Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/793

 

 

 

 

 

 

  2023           05           30                                   2023/ШЦТ/793

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогчийн өмгөөлөгч Б.Балжидмаа /цахим/,

шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б од холбогдох эрүүгийн 2306 00493 0928 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар:

О.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны орцонд хохирогч Ш.А тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг заамдан толгой хэсгээр хана мөргүүлэн халдсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч О.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би 2 найзын хамт өдрийн цагаар ажлын газраасаа гараад хажуу талын байранд найзын орцонд уухаар болоод 1 шил архи задлаад байж байсан. Дөнгөж задлаад ууж байсан. Согтуурсан байдалтай байж байгаагүй. 9 давхрын гэрээсээ Ш.А  гэгч охин гарч ирээд юу хийж байгаа юм гарцгаа гээд бичлэг хийхээр нь түүнийг болиулах гэж очсон. Тэгээд чи ингэж бичлэг хийвэл хүн амьтанд алуулна шүү гэж хэлээд заамдахад тэр охин доошоо суусан. Тэгтэл манай 2 найз охин хүүхэд гэж байна шүү дээ хая явъя гэж хэлсэн. Тийм л зүйл болсон” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 51 минутад 991185... дугаараас “Манай 19 настай охиныг 3 залуу хоолойг нь боож унагаад цохисон байна, охин зугтаад СӨХ дотор ороод байж байна” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Хохирогч Ш.А ийн “Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 54 дүгээр байрны 9 давхарт 44 тоотод оршин суудаг ба 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... гэрээсээ гараад 9 давхарын лифт гацаад ирэхгүй байхаар нь өө ямар ядаргаатай юм бэ гэж амандаа дуу алдтал шатны тэнд хогийн пункерний хажууд байгаа хүмүүс инээлдээд байхаар нь энэ хэдэн тоотын хүмүүс сууж байна вэ гэж хэлтэл нэг үл таних урт үстэй харааны нүдний шилтэй залуу чамд ямар хамаатай юм бэ гээд буугаад ирсэн. Тэгэхээр нь гялс утсаа гаргаж ирээд өөрийгөө хамгаалаад бичлэг хийхэд нүүрээ цаашаа нуугаад куртикээ толгой дээгүүрээ бүтээж над руу ирээд шууд хоолойноос боогоод түлхэж унагахаар нь би нэг гараараа толгойгоо хамгаалаад нөгөө гараараа утсаа барьсан. Гэтэл би чамайг яасан юм, хаана суухаа чамаар заалгахгүй гээд үсдээд чамайг алчихна шүү, чи салгалаад үхлээ ш дээ гэж хэлээд шилэн хүзүүнээс базаж аваад доош дараад чи наад хошного шиг зангаа болиорой хүнд алуулна шүү, газар дээр нь чамайг алчихна үү, одоо чамайг алчихаад явахад хэн ч намайг мэдэхгүй, барьж чадахгүй гэж хэлээд хоолой орчим куртикнээс базаад босгож ирээд куртик базсан чигээрээ хананд хавсарч 2-3 удаа цохиод байж байтал дээрээс 2 найз нь бууж ирээд за андаа болио, хаячих, явъя гэртээ оръё гэж хэлээд тэр 3 залуу доошоо шатаар алхсан. Шатаар буухаар нь би айгаад туслаарай хүн байна уу гэж хэлтэл тухайн залуус 8 давхараас лифтэнд суугаад яваад өгсөн. Миний биед халдсан залуу урт үстэй, харааны нүдний шилтэй, 180 см орчим өндөртэй, залуу байсан. 18-25 насных байх. Тухайн залуу согтуу байсан. Архи үнэртэж байсан. Айж балмагдсан. Сэтгэл санааны маш их цочролд орсон. Би удахгүй гадаад сургуульд явах гэж байгаа. Би зөвхөн хэдэн тоотын хүмүүс вэ гэж асуусны төлөө заналхийлсэн байдалтайгаар шууд халдсанд гомдолтой байна. Хэрвээ би өөрийгөө хамгаалж утасны камер асаагаагүй бол тэр залуу намайг алахаас сийхгүй догшин авирлаж байсан. Одоо миний нүдний ухархай руу хатгаж өвдж байна. Зүүн талын мөр, цээж, эгэм хэсгээр хөндүүрлэж байна ... миний үснээс зулгааж, шилэн хүзүүнээс базаад, дээрээс дарж газарт хэвтүүлсэн. Хоолой орчим куртикнээс базаад босгож ирээд миний толгой, зүүн бугалга, дал хэсгээр ханатай хавсарч 2-3 удаа мөргүүлсэн. Миний тархи доргисон байсан тул 10 дугаар хороололд байдаг Ж  бариачид 4 хоног бариулсан, 200.000 төгрөг болсон, шүү эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгойн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Сэтгэлзүйч багш нарын холбооны дэргэдэх Мөрөөдлийн кактус сэтгэл зүйн төвд сэтгэлзүйн гэмтлийг тодорхойлуулж, сэтгэлзүй, сэтгэл заслын зөвлөгөө авч эмчилгээ хийлгэсэн, нийт зардал 2.300.000 төгрөг болсон. Одоогоор сэтгэл түгшүүртэй, тайван унтаж чадахгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 586 дугаартай “Ш.А ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Хохирогчийн утсан дээрх бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг эхлүүлэхэд урт хар ангийн үсээ толгойн гол хэсгээр заагласан, тунгалаг өнгийн нүдний шилтэй, бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн бичигдэж байх ба тухайн хүн бичлэг хийж байгаа хүнд ойртож байгаа харагдана. Камер нь доошилж тухайн эрэгтэй хүний бие хэсэг харагдана. Тухайн эрэгтэй хүн баруун гараа бичлэг хийж байгаа хүн рүү ойртуулахад тухайн эрэгтэйн хөл хэсгийн бичиж эхлэх ба бичлэг хийж байгаа хүнд хандаж “яагаад оролдоод байгаа юм, наад хошного шиг зангаа болиорой, хүнд алуулна шүү, чи салганаад үхлээ ш дээ, сүйрчихсэн бацаан байна ш дээ, би чамтай нэг үзчихмээр санагдаад байна” гэж хэлэхэд бичлэг хийж байгаа хүнээс авиа гаргах ба энэ үед бичлэг нь доргиж байгаа харагдана. Бичлэгийг үргэлжлүүлэхэд камер нь эргэж тухайн залууг харуулна. Тухайн залуу нь бичлэг хийж байгаа хүний хүзүү хэсгээс барьсан байгаа нь бичигдсэн байх ба бичлэгт бичигдээгүй өөр нэг хүн “ гараач ээ Б ” гэж хэлж байгаа нь сонсогдох ба бараан өнгийн куртикнийхээ юүдэнг өмссөн хүн шатаар бууж, араас нь урт хар ангийн үсээ толгойн го хэсгээрээ заагласан эрэгтэй нь шатаар доош буух ба тухайн эрэгтэй нь бичлэг хийж байгаа хүнд хандаж “чи хэзээ ч эрэгтэй хүн болохгүй, чи гомо болно за юу” гэхэд бичлэг хийж байгаа хүн нь “би эмэгтэй ш дээ” гэж байгаа нь сонсогдоно” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39-44 дэх тал/,

Яллагдагч О.Б ын “2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчим би Баянзүрх дүүрэг 6 хороо Empire компьютер тоглоомын газарт админаар ажиллаж байсан. Тэгтэл манай найз Тэмүүлэн, зүс таних дүү Баттөмөрийн хамт орж ирсэн. Бид нар ойрд уулзаагүй байсан тул манай ажлаас гарч сууж юм ярихаар болсон. Тухайн үед цаг эрт байсан болохоор дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архи, 2 литрийн савалгаатай фанта ундаа, нэг удаагийн аяга 4 ширхгийг аваад 54 байрны орцонд орж уухаар болсон. Бид 8 давхарын шатан дээр суугаад архиа задлаад талд нь орж байхад үл таних хүүхэд гар утсаараа бид нарын бичлэгийг хийж эхэлсэн. Бичлэг хийхээр нь би очоод чи яасан шалчиганасан арчаагүй байцаан бэ гэж хэлээд заамдахад газарт явган суусан. Үл таних хүүхэд бичлэгээ үргэлжлүүлж хийгээд байхаар нь би ахын дүү чи ийм зантай бол нэг өдөр хүнд алуулна шүү гэж хэлээд тэр хүүхдийг үлдээгээд шатаар доош буусан. Тэгтэл үл таних хүүхэд нь миний араас би угаасаа эмэгтэй хүн гэж хэлсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тус гэмтлийг би учруулаагүй. Тэмүүлэн, Баттөмөр нарын утасны дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Балжидмаа хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл дэх гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16 дахь тал,

Хохирогч талаас гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэнд, сэтгэл заслын хохиролтой холбоотой зардлын баримтууд /хавтаст хэргийн 19-27 дахь тал/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирлын талаарх баримтууд, хохирогчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсантай давхацсан /хавтаст хэргийн 19-27, 36 дахь тал/,

Эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 4 хуудас бүхий хохирогч талд мөнгө шилжүүлсэн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Булгамаагаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэлхийлсэн баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч О.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны орцонд хохирогч Ш.А тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг заамдан толгой хэсгээр хана мөргүүлэн халдсаны улмаас эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаар мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ш.А , яллагдагч, шүүгдэгч О.Б  нарын мэдүүлэг, гар утасны бичлэг бүхий CD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч  О.Б  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Б  хохирогч Ш.А  руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар нотлогдсон, О.Б ын үйлдэл нь хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул О.Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжилсэн зардлыг төлсөн тул О.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжээр торгох оногдуулах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх санал хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Б ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэхээр зохицуулсан тул өмгөөлөгчийн ялаас чөлөөлөх талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

О.Б ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн, 1.6 дахь заалтад заасан “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байлалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс шүүгдэгч О.Б ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, анх удаа гэмт хэрэг холбогдсон байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан О.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

О.Б ын шүүхээс тогтоосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б од 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Б од мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ