Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00050

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00050

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамжны .. байрны .. тоотод оршин суух хаягтай, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 12 айлын орон сууцны 52 тоотод түр оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, Т овогт Ц-ы Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-.. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Х. овогт С-ын Д-т холбогдох 4,420,880 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга найман зуун ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч С.Д нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Н миний бие Энхбадрах-Очир ХХК-ийн нэр дээр Ховд аймгийн төвд АПУ-трейдинг ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг. 2015 оны 6 дугаар сард С.Д нь манай бөөний төвийн дэлгүүрийн худалдагчаар ажиллах саналыг надад тавьсан. Би нэг удаа зөвшөөрөөгүй. Дараа нь надад худалдагч хэрэгтэй болсон учир С.Дыг худалдагчаар ажилд авсан. С.Дыг худалдагчаар ажилд авсны дараа би дэлгүүрийн бүх бараа материалыг С.Дт тоолж хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот явсан.

Би Улаанбаатар хотоос 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ирчхээд хэсэг хугацааны дараа ажлаа авах талаар хэлсэн боловч С.Д нь байж байгаад ажлаа өгнө гэж хэлсэн. С.Д нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өглөө хүн нас барсан гэж хэлээд бараа хүлээлгэж өгөөд, тооцоо нийлэхгүй буюу тооцоо бодохгүйгээр явсан. Ажлаа хүлээлгэж өгснөөс хойш сар гаруй болсон боловч ирж тооцоо нийлээгүй. С.Д нь тус дэлгүүрт 13 сар ажилласан. Би С.Дын нягтлан бодох мэргэжилтэй гэсэн учраас итгэж ажилд авсан.

...2016 оны 07 дугаар сарын 06-ны өглөө С.Д надруу утасдаж би яаралтай хот явахаар боллоо. Ажлаа хүлээлгэж өгье гэсэн. Бид тэр өдөр дэлгүүрт байгаа барааг тоолж хүлээлцээд тооцоо бодоогүй. 2016 оны 8 дугаар сарын эхээр С.Дыг дуудаж тооцоо нийлсэн. Бүтэн жилийн тооцоо хийгээгүй байсан тул хэд хэдэн удаа тооцоогоо нийлж баримтуудыг тулган 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж дуусахад С.Дын ажиллаж байсан үед холбоотой 7,848,780 /долоон сая найман зуун дөчин найман мянга долоон зуун наян төгрөг/-ийн дутагдал гарсан. С.Д энэ дутагдалыг хүлээн зөвшөөрч 3 хувааж төлөхөөр болсон. Тооцоо хийх явцад дутуу бодогдсон 572,100 төгрөгийн баримт сүүлд нь гарч ирсэн. Энэ мөнгийг нэмж тооцоход С.Д ажиллаж байх хугацаандаа 8,420,880 /найман сая дөрвөн зуун хорин мянга найман зуун наян мянга/ -н төгрөгийн бараа дутагдуулсан. С.Д 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн. 

Одоо нийт гарсан тооцооноос төлөгдөөгүй 3,848,780 төгрөг үлдсэн. Би мөнгөө авахаар С.Дын гэрт 2017 оны хавар очсон. Бид хоёрын хувьд яарч буюу С.Дын амаар тооцоо нийлсэн учраас бараа дутуу тоологдсон асуудал гарч ирж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 4,420,880 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, өмгөөллийн хөлс 300,000 төгрөг гаргуулахаар санал гаргаж байна. Нийт дутагдуулсан барааны үлдэгдэл 5,084,964 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 85,684 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч С.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тооцоо нийлэх явцад 186,000 төгрөгийг төлөөд хасуулсан талаар гарын үсгээ зурсан акт байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 4,420,880 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг туслахын цалин гэж хэлсэн. Ц.Н нь намайг анх ажилд орох үед дэлгүүрт 2 хүн ажиллахгүй бол болохгүй, ачаалал ихтэй бөгөөд гэр бүлийн 2 хүн байж итгэлцэж ажиллана, нөхөртэйгөө хамт ажиллана гэх юм бол ажиллуулна гэж хэлсэн. Надад анх туслахын цалин 200,000 төгрөг гэж хэлсэн бөгөөд 12 сар ажилласан хугацаагаар бодохоор 2,600,000 төгрөгийг ажилд орох үедээ авсан. Ямар шалтгаанаар уг мөнгийг авсан гэхээр Ц.Н нь намайг цалингаа авах талаар хэлэхээр байж байхгүй юу чи, чи бараагаа жижиглэнгийн үнээр зарж байгаа байлгүй гэж хэлээд байдаг. Аливаа зүйлд бүртгэлийн хатуу үнэ гэж байдаг. Тухайн бараануудаа бүртгэл дээр үнээр нь бичээд өгчихсөн байгаа учраас тухайн үнээр нь хүлээж аваад, үнээр нь зараад, үнээр нь буцаагаад өгчихсөн байгаа. Гэтэл Ц.Н нь намайг өөр ямар үнээр бараагаа зарсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байгаа. Хэрвээ Ц.Н намайг хардахаар байсан бол кассын машин тавьж өгөх шаардлагатай байсан. Цаанаасаа кассын машин тавихыг шаарддаг. Жишээ нь 1 хайрцаг коровка нэртэй печенийн 1 ширхгийн үнийг 1000 төгрөгөөр тооцоод өгчихсөн байхад буцаагаад 1000 төгрөгийн үнээр нь хүлээлгэж өгсөн. Энэ талаар баримт нь байхад чи 1200 төгрөгөөр зарсан байлгүй, туслахын цалинг чиний нэмж зарсан бараагаар нөхөх ёстой учраас туслахын цалин 2,6000,000 төгрөгийг өгөхгүй гэж хэлэхээр нь авалгүй яах вэ? гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүсээд өдийг хүрч байгаа. Ийм учраас миний зүгээс туслахын цалин 2,600,000 төгрөгийг төлөхгүй. Ц.Н нь MCS-ийн ХХК-ийн урамшуулалд орохын тулд 1 өдөр 14,000,000 төгрөгийн 3000 ширхэг пиво ирсэн. Тухайн пивийг Ц.Нгийн дэлгүүрт хураах болон складанд хураах зай багтаамж байхгүй учраас MCS ХХК-ийн няравтай нь ярилцаж складанд нь хадгалуулчихаад дэлгүүрт зай гарахаар нь пивоо авч ирж өгдөг байсан. Пивийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сар хүртэл буюу 1 жилийн хугацаанд бага багаар авч ирж заруулсан. Хэрэгт авагдсан шар, ногооны өнгийн падаан дээр тэмдэглэгээ хийсэн боловч орлогоор аваагүй байхад орлого авах ёстой гэж хэлдэг. Яагаад гэхээр урамшуулалд хамрагдахын тулд нэг өдөр орлогоо энэ хүний эрхшээлд орж авсан. Тухайн пиво авдаг өдөр Ц.Н өөрөө 01 дүгээр сарын 01 дүгээр сарын өглөө эрт Ц.Нг дэлгүүр дээр ирчихсэн байхад MCS ХХК-ийн 1436 гэсэн улсын дугаартай цагаан өнгийн машин ирж зогсоод Гурван баавгай нэртэй пиво буулгахаар нь хугацаа нь дууссан талаар хэлсэн. Хугацаа нь дууссан пивоо Ц.Нгийн өмнө нь сагсаар нь гаргаж ирж тавиад үзүүлэхэд Ц.Н нь 20 сагс пивийг буцаагаад ав гэж хэлээд ачуулахаар нь падаан дээр орлогоор авагдсан гэж хэлэхэд гаргаад ир гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буцаав гэж хэлээд гарын үсэг зурсан падаан нь хэрэгт авагдсан байгаа. Гэтэл MCS ХХК дээр авсан талаар миний гарын үсэг байхгүй.

2016 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө ажил дээр ирэхэд хойд талын жижиг цагаан өнгийн складны цоожийг эвдээд, хаалгыг нь онгорхой орхичихсон байсан. Энэ талаар өглөө эрт манай нөхөр складнаас бараагаа зөөхөөр гарахдаа мэдсэн байсан. Намайг эргээд дэлгүүртээ ороход Ц.Н ирчихсэн байхаар нь цагаан складны талаар хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг складныхаа барааны тооцоо гаргаж өг гэхээр нь нэг бүрчлэн үнэнчээр падаануудаа тулгаж харчхаад нээх их бараа дутаагүй юм шиг байна, үүдэнд байсан 4 авдар бэлэн гоймон, 2 юм уу, 3 авдар VIVA нэртэй архи байхгүй байна, бусдыг нь мэдэхгүй, камергүй учраас мэдэх зүйл байхгүй байна гэж хэлсэн. Тухайн барааны үнийг бодож үзэхэд 300,000 төгрөг юм уу, 200,000 гаруй төгрөг болсон. Хулгайд алдагдсан эд зүйлийг Ховд аймгийн Жаргалант сумын үнэлгээчин үнэлдэг бөгөөд VIVA нэртэй архийг падааны 9500 төгрөгөөр ирдэг байхад 8000 гаруй төгрөгөөр үнэлдэг юм байна лээ. Гэтэл Ц.Н намайг дансны аргаар миний толгойг эргүүлж өөр тоо тавьсан гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн асуудлыг эзэнгүй хэрэг гэж хэлээд хэрэгсэхгүй болгосон бөгөөд хулгайч нар хэзээ ч байсан баригддаг гэж хэлсэн. Ийм учраас хулгайд алдагдсан барааны үнэ гэх 229,200 төлөхгүй.

Надаас Ц.Нд төлөх мөнгө нь 162,100 төгрөг, 125,000 төгрөг болж байгаа. Харин бусад өгөх мөнгөө Ц.Нд өгсөн. Би боломж болохгүй байсан учраас 4,000,000 төгрөгийг цувуулаад төлсөн. Мөн 186,000 төгрөгийг тооцоо нийлэхдээ дугуйлаад хасуулсан буюу төлсөн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч С.Дт холбогдуулан 4,420,880 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга найман зуун ная/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг ... С.Д нь манай бөөний төвийн дэлгүүрийн худалдагчаар ажиллах хугацаандаа 8,420,880 төгрөгийн бараа дутагдуулж, уг дутагдлыг хүлээн зөвшөөрч 3 хувааж төлөхөөр тохиролцсон байх бөгөөд С.Д 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 4 удаа таслаж 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн байх тул дутагдуулсан барааны үлдэгдэл 4,420,880 төгрөг, өмгөөллийн хөлс 300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 85,684 төгрөг нийт 5,084,964 төгрөгийг нэхэмжилж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлах боловч

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад ... дутагдуулсан барааны үлдэгдэл 4,420,880 төгрөг, өмгөөллийн хөлс 300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 85,684 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч С.Д нь ... Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 4,420,880 төгрөгөөс надад анх туслахын цалинг сарын 200,000 төгрөг гэж хэлсэн бөгөөд 13 сар ажилласан хугацаагаар бодохоор 2,600,000 төгрөгийг ажилд орох үедээ авсан. Манай нөхөр Р.Магсар нь бараа ирсэн үед ачаа буулгагч, жолооч, харуул, туслах зэрэг бүхий л ажлыг хийж ажиллаж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргав.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдийн тайлбараас үзэхэд хариуцагч С.Д нь АПУ трейдинг ХХК-ийн бөөний төвийн худалдагчаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа 8,420,880 төгрөгийн бараа дутагдуулсан, үүнээс 4,000,000 төгрөгийг хариуцагч С.Д нь нэхэмжлэгчид 3 хувааж төлсөн. Мөн хариуцагч С.Дын нөхөр Р.Магсар нь сарын 200,000 төгрөгийн цалинтай туслах ажилчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 6 дугаар хуудас/

Үүнд хавтаст хэргийн 6 дугаар хуудаст авагдсан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцооны актын санал хэсэгт туслахын цалин тооцуулъя. Гурав хувааж төлнө...: гэх баримт авагдсан байна.

Хавтаст хэргийн 36 дугаар хуудаст 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Р.Магсарын тайлбар болон иргэний үнэмлэхийн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож, Р.Магсар ажиллаж байсан талаар талууд маргаагүй болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байна.

Учир нь талууд хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй боловч АПУ-трейдинг ХХК-ийн бөөний төвд С.Дыг худалдагчаар ажиллуулсан гэж талууд тайлбарлаж байгаа тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээснээр гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд гэрээний нэг тал болох ажиллуулагч нь ажиллагчийг ажлын байраар хангах, ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангаж,  хөлс төлөх үүргийг хүлээж, ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүрэг үүсдэг хуулийн зохицуулалттай.

Иймд хөлсөөр ажиллах гэрээний дагуу Ц.Н нь хариуцагч С.Доос дутагдуулсан барааны үнийг шаардах эрхтэй байна.

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн актаар 7,848,780 төгрөгийн дутагдал гаргасан болох нь тогтоогдож байх боловч үүнээс 2,600,000 төгрөгийг туслахын ажлын хөлсөнд өгөхөөр санал гаргаж, үлдэгдэл мөнгийг 3 хувааж төлөхөөр тохиролцож талууд гарын үсэг зурсан байна.

Хариуцагч С.Д нь 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 4 удаа хувааж 4,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон ХААН банк дахь Ц.Нгийн 5845495687 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7, 8, 12/-аар нотлогдож байна.

Зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтуудыг талууд өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч С.Д нь ...хугацаа нь дууссан 20 сагс пивыг Ц.Н нь буцааж ачуулахад нь би падаан дээр орлогоор авагдсан гэж хэлэхэд гаргаад ир гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буцаав гэж хэлээд гарын үсэг зурсан бөгөөд уг падаан нь хэрэгт авагдсан байгаа... гэж, ...хулгайд алдагдсан барааны үнэ гэх 229,200 төлөхгүй... гэж, ...бусдад зээлсэн барааны үнэ 342,000 төгрөгийг хасаагүй, ийм байдлаар мөнгөнүүдээ нэмж нэхэмжилж байна... гэж тайлбар гаргасан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү тайлбараа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хөлсөөр ажиллах харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзалаа нотолсон баримтаа ирүүлээгүй байх тул хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,720,880 төгрөгөөс туслах ажилтны ажлын хөлсөнд өгсөн 2,600,000 төгрөгийг хасаж тооцон 2,120,880 төгрөгийг хариуцагч С.Доос гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас туслах ажилтны ажлын хөлсөнд өгсөн 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд ... Ц.Н нь тайлбартаа улсын тэмдэгтийн хураамж болон өмгөөллийн хөлсийг нэмж нэхэмжилж байгаа талаар дурдлаа. Гэтэл улсын тэмдэгтийн хураамж хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж бодогддог. Миний зүгээс Ц.Нгээс өмгөөллийн хөлс 300,000 төгрөг авсан бөгөөд өмгөөллийн хөлсийг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. С.Д нь нотлогдож байгаа 4,420,880 төгрөгийн төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй... гэж тайлбарлалаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Доос 2,120,880 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48,884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч С.Доос 2,570,648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Доос 2,120,880 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48,884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ