| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00506/и |
| Дугаар | 153/ШШ2019/00581 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 153/ШШ2019/00581
| 2019 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2019/00581 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн тоотод оршин суух, Х овогт Д-ийн Ц / /-ийн нэхэмжлэлтэй,
Ч.Т-ын эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00506/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ч.Т миний хүргэн болоод 5-6 жил болсон. Манайд хүү Т.Б 2 настай ирсэн. Миний охин Ц.Э нь Ч.Т-аас гэрлэлтээ цуцлуулаад 1 жилийн дараа эмнэлгийн тусламж авч чадалгүй 2011 оны 12 сард нас барсан. Охин Ц.Э хүү Т.Б-ийн хамт 1 жил манайд амьдарсан. Ч.Тогтохбаяр миний охиноос үлдсэн ганц хүүхдийг харж, хандахгүй байгаа бөгөөд одоо өөр эхнэр аваад 2-3 хүүхэдтэй болсон. Т.Б-д тусламж дэмжлэг үзүүлдэггүй. Одоо хүү Т.Бат-Ерөөлт нь Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 6а ангид суралцдаг. Ч.Т миний охиныг их зовоодог байсан. Т.Б эцэг Ч.Т нь анхаарал халамж тавьдаггүй учир Ч.Тогтохбаярын эцэг байх эрхийг хасуулах хүсэлттэй байна....2007 онд Т-тай гэр бүл болж 2008 оны 3 дугаар сарын 04-нд хүү Тогтохбаярын Бат-Ерөөлтийг төрүүлсэн. Улмаар гэр булийн таарамжгүй харьцаанаас үүдэн 2011 оны 06 дугаар сарын сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 483 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулахаас 1 жилийн өмнө хүүгийн хамт над дээр ирж амьдарч байсан.
Гэрлэлт цуцалсан шийдвэр гарснаас хойш 6 сарын дараа буюу 2011 оны 12 сарын 11-ний өдөр өвчин хуучингүй хирнээ гэнэт дээл оёж сууж байгаад дотор муухай боллоо гээд огьж бөөлжсөн. Түргэн тусламж ирэх хооронд миний охин Ц.Эрдэнэсувд нь эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр нас барсан.
2010 оноос хойш миний зээ Т.Б нь надтай хамт амьдарч байгаа бөгөөд эцэг, эхийн нь гэрлэлт цуцлуулсан шийдвэрээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч эцэг гэх Ч.Т нэг ч удаа тэтгэлэг өгч байгаагүй.
Ээжийг нь нас барснаас хойш эцэг гэх Ч.Тогтохбаяр нь хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, асууж асууж сураглаж байгаагүй. Сураг сонсоход гэр бүл, үр хүүхэдтэй болсон гэж сонсогддог. Миний зээ хүү Т.Б нь одоо Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн 6 дугаар ангид сурч байна. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 03 сарын 21-ний өдрийн А/39 дүгээр Асран хамгаалагчаар тогтоох тухай Захирамжаар зээ хүү Тогтохбаяр овогтой Бат-Ерөөлтийн асран хамгаалагчаар намайг тогтоосон.
Иймд Харгай овогт Тогтохбаярын Батерөөлтийн эцэг гэх Чадраабалын Тогтохбаярын эцэг байх эрхийг хасч өгнө үү....Ч.Тогтохбаяр нь хүү Т.Батерөөлтийг өсгөж хүмүүжүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэж байна....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь Ч.Т-ын 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Тогтохбаярын Батерөөлтийн эцэг байх эрхийг хасуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ц.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Тогтохбаяр нар нь гэрлэлтээ цуцлуулж, хүү Т.Б-ийг эх Ц.Э-ын асрамжид үлдээсэн болох нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 483 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Ц.Э нь 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь №0000071547 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Д.Ц нь Т.Б-ийн асран хамгаалагч мөн болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/39 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 10 дугаар тал/
Иймээс нэхэмжлэгч Д.Ц нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар Ч.Т-ын Т.Б-ийн эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй.
2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Т-ын Б //-ийн эцэг нь Ч.Т // / мөн болох нь Т.Б-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно. гэж хуульчилжээ.
Ч.Т нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 483 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдээ өсгөн хүмүүжүүлээгүй болох нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 483 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/39 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдахаар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заажээ.
Иймээс Ч.Т-ыг хүү Т.Б-ийг өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан Эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэсэн үүргээ Ч.Т нь биелүүлж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Цийн гаргасан Ч.Т-ыг хүү Т.Б-ийг өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн гэж үзэж эцэг байх эрхийг хасуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хангах нь зүйтэй гэж үзлээ.
Ч.Т нь эцэг байх эрхийг хассан нөхцөл, шалтгаан арилсан тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргах эрхтэйг, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШЗ2019/01948 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Ц-ийг Ч.Т-ын эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг тус тус дурдлаа.
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШЗ2019/02063 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.Т-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба шүүхээс түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч Ч.Т нь хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Т //-ын 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Т-ын Б //-ийн эцэг байх эрхийг хассугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Золзаяад даалгасугай.
3.Ч.Тогтохбаяр нь эцэг байх эрхийг хассан нөхцөл, шалтгаан арилсан тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШЗ2019/01948 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Ц-ийг Ч.Т-ын эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ