| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00472/и |
| Дугаар | 153/ШШ2019/00577 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 153/ШШ2019/00577
| 2019 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2019/00577 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум Д овогт Пийн Д //-д холбогдох,
үндсэн зээлийн үлдэгдэл 2,645,002.22 төгрөг, зээлийн хүү 1,761,808.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315,569.51 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг, нийт 4,726,380.59 /дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга гурван зуун наян төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 153/2019/00472/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвдорж овогтой Д нь Капитал банктай 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр № ЗГ-2015/121 тоот зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 2017 оны 6 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар цалингийн зээл авсан. П.Дгийн тус банктай байгуулсан №ЗГ-2015/121 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үургээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдуүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү тооцооллыг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд: Зээлийн №ЗГ-2015/121 тоот гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл: 2,645,002.22 /Хоёр сая зургаан зуун дөчин таван мянга хоёр төгрөг 22 мөнгө/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 1,761,808.85 /нэг сая долоон зуун жаран нэгэн мянга найман зуун найман төгрөг 85 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл:315,569.51 /Гурван зуун арван таван мянга таван таван зуун жаран есөн төгрөг 51 мөнгө/ төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг, бүгд 4,726,380.59 /дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянгагурван зуун наян төгрөг, 59 мөнгө/ төгрөгийг П.Дгээс гаргуулах нэхэмжлэл гаргасан. П.Д нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан....Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан байгаа....2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийх байсан төлөлтөөс үндсэн зээлд 107,014.97 төгрөгийн төлөлтийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацаа хэтэрч хийсэн....Хариуцагч нь тайлбартаа иргэн төлөлтийн хуваариа хуулаад биччихсэн байсан. 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж байгаа бол тэр баримтуудаа авчирч өгч болно. Тийм зүйл байхгүй учраас бид нар нэхэмжлэл гаргасан....Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд нндсэн зээлд 5,354,997,78 төгрөг, зээлийн хүүнд 1,984,736,51 төгрөг, нэмэгдсэн хүүнд 8,905.99 төгрөг нийт 7,348,640,28 төгрөг төлсөн....гэв.
Хариуцагч П.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвдорж овогтой Д нь Капитал банктай 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цалингийн зээл 8,000,000 төгрөг авсан. Ингээд зээлийн гэрээний хугацааны дагуу зээлийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь яаж батлагдаж байна вэ гэхээр 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгасан. Энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүү 2,160,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,906,000 төгрөг нийт 10,139,800 төгрөг төлсөн байна. Зээлийн хугацаа зээлийн графикийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хугацаа бүрэн дууссан. Графикт хугацаа дуусаад 3 жил болж байна. Энэ хугацаанд Капитал банкнаас ямар нэгэн нэхэмжлэл гаргаж байгаагүй. Зээлийн үлдэгдлийн талаар албан бичиг хүргүүлж байгаагүй. П.Д өөрийн дансаар гүйлгээ хийгээд 3 жил өнгөрсөн учраас үүгээр зээлийн төлөлт дууссан гэдгийг нотолж байгаа тул Капитал банкны нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт зээлийн хугацаа дуусаад 3 жил болж байхад зээлийн үлдэгдэл байгаа эсэх дээр албан ёсоор мэдэгдэж гарын үсэг зуруулж байгаагүй. П.Д дансаараа гүйлгээ хийгээд ашиглаж байсан. Одоо гэнэт нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Зээлийн үлдэгдэл байгаа талаар баталгаажуулсан нэхэмжилж байсан материал хэргийн материалд байхгүй учраас зээлийг тухайн хугацаанд бүрэн төлж дуусгасныг нотолж байгаа юм....Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах зүйл байхгүй....8,000,000 төгрөгийг зээлж авсан. Үйл ажиллагаа явуулаад хэрэглэсэн байсан тул зээлийн гэрээний хугацааны дагуу сар бүр 437,739.74 төгрөг төлж байсан. Зээлийг бүрэн төлж дуусгасан....Дуусгасан гэх нотлох баримт тодорхой байгаа. Би тухайн компаний захирал байсан. Манайх сар бүр гүйлгээ хийдэг байсан. Мөн хариуцагч нь манай гэр бүлийн хүн учраас маш сайн мэдэж байна. Сар бүр 437,000 төгрөг төлж байсан. Хэрвээ гэрээний хугацаа 3 жилийн өмнө дууссан. Энэ хугацаанд мөнгө үлдсэн бол нэхэмжлэл гаргах, зээлээ баталгаажуулаад мэдэгдсэн зүйл байхгүй....Нотариатын хөлс төлөхгүй. Нэгэнт зээлээ төлөөд дууссан учраас ямар нэгэн мөнгө төлөхгүй....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь П.Дд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,645,002.22 төгрөг, зээлийн хүү 1,761,808.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315,569.51 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг, нийт 4,726,380.59 /дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга гурван зуун наян төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш эс зөвшөөрч ....Хариуцагч П.Д нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлсөн.... гэж маргав.
Капитал банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, Капитал банкан дахь Банкны эрх хүлээн авагчийг үйл ажиллагааны хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг жилээр тогтоосон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, М.Адилбишийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6-7 дугаар тал/
Иймээс Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хариуцагч П.Д нь Капитал банкны Ховд салбараас 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-2015/121 дугаартай зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 8,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ-2015/121 дугаартай Зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/
Хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 5,354,997.78 төгрөг, зээлийн хүү 1,984,736.51 төгрөг, нэмэцдүүлсэн хүү 8,905.99 төгрөг, нийт 7,348,640.28 төгрөгийг төлсөн болон зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 8,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээлд 107,014.97 төгрөгийн эргэн төлөлт хийж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.
Талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-2015/121 тоот Зээлийн гэрээний 8.3.1-д Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн /2 ба түүнээс дээш зөрчлийг ойлгоно/ зөрчсөн, 8.3.2-т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт /1/)-н дагуу төлөөгүй зэрэг нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардахаар талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ.
Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх зээлийн хүү 1,761,808.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315,569.51 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад банк нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардаагүй буруутай байх тул 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-2015/121 тоот Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр буюу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол-оос тооцон /хх-ийн 12 дугаар тал/ хариуцагчаас үндсэн зээл 2,645,002.22 төгрөг, зээлийн хүү 320,025.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,213.56 төгрөг, нийт 2,992,241.68 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлж дуусгасан гэж маргах боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын хөлс 4,000 төгрөг гаргуулахаар шаардах бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нотариатын хөлс 4,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч П.Дгээс үндсэн зээл 2,645,002.22 төгрөг, зээлийн хүү 320,025.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,213.56 төгрөг, нийт 2,992,241.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,734,138.91 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч П.Дгээс 2,992,241.68 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,826 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасны баримтлан хариуцагч П.Дгээс үндсэн зээл 2,645,002.22 төгрөг, зээлийн хүү 320,025.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,213.56 төгрөг, нийт 2,992,241.68 /хоёр сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,734,138.91 /нэг сая долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун гучин найман төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 62,826 /жаран хоёр мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ