Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

  2020         01           23                                            2020/ДШМ/112

 

 

Д.А, Э.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Давааравдан,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдлоор Д.А, Э.А нарт  холбогдох эрүүгийн 1908030201111 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Сэргэлэн гүнт овгийн Э.А, 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг, Дулааны 5 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: СТ89092910/;

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 2 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,  

 

2. Зүүн хөхийн гөрөөчин овгийн Д.А, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөг эцэг, эх, дүү, хамтран амьдрагч нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны 334 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ПЮ93051920/;

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Э.А, Д.А нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонгконг” зочид буудлын гадаа иргэн Б.Нямбаярт хүч хэрэглэж, Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлнээр 28.000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.А, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зүүн хөхийн гөрөөчин овогт  Д.А, Сэргэлэн гүн овогт Э.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Аыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аын урьдчилан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг, шүүгдэгч Д.Агийн урьдчилан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Д.А тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.А, Д.А нарын эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

                            

            Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Би уг хэргийг хийгээгүй учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Нямбаярын өгсөн мэдүүлэгт “үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр таарсан. Эмэгтэй нь надаас “чи нөгөө бааранд байсан залуу байна” гэхээр нь “үгүй хүн андуураад байна” гэж хэлээд явж байтал араас хүзүү рүү цохиод авсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэж асуухад яадаг юм гэж хэлсэн. Би нөгөө эрэгтэй хүнтэй  ноцолдож байхад эмэгтэй нь халааснаас гар утас, 28.000 төгрөгийг аваад зугтаасан гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн “тэр залууг А надтай бааранд муудалцсан залуу байна гээд очоод нэг алгадсан, нөгөө залуу нь Д.А руу дайрсан, тэгэхээр нь эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд шууд нөгөө залууг барьж аваад тонгорч унагаасан. Би дээр нь гараад сууж байсан гэх мэдүүлгүүд зөрүүтэй байна. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нийг шилжих шөнө би Баянгол дүүргийн 3 дугаар эмнэлгийн хажууд байдаг “Ачтан” эмнэлгийн ойролцоо “Topaz” зочид буудлын 4 давхар 402 номерын өрөөнд найз залуу Баттөрийн хамт байсан ба хэрэг гарахаас өмнө Э.А, Мөнхтуяа, Баттөмөр бид 4 хамт 23 цагийн үед 1  дүгээр хороолол /саппоро/ орсон. Мөнхтуяа манай найз “Kenzo” бааранд байна, би мөнгө аваад ирье гээд бид гурвыг үлдээгээд замын урагшаа “Kenzo” гэх баар руу явсан.  Шөнийн 02 цаг болох үед ирэхгүй болохоор нь манай найз залуу Баттөмөр Мөнхтуяа руу залгаад Д.Агийн бие өвдөөд байна гэж залгасан боловч байж бай гээд гарч ирэхгүй болохоор нь бид 3 буудалд очиж амарсан. Шөнө 4 цагийн үед Мөнхтуяа манай найз залуугийн утас руу залгаад Э.Атай яриад баар хааж байна, намайг ирээд аваач гээд залгасан. Э.А цагаан малгайтай цамц, хар өмд, манай найз залуугийн хар саравчтай малгайг өмсөөд гарсан. Цаг орчмын дараа Мөнхтуяа манай найз залуу Баттөмөр рүү залгаад Э.Аыг хүнд зодуулаад цус гараад байна “Од хийморь” эмнэлгийн хажууд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед найз залуутайгаа очиход саарал тамирын хослолтой махлаг ах болон Мөнхтуяа, А нар байсан. Юу болсон талаар асуухад тэр махлаг ах танай хоёр найз хүнд зодуулаад байхаар нь ах нь болиулсан. Танай найз охин тэр залуугийн утсыг нь авсан гээд манай найз Мөнхтуяа хэлсэн. Мөнхтуяа надад хагарсан дэлгэцтэй утас харуулсан, тэр ахад  Мөнхтуяа 10.000 төгрөг өгсөн. Мөнхтуяа манай залуу бид хоёрыг тамхи аваад ир гээд явуулсан, тамхиа аваад буудал руу очиход тэр хоёр унтаж байсан. Мөнхтуяа найз залуугаа хорих 461 дүгээр анги эргэх гэсэн боловч мөнгөгүй байсан болохоор урьд шөнийнхөө утсыг аваад Хархорин зах явсан. Э.А тэр утсыг үл таних хүнд 40.000 төгрөгөөр зарчихлаа гээд мөнгийг Мөнхтуяад өгсөн. Тэр мөнгөөр пүүз, улавч, дотуур хувцас, оймс авсан. 2019 оны 5 дугаар сарын 29-ний орой Мөнхтуяа найзтайгаа уулзаад ирье гээд орой нь ирээгүй. 2019 оны 6-7 дугаар сарын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн байцаагч намайг дуудаж байцаалт авсан. Тэр үед таниулах үйл ажиллагаа явуулах үед намайг гэрч гэсэн боловч Э.А намайг биш Мөнхтуяаг гэж гэрчилж байсан хэрнээ яагаад шүүх намайг үйлдсэн гээд байгааг би ойлгохгүй байна. Үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн боловч байцаагч намайг битгий худлаа яриад бай нөхөр нь шорон явчихсан, 4 хүүхэдтэй эхнэрийг нь нөхрийнх нь араас явуулах гээд байна уу гэж намайг загнаж дарамталсан. Хэд хоногийн дараа Төгөлдөр байцаагч залгаад хэрэг чинь Энхчулуун дээр байгаа. Энхчулуун байцаагчид үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн боловч миний мэдүүлэг байхгүй байна. Манай найз надаас миний 4 хүүхдийг минь бодоод миний өмнөөс энэ хэргийг хийсэн гээд хэлээд өгөөч гэж удаа дараа гуйсан. Би хууль мэдэхгүйгээсээ болоод бас найзыгаа өрөвдөөд “би хийчихсэн гээд” хэлчихсэн. Тухайн үед намайг энэ хэргийг хийгээгүй гэдгийг “Topaz” буудлын ресепшин, манай найз залуу Баттөмөр, найз Цогоо нар гэрчилнэ. Тэр үед мөрдөн байцаагч нар уг хэргийг сайн шалгасан бол би энэ хэрэгт холбоогүй гэдэг нь нотлогдох байсан. Иймд уг хэргийг Э.Атай хамт хэрэг үйлдсэн Мөнхтуяа болон тухайн хэрэг гарах үед хэргийн газар намайг байгаагүйг гэрчлэх ““Topaz” буудлын тухайн өдрийн камерийн бичлэгийг цаг минуттай нь шалгаж өгнө үү. Мөн ресепшин намайг хэрэг хийгээгүйг гэрчлэх найз залуу Баттөмөр, найз Цогоо нараас мэдүүлэг авч, уг хэргийг үнэн зөвөөр нотлон тогтоож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.А “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Энд прокурор хэзээ танилцуулж, гарын үсэг зуруулсан нь тодорхойгүй, зөвхөн прокурорын гарын үсэг байдаг. Мөн гэрчээр мэдүүлэг авахдаа гэрчид хууль тайлбарлаж өгөөгүй, хэрэгт холбогдож буй хүмүүст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээхийг урьдчилсан сануулж авсан байдаг ба энэ нь ямар нэг байдлаар бусдад шахалт үзүүлэх, хүч хэрэглэх ойлголт юм. Түүнчлэн, хавтас хэргийн 21 дүгээр хуудсанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл авагдсан байдаг. Уг тэмдэглэлд, таньж олуулах ажиллагаа явуулахын өмнө оролцогч нарт цифрийн дугаар өгч, нэг эгнээнд зогсоож, таньж олуулах ажиллагаанд оролцохыг хүсэж, оролцуулсан. Хохирогч Б.Нямбаяраас тухайн хүнийг ямар байдлаар таньж олох эсэхийг асуухад “би тухайн эмэгтэйг шар царайтай, махлагдуу биетэй, бүлтгэр нүд гэх содон шинж тэмдгээр нь танина” гэж хэлсэн. Хавтас хэргийн 22 дугаар хуудсанд Б.Нямбаяр нь ”би уг эмэгтэйг шар царай, махлаг бие, бүлтгэр нүд, биеийн өндрөөр нь таньж байна” гэж хариулсан. Гэтэл хавтас хэргийн 23 дугаар хуудсанд компюьтерийн дэлгэц дээр 4 хүний цээж зургийг байрлуулаад заалгаж таниулах ажиллагаа хийсэн. Энэхүү хийсэн таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Учир нь, таньж олуулах ажиллагааг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэх ёстой байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах ажиллагааг зөрчсөн. Таньж олуулах ажиллагаанаас шалтгаалан миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татах болсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.А анх Д.Аг хохирогчийн гар утсыг авсан талаар ямар нэг зүйл мэдүүлээгүй байснаа таньж олуулах ажиллагааны дараа мэдүүлгээ өөрчилж, Д.Аг гар утсыг авсан гэж мэдүүлдэг. Харин Д.А хэрэг гарах үед TOPAZ нэртэй буудалд өөрийн найз залуугийн хамт унтаж байсан ба гар утсыг аваагүй талаараа мэдүүлдэг. Гэтэл буудлын байдлыг шалгаж тогтоогоогүй, үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулж байна.

Таньж олуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.” гэж заасан. Тэмдэглэлд цифрийн дугаар бариулж зогсоож байгаад таньж олуулах ажиллагааг явуулсан гэж байгаа ч зөвхөн компьютер дээрх цээж зургийг харуулж заалгасан байдаг ба хэн таньж олж байгаа нь тодорхойгүй.

Хохирогч бол хэргийн оролцогч, харин гэрч бол хэргийн бодит байдлыг мэдэж байгаа, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлгийг өгч буй хүн юм. Б.Нямбаяр 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор тогтоогдсон хүн байтал түүнээс гэрчээр мэдүүлэг авсан байгаа нь хууль бус байна. Хавтас хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол дээр яллагдагч Э.А, Д.А нараар гарын үсэг зуруулсан байдаг. Гэтэл уг гарын үсгийг сүүлд нөхөж зуруулсан. Өөрөөр хэлбэл, шинжээч томилсон тогтоолд Д.Агийн гомдол, хүсэлт гаргах эрхийг хангалгүйгээр зуруулсан байна. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоолд он, сар, өдөр байгаа бөгөөд хуульд заасан хугацаанд танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн зөрчилгүй. Яллагдагч нараас гэрчээр мэдүүлэг авсан тухайд, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд яллагдагч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байдаг. Таньж олуулах ажиллагааны хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт “Таньж олуулах ажиллагааг тэмдэглэлээр, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасан нь уг ажиллагаануудыг бүгдийг нь заавал хийнэ гэсэн ойлголт биш, аль нэгийг нь хийж болохоор заасан байна. Иймээс таньж олуулах ажиллагааны тэмдэглэл нь хуульд зааснаар үйлдэгдэж, нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна. Шинжээч томилсон тогтоолд Д.Агийн гарын үсгийг сүүлд зуруулж, гомдол гаргах эрхээр нь хангаагүй гэх гомдлын тухайд, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хэн нь ч хөндөж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан тул энэ гомдол нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Д.А, Э.А нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэн авч 138.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлогдон тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.А,  Д.А  нар нь  бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгконг  зочид буудлын гадаа иргэн Б.Нямбаярт хүч хэрэглэж, Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлнээр 28.000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Нямбаярын “...Би 2019 оны 5 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед найз болох Ням-Очирын ажил болох +30 “Кензо” бааранд очиж архи уусан. Тэгээд уг баарнаас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 4 цагийн үед гэртээ харих санаатай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Хонгконг зочид буудлын ард явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёртой таараад эмэгтэй нь надаас чи нөгөө бааранд байсан залуу байна гэхээр нь би хариуд нь үгүй хүн андуураад байна гэж хариулаад буруу хараад явж байхад араас хүзүү рүү цохисон. Би эргээд харахад эрэгтэй нь намайг цохисон, би “чи яаж байгаа юм гэж асуухад яадаг юм” гэж хэлсэн. Би нөгөө эрэгтэйтэй ноцолдоход эмэгтэй нь халааснаас гар утас, бэлнээр 28.000 төгрөгийг аваад зугтаасан. ...” /хх 10/,

 

Э.Аын яллагдагчаар өгсөн “...Миний бие 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үүрийн 4 цагт найз болох Д.А “би нөхөр  Баттөмөртэй муудалцаад явж байна. Найзаа хүрээд ирээч, найз нь”Кензо” баарнаас гараад явж байна” гэсэн. Тэгээд бид хоёр 8 дугаар байрны ойролцоо буюу Хонконгийн ард талд байх мотелийн хажууд уулзсан. Тэгтэл тэр үед нэг залуу байсан. Тэр залууг Д.А энэ залуу надтай бааранд муудалцсан залуу байна. Над руу томроод гэсэн билүү оролдоод гэсэн билүү нэг юм хэлсэн. Тэгээд Д.А очоод  нэг алгадсан. Тэгтэл нөгөө залуу нь Д.А руу дайрахаар нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм гээд нөгөө залууг аваад тонгорч унагаасан. Тэгээд би дээр нь гараад суух үед Д.А нөгөө залуугийн  гар утсыг нь халааснаас нь аваад шууд цаашаа явахыг нь би харсан. Тэгтэл нөгөө залуу надаас миний утсыг саяны хүүхэн авчихлаа гээд надтай ноцолдоод, зодолдож байх үедээ миний духыг халзалсан. Хүнд нөгөө утсыг 40.000 төгрөгөөр би зарсан. Тухайн үед Мөөгий болон Монхоо 2 тухайн утсыг гэмт хэрэг үйлдэж олсон утас гэдгийг мэдээгүй. ...” /хх 45-46/,

 

Шүүгдэгч Д.Агийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн: “... Би согтуу байсан учраас гэмт хэрэг үйлдсэн.  Гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна...” /хх 123-124 / гэх мэдүүлгүүд,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх18-23/, Дамно ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн СХЗ-19448 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.      

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А, Э.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.А, Э.А нарын бүлэглэн хохирогч Б.Нямбаярт хүч хэрэглэж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдэн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх, Д.А, Э.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ад 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ад 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.А нь “...Би гэмт хэрэг үйлдээгүй, Мөнхтуяа  үйлдсэн. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Э.Аын яллагдагчаар  “...тэгээд би зугтаагаад Д.Агийн буусан буудалд орсон. Нөхөр Монхоо буюу Баттөмөр, мөн Мөөгий гэдэг хүүхэн байсан.Тэгээд тэндээ амраад Мөөгий, А, Монхоо бид дөрөв явсан...” гэж мэдүүлсэн байдаг ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш очиж амарсан буудалд “Мөөгий” гэгч хүүхэн хамт хоноод өглөө явсан болох нь нотлогддог. “Мөөгий” гэгч эмэгтэй Э.Атай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгч Д.А хэргийг нь хүлээсэн байх эргэлзээтэй нөхцөл байдал хэрэгт байхгүй байна. Мөн таньж олуулах ажиллагаагаар хохирогч Б.Нямбаяр нь шүүгдэгч Д.Аг шууд таньсан байдаг.

 

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Давааравдан таньж олуулах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар таньж олуулах ажиллагааг явуулж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэмдэглэл” үйлдэж бэхжүүлсэн байх тул хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

            Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Д.Агийн  гомдолд дурдсан асуудлаар хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч  Д.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ