| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2023/0620/З |
| Дугаар | 221/МА2025/0550 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0550
С.Б, С.Ц, С.Б,
Ц.Х, Б.Б, Л.Э нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0425 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Б, С.Ц, Б.Б, Ц.Х, Б.Б, Л.Э
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Э” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2023/0620/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0425 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, С.Ц, С.Б, Ц.Х, Б.Б, Л.Э нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн “Э” ХХК-д 133310228* нэгж талбарын дугаар бүхий 91709 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх түрүүлж үүссэн болох нь гэрч С.Г-ийн мэдүүлэг, Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01- 05/2053 дугаар албан бичиг, Хот, тосгон, бусад суурины эдлэн газрын улсын бүртгэлийн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуудас, Кадастрын зураг /БЗД-ийн Газрын албаны тамга тэмдэгтэй/, Кадастрын зураглалын “Г” ХХК-ийн тодорхойлолт, Google earth программын 2018 оны 12 сарын байдлаарх архиваас татан авсан газрын зураг зэрэг баримтуудаар нотлогддог. Дэлхийн мэдээлэл технологийн хамгийн том хүчирхэг компани болох Google-ийн Google earth программ нь дэлхийн бүх газар нутгийг он дарааллаар нь онлайн архив болгож хадгалдаг бөгөөд нийтэд нээлттэй мэдээлэл юм. “Г” ХХК-ийн зүгээс 2018 оны google data-г хуулбарлан авч зургийн хамт албан бичгээр шүүхэд ирүүлсэн. Уг google earth датагаас татан авсан зурагт миний үйлчлүүлэгчийн хашаа байшин нь бүрэн харагддаг. Гуравдагч этгээдээс энэхүү баримтыг үгүйсгэсэн няцаасан ямар нэг баримт гаргаж өгөөгүй байхад энэхүү баримтыг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар маргаан бүхий газрын сансрын зургийг авах хүсэлт шүүхэд гаргасан боловч Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/919 албан бичгээр 2010, 2014-2015, 2017-2019, 2021-2022 оны сансрын зургийн хил заагт хамаарахгүй байх тул мэдээлэл хүргүүлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Google earth-ын сансрын зургийн архивын сангаас 2018 оны зургийг авсан бөгөөд үүнийг няцаах үгүйсгэх баримт байхгүй байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох 133310228* дугаар бүхий 91,709 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгох үндэслэлийн тухайд, Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар гуравдагч этгээд болох “Э” ХХК-д анх 133038/012* дугаар бүхий 541304 м.кв газрыг 5 жилийн хугацаатай “орон сууц”-ны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Ийнхүү эзэмших эрх олгохдоо нийт 541304 м.кв бүхий 5 тусдаа газрыг нийтэд нь нэг газар мэтээр нэг захирамжаар, нэг нэгж талбарын дугаараар бүртгэн эзэмших эрх олгосон байдаг. Тус газруудын эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн засаг даргаас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгахдаа дараах хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн байна.
Нэгдүгээрт, хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-д заасныг зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах нэрийдлээр газрын байршлыг өөрчилж, шинэ газар олгосон тухайд бөгөөд гуравдагч этгээд “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах нэрийдлээр 5 газрын нэгийнх нь байршлыг нь өөрчлөн шинэ газар буюу 133310228* дугаар газар эзэмших эрхийг шинээр олгосон байдаг. Гомдолд хавсаргасан зураг дээрх 5 дугаартай газар нь Нийслэлийн засаг даргын 2019 оны А/525 дугаартай захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах байдлаар байршлыг нь өөрчлөн эзэмших эрхийн гэрчилгээ олгосон 133310228* дугаар бүхий 91,709 м.кв газар юм. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-д эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчлөх үндэслэлийг заасан. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх боловч бодит байдал дээрээ эзэмшил газрын байршлыг нь өөрчлөн эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон нь Газрын тухай хуулийг илтэд зөрчсөн. Түүнчлэн байршлыг нь өөрчлөн эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо хуульд заасан ямар үндэслэлээр байршлыг нь өөрчилсөн нь тодорхойгүй буюу хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт байна.
Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч нарын газартай давхцуулан, эзэмшил газрын байршлыг нь өөрчлөн эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Ингэж байршлыг өөрчилж шинэ газар олгохдоо хээрийн судалгаа хийгээгүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч иргэдийн эзэмшлийн газартай давхцуулан олгож, нэхэмжлэгч нарыг хохироосон.
Гуравдугаарт, гуравдагч этгээд “Э” ХХК нь 12 жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй байхад Газрын тухай хуулийн 37.2-р зүйлд заасныг зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Газрын тухай хуулийн 37.2-т “... Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.” гэж заасан. Эрх бүхий байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахын тулд Газрын тухай хуулийн 40-р зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал бүрдсэн эсэхийг сайтар нягтлан, газар эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр гэрчилгээг сунгах шийдвэр гаргах ёстой. Гэтэл гуравдагч этгээд болох “Э” ХХК нь маргаан бүхий газрыг гэрчилгээнд заасан орон сууцны зориулалтын дагуу огт ашиглаж байгаагүй, уг газрыг эзэмшиж байсан гэх 5 жилийн хугацаанд ямар нэгэн барилгын ажил огт хийгдээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн.
2.3. Нийслэлийн засаг даргын 2019 оны А/525 дугаартай захирамж нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул гуравдагч этгээд “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нарт түрүүлж газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсний дараа 2022 оны 11 дүгээр сард бичгээр газар эзэмших хүсэлтээ гаргасан нь Газрын тухай хуулийн 31.3-д заасанд нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий 2019 оны А/525 дугаар захирамжийн улмаас зөрчигдөх үндэслэлгүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... 2019 оноос өмнө амьдарч байсан нэхэмжлэгч нарын газартай давхцуулан маргаан бүхий актаар 91709 м.кв газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх баримтуудыг үнэлээгүй ...” гэжээ.
5. Гомдолд дурдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01-05/2053 дугаар албан бичиг, Кадастрын зураглалын Г ХХК-ийн тодорхойлолт, 2018 оны google earth-ийн зураглал, хот тосгон, бусад суурины эдлэн газрын улсын бүртгэлийн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуудас зэрэг хэрэгт авагдсан баримтууд нь нэхэмжлэгч 6 иргэнд газар эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй төдийгүй маргаан бүхий акт гарахаас өмнө эдгээр баримтуудыг хавсаргаж Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар газар эзэмших хүсэлтээ газрын албанд гаргаж байсныг ч нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.
6. Учир нь шүүхээс нэхэмжлэгч нарын гаргаж байсан гэх газар эзэмших хүсэлтүүдийн талаар удаа дараа тодруулахад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15/1023 дугаар албан бичигт[1] “... нэхэмжлэгч болох нэр бүхий иргэд нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын зүүн хойд талд газар эзэмших эрх олгох тухай хүсэлт ирүүлсэн байна ...” гэж,
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01-05/931 дүгээр албан бичигт[2] “... С.Б, С.Ц, Б.Б, Ц.Х, Б.Б, Л.Э нараас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 2010 оны 05 дугаар сард, 2017 оны 05 дугаар сард тус албанд хандаж гаргасан газар эзэмшиж, ашиглах тухай өргөдөл, хүсэлт Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байна ...” гэж,
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07-14/313 дугаар албан бичигт[3] “... нэхэмжлэгч иргэдээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд шинээр газар эзэмших тухай 2010 оны 05 дугаар сар, 2014 оны 05 дугаар сар, 2017 оны 05 дугаар сард хүсэлт бүртгэгдээгүй бөгөөд архивын сан хөмрөгт хадгалагдаагүй байна.” гэж тус тус хариу ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас үүнийг няцааж, хэзээ хаана, хэнд хүсэлтээ өгсөн, тухайн үед хүсэлтийг шийдвэрлээгүй талаар гомдол гаргаж байсан эсэх талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
7. Түүнчлэн хэрэгт гуравдагч этгээд болох “Э” ХХК-аас Нийслэлийн газрын албанд хандсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/4/19 дугаар хүсэлтэд [4] “... зөвшөөрөлгүй буусан иргэдийн төлөөлөгч нартай зөвшилцсөний үр дүнд иргэдийн байрласан газрыг тухайн иргэдэд үлдээх шийдвэрт хүрсэн ...” гэж дурдаж, иргэдийн гарын үсэгтэй хүсэлтийг[5] хавсаргаж өгч байжээ.
Үүнээс үзвэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “хэрэв тухайн үед нэхэмжлэгч иргэд амьдарч байсан бол тус компани иргэдийн газрын давхцалыг арилгаад хүсэлтээ өгсөн, нэхэмжлэгч нар тэр үед байгаагүй, энэ талаар тухайн үед нь маргаан ч үүсгэж байгаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газарт давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэдэг нь худлаа гэдэг нь харагдаж байгаа ...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Газрын тухай хуулийн 31.1-д заасныг зөрчиж, хээрийн судалгаа хийлгүйгээр нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгож, нэхэмжлэгч иргэдийг хохироосон гэх гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.
8. Мөн давж заалдах гомдолд “... гуравдагч этгээд нь 12 жилийн туршид газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй байхад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасныг зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэх боловч захиргааны хэргийн шүүх нь газар эзэмшигч, ашиглагчийн хуульд заасан эрх, үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж, газар эзэмших эрхийг цуцлах эсэхийг шийдвэрлэж, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэггүй, энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах эрх нь нээлттэй тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, газар эзэмших хүсэлтээ маргаан бүхий акт гарахаас өмнө гаргаж байсан нь тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б, С.Ц, Б.Б, Ц.Х, Б.Б, Л.Э нарын өмгөөлөгч П.У-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ