Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 00590

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2019/00590

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын 4 дүгээр багт оршин суух, Л овогт М-ийн Г /1/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт байрлах, Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 153/2019/00484/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч М.Отгончимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч М.Г нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Линш овогт Мажигаагийн Г миний бие нь 1963 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Одоо Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт мал маллан амьдарч байна.

Миний бие нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00438 дугаар шийдвэрээр 1984 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин /нормчин/, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбарт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож шийдвэрлүүлсэн.

М.Г миний бие нь 2010 оноос Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт малчнаар ажиллаж, эмнэлгийн хүнсний мал маллаж эхэлсэн. Эмнэлгийн малыг 2010 оноос 2018 оны 2 сарыг дуусталх хугацаанд малласан.

Малчнаар ажилласны цалин хөлс гэж сард 54,000 төгрөг өгдөг, үүнээсээ нийгмийн даатгалыг суутган тооцдог байсан. Цалин хөлс бага байгаа талаар эмнэлгийн удирдлагад хэлэхэд Төсөв хүрэлцэхгүй байна гэдэг байсан.

Миний бие нь 2019 онд тэтгэврээ тогтоолгох гэтэл эмнэлэгт ажилласан жилүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ бага учир /хөдөлмөрийн хөлснөөс доош байх тул/ тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан ажилласан 3 жилийг 1 жилд дүйцүүлэн тооцох, 4 жилийг 1 жилд дүйцүүлэн тооцно гэсэн.

Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343,359 дүгээр зүйлүүдэд заасан Хөлсөөр ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн дээр ажиллуулж байгаа ажилтныг тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр цалин хөлс олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байна.

Намайг тус байгууллагад малчнаар ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь дараах байдлаар өөрчлөгдөн тогтоогдож байжээ. Үүнд:

1.Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 108, 000 төгрөг,

2.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 01 дүгээр тогтоолоор 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 140,400 төгрөг,

3.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 07 дугаар тогтоолоор 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 192,000 төгрөг,

4.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 240,000 төгрөг,

Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэг нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажиллуулж байхдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж байсан нь намайг өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байна. Мөн 2010 оноос тус байгууллагад ажиллаж эхэлсэн боловч 2010 оны нийгмийн даатгалыг төлөөгүй байна.

Миний бие нь энэ асуудлаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШЗ2019/01614 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын байгууллагад хандаж хариуг аваад шүүхэд хандах гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дагуу Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 655 дугаартай албан бичгээр дээрх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.

Иймд Ховд аймгийн Зэрэг сумын хүн эмнэлгээр М.Г миний бие нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 108,000 төгрөгийн цалин хөлснөөс тооцон, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 140,400 төгрөгийн цалин хөлснөөс тооцон, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 192,000 төгрөгийн цалин хөлснөөс тооцон, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд 240,000 төгрөгний цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн тооцуулж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага гаргасан бүх хугацаанд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг. Тиймээс нэхэмжлэд заасан хугацаанд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулж дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 4 дүгээр сар хүртэл тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөг байсан. Нөхөн тооцох дүн нь 162,000 төгрөг, үүнээс нөхөн тооцох нийгмийн даатгалын шимтгэл нь 34,026 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 144,400 төгрөг болсон. Нөхөж тооцох дүн нь 2,592,000 төгрөг, нөхөн тооцох нийгмийн даатгалын шимтгэл нь 544,320 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан. Энэ хугацааны нөхөж тооцох дүн нь 5,520,000 төгрөг, үүнээс нөхөн тооцох нийгмийн даатгалын шимтгэл нь 1,159,200 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг болсон. Нөхөж тооцох дүн нь 2,604,000 төгрөг, үүнээс нөхөн төлөх нийгмийн даатгалын шимтгэл нь 546,840 төгрөг байна. Нэхэмжлэгч М.Ггийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд нийт нөхөн тооцох цалин хөлсний зөрүү болох 10,878,000 төгрөгөөс тооцон 2,284,380 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэж тодруулж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ггийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. М.Ггийн нийт 2,284,380 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайланд оруулахаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч М.Г //-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд нийт нөхөн тооцох цалин хөлсний зөрүү болох 10,878,000 төгрөгөөс тооцон 2,284,380 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодруулав.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч М.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох М.Ггийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд нийт нөхөн тооцох цалин хөлсний зөрүү болох 10,878,000 төгрөгөөс тооцон 2,284,380 /хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргав.

Хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвөөс 2,284,380 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,500 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төв нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч М.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох М.Г //-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд нийт нөхөн тооцох цалин хөлсний зөрүү болох 10,878,000 төгрөгөөс тооцон 2,284,380 /хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 51,500 /тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төв нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ