Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, Алагтолгой багийн 6-17 тоотод оршин суух,  регистрийн дугаартай, Б овогт Т-ийн Ггийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тогоочийн Г миний бие 1970 онд Ховд аймгийн Мөст сумын Улаан толгой гэдэг газар Тогоочийн нэг дэх охин болж төрсөн. Мөст сумын 8 жилийн сургуульд 1977 онд 1-р ангид орж ,1985 онд 8-р анги төгсөж мөн 1988-1994 он хүртэл Мөст сумын соёлын төвд ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Ховд аймгийн Мөст сумын соёлын төвд 1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал уран сайханчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Ггийн 1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын соёлын төвд уран сайханчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Г нь 1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын соёлын төвд уран сайханчаар ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын соёлын төвийн эрхлэгчийн 1991 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар Шагнах тухай тушаал, Т.Ггийн Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Т.Ггийн уран сайханчаар ажиллаж байх үедээ авахуулсан гэх гэрэл зураг, 1989 оны 1 дүгээр сарын, 4 дүгээр сарын, 9 дүгээр сарын, 10 дугаар сарын, 1990 оны 10 дугаар сарын цалингийн хүснэгт,

Гэрч Ш.Амарсайханы ...Миний бие нь Т.Гтай Ховд аймгийн Мөст сумын соёлын төвд 1988-1990 онуудад хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч Ц.Эрдэнэбаатарын ... Миний бие нь Т.Гтай Ховд аймгийн Мөст сумын соёлын төвд 1988-1990 онуудад хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Ггийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон овогт Тогоочийн Гг 1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын соёлын төвд уран сайханчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ