Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1033

 

 

 

 

 

 

 

 

2023         08           29                                       2023/ШЦТ/1033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.А       нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2308000001**** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 11-ний өдөр ****аймгийн ***суманд төрсөн, **настай, эмэгтэй, дээд боловсролтой, **мэргэжилтэй, **** ХХК-н инженер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Сонсголонгийн ****дугаар ***тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д****** овогт Б-ын А/РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А    нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А    нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороон нутаг дэвсгэрт байрлах “*****” зочид буудалд “ахын гэр бүлийг үймүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Ц.Д*-г зодож, биед нь баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шуу, хоёр бугуйн үе, хүзүү, баруун дал, булгалга, зүүн дал, гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Хохирогч Ц.Д*-ын:  “...Би 2020 оны 04 дүгээр сард "*****" гэх фейсбүүк хаягтай найз болж чаталж эхэлсэн. 3-4 хоног чатлаад "царайгаа харж уулзъя" гэхээр нь би  гэрийнхээ ойролцоо Ар согоотод дуудаад уулзсан. Тэрнээс хойш Бтай уулздаг болсон. ...2023 оны 07-р сарын 16-ны 08 цагийн үед гэрээсээ гараад Бтай ярьтал согтуу байсан тэгэхээр нь үеэл рүү нь залгаад хаана байгааг нь мэдээд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд байрлах ****зочид буудалд Бийн байгаа өрөөд ортол нэг найзтайгаа ууж байсан. Б бид 2 ярилцаад эвлэрээд байж байтал 12 цагийн үед Бийн дүү орж ирээд "та нарыг цагдаад өгнө" гээд гараад явсан. Удалгүй Бийн дүү орж ирээд намайг үсдэж унагаагаад, дал, нуруу бөөр лүү өшиглөсөн. Уулзаад 6 сар орчим хугацаа өнгөрсний дараа гэр бүлтэйг нь мэдсэн. Миний биеийн толгой хэсэгт Б-ийн дүү хөлөөрөө дэвссэн. Хацар буйлны арьснаас цус гарсан. Хоёр гарын шуу хумсны мэт мөр гарсан. 2 дал хөндүүртэй. Бие тэр чигтээ хөндүүртэй байна. Ээж нь намайг нээх зодоогүй, дүү нь ихэнх шархыг үүсгэсэн. Дээрх гэмтлүүдийг 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ****зочид буудалд байхад Б-ийн дүү А ирээд намайг орон дээр сууж байхад үсдээд гараараа миний баруун хацар зүүн хацар хэсэгт 1 удаа цохиж миний 2 гуя даланд 3 удаа өшиглөж гэмтээсэн. Харин умдагт учирсан гэмтлийг Б бид 2 харилцан зөвшөөрч бэлгийн харилцаанд орсон үед учирсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 12-13, 16-17 дахь тал),

 

2. Гэрч Б.Б-ийн: “...Би Д гэх хүнтэй 2 жилийн өмнө фейсбүүкээр танилцаж, тэр цагаас ганц нэг уулздаг болсон. 2022 оноос Д нь “би танд хайртай, надтай уулзахгүй бол эхнэрт чинь хэлнэ, шүү” гэж дарамталдаг болсон. Энэ байдал нь 2023 оны 6 сараас улам даамжирч манай эхнэр лүү чат бичиж “Б ахаас салчих л даа, ээжийнхээ дугаарыг өгчих” гэж ээжийн минь дугаарыг хүртэл авч 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай ээж Сарантуяа руу залгаж ярьсан гэсэн. Тэр үед манай дүү Аээжийн өмнөөс ярьж зодоон үүсэх шалтгаан болсон байх. Би 2023 оны 7 сарын 15-ны өдөр тахилтын эцэст үеэлийндээ байхад миний дугаар луу залгаад “та хаана байна, хоёулаа уулзъя” гэхээр нь би “чи тэгвэл таксидаад хүрээд ир” гэтэл такси бариад хүрээд ирсэн. Тэр үед би Д-ын биед гар хүрээгүй. Би гэр бүлтэй хүн. Эхнэр У-тэй 2016 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр 2 охин, нэг хүүтэй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9005 дугаартай “:..Ц.Дын биед зүүн өгзөгт шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал зүүн хацар, шуу, 2 бугуйн үе, умдагт зулгаралт, хүзүү, баруун дал, бугалга, зүүн дал, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),     

 

4. Шүүгдэгч Б.А-н: “...Би 2023 оны 7 дугаар сарын 16-ны 12 цагийн үед Азука зочид буудалд өөрийн төрсөн ах болох Бийг авах гэж ирсэн. Зочид буудалд ирэхэд манай ах миний танихгүй 2 хүнтэй согтуу байсан. Би ах болох Бийг гэр лүүгээ явъя гэж хэлэхэд буудалд байсан Д гэх хүүхний ятгалгаар эсэргүүцэл үзүүлэн явахгүй байсан. Тэгэхээр нь би Д-д “чи 3 нялх хүүхэдтэй хүнийг эхнэр хүүхэдтэй нь сүрдүүлж буудалд өдөр шөнөгүй байлгахаасаа ичээч” гээд цонхны урд зогсож байхад нь нуруу руу нь нэг удаа өшиглөөд үсдэж газар унагаагаад толгой дээр нь ширээн дээр байсан ундааг асгаж, бөөр, 2 гуя руу нь 3 удаа өшиглөж, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд байж байтал тэнд байсан хүмүүс салгасан. Тэр хүүхэн манай ахтай буудалд нэг орон дээр нүцгэн хэвтэж байхаар нь тухайн үед миний уур хүрээд тийм зүйл хийсэн байсан. Би тухайн үед Д гэх хүнийг ганцаараа зодсон. Тухайн үед хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

 

            5. Шүүгдэгч Б.А-н хувийн байдлыг шалгасан баримтууд (хавтаст хэргийн 35, 40-55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч Ц.Д нь эмчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ань торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д** овогт Бын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ань дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ