| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1186/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 113
;
2020 01 23 2020/ДШМ/113
Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сансарсайхан,
шүүгдэгч Бын өмгөөлөгч Б.Баттөр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1215 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Бын өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлоор Бд холбогдох эрүүгийн 1908000000850 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сүхбат овгийн Б.Б, 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эрдэнэс таван толгой ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгын 24б гудамжны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЙЮ86102270/;
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Б нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 2-30 тоот хашаанд байрлах иргэн Ч.Халтарын гэрт архи ууж согтуурсан үедээ, түүний эзэмшлийн 5 үе дамжсан 18 дугаар зууны үеийн алтан бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 48.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баас 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөгийг 4 /дөрөв/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Ч.Халтарт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Бын өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бодитой тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. 1 дүгээр хавтас хэргийн 85-87 дугаар хуудсанд, алдагдсан бурхныг 48.000.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан авагджээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно” гэж хуульчилсан. “Тэнцвэр эстимэйт” гэх үнэлгээ гаргасан компани нь хуулийн энэ шаардлагыг хангасан тусгай зөвшөөрөлтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй. Үнэлгээг гаргасан үнэлгээчин гэх Д.Амгалан “...ижил төрлийн зэрэгцүүлэх бурхан олдоогүй, ... биетээр байсан бол бодит үнэлгээ гаргах боломжтой байсан, ... тийм учраас хохирогчийн үнийг үндэслэлтэй гэж авч үзсэн гэж мэдүүлжээ. /2х 26/ Соёлын өвийн үндэсний төвд 21 дэх жилдээ ажиллаж байгаа гэх Д.Нарантуяагийн “...өндөр гэгээн Занабазар хүрэл цутгуураар хийж алтаар шармалддаг, ...жижиг бүтээл хийсэн гэж түүхэн эх сурвалжид байдаггүй." гэх мэдүүлэг /1хх 70-71/, мөн дахин шинжээч томилсон прокурорын тогтоол нь “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөл” шинжээч нарт хаягласан тогтоолд дурдсан шинжээч нь дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй /1хх 226/, харин 1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар хуудсанд “....цагдаагийн дэд хурандаа Ю.Мэндбаяр танаа” гэж хаяглагдсан Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны албан бичигт үнэлгээ тогтоолгох бурхан нь соёлын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, биетээр байхгүй тул үнэлгээг хийх боломжгүй талаар дурджээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар алдагдсан бурхан, бурхныг худалдан авсан гэх этгээдийг эрэн сурвалжлах, олж илрүүлэх ажиллагаа огт хийгдээгүйгээс болж үнэлгээг бодитой тогтоох боломжгүй байдалд хүрсэн байна. Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, хохирлоо төлөхөө илэрхийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан /2хх-30/, улсын яллагчийн зүгээс 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон байхад анхан шатны шүүх 4 жил хорих ял оногдуулж, хохирогч Ч.Халтарт 47.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Бын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирохгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, алдагдсан бурхан нь Занабазарын хийцийн, цул алтан, эсвэл бүрмэл эсэх нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж миний бие “2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгав” гээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Д.Амгалангийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авчирсан тул уг байгууллагын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн талаар маргаантай зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1215 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 2-30 тоот хашаанд байрлах иргэн Ч.Халтарын гэрт архи ууж согтуурсан үедээ, түүний эзэмшлийн 5 үе дамжсан 18 дугаар зууны үеийн алтан бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 48.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Халтарын “...Би 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг яваад гэртээ 21 цагийн үед ирсэн. Тэгэхэд гэртээ ороод байж байтал манай эхнэр хойд цонх онгорхой байна гээд хэлэхээр нь очоод хартал цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн.
...Жанрайсаг бурхан маань манайд 5 үе дамжиж ирсэн. Манай аав болон эмээ нар ярихдаа алтан бурхан гэж ярьдаг байсан, одоо бурхнаа Баянхонгор аймгийн болон Хөтөлийн хамба лам нараас асуухад 50.000.000 төгрөгийн үнэтэй гэж хэлж байсан. Би бурхнаа түүх соёлын дурсгалт зүйлд бүртгүүлж байсан удаагүй, энэ тухай мэдэхгүй. Манай алдсан эд зүйлээс мөнгөн аяга болон хөөргийг олж авсан. Мөнгөн аяганы мөнгийг буцааж авсан ба хөөргийг цагдаагаас олж авсан. Манай өвөг Буурал ноёнд Өндөр Гэгээн Занабазар бэлэглэсэн гэж ярьж байсан. Намайг залуу байхад манай эмээ Даваа надаар уг бурхныг задлаад арчуулж цэвэрлүүлж байсан. Тэгэхэд би 20 гаран настай байсан бөгөөд намайг арчиж үзэхэд яалт ч үгүй шаргал өнгийн металл байсан. Тэгээд манай аав надад алтан бурхан гэж хэлж байсан. Миний бодлоор 2-3 лан алт орсон гэж үзээд 48.000.000 төгрөг гэж үнэлж байна. Хүмүүсээс асуухад бүр үнэтэй гэж байсан. Би бурханаа буцааж олж авахыг хүсч байна. Бурхан олдохгүй бол би 48.000.000 төгрөг нэхэмжлэх болно. ...” /1хх 42-46, 48/,
гэрч Ц.Юмжирмаагийн “...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ ирээд хүүхдийн өрөө рүү ортол цонх нь нээлттэй авдар сав онгорхой байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Гүнгэрваанд байсан хүзүүнд зүүдэг сахиусан бурхан зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Бурхан нь манай нөхөрт 5 үе дамжиж ирсэн бурхан байсан. ...” /1хх 49-50/,
гэрч Х.Гантөмөрийн “...2016 оны хавар манай аав, ээж хоёр Баянхонгор аймаг руу яваад би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байдаг гэрийг нь харж үлдсэн. Тэгээд нэг өглөө босоход манай гэрт танихгүй 2 залуу гал тогооны өрөөнд орж ирсэн байсан. Тэгээд юун хүн болох талаар асуухад манай гэрт хамт хонож байсан Халзан Баяраа гэдэг хүн шөнө хаалга нүдэхээр нь онгойлгож оруулсан байсан. Тэгээд би тоохгүй буцаад унтсан. Маргааш нь манай аав, ээж хоёр ирэхэд манай байшингийн хойд цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. ... Би бурхныг харж байсан. Намайг бага байх үеэс манай гэрт байдаг байсан бөгөөд би задалж харж байгаагүй. Жижиг модон гуу дотор шаргал өнгийн металл бурхан байдаг байсан. Аав, ээж хэлэхдээ өвлөгдөж ирсэн бурхан бөгөөд алтан бурхан гэдэг байсан. ...” /1хх 65/,
гэрч Д.Нарантуяагийн “...Би соёлын өвийн үндэсний төвд 21 дэх жилдээ ажиллаж байна. Одоогийн албан тушаал маань соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч гэсэн албан тушаалтай. Өндөр гэгээн Занабазарын 1635 оноос 1723 оны хооронд буюу 17 дугаар зууны дунд дахь 18 дугаар зууны эхэн үе хүртэл хугацаанд амьдарч байсан хүн юм. 82 насалсан. ...Өндөр гэгээний намтар, эх сурвалжуудад түүний өөрийн гараар бүтээсэн бүтээлүүдийг дурдсан байдаг. Энэ нь 28 гаруй бурхны бүтээл байдаг бөгөөд дан хүрэл цутгуураар хийж, алтаар шармалдсан 70 хүртэл ам өндөртэй бүтээл байдаг. Одоо музей сүм хийдэд хадгалагдаж байгаа. Жижиг бүтээл хийсэн нь түүхэн эх сурвалжид байдаггүй. Занабазарын дэг сургуулийн бүтээлүүдэд хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Занабазарын бүтээл бол зэс, гууль, хүрлээр хийж алтаар шармалдсан бүтээл ихэнх нь байдаг бөгөөд мөнгөөр хийгээд алтаар шармалдсан бүтээл цөөхөн байдаг. Хөрөнгийн үнэлгээг эрх авсан байгууллагууд үнэлдэг, бид нар үнэлдэггүй. Түүхийн эд зүйлд тогтсон үнэ ханш байхгүй. Надаас асууж байгаа бурхныг үзэж хараагүй болохоор үнэлэх боломжгүй...” /1хх 70-71/,
гэрч Д.Уранчимэгийн “...Би Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд сан хөмрөг гэсэн ажил эрхэлдэг. Ажиллаад 12 жил болж байна. ...Тухайн үед Занабазар гуай гуунд хийх жижиг бурхан болон сүм хийдэд тахих том хэмжээтэй бурхан бүтээж байсан. Яг тоо баримт бол байхгүй. Тухайн үед хүрэл металлаар цутгаж алтаар шарж бүрсэн байсан. Одоо тухайн үеийн өөрийн мутраар хийсэн 4 том бурхан хадгалагдаж байна. Манай музейн ажилчид үнэлгээ тогтоох боломжгүй, үнэлгээ тогтоох эрх зүйн акт байхгүй. Манай музейд бол цул алтан бурхан байхгүй. Хэрэв байдаг бол маш ховор байдаг болов уу. ...” /1хх 222-223/,
гэрч Д.Амгалангийн “...Шинжээч томилсон тогтоолын дагуу алдагдсан бурхны талаар судалгаа хийсэн. Судалгаа хийхэд ижил төрлийн зэрэгцүүлэх боломжтой бурхан олдоогүй. Судалгааны хүрээнд алдагдсан бурхны эзэн, бурхан шашны талаар мэдлэг бүхий хүмүүсээс шинж байдлыг тодорхойлж, Өндөр гэгээн Занабазарын үеэс хийгдсэн бурхан бол дэлхийн зах зээл дээр дуудлага худалдаагаар Монгол мөнгөөр 1 тэрбум хүртэл үнэлэгдсэн судалгаа байсан. Иймээс харьцуулах зэрэгцүүлэх зүйл нь түүхэн үнэт зүйл гэдэг утгаараа зах зээл дээр борлуулагдах үнэ, худалдагч, худалдан авагчийн харилцан тохиролцсон үнэлгээгээр тогтоогддог. Тиймээс хохирогчийн үнийг үндэслэлтэй гэж авч үзэх шийдвэрт хүрсэн. Бурхан биетээр байхгүй учир хохирогчийн үнэлгээ хамгийн бодит байсан. Судалгааг хийхдээ Өндөр гэгээн Занабазарын музейн мэргэжилтэн болон үнэт эдлэл худалдан авдаг, зардаг хүмүүстэй уулзсан. Соёлын Өв бүртгэх газарт очиж ижил төсөөтэй бурхан бүртгэгдсэн талаар лавлагааг авч харьцуулалт хийсэн. Ер нь бол өндөр үнээр үнэлэгддэг юм билээ. ...” /2хх 26/,
Шүүгдэгч Бын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 5 дугаар сард гэж санаж байна, би Баяраа, Баттулга гэдэг хүмүүстэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гэдэг газарт танилцсан. Тэгж явахдаа тэнд байсан хүмүүстэй танилцаад хамт архи уусан. Тэгээд архи ууж байхад Баттулга гэдэг залуу Халтар ахын хүүтэй /одоо нэрийг нь санахгүй байна/ танилцаад гэрээ эргэж яваа гээд нэг танихгүй айлын хашаа руу машинтай орж, байшинд Баттулга, Баяраа, айлын эзэн, танихгүй 2-3 эмэгтэйн хамт архи уусан. Тэр үед би байшингийн том өрөөнд байсан бурхан тахилын урдаас чүдэнзний хайрцагын хэмжээтэй жижиг бурхныг авсан бөгөөд өөр эд зүйл аваагүй. Маргааш нь Улаанбаатар хот ирж интернетээс эртний эдлэл бурхан авна гэсэн зарыг олж, нэг танихгүй эрэгтэй хүнтэй утсаар холбогдож 11 дүгээр хороололд уулзаад айлаас авсан бурхныг үзүүлэхэд надтай уулзсан танихгүй эрэгтэй хүн бурхныг үзээд алт биш байна, зүгээр хуучин шавар бурхан байна, 15.000 төгрөгөөр авна гэхээр нь би гуйж байгаад 20.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бурхан зарсан мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан. Бурхан зарах үед би ганцаараа явсан. ...”/хх 126-127/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3402 дугаартай “...Шинжилгээний шаардлага хангах 1, 2 гэж дугаарласан Гүнгэрваагийн шилний урд талаас илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд 29020, 2555942, МИ000210020923 гэсэн бүртгэлийн дугааруудаар /хавсралтаас үзнэ үү/ бүртгэгдсэн Болд овогтой Бын /овог нэр солигдсон байж болно/ баруун гарын эрхийн хурууны хээтэй тохирч байна. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй. ..." /1хх 74-75/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Бын 48.000.000 төгрөгийн үнэ бүхий бурхан хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Бын өмгөөлөгч Б.Баттөр “...бурхны үнэлгээг бодитой гаргаагүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Үе дамжсан, хэлбэр хийцийн онцлог, дахин давтагдашгүй, алтаар хийсэн шинж чанарыг харгалзан 48.000.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэлтэй гэж үзэв.
Өмгөөлөгч Б.Баттөр нь дахин үнэлгээ хийлгүүлэх талаар гомдолдоо заасан боловч ямар эх сурвалжид тулгуурлан үнэлгээ гаргуулах талаарх үндэслэл, нотолгоог гаргаж тавьсангүй. Иймд өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан үзээд хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1215 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...4 /дөрөв/ жилийн хугацаанд хэсэгчлэн...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ