Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00051

 

   Б.Н-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух Б.Н-ны нэхэмжлэлтэй, К.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, хариуцагч К.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А-ын төрүүлсэн эх Б.Н мөн болохыг тогтоолгох, төрүүлсэн эхийн асрамжид буцаах” тухай.

            Нэхэмжлэлд: “К.А нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өөрийнхөө эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээр хэвтүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрөлтийн түүх, нярайн түүх, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээг ашиглан миний төрүүлсэн хүүхдийг өөрөө төрүүлсэн мэтээр Улсын бүртгэлийн хэлтэст материал бүрдүүлэн өгч төрсний гэрчилгээ гаргуулан авсан нь Эрүүгийн 0000000 тоот хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. К.А, Т.К нар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл бичиж /үнэн байдлыг төрийн байгууллагад мэдэгдээгүй нуусан/ уг хүүхдийг өөрөө төрүүлсэн мэтээр бүртгүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 233 зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэдэг нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар уг хэргийг хаасан байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллагад иргэн К.А, Т.К нарын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргаж, миний хүүхдэд гэрчилгээ гаргуулж авсан хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, хүүхдийг төрсөн эх болох Б.Н надад буцаан өгч шударга шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: “2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Н хүүхэд төрүүлсэн нь үнэн. Б.Н-ы төрөх хугацаа нь аль хэдийн болчихсон, төрөх эмнэлэгт хүргэгдчихсэн, ямар ч бичиг баримтгүй байсан тул миний эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ашиглаж амаржсан.  Маргааш нь Б.Н эмнэлгээс гарахаар болоход хүүхдээ өөртөө авч асрахаас татгалзсан. Би нялх хүүхдийн буруу байхгүй, тэр ч гэсэн эцэг эхийн халамжийг хүртэх эрхтэй гэсэн үүднээс энэ хүүхдийг асарч авахаар шийдсэн. Түүнээс биш ямар нэгэн субьектив санаа огт байхгүй. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр Б.Н нь бусдын нөлөөнд автаж буюу бидний боломжийн айл гэдгийг олж мэдээд мөнгө салгахын төлөө аймгийн Цагдаагийн газарт хандаж нөхөр бид хоёрыг түүний хүүхдийг булааж авсан мэтээр харагдуулж өргөдөл гаргасан байсан. Одоо ч гэсэн Б.Н нь нөхөр бид хоёроос байнга мөнгө нэхэж байгаа. 2 сая төгрөг шилжүүл гэж дансны дугаар явуулж байсан. Тэгээд сүүлд К.А, Б.Н-д 1000000 төгрөгийг бэлнээр өгч гараар нь баримт бичүүлж авсан. Ер нь Б.Н-ы далд санаа нь надаас их хэмжээний мөнгө салгах гэсэн нь тодорхой. Б.Н надад хэлэхдээ би энэ хүүхдийг чамаас түр авчхаад шүүхээр эцгийг нь тогтоолгож, тэр хүнээр асран хамгаалах тэтгэлэг тогтоолгоод хүүхдийг чамд өгнө гэж хэлж байсан. Хэрвээ Б.Н төрүүлсэн хүүхдэдээ үнэхээр хайртай байсан бол хэзээ ч хаяж явахгүй байсан. 8 сар гаруй хугацааны дараа хүүхдээ буцаан авъя гэж байгаа нь цаанаа мөнгөтэй болох гэсэн субьектив санаатай холбоотой гэж үзэж байна. Уг хүүхдэд бид А гэдэг нэр өгч одоо 8 сартай нөхөр бид хоёрын асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байна. Би хүү А-ыг хэзээ ч Б.Н-д өгөхгүй, Б.Н-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дүгээр шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-г баримтлан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А-ыг төрүүлсэн эх Б.Нуржан мөн болохыг тогтоосугай. 2.Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А-ыг төрүүлсэн эх Б.Нуржанд буцааж, түүний асрамжид үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Б.Н-ы нэхэмжлэлтэй К.А-т холбогдох хүүхдийн маргааныг хянан шийдвэрлэхэд Гэр бүлийн тухай хуулийг буруу хэрэглэн хууль ёсны бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Н хүү А-ыг төрүүлсэн нь үнэн. Б.Н-ы төрөх хугацаа нь аль хэдийн болчихсон, төрөх эмнэлэгт хүргэгдчихсэн, хүүхдээ төрүүлэх гэж дуншиж байхдаа ямар ч бичиг баримтгүй байсан. Ингээд К.А миний эрүүл мэндийн дэвтрийг ашиглан хүүг К.А гэдэг хүн төрүүлсэн болгосон. Б.Н нь төрснөөс хойш өөрийн төрүүлсэн хүүхдээ өөртөө авахаас эрс татгалзсан. К.А би тухайн үед нярай хүүхдийг өөртөө авч асарч бойжуулах эсхүл хүүхэд асрах байгууллагад хүргэж өгөх гэсэн хоёр сонголттой байсан. Миний бие буруу бүртгэлтэй төрөлтийн түүхийг залруулъя гэж байтал эмнэлгийн гадаа нэг үл таних эмэгтэйтэй тааралдаж, дээрх болсон явдлын талаар ярихад  тэрээр “нэгэнт Б.Н төрүүлсэн хүүхдээ өөртөө авахаас татгалзаж байгаа бол төрөлтийн түүхийг өөрчилж яах юм. Учир нь нялх амьтныг хүүхэд хамгаалах газарт өгвөл энэхүү хүүхэд өнчин өснө, дээрээс нь тухайн газар чинь чиний бодож байгаа шиг тийм сайхан тав тухтай газар биш. Өөрөө хүүхэдгүй юм байна. Хэрэв хүүхэд асарч авах бодолтой байгаа бол бэлэн материалыг ашиглаад гэрчилгээ авч хүүхдийг өөрийн болгочихгүй юу даа” гэж зөвлөсөн. Тэгээд хүүхдийг үрчилж авах талаар нөхөртэйгөө ярилцаж үрчилж авахаар болсон. 

2. 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр Б.Н нь бусдын нөлөөнд автаж, манайхыг боломжийн амьдралтай айл гэдгийг мэдчихээд надаас мөнгө салгахын төлөө нөхөр бид хоёрыг түүний хүүхдийг хүч хэрэглэн булааж авсан утгатай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Одоо ч гэсэн Б.Н нь нөхөр бид хоёроос байнга мөнгө нэхэж байгаа. Мөн 2 сая төгрөг шилжүүл гэж дансны дугаараа хүртэл явуулж байсан. Тэгээд сүүлд К.А би Б.Н-д 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч гараар нь баримт бичүүлж авсан. Б.Н  надад “би энэ хүүхдийг чамаас түр авчхаад шүүхээр эцгийг нь тогтоолгоод тэр хүнээр асран хамгаалах тэтгэлэг тогтоолгоно, түүний дараа хүүхдийг чамд өгнө” гэж хэлж байсан. Хэрвээ Б.Н төрүүлсэн хүүхдэдээ үнэхээр хайртай байсан бол хэзээ ч хаяж явахгүй байх байсан.  8 сар гаруй хугацааны дараа хүүхдээ буцаан авъя гэж байгаа нь далд утга нь надаас мөнгө төгрөг салгах гэсэн субьектив санаатай холбоотой гэж үзэж байна. Хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах ёстой. Асран хамгаалах үүргээ нэг ч удаа биелүүлээгүй, хүүхдийг зөвхөн мөнгөний ашиг сонирхлын үүднээс надаас буцаан авах гэж байгаа. Эх нь хүүхдээ асран хамгаалахаас татгалзсан, эсхүл төрүүлсэн хүүхдээ хаясан, эсхүл эх нь хүүхдээ худалдахаар завдсан зэрэг хууль бус асуудлыг анхан шатны шүүх хаацайлан хамгаалсан явдалд гомдолтой байна. Миний бие Б.Н-тай уулзалдаж тааралдаагүй байсан бол магадгүй энэ хүүхэд эмнэлгийн гадаа хаа нэг газарт үлдэж адгуус амьтны хоол болсон байхыг үгүйсгэхгүй. Гэтэл би өнөөдөр энэ хүүхдийг өдий хүртэл харж хамгаалж, өсгөн бойжуулж байгаагийн төлөө, тэр үед эх хүний нинжийн сэтгэл, хүн чанар гаргасныхаа төлөө буруудахгүй гэж үзэж байна. Уг хүүхдэд бид А гэдэг нэр өгч одоо 10 сартай, нөхөр бид хоёрын асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байна. Би хүү А-ыг хэзээ ч Б.Н-д өгөхгүй. хүү А одоо бага зэргийн хэл орсон, тэргэнцрээр хөлд ороод “Аав, ээж” гээд эрхлэн явж байна.

3. Нэхэмжлэгч Б.Н нь уг асуудлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраар шалгуулсан боловч К.А намайг буруугүй болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл К.А би хүү А-ыг түүнээс хүчээр булаан аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон.

4. Анхан шатны шүүх нь К.А миний төрсөн цагаас өдий хүртэл өдөр, шөнөгүй хүү А-ыг асарч, өсгөн бойжуулсан нөр их хөдөлмөр, хүчин зүтгэлийг минь шууд үгүйсгэн хүү маань надад илүү их дассан бодит байдлыг харгалзан үзээгүйгээр барахгүй эх хүн намайг сэтгэл санааны гүнзгий дарамтад оруулан төрүүлээгүй ч гэсэн төрүүлсэн эхээс нь илүү асарч бойжуулж буй байдал, эх хүү хоёрыг хуулиар далайлган салгах гэж байгаа нь зөв асуудал биш. Энд хамгийн чухал нь хүүхдийн эрх ашгийг илүүд үзэх ёстой. Өнөөдөр 10 сар дассан орчноос хүүг маань салган огт танихгүй хүний асрамжид шилжүүлбэл хүүхдийн сэтгэл санаа, өсөлт бойжилт, ирээдүйд маш их сөрөг талууд гарна.  

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Б.Н-ы “Улсын бүртгэлийн байгууллагад иргэн К.А, Т.К нарын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргаж миний хүүхдэд гэрчилгээ гаргуулж авсан хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, хүүхдийн төрсөн эх болох Б.Н надад буцаан авч өгч шударга шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагч К.А миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. “ гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н-ы давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “ Б.Н намайг эмнэлэгт хэвтүүлэхэд К.А өөрийн бичиг баримтаар хэвтүүлж, хүүхэд төрсний дараа миний гараас авч яваад нэг ч удаа харуулахгүй очиж асуухад "чиний хүүхдийг Цэнгэл сумын хүмүүст өгч явуулсан” гээд уулзуулаагүй.  Сүүлд нь хүүхдэд гэрчилгээ гаргуулан авч нэрийг нь А гэж нэрлэснээр надад хүүхдийг авах улмаар асран хамгаалах үүргээ биелүүлэх боломж олгоогүй өдий хүрсэн. Надад хүүхдээ хаясан асуудал байхгүй. Би аргагүйн эрхэнд 2017 оны 5 дугаар сараас Цагдаагийн байгууллагаар шалгуулж Аймгийн прокурорын газраас өөрийн хүүхдийг авахаар шүүхэд хандах эрхтэй гэсэн хариу авсны дагуу аймгийн шүүхэд хандсан.

Ер нь К.А урьд нь гэр бүлээсээ салсан, нэг хүүхэдтэй боловч өөрөө хүүхдээ хаана явааг мэдэхгүй яваа. Сүүлийн нөхөр болох Т.К-тай гэр бүл болсон нь эргэлзээтэй бөгөөд одоо хүртэл гэр бүл болсон талаар албан ёсны бичиг баримт байхгүй. К.А өөрөө Цагдаагийн байгууллагад шалгуулж байхад өгсөн байцаалтад гэр бүлийн баталгаа аваагүй гэдгээ хэлсэн нь хэргийн 30 дугаар хуудсанд байгаа байцаалтаар нотлогдож байна.

К.А нь өөрийн төрүүлсэн хүүхдээ одоо хаана байгааг мэдэхгүй, миний төрүүлсэн хүүхдийг хуурамч бичиг баримт ашиглан өөрийн нэр дээр буулгаж авч байгаа нь миний төрүүлсэн хүүхдийг анхнаасаа авах шууд санаа байсныг нотолж байна. К.А, Т.К нар анх хууль зөрчиж хүүхдийг хуулийн дагуу үрчилж аваагүй, хүүхэд  үрчлэх, үрчлүүлэх асуудал хуулийн дагуу явагдаагүй. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг 6.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан нь  тогтоогдсон. Одоо К.А миний хүүхдийг хууль бусаар авчхаад “10 сар хүү А-ыг өсгөн бойжуулахад их хөдөлмөр хүчин зүтгэл гаргасан, түүнийг харж хандахад гарсан 2 сая төгрөгийг надад өгөөд хүүхдээ аваарай” гэж хэлж байгаа бөгөөд уг хүүхдийг хуулийн дагуу үрчилж  авсан мэтээр одоо мөнгө нэхэмжилж, “хүүхдийг дассан орчноос нь салгаж, огт танихгүй хүний асрамжид шилжүүлбэл тэр хүүхдийн сэтгэл санаа, өсөлт бойжилт ирээдүйд маш их муугаар нөлөөлөх болно” гэж байгаа нь шударга ёсны асуудал биш гэж үзэж байна. Тийм эхийн сэтгэлтэй байсан бол би удаа дараа асууж гэрт нь очиж  надад хүүхдийг өгөхгүй худлаа хэлэхгүй байсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хугацаанд К.А хүүхдийг надад өгөх бүрэн боломж байсан гэж үзэж байна. К.А-т тус хүүхдийг авах субьектив санаа байсан нь түүгээр нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч К.А-т холбогдуулан “хууль бус улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хүүхдийг төрсөн эх болох Б.Н-д буцаах” тухай нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг шаардлагын талаар тайлбарлахдаа “Нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөж байгаа. Б.Н-ы төрүүлсэн хүүхдийг иргэн Н, А нар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, өөрсдийн нэр дээр буулгаж, төрсний гэрчилгээ гаргуулж авсан. Б.Н-ы төрүүлсэн хүүхэд нь төрснөөс хойш А, Н нарын асрамжид байгаа ба тэд халамжлах үүргээ биелүүлж байгаа нь тогтоогдсон. Иймд хүүхдийн эх Н болохыг тогтоож, хүүхдийг Н-ы асрамжид үлдээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах талаар юм ярихгүй, энэ бол захиргааны хэрэг.” гэжээ. /хэргийн 69 дүгээр тал/

            Өмгөөлөгчийн дээрх тайлбарын талаар шүүх хуралдааныг даргалагч шүүгч нэхэмжлэгч Б.Н-аас тодруулж асуухад, тэрээр “Шүүхэд нэхэмжлэл гаргасны учир маань хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна./хэргийн 69 дүгээр тал/ ... Хүүхдэд одоо олгогдсон байгаа гэрчилгээг хүчингүй болгож, хүүхдээ өөрийн асрамжид авахыг хүсэж байна.” гэжээ. /хэргийн 70 дугаар тал/

 

Дээрх байдлаас дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлагын талаар өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгчээс бүрэн дэмжиж байгаа эсэхийг, тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, эсхүл зарим шаардлагаасаа татгалзсан, татан авсан эсэхийг анхан шатны шүүхээс хангалттай сайн тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.” гэж заасан мэтгэлцэх зарчмын агуулга зөрчигдөхөд хүргэжээ. Иймд, нэхэмжлэгч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, эсхүл нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй байхад түүний “хүүхдийн төрсний гэрчилгээтэй холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” талаар гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй орхигдуулж, хүүхдийн төрүүлсэн эхийг Б.Н мөн болох асуудлыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

2. Хэргийн 16 дугаар талд авагдсан 000000 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээнээс үзвэл, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн А-н эцгийн нэрийг Т.К, эхийн нэрийг К.А гэж бүртгэл үйлдэгдэн, эрх бүхий албан тушаалтнаас гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгчээс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрүүлсэн хүүхдээ хууль бусаар авсан хүнээс эргүүлж авахыг шаардаж, К.А-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч уг хүүхэд Т.К болон К.А нарын асрамжид байгаа нь хүүхдийн гэрчилгээ болон зохигч талуудын тайлбараар тогтоогдсоор байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар Т.К-ийг шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй нь буруу байна. Энэ талаар хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж маргажээ.

 

Иймд дээрх үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                       

С.ӨМИРБЕК