Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баянсан баг, Хөгжил хороо, 2-2 тоотод оршин суух, Р.Б-д холбогдох,

Байгууллагын төсөвт учруулсан гэм хорын хохирол 1.229.593 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Г, иргэдийн төлөөлөгч Б.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 /Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна/ дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албан үүсгэн байгуулагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 /Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ/ дэх заадтыг үндэслэн буруу шийдвэр гаргасны улмаас ажлаас халагдсан ажилтанд шүүхийн шийдвэрээр төсвөөс олгосон цалин болон бусад зардлыг тухайн шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтнаас нэхэмжилж төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулж байна. Иргэн М.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч М.М-д 1.229.593 төгрөгний цалинг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон нь анхан шатны баримтаар нотлогдож байна. Иймд Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч М.М-д олгосон 1.229.593 төгрөгийн цалинг тухайн үед буруу шийдвэр гаргасан Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Р.Б-аар нөхөн төлүүлэх шийдвэр гарган, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын албанаас Говь-Алтай аймгийн Засаг даргад буруу шийдвэр гаргасны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах тухай албан шаардлага ирүүлсэн. Энэ албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах чиг үүргийг Засаг даргын зүгээс манай байгууллагад өгсөн. Манай байгууллага Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Говь-Алтай аймгийн Дотоод аудитыг хариуцан хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллага юм. Тийм учраас уг чиг үүргийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасан. Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Р.Б нь буруу шийдвэр гаргасны улмаас төсөвт 1.229.593 төгрөгийг учруулсан болох нь шат шатны шүүхээр тогтоогдсон байх тул төсөвт учирсан гэм хорын хохирол болох 1.229.593 төгрөгийг хуульд заасны дагуу Р.Баар нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Р.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Р овогтой Б миний бие аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажиллах боломжгүй гэж үзэж байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан болно. Тухайн үед төрийн алба хашиж байхдаа гаргасан шийдвэр. Шийдвэрт холбогдох учирсан хохирлыг тухайн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Р.Б-д холбогдуулан байгууллагын төсөвт учруулсан гэм хорын хохирол 1.229.593 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Р.Б нь ....Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажиллах боломжгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан. Төрийн алба хашиж байхдаа гаргасан шийдвэр. Шийдвэрт холбогдох учирсан хохирлыг тухайн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх саналтай байна... гэж маргажээ.

Хариуцагч Р.Б нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах үедээ тус байгууллагын жолооч М.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаартай шийдвэрээр М.М-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.229.593 төгрөгийг ажил олгогч байгууллагаас гаргуулж М.М-д олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 220 дугаартай шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна. /ХХ-3-8/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Манай байгууллага Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Говь-Алтай аймгийн Дотоод аудитыг хариуцан хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллага юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар уг чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаж төсөвт учруулсан хохиролыг шаардах эрхтэй...гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй хэм хэмжээ буюу Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж, мөн хуулийн 103.3 дахь хэсэгт Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж, 103.4.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийн хувьд авч үзвэл:

Нэхэмжлэгч буюу Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.2, 103.3-т зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж, дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцана гэж заасан байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт ...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар хуульчилсан байх бөгөөд тухайн Засаг даргын Тамгын газрын дээд шатны байгууллага нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар байх тул дээр дурдсаны дагуу Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь уг үүргийг хариуцахаар байна. Аудитын тухай хуульд зааснаар эдгээрийн аудиторууд нь улсын байцаагчийн эрхийнхээ дагуу төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих хэлбэрээр уг үүргээ хэрэгжүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрх үйл баримт нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байх бөгөөд Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих эрхтэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар олгоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд авч үзвэл:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ шүүхэд тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасныг үндэслэн нөхөн төлүүлнэ гэсэн байгааг эрх зүй талаас нь тайлбарлавал аудит уг үүргээ хэрэгжүүлэхдээ үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх учиртай.

Харин дээрх эрхийн үндэслэл болгох эрх зүйн хэм хэмжээ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйл байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заажээ.

Тодруулбал дээр дурдсан хуулиудын тухайн заалтын агуулгыг эрх зүйн үүднээс тайлбарлавал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн энэхүү зохицуулалтын агуулга нь ажиллагсад хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа гэм буруутай үйлдлээр өөрийн ажиллаж байгаа байгууллагадаа хохирол учруулах тухай биш харин бусдад буюу гуравдагч этгээдэд хохирол учруулсныг ажил олгогч арилгах тухай ойлголт юм.

Хариуцагч Р.Б нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх үедээ ажилтныг ажлаас чөлөөлсөн байх ба ажилтныг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоож түүнд олговор олгосон үйл баримт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн агуулгад хамаарахгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт учирсан хохирлыг Р.Б-аар төлүүлэхээр гаргасан нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Энхсүх нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Аудитын байгууллага шалгаад төлөх ёстой гэсэн болохоор хариуцагчаас гаргуулах нь зөв байна гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Р.Б-д 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн боловч онцгой байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Олхонуд овогт Р.Б-д /ДЕ58082711/ холбогдуулан гаргасан төсөвт учруулсан гэм хорын хохиролд 1.229.593 төгрөг гаргуулахыг хүссэн Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                        

 

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ҮЙТҮМЭН

 

Э.ОЮУН-ЭРДЭНЭ