| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00557/и |
| Дугаар | 153/ШШ2019/00565 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2019/00565
| 2019 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00565 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, ******* корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ******* тоотод оршин суух, А овогт Б-ын Х / /-д холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 628,749 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 111,864 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 78,049 төгрөг, нийт 818,662 /найман зуун арван найман мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00557/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн ерөнхий захирал ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41426650 тоот гэрээ байгуулан 99433106 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy А6 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 628,749 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 111,864 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 78,049 төгрөг буюу нийт 818,662 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б овогтой Х нь ******* корпораци ХХК-тай байгуулсан 41426650 тоот гэрээний үлдэгдэл 818,670 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь Б.Х холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 628,749 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 111,864 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 78,049 төгрөг, нийт 818,662 /найман зуун арван найман мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 818,662 /найман зуун арван найман мянга/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/6018 дугаартай албан бичгээр П.О итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,198 төгрөгийн тал хувь болох 12,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,099 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* корпораци ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 628,749 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 111,864 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 78,049 төгрөг, нийт 818,662 /найман зуун арван найман мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь хариуцагч Б.Х нэхэмжлэлийн шаардлага болох 818,670 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,198 төгрөгийн тал хувь болох 12,099 /арван хоёр мянга ерөн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,099 /арван хоёр мянга ерөн ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ