| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00616/и |
| Дугаар | 00582 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 00582
| 2019 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2019/00582 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, Г овогт З-ын О //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153/2019/00616/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, нэхэмжлэгч З.Оаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.О нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад Зугдарын 4 дэх охин болж төрсөн. Манхан сумандаа 1977 онд 1 дүгээр ангид орж 1987 онд 10 дугаар анги төгсөөд ээж, аавын хамт Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад тухайн үед 4-р бригад гэж байсан. 1987 оны 6 сарын 20-ны өдрөөс 1998 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Мягмаржав нь миний ах, тухайн үед намайг илгээлтээр явахад ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Илгээлтээр гарахдаа ээж, ах хоёр дээрээ илгээлтээр очиж мал маллаж байсан. Аав маань 1984 онд нас барсан. Мал маллаж байгаад 1988 онд Отгон овогтой Пүрэвсүрэнтэй гэрлэж, Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад мал маллаж амьдарсан.
Тус нэгдлийг тартал ажилласан ба нэгдэл тарж Баясгалант амьдрал ХК болоход мөн л малчнаар ажилласан. Одоог хүртэл малчнаар ажиллаж, амьдарч байна.
Тэтгэвэрт гарах нас болсон боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч З.О нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.О нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1182 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадын 1987-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний Отгоны Пүрэвсүрэн, Зугдарын О нарын 126/004307 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Энхтөрийн Зугдар овогтой О нь 1987 онд Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн нь үнэн болно гэх бичвэртэй албан бичиг, гэрч О.Галхүүгийн ....Би 1974 оны 6 дугаар сард Ховд аймгийн Манхан 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад илгээлтээр гарч мал малласан. Түүнээс хойш тэтгэвэрт гарах хүртлээ мал малласан....З.О нь 1987 оноос Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригад буюу Ботгон бригадад мал маллаж эхлээд нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. З.О нь бог мал болон сарлаг маллаж байсан. З.Оын аавынх нь нэрийг Зугдар, ээжийнх нь нэрийг Бузгар гэдэг гэрийнх нь дууддаг нэрээр нь мэднэ. Ах нарынх нь нэрийг Даваадорж, Лхагвадорж, Мягмаржав гэдэг нэртэй хүмүүс байдаг. Дүүгийнх нь гэрийн дууддаг нэрийг Монхор гэдэг. Нөхрийнх нь нэрийг Отгоны Пүрэвсүрэн гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч Я.Гэрэлчулууны ....Би Ховд аймгийн Мөнххайрхайн сумын төвд 1969-1981 он хүртэл тус сумын цэцэрлэгт тогтоочоор ажиллаж байсан. 1981 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Манхан суманд шилжиж ирээд тус сумын цэцэрлэгт тогоочоор ажилласан....З.О нь 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригад буюу Ботгон бригадад эцэг, эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ нэгдэл тартал нь малчнаар ажилласан. З.О нь миний мэдэхээр бог мал болон бод мал маллаж байсан. Ямаа, хонь, үхэр малладаг байсан. З.Оын аавынх нь нэрийг Зугдар, ээжийнх нь нэрийг Бузгар гэдэг. З.О нь эцэг, эхээсээ 4-үүлээ, дээрээ 3 ахтай, өөрөө айлын отгон охин юм. Ах нарынх нь нэрийг Даваадорж, Дагвадорж, Мягмаржав гэдэг нэртэй хүмүүс байдаг. Нөхрийнх нь нэрийг Отгоны Хархүү гэж дууддаг байсан. Гэтэл нөхрийнх нь нэрийг Пүрэвсүрэн гэдэг байсан юм гэнэ.... гэх мэдүүлэг, Зугдарын Мягмаржав нь нэхэмжлэгчийн төрсөн ах мөн болохыг тодорхойлсон 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 126/004507 дугаартай Төрөл садангийн тухай лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-8, 14, 15, 17, 25-26, 27-28, 29 дүгээр тал/
Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1182 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадын 1987 оны 70 дугаар дансанд З.От олгосон цалин хөлс нь 10 дугаар сараас бичилттэй байх тул нэхэмжлэгч З.Оын Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
З.О нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990- 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1608000572 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/
Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадын 1990-1993 онуудын 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Я.Гэрэлчулуун, О.Галхүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г овогт З- О / /-ын Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ