирсэн дипломыг худалдаж авсан...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4 дүгээр тал/, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 16-64 дүгээр тал/, хохирогч Г.О-ын мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/, гэрч Я.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр тал/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 87-89 дүгээр тал/, гэрч Ч.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 92-94 дүгээр тал/, гэрч А.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар тал/, гэрч А.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 98-101 дүгээр тал/, гэрч П.А-ын мэдүүлэг /хх-ийн 104-107 дугаар тал/, Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 125 дугаар тал/, шүүгдэгч *********-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн бага ангийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2004 онд төгссөн гэх D200********** дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгт 2005-2008 онд, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд 2009-2010 онд, Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуульд 2010-2011 онд, Домбоско мэргэжил сургалтын төвд 2011-2012 онд, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 2013 оны 9 дүгээр сараас Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилд орохдоо ашигласан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4 дүгээр тал/,

 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 16-64 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.А-ын өгсөн: “... Миний санаж байгаагаар 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн бага ангийн багшаар ажилд томилогдон одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ерөнхийдөө ажилд орж байгаа багш нар нь иргэний үнэмлэх, боловсролын дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкет, өргөдөл зэргийг бүрдүүлж ажилд ордог учраас ****** багшийн хувьд мөн адил баримт бичиг бүрдүүлж ажилд орсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 149 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.А  өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байгаа. **********  нь 2013 оны 9 дүгээр сард Нийслэлийн Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуульд бага ангийн багшаар, томилогдох үед би 111 дүгээр сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан. Тэрээр 2013 оны 9 дүгээр сараас хойш одоог хүртэл 3 анги бие даан төгсгөсөн. Түүнийг ажилд авах үеийн тушаал, шийдвэр нь манай сургуулийн архивт хадгалагдаж байгаа. Түүнийг томилогдох үед захирал С.Энхтуяа тушаал гаргаж ажилд авсан байсан. Дипломын зөрчлийн талаар мэдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106 дугаар тал/,

 

Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 125 дугаар тал/,

 

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багшийн сургуулийн захирлын 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай захирамж, хавсралтын хуулбар /хх-ийн 135-136 дугаар тал/,

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 157-160 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ****-ийн яллагдагчаар өгсөн: “... Би 2004 онд жилийн чөлөө аваад 2005 онд буцаж сургуульдаа орж суралцаж байгаад төгсөх болоод шалгалт авч эхэлсэн. Гэвч би шалгалттай өдөртөө хоцорч очоод шалгалтаа өгч чадалгүй унасан. Тэгээд сургууль төгсөж чадахгүй, яах ийхээ мэдэхгүй явж байгаад зарын дагуу диплом гаргаж өгнө гэсэн хүнтэй холбогдоод МУБИС-ийн дипломыг гаргуулахаар болсон. Тэгээд 500 мянган төгрөгийг бэлнээр гаргаж аваад 10 дугаар хороололд очиж диплом гаргаж өгсөн хүнд өгсөн. Надаас мөнгө авсан даруй D200****** дугаартай дипломыг гаргаж өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр тал/

 

Шүүгдэгч ********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161 дүгээр тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар дүгнэвэл шүүгдэгч ********* нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн бага ангийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2004 онд төгссөн гэх D200******* дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгт 2005-2008 онд, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд 2009-2010 онд, Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуульд 2010-2011 онд, Домбоско мэргэжил сургалтын төвд 2011-2012 онд, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 2013 оны 9 дүгээр сараас Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилд орохдоо ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг үйлдэх, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран, зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******  нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч Л.А нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч ****  бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ***********-н гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

  

   мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

   Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

   Шүүх шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

   Шүүхээс шүүгдэгч *********  ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна 

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ********** ******** “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************ нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар **********  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч *********  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба **** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС