Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00052

 

     С.К-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэртэй, С.К-н нэхэмжлэлтэй, Өлгий сумын цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

           

Нэхэмжлэлд: “Миний бие Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгт анх 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 29 тоот тушаалаар бүлгийн багшаар томилогдсон. Гэтэл ажил олгогч нь намайг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр туслах багшийн ажилд түр хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар томилж 04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд би тус цэцэрлэгт 6 сарын турш туслах багшаар ажилласан ба 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах талаар цэцэрлэгийн эрхлэгч Н.А-д амаар хүсэлт тавихад тэрээр “Та ажил олгогчийн сахилгын арга хэмжээ авсан тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Таны шүүхэд өгсөн маргаан шийдвэрлэх хүртэл бүлгийн багшаар ажиллуулах боломжгүй” гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 20-ны үед цэцэрлэгийн эрхлэгч Н.А намайг албаны өрөөнд дуудаж “таныг би тус цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллуулах боломжгүй байна. Тантай ажил олгогч би цаашид туслах багшийн ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ хийнэ” гэсэн. Тухайн үед намайг тус цэцэрлэгийн үндсэн бүлгийн багшаас чөлөөлсөн тушаалыг надад гардуулан өгөөгүй ба энэ талаар тушаал гаргасан эсэх нь одоогоор тодорхой бус байна. Иймд би түр хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан гэж үзэж байна. Ер нь эрхлэгч Н.А нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж өшөөрхөж өнөөдөр 13 дахь жилдээ ажиллаж ирсэн бүлгийн багшийн ажилд авахгүй байгаа явдалд гомдолтой байна. Иймд С.К намайг тус хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна.” гэжээ.        

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч С.К нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд зодож танхайрсан учраас сахилгын халах шийтгэл ногдуулж багшийн ажлаас бүр чөлөөлсөн. Нэхэмжлэгч С.К хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, надаас болон цэцэрлэгийн бусад ажилтан нараас удаа дараа уучлалт гуйж “ямар ч ажил хамаагүй хийнэ” гэсэн агуулгатай өргөдлүүдийг нэг бус удаа гаргаж байсан. Түүнчлэн, нэхэмжлэгч С.К-ийн эцэг, эх болон бусад хамаатан садангийн хүмүүс бас надтай уулзаж нэхэмжлэгч С.К-г уучлахыг, нэг удаа харж үзэхийг гуйж байсан. Ингэснээр би нэхэмжлэгч С.К-г өрөвдөж эх хүний сэтгэл гаргаж түүнийг туслах багшийн ажилд авч ажиллуулсан. Гэвч нэхэмжлэгч С.К нь төд удалгүй туслах багшаар ажиллаж байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан. Миний бие түүнийг бас дахин харж үзээд цалин бууруулах арга хэмжээ авсан. Гэтэл “өрөвдөхөд өр рүү өшиглөнө” гэгчээр нэхэмжлэгч С.К нь өөрийгөө энхийн цагаан тагтаа, харин намайг ард түмний дайсан болгож харуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шударга шүүхийг төөрөгдөлд оруулан явж байна. Энэхүү цалин бууруулах арга хэмжээтэй холбоотой маргаан шүүхээр хянагдаж байгаа ба одоохондоо эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Цэцэрлэгийн туслах багшийн орон тоо байнгын орон тоо байнгын ажлын байр тул түүнийг уг орон тоонд бүр томилон ажиллуулж байгаа. Түүнээс биш түүнийг 6 сарын дараа солино гэсэн тохиролцоо огт байгаагүй. Нэхэмжлэгч С.К нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халагдсан гэдгээ лавтай сайн мэдэж байгаа атлаа ингэж худлаа мэлзэж байгаад ой гутаж байна. Нөгөө талаар хэрэв нэхэмжлэгч С.К эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Иймд С.К-н нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшаар эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэгч С.К-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх С.К-н нэхэмжлэлтэй Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. С.К нь тус цэцэрлэгт анх 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 29 тоот тушаалаар бүлгийн багшаар томилогдон түүнээс хойш тус хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тасралтгүй хийж байсан. Гэтэл ажил олгогч нь С.К-г 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр туслах багшийн ажилд түр хугацаагаар буюу 6 сарын хугацаатай шилжүүлэн томилж ажилтантай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 04 тоот хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2. Хариуцагчаас С.К-г бүлгийн багшийн ажилд томилохгүй байгаа үндэслэлийг түүнд сахилгын арга хэмжээ авсан учраас дахин бүлгийн багшийн ажилд томилохгүй гэж татгалзаж байгаа. Гэтэл С.К туслах багшаар ажиллаж байхдаа ажил олгогч түүнд сахилгын шийтгэл ногдуулсан асуудлаар шүүхэд хандаж одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Иймд ажил олгогчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч С.К нь ажил олгогчийн тушаалыг тухайн үед гардан авсан боловч хариуцагч түүнд “таныг тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд 2017 оны 5 дугаар сарын 18-аас 2017 оны 11 дүгээр сарын 18-ыг хүртэл түр ажиллуулна” гэж хэлээд түүнтэй туслах багшийн ажлын байранд 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдалд анхан шатны шүүх хууль зүйн хувьд дүгнэлт өгөөгүй явдалд гомдолтой байна. Хэрвээ ажил олгогч нь ажилтан С.Кг бүлгийн багшийн ажлаас халсан бол эргээд хэдэн хоногийн дараа түүнийг туслах багшаар ажиллуулж боломжгүй. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн бүлгийн багш, туслах багшийн ажлын байран дахь гүйцэтгэх үүрэг нь адилхан, сургуулийн өмнөх хүүхдүүдтэй ажилладаг албан тушаалын онцлогтой. Ингэхээр ажил олгогч нь ажилтан С.К-тай 6 сарын хугацаагаар туслах багшийн ажилд томилон хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийсэн явдал нь С.К-гийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэх далд санаа агуулж байна гэж үзэж байна.

4. С.К нь хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц урьд эрхэлж байсан бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилох тухай байгууллагын захиргаанд хүсэлт гаргасан боловч ажил олгогч нь түүнтэй дахин туслах багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардан, түүнийг бүлгийн багшийн ажилд томилохоос татгалзсан эс үйлдэл байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 130\ШШ2018\00210 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч С.К-гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.К  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, С.К  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдож байсан ба нэхэмжлэгч С.К  нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус цэцэрлэгт хүмүүжиж байсан А.Н-ныг зодож, бие махбодын шийтгэл үзүүлж, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажлаас халсан нь зохигчийн тайлбараар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Ажилтан С.К нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11 дугаартай тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй ба уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т  “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч С.К нь “ажил олгогч намайг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр туслах багшийн ажилд авч 6 сарын хугацаагаар хугацаатай гэрээ байгуулсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэх далд санаа агуулсан” гэх боловч туслах багшийн ажлыг өнөөдрийг хүртэл хийж байгаа зэргээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

С.К-н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “эрхлэгч Н.А нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж өшөөрхөж өнөөдөр 13 дахь жилдээ ажиллаж ирсэн бүлгийн багшийн ажилд авахгүй байгаа явдалд гомдолтой байна” гэх гомдол гаргасныг хянавал, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал тогтоохыг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2018/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                   

Д.КӨБЕШ