Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш /1481/

Шүүгдэгч Б.Мягмаржав нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Балдоржийн Мягмаржавд холбогдох эрүүгийн 201626022568 дугаартай хэргийг 2016 оны  11 дүгээр сарын 17 -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймаг, Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 5-23 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 263 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 6 жил хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, Боржигон овгийн Балдоржийн Мягмаржав /РД:ЖЮ83052493/.

 

Яллагдагчаар татсан тогтоолд бичсэнээр:

Шүүгдэгч Б.Мягмаржав нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 07 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 32-н урд талын автобусны буудал дээр автобусан дотор байхдаа насанд хүрээгүй иргэн Д.Баасансүрэнгийн өмдний халааснаас HW-н SCL-L32 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 200.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мягмаржав мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 7 цагийн үед Депогийн автобусны буудал дээрээс суухад нь хамт суугаад 32 дээр буух үед зүүн талын халааснаас нь авсан. Зам хөндлөн гараад автобусанд суугаад Цамбагарав дээр утсаа харахад S3 байсан. Дахин автобусанд суугаад Үйлдвэр комбинат явахдаа 30 гаран насны хүний зүүн халааснаас нь Эл Жи маркийн скайтелийн гар утсыг нь авсан. Тэр автобуснаас буухад урд талын хаалгаар нэг эмэгтэй хүн орох гээд чихэлдэж байхаар нь цүнхнээс нь Скай нэртэй утас авсан. Зам хөндлөн гараад автобусанд суугаад Депогийн буудал дээр буугаад дүүгийнхээ машинд суугаад байж байтал халаасны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Ганбаяр байцаагчтай таараад баригдсан” гэв.

                

            Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Баасансүрэн мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 07 цагаас 07 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Депогийн автобусны буудал дээрээс “Ханын материал-Зайсан” чиглэлийн автобусанд суугаад Цамбагаравын урд талын автобусны буудал дээр буугаад халаасандаа байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан. Би гар утсаа хулгайд алдахаасаа өмнө өмдний зүүн талын халаасанд авч явж байсан. ...миний хулгайд алдсан гар утсыг үнэлгээний комисс 200.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. ...би хулгайд алдсан утсаа эргүүлэн авсан. …Надаа одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй. Хулгайд алдсан гар утсаа олж авсан баярлаж байна.”.....гэжээ. /хх 24 хуудас/

 

                        Гэрч Д.Ганбаяр мэдүүлэхдээ: “...Би УБХЦГ-ийн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгч ажил хийдэг. ...Б.Мягмаржав нь манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг хүн байгаа юм. Өөрөөр танихгүй... би 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд ажил үүргээ гүйцэтгээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Депогийн автобусны буудал дээр явж байхад манай халаасны хулгайн хэлтэст бүртгэлтэй байдаг Б.Мягмаржав нь явж байхаар нь уулзахад ярилцахад хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа өөрөө надад ярьсан юм. ...Б.Мягмаржавын хулгайлсан эд зүйлийг хураан авч эзэнд нь хүлээлгэн өгсөн. Б.Мягмаржав нь HUAWEI гэсэн бичигтэй HW-SCL-L32 загварын гар утас 1 ширхэг, INTEX гэсэн бичигтэй AQUA Laite загварын гар утас 1 ширхэгийг тус тус хулгайлсан байсан...” гэжээ. /хх 31 хуудас/

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-16 хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ /хх 17-20 хуудас/

            Шүүгдэгч Б.Мягмаржавын оршин суугаа хаягийн тодрхойлолт /хх 44 хуудас/

            Шүүгдэгч Б.Мягмаржавын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45 хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Мягмаржав нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 07 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 32-ын урд талын автобусны буудал дээр автобусан дотор байхдаа насанд хүрээгүй иргэн Д.Баасансүрэнгийн өмдний халааснаас HW-н SCL-L32 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 200.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 24/, гэрч Д.Ганбаяр /хх 31/,  эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-16/, эд зүйлийн үнэлгээ /хх 17-20/, шүүгдэгч Б.Мягмаржавын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

           Иймд шүүгдэгч Б.Мягмаржавыг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

 

            Шүүгдэгч Б.Мягмаржав нь Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Б.Мягмаржавын бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  хохирол, төлбөр нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдлаа.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Балдоржийн Мягмаржав нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Балдоржийн Мягмаржавыг 2 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  хохирол, төлбөр нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б.Мягмаржавын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Мягмаржавын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ