Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/987

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          7           17                                       2023/ШЦТ/987

          

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг

улсын яллагч Я.Болортуяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Н-ын У-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 01925 1878 Тангууд овогт Нэмэхбаатарын Уд дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ......................-д замчнаар ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт ............................................тоотод оршин суудаг, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/621 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Т овогт Н-ын У /РД:............................ / 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шархадны эцэст байхдаа хохирогч Б.Тын эзэмшиж байсан Стингер маркийн унадаг дугуйг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.                

                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: "Би 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед бага зэрэг халамцуу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн автобусны буудал дээр ганцаараа өөрийн хар өнгийн унадаг дугуйтай гэр рүүгээ явах зорилгоор такси хүлээгээд сууж байсан чинь нэгэн үл таних эрэгтэй хүн миний унадаг дугуйг гараараа хүчтэй татаад аваад чигээрээ яваад өгсөн бөгөөд тухайн залуу миний дугуйг авч байхад хажуу талаас мөн танихгүй нэгэн эрэгтэй хүн гарч ирээд миний хөлнөөс татаж унагаад дээрх залуутай хамт яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

 Иргэний нэхэмжлэгч М.Оын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:  "Би 2015 онд Солонгос барааны дэлгүүрээс өөртөө Stinger boo маркийн хар өнгийн унадаг дугуйг 1,200,000 төгрөгөөр худалдан авч, улмаар өдийг хүртэл унаж хэрэглэдэг байсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өглөө 11 цагийн орчим манай хүү Жавхлангаас түүний найз Бат-Өлзий гэх хүүхэд миний унадаг дугуйг түр хэрэглэхээр авч явсан. Ингээд тухайн өдрийнхөө орой 16 цагийн орчим хүүгийн найз Бат-Өлзий “би чиний дугуйг хулгайд алдчихлаа” гэхээр нь болсон асуудлын талаар тодруулахад Бат-Өлзий гэх хүүхдийн аав нь Түвшинбаяр гээд залуу тухайн унадаг дугуйг авч явж байгаад хүнд дээрэмдүүлсэн гэж ярьсан. Ингээд хэд хоногийн дараа Бат-Өлзий гэх хүүхэд “ахаа би унадаг дугуйг олчихлоо энд нэг айлд байна” гэхээр нь очоод үзтэл миний дугуй мөн байсан ба тухайн үедээ цагдаагийн албан хаагчид мэдэгдэн унадаг дугуйгаа хүлээн авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

  Гэрч Э.Жаас 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:  "Би 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцэс дээр зогсож байтал зүс таних Мөнхбаяр гэх хүн ирээд “унадаг дугуй авах уу” гэхээр нь үзэж сонирхож байгаад тухайн унадаг дугуйг нь 60,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай хүү Ирээдүй тухайн унадаг дугуйг унаад явж байтал нэг хүүхэд ирээд “манай аавын алдсан дугуй” гэж мэдэн эзэнд нь буцаан өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Жаас 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: "Би тухайн унадаг дугуйг 60,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг надад төлж барагдуулаагүй тул 60,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 65 дахь тал/,

Гэрч М.Мөнхбаяраас 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: "Би 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Да Хүрээ захын орчим явж байтал үл таних 3 залуу унадаг дугуй зарна гээд явж байхаар нь тухайн унадаг дугуйг үзэж сонирхоод 50,000 төгрөгөөр худалдан авахаар болж улмаар өөрийн 5018245323 дугаарын данснаас 40,000 төгрөг бэлнээр авч өөрт байсан 10,000 төгрөгөө нэмээд худалдан авсан. Ингээд тухайн дугуйгаа гэртээ авч очин хадгалж байгаад 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Шархадны эцэс дээр авч очин Жамбал гэх залууд 60,000 төгрөгөөр зарсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Жамбал намайг дуудаад “энэ дугуй чинь хулгайн дугуй байна” гэж хэлэхээр нь би тухайн дугуйг надад зарсан хүнийг хайж явж У гэх 88830992 дугаарын утастай залууг олж цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн. Тухайн У гэх залуу нь өөр нэг 2 залуугийн хамт явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,

 "Дамно" ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 186 дугаартай унадаг дугуйны зах зээлийн үнэлгээг 290,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 дэх тал/,

  Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Багабандиас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний нэхэмжлэгч М.От Stinger boo маркийн унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Э.Жын нэхэмжилсэн 60,000 төгрөгийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай рхуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Н-ын У-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******д тайлбарласугай

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан *******д хяналт тавихыг харъяа дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчиин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА