Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багт оршин суух, Харнууд овогтой Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багт оршин суух, Харнууд овогтой Б.Б-д холбогдох

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Э, өөрийн эгч Б.Б-д холбогдуулан тус шүүхэд хүү Бг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Би хүүгээ төрүүлснийхээ дараа 2005 онд Улаанбаатар хот руу явж ажил хийх гэсэн боловч хотод очоод 2 сар болоод буцаад ирсэн. Ингэж явахдаа хүүгээ өөрийн эгчийн нэр дээр үрчлүүлсэн юм. Явж ирээд хүүгээ өөр дээрээ авсан боловч нэр нь эгчийн нэр дээр хэвээрээ байсан. Одоо хүү маань насанд хүрч иргэний үнэмлэх авах гэтэл Улсын бүртгэл дээр нэр нь зөрчилтэй гарч ирээд байгаа учраас хүүдээ Э.Б нэрээр нь иргэний үнэмлэх авах хүсэлтэй байна. Хэдийгээр хүүгээ бичиг баримтын хувьд үрчлүүлсэн боловч би өөрөө хүүгээ өсгөж хүмүүжүүлсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие Э-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б-ийг 2005 оны 01 сарын 10-ны өдөр ээж Б.Э нь хот руу явж ажил хийх үедээ миний нэр дээр үрчлүүлчихээд явсан. 2 сарын дараа ээж Б.Э нь ирээд хүүтэйгээ хамт хөдөө амьдрах болсон. Хэдийгээр миний нэр дээр үрчлүүлсэн боловч ээж, хүү 2 хамт амьдардаг. Одоо хүү Б иргэний үнэмлэх авах гэтэл сумын иргэний бүртгэл дээр нэр нь Б-ын Б гэж гарч ирээд, гэрчилгээгээр болохоор миний нэрээр гарч ирсэн зөрчил гарсан учраас үрчлэлтийг хүчингүй болгож, ээжийнх нь нэр дээр шилжүүлж байж иргэний үнэмлэхээ авах боломжтой болох юм. Иймд хүү Б-ий үрчлэлтийг хүчингүй болгож, ээжийнх нь нэр дээр шилжүүлж, хүү Б-ий иргэний үнэмлэх авахад гарч буй зөрчлийг арилгуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Э нь 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б-ийг Б.Б-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хүүгээ төрүүлснийхээ дараа 2005 онд Улаанбаатар хот руу явж ажил хийх гэсэн боловч хотод очоод 2 сар болоод буцаад ирсэн. Ингэж явахдаа хүүгээ өөрийн эгчийн нэр дээр үрчлүүлсэн юм. Явж ирээд хүүгээ өөр дээрээ авсан боловч нэр нь эгчийн нэр дээр хэвээрээ байсан. Би 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эгч маань мөн 2 хүүхдийн хамт амьдардаг. Одоо хүү маань насанд хүрч иргэний үнэмлэх авах гэтэл Улсын бүртгэл дээр нэр нь зөрчилтэй гарч ирээд байгаа учраас хүүдээ Э.Б нэрээр нь иргэний үнэмлэх авах хүсэлтэй байна... гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Б.Б нь ...Б иргэний үнэмлэх авах гэтэл сумын иргэний бүртгэл дээр нэр нь Б-ын Б гэж гарч ирээд, гэрчилгээгээр болохоор миний нэрээр гарч ирсэн зөрчил гарсан учраас үрчлэлтийг хүчингүй болгож, ээжийнх нь нэр дээр шилжүүлж байж иргэний үнэмлэхээ авах боломжтой болох юм. Иймд хүү Б-ий үрчлэлтийг хүчингүй болгож, ээжийнх нь нэр дээр шилжүүлж, хүү Б-ий иргэний үнэмлэх авахад гарч буй зөрчлийг арилгуулах хүсэлтэй байна... гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09/000001 дугаартай үрчлэлтийн лавлагаанд ...үрчлэхийн өмнө хүүхдийн овог нэр Э.Б, үрчлүүлсэн эхийн овог нэр Харнууд овогт Б.Б-д үрчлүүлж 2005 оны 01 дүгээр сарын 10-нд Говь-Алтай аймгийн Цээл сумын үрчлэлтийн 1-рт Харнууд овогт Б.Б болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэж,

- Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 498/000032 дугаартай эхийн овог, нэр Б.Э 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрүүлсэн Э-ийн Б-г 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын 16-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Цээл сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/06 дугаартай Б.Э нь 1977 онд төрсөн. Ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн иргэн мөн болно гэх тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн Цээл сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/08 дугаартай Б овогтой Б нь 1972 онд төрсөн. Ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн иргэн мөн болно гэх тодорхойлолт,

- Б овогтой Б БГ201806107 дугаартай Суурь боловсролын гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Харнууд овогтой Б-н Б 0048216 дугаартай Суралцагчийн хувийн хэрэг-т Сургууль төгссөн тухай мэдээлэл гэх хэсэгт Э.Б гэж бичигджээ.

Хүү Б нь 2003 оны 02 сарын 25-ны өдөр төрж, Б.Э-ээр овоглосон болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба улмаар Б.Э-ээр овоглосон Бг 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Бд үрчлүүлэн овгийг Б болгон өөрчилсөн болох нь 09/ дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хүү Б нь 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Б-д үрчлэгдэж, үрчлэлтийн гэрчилгээ авсан боловч Б.Б-тай хамт амьдарч байгаагүй, төрсөн ээжтэйгээ 2005 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт ...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т ...Үрчлэгч нь ... энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно... гэж, 57.2-т ...ашиг хонжоо олох зорилготой... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно... гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч Б.Б нь өөрийн дүү Б.Э-ийг Улаанбаатар хот руу ажил хийхээр явахад нь түүний хүү Б-г үрчлэлтийн бүртгэл хийлгэн авч үлдсэн боловч үрчлэн авснаас хойш хүү Б-г өөрийн асрамжид байлгаагүй, үрчлэгдсэн гэх хүү Б нь одоог хүртэл эх Б.Э-ийн асрамжид өсөж торниж байгаа, Б.Б-тай хамт амьдарч байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд хүү Б-г хариуцагч Б.Бд 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэснийг үндэслэн хүү Б-г эх Б.Э-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, хүү Б-ын Б-г үрчлэгч Харнууд овогт Б.Б-д 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан хүү Б-г эх Б.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ