Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0553

 

                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын

                            Прокурорын газрын хяналтын прокурор П.Нгийн

                                            дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 121/ШШ2025/0007 дугаар шийдвэрийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг  

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Дүгнэлт гаргагч:  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н

Хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Я

Гуравдагч этгээд: Ч.Ч

 

Хэргийн индекс: 121/2025/0009/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 121/ШШ2025/0007 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Яын гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0611461 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”,  1.3 “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь  Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 1.5 “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн  хэмжээг тогтоох” ажиллагааг хийж холбогдогчид шийтгэл оногдуулах ёстой байсан.

2..2. Шүүх шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн хэр нь шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, үндэслэлгүй байна.

2. 3. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ холбогдогчоос зөрүүтэй мэдүүлэг авсан, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, тухайн модыг бэлтгэхэд хамааралгүй эрхийн бичгийг хэрэгт хавсаргах зэргээр нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг прокурор бие даан шийдвэр гаргаж зөвтгөх боломжгүй оролцогчийн гомдлоор эсвэл прокурорын эсэргүүцэл, дүгнэлтээр харьяалах шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх өөрчлөх эсвэл хүчингүй болгох боломжтой юм” гэжээ.

  ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нгаас тус аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Яын гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0611461 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

            3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар иргэн Ч.Чг “технологийн горим зөрчиж мод тээвэрлэсэн” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчилд холбогдогч Ч.Ч нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шийтгэлийн хуудастай танилцан, мөн өдөр Төрийн сангийн 100100300914 дугаар дансанд торгуулийн 300,000 төгрөгийг төлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4-д “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

            4. Прокуророос дүгнэлтийн үндэслэлээ “... Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил нь хуульд зааснаар гэрээ, зохих зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэх явцдаа тухайн гэрээ, зөвшөөрөлд заасан нөхцөлийг зөрчиж мод бэлтгэхэд хамаарах зохицуулалт. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн зүйлчлэлээр шийтгэл оногдуулах боломжтой. Гэвч эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ зөрүүтэй мэдүүлэг авсан, тухайн модыг бэлтгэхэд хамааралгүй эрхийн бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргасан, модны шинж чанар, үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан аваагүй, учирсан хохирол нөхөн төлбөрийг тогтоогоогүй” гэжээ.

            5. Анхан шатны шүүх “... Энэ хэргийн тухайд хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Ч.Чгийн ачсан мод нь ургаа мод огтолсон эсхүл унанги мод, мөчир, гишүү бэлтгэсэн эсэх, модны шинж чанарыг нарийвчлан тогтоох ... нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй, энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй. ... Гэвч одоо бодит нөхцөл байдалд тухайн үед ачиж явсан мод устгагдсан энэ тохиолдолд хохирол тогтоох, шинжээч томилох ажиллагаа хийх, улмаар зөрчлийн зүйлчлэлийг зөвтгөх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан нь нөхөн хийх боломжгүй болсон, мөн гуравдагч этгээд нь /холбогдогч/ шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаагүй ... зөрчигдсөн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн, дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Прокурорын давж заалдах гомдолд “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ холбогдогчоос зөрүүтэй мэдүүлэг авсан, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, тухайн модыг бэлтгэхэд хамааралгүй эрхийн бичгийг хэрэгт хавсаргах зэргээр нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. шүүх ...  прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн хэр нь шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй” гэжээ.

7. Прокурорын дүгнэлтийн үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д заасан, Ойн тухай хуулийн 29.1.7-д заасан хориглосон үйл ажиллагаа буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж Ойн тухай хуульд заасан шаардлага биелүүлээгүй гэх зөрчлийг холбогдогч Ч.Ч гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна.

7.1. Учир нь зөрчлийн хэрэгт анх Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.О цагдаагийн байгууллагын харьяаллын асуудал биш гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4-т заасан зөрчлийг шалгуулахаар байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Яд шилжүүлэхдээ хийсэн ажиллагааны баримт болох Зөрчлийг харуулсан гэрэл зурагт машинд ачсан модыг харуулсан, холбогдогч Ч.Чгийн мэдүүлэгт “... түлээний зориулалтаар ойгоос унанги мод, гишүү, мөчир түүсэн, ачихад амар гээд түлээний зориулалтаар тайрч бэлтгэж ачаагүй ...” гэж тусгагдсан, мөн улсын байцаагчийн холбогдогчоос авсан мэдүүлэгт “... түлээгүй болоод очиж ачсан. Ойд мод бэлтгэх гэрээтэй Э ах ойн цэвэрлэгээнээс гарсан мод гишүүнээс ачаарай гэж тэр газрыг зааж өгсөн ...” гэх, мөн гэрч А.Э-н мэдүүлэгт “... 04 дүгээр сарын 02-ны өдөр ойн цэвэрлэгээ хийж дууссан, нутгийн дүү олон хүүхэдтэй Ч.Ч түлээгүй гэхээр нь Хойд агуутын суу даваад мод бэлтгэсэн талбайгаас мод ачаарай гэсэн чинь гоожингоо авалгүй яваад өгсөн байсан ...” гэх, Б уул нөхөрлөлийн /захирал А.Э/ мод бэлтгэх гэрээ зэрэг тайлбар, баримтууд авагджээ.

7.2. Үүнээс үзвэл Ч.Ч нь “түлээний мод бэлтгэсэн” гэдгийг үгүйсгэх баримтгүй байх бөгөөд энэ тохиолдолд Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1- “Иргэн ойг хамгаалах талаар дараах эрх эдэлнэ: ... 20.1.4. түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх.” гэж заасныг хэрэглэхээр байна. 

Түлээний мод бэлтгэх тохиолдолд зөвшөөрөл авахгүй, харин байгаль хамгаалагчид хүсэлт гаргаж, түүний хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх ёстой атал Ч.Ч нь хүсэлт гаргаж, хяналт, зааварчилгаа аваагүйг байгаль хамгаалагчаас аваагүй, эрхээ буруу хэрэгжүүлжээ.

8. Энэ үйлдлийг Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д хориглосон “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах;” үйл ажиллагаа явуулж, Ойн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-т заасан албадлага буюу “тээврийн хэрэгсэл хураалгаж, нөхөн төлбөр, хохирлыг төлөх” зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.  

9. Иймд прокурорын дүгнэлтийн дагуу улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул  шийдвэрийг хэвээр үлдээж, прокуророос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 121/ШШ2025/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нгаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар дүгнэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА                                       

 

                         ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ                                                         

 

                         ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ