| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00582/И |
| Дугаар | 00052 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 00052
| 2020 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2020/00052 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Сэнхэр багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Б-ын Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Дөрвөлжин сум, Буга багт оршин суух, .... дугаарын регистртэй, Ш овогт В-ийн Бт холбогдох, Бын Н, Бын Х нарыг тэжээн тэтгэх тэтгэлэгийг В.Баас гаргуулж, дундын өмчлөлийн хөрөнгө болох 6 ханатай шалтай давхаргатай гэр, хөргөгч, гоо сайхны тольтой тавиур, угаалгын машин, хуримаа хийхэд эцэг, эхийн бэлдэж өгсөн оёдлын машин, гал тогооны хэрэгслүүд /аяга таваг, тогоо, шанага, хөнжил гудас/, өөрийн хувцаснуудыг гаргуулж, машины үнэ болох 6,000,000 /зургаан сая/ төгрөг, банкны хүү 3,000,000 /гурван сая/ төгрөг, нийт 9,000,000 /есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч В.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваажаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүрүвэн овогт Бадамгаравын Б миний бие нь 1992 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Одоо Ховд аймгийн Мөнххайрхан суманд 2 хүүхдийн хамт амьдарч байна. Миний бие нь Мөнххайрхан суманд 12 жилийн дунд сургууль төгсөөд 2010 онд АШУҮИС-ын харьяа Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд элсэн орж, 2013 онд Бага эмч, сувилагч мэргэжлээр төгссөн. Одоо Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байна. В.Бтай 2012 онд Говь-Аптай аймагт суралцаж байхдаа танилцаж үерхэж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нар төрсөн. Охин Б.Н одоо 5 настай, хүү Б.Хос- Эрдэнэ 1 нас 8 сартай. Сургуулиа төгсч ирээд сумандаа ажиллаж байхдаа 2 хүүхдээ төрүүлсэн. Тэр хугацаанд В.Б нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян- Айрагийн алтны уурхайд ажилладаг байсан тул Ховд аймаг руу ирж очин амьдардаг байсан. 2017 оны 07 сард бид хуримаа хийсэн боловч хэн нэг нь аль нэг орон нутаг руу шилжүүлэг хийлгэх ёстой гэсэн шалтгаанаар өдийг хүртэл гэрлэлтээ батлуулаагүй байна. Хуримаа хийснээс хойш би Мөнхайрхан суманд ажилтай тул 2 хүүхдээ аваад нутагтаа ирсэн. В.Б гэрээ нүүлгэж ирнэ гэсэн боловч өдийг хүртэл гэр орон эд хогшлоо авчирч өгөөгүй. Би бага хүүгээ гаргахдаа 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа аваад Завхан аймгийн Дөрвөлжин суманд байх гэртээ очсон. Хүүгээ төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байсан боловч банкны цалингийн зээл төлөгдөхгүй, В.Б нь төлнө гэсэн боловч төлөхгүй байсны улмаас би аргагүйн эрхэнд хүүгээ 6 сартай байхад нь ажилдаа ирж орсон. В.Б нь 2014 онд Нааш цааш явах гэхээр өөрийн гэсэн унаагүй хэцүү байна. Чи цалингийн зээл аваад өгөөч. Над дээр зээл гарахгүй байна. Би зээлийн төлөлтийг хийгээд явья гэхээр нь ХААН банкнаас 6 сая төгрөгийн зээл авч өгөөд В.Баятбаяр нь суудлын машин авсан боловч зээлийг би өөрөө төлсөн. Цалингийн зээл төлөх, 2 хүүхдээ тэжээх, амьдрах гээд энэ бүхэнд В.Б нь дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Дээр нь би В.Бын тавьсан өр зээлийг төлөх гээд эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалтай амьдарсаар ирсэн. В.Б нь эхлээд танилцаж үерхэж байхад архи дарс уудаггүй, ямар нэгэн муу зуршилгүй байсан боловч сүүлийн 3 жил байнга архи ууж, агсам согтуу тавьж, хардаж ална гэж заналхийлэх болсон. Мөнххайрхан суманд ирэхээрээ мөн байнга архи уугаад дэлгүүр болон хүнээс мөнгө зээлэх зэргээр их хэмжээний өр тавьчихаад явдаг. Явсных нь дараа хүмүүс надаас өрийг нь нэхэж би түүнийг нь төлдөг. Нэгэнт бид гэрлэлтээ батлуулаагүй мөн цаашид бид хамт амьдрах боломжгүй байх тул Бын Н, Бын Х нарыг тэжээн тэтгэх тэтгэлэгийг В Баас гаргуулж, дундын өмчлөлийн хөрөнгө болох 6 ханатай шалтай давхаргатай гэр, хөргөгч, гоо сайхны тольтой тавиур, угаалгын машин, хуримаа хийхэд миний аав ээжийн бэлдэж өгсөн оёдлын машин, гал тогооны хэрэгсэлүүд /аяга таваг, тогоо, шанага, хөнжил гудас/, миний өөрийн хувцаснуудыг гаргуулж, машины үнэ болох 6 сая төгрөг, банкны хүү 3 сая төгрөг, нийт 9 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч В.Бт холбогдуулан Бын Н, Бын Х нарыг тэжээн тэтгэх тэтгэлэгийг В.Баас гаргуулж, дундын өмчлөлийн хөрөнгө болох 6 ханатай шалтай давхаргатай гэр, хөргөгч, гоо сайхны тольтой тавиур, угаалгын машин, хуримаа хийхэд эцэг, эхийн бэлдэж өгсөн оёдлын машин, гал тогооны хэрэгслүүд /аяга таваг, тогоо, шанага, хөнжил гудас/, өөрийн хувцаснуудыг гаргуулж, машины үнэ болох 6,000,000 /зургаан сая/ төгрөг, банкны хүү 3,000,000 /гурван сая/ төгрөг, нийт 9,000,000 /есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч В.Б нар нь 2012 онд Говь-Аптай аймагт суралцаж байхдаа танилцаж үерхэж 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нар төрсөн. төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчийн талбараар тогтоогдож байна.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж зэргийг харгалзан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нарыг эх Б.Бгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Вандандоржийн Баар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.Б, эцэг В.Б нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эцэг В.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нарыг эх Б.Бгийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө дээрээ Дундын өмчлөлийн хөрөнгөөс оёдлын машин, гал тогооны хэрэгсэл /аяга, таваг, тогоо шанага/, хөнжил гудас хувцас зэргийг нэхэмжлэгч Б.Бд өгөхийг хариуцагч В.Б нь хүлээн зөвшөөрлөө.Машин худалдаж авахад зориулж нэхэмжлэгч Б.Бгийн авсан цалингийн зээл болох 6,000,000 төгрөгийг хариуцагч В.Б нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 6 ханатай шалтай давхрагатай гэр, хөргөгч, гоо сайханы тольтой тавиур, угаалгын машин гаргуулах болон банкны зээлийн хүү 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж эвлэрэн хэлэлцсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Баас 102500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нарыг эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Вандандоржийн Баар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг В.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нарыг эх Б.Бын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
4. Эцэг В.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Бын Н, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бын Х нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.Бгийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө дээрээ Дундын өмчлөлийн хөрөнгөөс оёдлын машин, гал тогооны хэрэгсэл /аяга, таваг, тогоо шанага/, хөнжил гудас хувцас зэргийг нэхэмжлэгч Б.Бд өгөхийг хариуцагч В.Б нь хүлээн зөвшөөрлөө.Машин худалдаж авахад зориулж нэхэмжлэгч Б.Бгийн авсан цалингийн зээл болох 6,000,000 төгрөгийг хариуцагч В.Б нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 6 ханатай шалтай давхрагатай гэр, хөргөгч, гоо сайханы тольтой тавиур, угаалгын машин гаргуулах болон банкны зээлийн хүү 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж эвлэрэн хэлэлцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Баас 102500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ