Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар     2023/ШЦТ/963

 

 

  2023           7          04                                       2023/ШЦТ/963

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч Э.Баасанбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө овогт У Н-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 01514 1821 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...............” авто салонд өнгөлгөө хийдэг, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 79-50 тоотод оршин суух хаягтай гэх, урьд

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Ө овогт У-ын Н, /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Оын Хаан банкны …................ дугаарын данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар мөнгө авч бага хэмжээнээс дээш буюу 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оын өгсөн: "...Би 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Амгалан зах орчмоос такси бариад Дарь Эхэд байрлах эгчийнхээ гэр рүү хүргүүлсэн юм. Би цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн машинтай эрэгтэй жолоочтой таксинд суусан юм. Би эгчийнхээ гадаа очоод бэлэн мөнгөгүй, гар утасгүй байсан учир тухайн таксины жолооч залуугийн гар утсанд сим картаа хийгээд *1917#-аар данснаасаа мөнгө шилжүүлье” гэж хэлэхэд тухайн жолооч залуу зөвшөөрсөн юм. Би тэгээд тэр залуугийн утсанд сим картаа хийлгээд тэр залуугаар өөрөөр нь таксины 20,000 төгрөгийг данс руу нь хийлгүүлсэн. Тэгээд тэр залуу миний симийг буцаагаад өглөө гэж бодсон. Би буугаад эгчийндээ ороод байж байхад манай эгчийн хүүхэд “200,000 төгрөг зээлээч” гэхээр нь дүүтэйгээ хамт утсаар нь сим картаараа данс руугаа нэвтрэх гэтэл миний сим карт биш өөр хүний сим карт надад өгсөн байсан. Тэгээд дансны үлдэгдлээ шалгахад миний данснаас 400,000 төгрөгөөр, 1,150,000 төгрөгөөр тус тус зарлага гарсан байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

   Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40 дэх тал/,

   Хаан банкны 5378010365 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7 дахь тал/,

   Яллагдагч *******гийн гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ин 49-50 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Г.Н  нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Оын Хаан банкны 5378010365 дугаарын данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар мөнгө авч бага хэмжээнээс дээш буюу 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Оын Хаан банкны 5378010365 дугаарын данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар мөнгө авч, 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

   Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Оын Хаан банкны ................ дугаарын данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар мөнгө авч, 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/, Хаан банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-14 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оын өгсөн: "...Тэгээд дансны үлдэгдлээ шалгахад миний данснаас 400,000 төгрөгөөр, 1,150,000 төгрөгөөр тус тус зарлага гарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/, Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч М.Од  учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний … , эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч М.Од гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.Од 1,550,000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь 1,050,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс 500,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт У-ын Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******д тайлбарласугай

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан *******д хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Мнгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Од олгосугай.    

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА