Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00034

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00034

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, Алагтолгой багийн 4-7 тоотод оршин суух,  регистрийн дугаартай, Ш овогт Э-ийн Уийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.У нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрдэнээ овогтой У миний бие 1970 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Улаан толгой гэх газар Эрдэнээгийн 5 дахь охин болж төрсөн.

Би 1978 онд Мөст сумын сургуульд 1-р ангид элсэн орж, 1988 оны 6 сард 10 дугаар ангиа төгсөөд улмаар 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн илгээлтээр Мөст сумын Туяа нэгдлийн Цэцэг гол бригадад эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. 1991 онд Туяа нэгдэл тарж Туяа ХК болоход ч гэсэн малчнаар ажиллаж байсан.

Ингээд 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2000 он дуустал мал маллаж ирсэн.

Иймд намайг 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэмж гаргах тайлбар байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Э.Уийн 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Э.У нь 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 1130 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа буюу Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 44 дүгээр тушаалын хавсралт, 1986-1993 оны Мөст сумын 70 дугаар дансны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн бат илэрхийлэлийн нотариатаар гэрчлүүсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн лавлагаа,

Гэрч Н.Оюумаагийн ...Миний бие нь Э.Утэй Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд буюу одоогийн Цэцэг гол багт бага наснаасаа хамт өссөн бөгөөд Э.У нь аав ээжийн хамт мал маллаж, 1986-2000 он хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч Л.Угталдорж... Э.У нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан хошуу бригадад 1988-2000 оныг дуустал мал маллан амьдарч, малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Э.Уийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шажинбат овогт Эрдэнээгийн Уийг 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Э.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ