Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0547

 

                                                          

 

 

 

 

 

 

 

     “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0036 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Арманы давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Н

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 110/2025/0006/З

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0036 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Манай компани нь 2015 онд байгалийн боржин чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж үйл ажиллагаагаа Өлгий сумын 4-р багийн үйлдвэрлэлийн бүсэд орших 00032222* дугаар эзэмшлийн гэрчилгээ бүхий үйлдвэрийн зориулалттай 2500 м.кв талбайтай газар болон 00032222* дугаар эзэмшлийн гэрчилгээ бүхий ойжуулалт, таримал ойн зориулалттай 2500 м.кв талбайтай бүгд 5000 м.кв газарт явуулдаг. Тус газруудыг Өлгий сумын Засаг даргын 2016 оны 11-р дүгээр сарын 07-ны өдрийн 240 дүгээр захирамжаар дээрх зориулалтаар нь эзэмшилдээ авсан. Анх тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа кадастрын зураг байгаагүй байсан бөгөөд тухайн газарт үйлдвэрийн 3 үл хөдлөх хөрөнгө барьж байгуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Сүүлд нь кадастрын зургийг үйлдэхэд тухайн үл хөдлөх хөрөнгөнүүд байгаа газрыг шууд хоёр хувааж нэгийг нь үйлдвэрлэл, нэгийг нь ойжуулах зориулалтын талбай болгон кадастрын санд байршуулсан байна. Ингэж кадастрын зургийг үйлдэхдээ манай компанийн саналыг аваагүй. Үүнээс болж хүчингүй болсон ойжуулах газарт манай компанийн үл хөдлөх хөрөнгө оршиж байгаа. Тодруулбал кадастрын зураг буруу хийгдсэнээс болж үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эрх хүчингүй болоход хүрч байна. 10 жилийн хугацаанд дээрх газруудад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн ба тухайн бүс анхнаасаа үйлдвэрлэлийн бүс нутаг байсан бөгөөд зөвхөн иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй байсан. Тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаас өөр зориулалтаар ашиглах боломжгүй байсан бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн газартай нэг талбарт багтаж байснаас гадна кадастрын зураггүй, хилийн зааг, хязгаарыг тогтоож өгөөгүй байсан. 2023 оны 11 дүгээр сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар дээрх газарт мод тарих болсон боловч нэгэнт өвөл болсон тул тэр ондоо амжаагүй. Хавар мод тарих үед манай компани нь Ногооннуур сумын нутгаас чулуу бэлдэх ажилд гарсан тул мод тарьж амжаагүй.

2.2. Өлгий сумын Засаг даргын 2024 оны А/246 дугаар захирамжийн хавсралтын 4-р хэсэгт газрын хэмжээг 25000 м.кв гэж бичсэн нь уг захирамж эрх зүйн чадамжгүй байгааг харуулна. Захиргааны акт илт хууль бус шинжийг агуулж байгаа учраас шүүхэд энэхүү асуудлаар маргасан боловч шүүх дүгнэлт хийгээгүй.

2.3. Тухайн газрын хувьд хилийн зааг хязгаар тодорхойгүй байснаас гадна сүүлийн жилүүдэд корона вирусын цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Шүүхээс олон улс дамжсан цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2.4. Манай компани мод тарьж, худаг гаргах, цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг хийсэн боловч тухайн мод тарьсан газар үйлдвэрлэлийн бүст орсон байсан. Анх кадастрын зураггүй байсны улмаас манай компанийг буруутгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0036 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            2. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн, нэхэмжлэгч “Б” ХХК-ийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 240 дугаар захирамжаар Өлгий сумын *-р багт ойжуулах зориулалтаар олгосон 2500 м.кв газрын эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

            3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхтэй болсноос хойш газраа /ойжуулах/ зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй, ... Ковид цар тахлын хөл хорио тогтоосон үед газраа зориулалтын дагуу эзэмшиж чадаагүй болох шалтгаантай байснаа нотлоогүй, ойжуулах зориулалтаар ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, маргаж буй газар дээр үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө байгаа нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь зориулалтын бусаар газрыг ашигласан гэж үзэх бөгөөд ... үл хөдлөх хөрөнгийн маргаан нь тусдаа маргаан болно ...” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... хүчингүй болгосон ойжуулах зориулалттай газар дээр манай компанийн үл хөдлөх хөрөнгө оршиж байгаа ... 10 жилийн хугацаанд дээрх газруудад үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн ба тухайн бүс нутаг анхнаасаа үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй байсан ...” гэжээ.

            5. Нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ дурдаж, өөрийн өмчлөлийн ажилчдын байр болон үйлдвэрийн зориулалттай 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг[1] хавсаргаж нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон байна.

6. Харин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 240 дугаар захирамжаар[2] нэхэмжлэгчид ойжуулах зориулалтаар 2500 м.кв газрыг эзэмшиж байсан “А” ХХК-иас шилжүүлэн олгосноос үзэхэд “ойжуулах” зориулалттай газар дээр нэхэмжлэгч үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьж зориулалтын бусаар ашигласан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

            7. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн аль үл хөдлөх хөрөнгө нь маргаж буй газар дээр байрлаж байгаа, хэзээ баригдсан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газар орчмыг ямар зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан болох, газар эзэмших эрхийг нэхэмжлэгч бусдаас шилжүүлэн авах үед хариуцагч нь зориулалтын дагуу ашиглаж байсан эсэхийг нягталж шалгасан эсэх, шалгасан бол үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг ойжуулах зориулалтаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ тухайн хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлэсэн эсэх, мөн газрын зориулалт нь “ойжуулах” байхад тухайн газар дээр үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэрхэн олгосон зэрэг нь тодорхойгүй байгаагаас тус шүүх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна.

8. Иймд анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй ойлгомжгүй нөхцөл байдлыг тодруулж, газрыг зориулалт бусаар ашигласан гэх үйл баримтыг зөв тогтоож, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 14-17 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 7 дугаар тал