| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00554/и |
| Дугаар | 00592 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 00592
| 2019 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2019/00592 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11-5 тоотод оршин суух, эрэгтэй, Э овогт З-ын Б //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00554/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, нэхэмжлэгч З.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1960 онд төрсөн. Миний бие өвөг эцэг Зодов, эмэг эх Загасан нарын асрамжид өсч торнин 1968 онд Ховд аймгийн Үенч сумын найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж сурч, 1976 онд наймдугаар анги төгссөн. Наймдугаар анги төгсөөд эцэг, эхийнхээ хамт амьдарч байгаад 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хаагаад, 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Би 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдах ёстой байсан боловч ар гэрийн гачигдлаар 1 сарын өмнө цэргийн албанаас халагдсан.
Цэргийн албанаас халагдаж ирээд 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчноор ажиллаж эхэлсэн. Нормчноор ажиллаж байгаад 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тушаал дэвшиж Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай тушаалаар жолоочоор ажиллаж эхэлсэн. Жолоочоор Ховд аймгийн Зам барилга ашиглалтын контор тартал ажилласан. Ховд аймгийн Зам барилга ашиглалтын контор нь 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тарсан ба Авто зам ХК болж өөрчлөгдсөн.
Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарах гэсэн боловч ажлаас гарсан тушаал болон ажил сэлгэсэн тушаал олдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байгаа боловч ажлаас халагдсан тушаалын бичилт хийгдээгүй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст аваачиж үзүүлэхэд нотлох баримт дутуу, шүүхээр заавал ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн.
Иймд намайг Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Б нь Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1862 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай 1988 онд объектуудад машин, мехникизмын хуваарлаж ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын контороос нэхэмжлэгчид олгосон 1984-1989 онуудын цалингийн картны хуулбарууд, 1981 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн Ховд аймгийн Зам барилга ашиглалтын контороос олгосон нэхэмжлэгчин нэртэй Хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 242 дугаартай Ховд аймгийн Зам барилга ашиглалтын контор нь 1992 оны 4 сарын 08-нд Авто зам ХК, 1996 оны 4 сарын 13-нд Алтайн зам ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, гэрч Н.Чулуунбаатарын ....Би 1980 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт механизмаар, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан. Энэ хугацаанд байгууллагын нэршил Ховд аймгийн Зам гүүрийн контор, Ховд аймгийн Авто зам гэж өөрчилөгдөж байсан. Сүүлд манай байгууллага хувьчлагдаж Алтайн зам ХК гэсэн нэртэй болсон юм....З.Б нь 1981 оны 8 дугаар сард Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт нормчноор ажиллаж эхэлсэн. Дараа нь тус байгууллагадаа механизмчин, жолоочоор ажиллаж байсан. З.Б нь Авто зам ХК-д ажиллаж байгаад Алтайн зам ХК болоход нь ажлаасаа гарч байсан.... гэх мэдүүлэг, гэрч Л.Чулуунбаатарын ....Би 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам гүүрийн барилга конторт механизмын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд би 1977-1980 онуудад цэргийн алба хаасан. Намайг цэргээс халагдаж ирээд буцаад Ховд аймгийн Зам гүүрийн барилга конторт ажилдаа ороход манай байгууллагын нэршил өөрчлөгдөөд Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын контор нэртэй болсон байсан....З.Б нь 1981 оноос эхлэн Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт нормчноор ажиллаж эхлээд удалгүй жолоочоор ажилласан. З.Б нь 2002 он хүртэл Авто зам ХК, Алтайн зам ХК-иудад ажиллаж байсан юм. Би З.Бийг 1981 оны хэдэн сараас эхэлж ажиллаж эхэлснийг санахгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 17, 26-27, 28-29, 30-54, 55, 56, 57, 59-65 дугаар тал/
З.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-1995 он, 1996 оны 3 дугаар сараас 7 дугаар сар, 10-11 сар, 1997 оны 2 сар, 4-6 сар, 1998 оны 2-3 сар, 1999 оны 2 сар, 2000 оны 1 сард ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000903 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 8 дугаар сарын 25-ны өдөр халагдсан талаарх Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8352 дугаартай архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11, 14 дүгээр тал/
Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Чулуунбаатар, Н.Чулуунбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Эмээл овогт Зодовын Б //-ийн Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ