Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0128

 

 

 

 

 

 

 

 

 

        2022          02            25                                      128/ШШ2022/0128       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржигон овгийн ***********/,

Нэхэмжлэгч: Боржигин овгийн *************/,

Нэхэмжлэгч: Боржигин овгийн ****************/,

Нэхэмжлэгч: Боржигин овгийн *******************/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д Гуравдагч этгээд: ***************

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1473 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, ********* итгэмжлэгдсэн төлөөлөгч, **************** хууль ёсны төлөөлөгч Д, хариуцагч ***** гуравдагч этгээд С түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1473 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлжээ.

            2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч 4 иргэн бид *********** агсны хууль ёсны өв залгамжлагчид болох гэр бүлийнх нь гишүүд юм. Бид хууль ёсны өмчлөгчид. Хүчин төгөлдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан, хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээтэй хууль ёсны өмчлөгчид юм. Нөхөр ******** маань нас барсны дараагаас төрсөн хоёр дүү нь болох ***********, нар үндэслэлгүйгээр нөхрийн маань буюу гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгийг булаан авахаар элдэв хууль бус гүтгэлгийн гомдол өгч шалгуулж, улмаар олон нийтийн сүлжээгээр нэр төрд халдаж эхэлсэн. Энэ асуудал тусдаа шалгагдаж байгаа бөгөөд холбогдох хариуцлагаа хүлээнэ. Харин сошиал хуурамч мэдээлэлд Улсын бүртгэлийн ерөнхий газар итгэж, бүртгэлийн ажлаа зохих ёсоор явуулахгүй, хэл ам ихтэй, хөрөнгө мөнгө ихтэй талд үйлчилж, тэдний үндэслэлгүй гомдол өргөдлөөр бидний, тэр дундаа хүүхдүүдийн өмчлөх эрхийг зөрчиж бүртгэлийг түдгэлзүүлсэнд гомдолтой байна. Хуулийн байгууллага буюу цагдаа, шүүх өөрийн журмаар хяналт шалгалтаа явуулж, түүнийхээ хүрээнд шилжилт хөдөлгөөнийг хорьж байгаа асуудал нь бүртгэлд ямар нэг хамааралгүй, тусдаа асуудал байтал хуулийн байгууллагын битүүмжийг ярьж, давхар бүртгэл түдгэлзүүлж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлж, гомдол гаргагчийн талд үйлчилж буйн хэлбэр гэж үзэж байна.

            Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдлоо гаргасан ч шаардлагагүй түдгэлзүүлсэн асуудлаа эргэн харахгүй, түр түдгэлзүүлсэн гэх ойлгомжгүй хариу өгч, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн гэж байгаатай санал нийлэхгүй байна. Энд насанд хүрсэн ба хүрээгүй хүүхдийн өмчлөх эрх зөрчигдөж, хүүхдийн эрхэнд халдаж байна. Бидэнд ямар нэг тайлбар хэлэх боломж олгоогүй, бичгээр тайлбар, баримт огт аваагүй, хэзээ хойно түдгэлзүүлсэн талаар утсаар хэлсэнд гомдолтой байна” гэжээ.

            3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэл гаргах үндэслэлийг эхлээд хэлье. Хэрэгт авагдсан 2018 оны 07 сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн  олгосон өвлөх эрхийн гэрчилгээнд ********** өмчлөх эрхийн хэмжээ 25 хувь, ******** өмчлөх эрхийн хэмжээ 25 хувь, *********** өмчлөх эрхийн хэмжээ 25 хувь, *********** өмчлөх эрхийн хэмжээ 25 хувь гэж хууль ёсны өвлөгч 4 иргэнийг тус бүртээ өвлөх хэмжээг өвлөх эрхийн гэрчилгээнд заасан байгаа. Энэ өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд 2019 оны 12 дугаар сард хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн удаа дараагийн прокурорын тогтоолын үндсэн дээр битүүмжээс чөлөөлөгдөж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

            Тухайн 4 иргэнээс итгэмжлэлийн үндсэн дээр ярьж байгаа *****************, хууль ёсоор төлөөлүүлж байгаа **************** нарын 3 иргэний хувьд захиргааны акт буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргах болсон үндэслэл, захиргааны актын урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд тус тусдаа бие дааж оролцоно гэдгийг Улсын дээд шүүхийн тогтоолд заасан байдаг. Хамтран энэ ажиллагаанд оролцож байгаа 25 хувьд нь л үг хэлэх боломжтой 4 өмчлөгч байгаа. Энэ 4 өмчлөгч тус тусдаа бие дааж оролцоно. Гэтэл захиргааны байгууллага 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн *********** гомдлыг үндэслээд 2021 оны 03 дугаар сарын 18-нд н** гэдэг дарга ********* гэдэг байцаагчид цохсоныг үзлэгийн явцад танилцлаа. 4 өмчлөгч иргэн тус бүрд нь ямарваа нэг сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэрлэсэн. Захиргааны байгууллага ямар төрлийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар хуульд тодорхой заасан байгаа. Миний төлөөлж ярьж байгаа нэр бүхий 3 иргэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэх, оролцуулах ажиллагаа хийгээгүй, эрх нь хөндөгдөж байгаа. 3 иргэнийг огтоос өмчлөх эрхгүй юм шиг байдлаар захиргааны актыг гаргасан. Хариуцагч талын тайлбараас харвал зөвхөн Д утсаар мэдэгдсэн гэдэг тэмдэглэл үйлдээд  бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

            Дээрх түдгэлзүүлсэн шийдвэрийг олж мэдэхийн тулд бид өөрсдөө хүсэлт өгсөн. Хүсэлтийг Д миний бие дангаараа гарын үсэг зураад өгч байсан. Ямар нэгэн ажиллагаа хийгдсэн юм шиг ойлголтыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдаж байх явцад шүүх хуралдаанаас мэдээлэл олж авсан. Миний бие ямар ажиллагаа хийгдсэн, ямар шийдвэр гарсан эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичгээр хандсан. Өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Харин 6 сард прокурорын хэрэг сэргээснээр угаасаа түдгэлзсэн байгаа гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл хэрэгт ирсэн хариу тайлбарыг судлахад сонсох ажиллагааг зохих ёсоор хийсэн гэдэг тайлбар хийдэг. 2 хуудас бүхий хариу тайлбар дээр 03 дугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч Д цохогдоод ирж байгаа гомдол байтал 3 дугаар сарын 14-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан гэдэг тайлбар ирүүлсэн байдаг. Мөн 03 дугаар сарын 22-ны өдөр захиргааны акт гарсны дараа 03 дугаар сарын 30-ны өдөр  Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй, нэмэлт ажиллагаа явуулж байгаа гэдэг албан бичиг ирсэн байдаг. Ирээдүйд юу ирэхийг мэддэг юм байна гэж ойлгож байна.

            Улсын бүртгэл хийх журамтай танилцахад хяналтын улсын байцаагч урьдаас төлөвлөж, ямар нэгэн урьдчилсан шийдвэр гаргахгүй гэдгийг зарчим дээр заасан байдаг. Бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэр нь нэр бүхий 4 иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү.

            Улсын бүртгэлийн байгууллагад иргэдээс үндэслэлтэй ч өргөдөл, гомдол ирнэ,  үндэслэлгүй ч өргөдөл, гомдол ирнэ. Хуульд зааснаар хяналт шалгалтын үйл ажиллагаагаа явуулах ёстой. Аль нэг талд хэлбийж орох ёсгүй гэдгийг тодорхой заачихсан гэж ойлгож байна. Тэгэхээр 03 дугаар сарын 17-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлээ гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлт ч бай, ямар нэгэн хэрэг бүртгэлтийн хэрэг ч бай нэг л төрлийн нотлох баримт. Яг энэ дүгнэлтээр шүүхийн шийдвэр гарна гэдэг хууль зүйн теорем бол байхгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлж байгаа захиргааны акт нь  4 өмчлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Энэ тохиолдолд яаравчлан хяналт шалгалтын үйл ажиллагаагаа хийсэн байдал хэргийн нотлох баримтуудаар харагдаж байна. Үүнийг би нэмэлт гомдол гэж үзэхгүй байна. Энэ нь тусдаа агуулгатай, тус тусдаа үр дагавартай өргөдөл, гомдол харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл өмнө нь хийгдсэн ажиллагааг хуулийг буцаан хэрэглэж байгаа юм шигээр хойно ирсэн өөр агуулгатай гомдол дээр нааж, нийлүүлж хийж байгаа болон дүгнэлтийнхээ үндэслэлийг 2021 оны 06 дугаар сард гарч байгаа прокурорын шилжилт хөдөлгөөнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар хориг тавьсантай холбож тайлбарлана гэдэг бол энэ ажиллагаа нь хуульд нийцсэн журмаар явагдаагүй гэдгийг харуулж байна гэж бодож байна.

            Яагаад 5 сарын дараа гомдол гаргасан юм бэ гэдэг асуудал тавигдаад эргэлзээд байх шиг байна. Би бол өмнөх хүчингүй болгох гэдэг дээр тайлбараа гаргаж, оролцох боломж олдсон. Дараагийн утга агуулга  бүхий гомдол бичгээр надад бол ирээгүй. Тайлбар гаргах боломж олдоогүй. Харин өөр хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгэл түдгэлзсэн гэдэг мэдээллийг аваад, би өөрөө юу болсон бэ? түдгэлзсэн үү? гэдэг хүсэлтээ тавьсан. Үүний дагуу өгсөн хариуг нь аваад миний гаргасан гомдол. Түүнийхээ хариуг авсан нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр. Аль ч шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор хийж, талуудаас тэнцвэртэй мэдээлэл авсан бол бүртгэлийг яаравчлан түдгэлзүүлж, үүгээрээ насанд хүрсэн болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх бололцоо олдох байсан. Ажиллагаагаа нэг талыг барьж хийхгүй байх хэрэгтэй. Энэ өөр ямар баримтуудаар харагдаж байна вэ гэхээр 3 өөр агуулгатай гомдлыг нийлүүлээд өмнө нь хариу өгсөн учраас одоо өгөх шаардлагагүй, өмнө нь хариу өгсөн гэдэг баримтууд хэрэгт авагдсан. Хууль зүйн үндэслэлтэйгээр гаргаж чадаагүй түдгэлзүүлсэн актыг хүчингүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа энэ шатанд 2 дахь гомдолтой цаасаар танилцах боломж олдсон. Өөрийнхөө өмнөөс болон төлөөлж байгаа хүмүүсийн өмнөөс хэлж байна. Хуулийн байгууллагын өөр өөрийнхөө чиг үүргийн дагуу хийж байгаа бусад ажиллагаатай холилдуулах хэрэггүй. Тэр агуулгаар өнөөдөр вайбираар сүүлийн гомдлыг явуулсан гэдэг баримтаа хариуцагч нотолж өгсөнгүй. Утасны орсон гарсан яриагаар тогтоогдсонгүй. 2 дахь гомдлын сонсох ажиллагаа хийгдээгүй. Хэрвээ хийгдсэн бол тэнцвэртэй мэдээллийг гаргаж өгөх боломж олдох байсан. Иймд хуульд нийцүүлж шийдэж өгнө үү” гэв.

            4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн С 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн "өмчлөх эрхээ сэргээлгэж бүртгэл хүчингүй болгуулах" шаардлага бүхий өргөдөл, нэмэлтээр 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн "улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай" хусэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Y-2203016572 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Сөүлийн гудамж 24 дугаартай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг /54 м.кв шатны хонгил 25 м.кв үүдний хэсэг/ хаягт байрлалтай 361 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг шалгаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад заасныг баримтлан хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1473 дугаар дүгнэлтээр уг бүртгэлийн асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.

            Түдгэлзүүлсэн үндэслэл:

            1/ Иргэн С бүртгэл хүчингүй болгуулах тухай өргөдөлдөө хавсарган Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2710 дугаар "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолыг хавсарган ирүүлсэн тул уг тогтоол хүчин төгөлдөр эсэхийг тодруулахаар Нийслэлийн прокурорын газарт 2021 оны 8/2052 дугаар албан бичиг хүргүүлж, хариуг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 1/1459 дүгээр албан бичгээр "... 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2710 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг иргэн С гаргасан гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас хянаад 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1/34 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна. Хэрэгт дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна." гэж ирүүлсэн.

            Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно" гэж заасан тул иргэн С гаргасан өргөдөлд дурдсан бүртгэл хүчингүй болгуулах хүсэлтийг ханган шийдвэрлээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 8/2369 дүгээр албан бичгээр С.Оюунцэцэгт, хувийг Д нарт өгсөн.

            2/ Иргэн С бүртгэл түдгэлзүүлэх тухай хүсэлтээ 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэмж гаргасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1951 дүгээр дүгнэлтийг хавсарган ирүүлсэн. Уг дүгнэлтэд талууд маргаж байгаа улсын бүртгэлийг бүртгэхэд үндэслэл болсон 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэлд зурагдсан гарын үсэг нь С гэх гарын үсэгтэй тохирохгүй байгаа тухай дүгнэсэн байх тул уг бүртгэл хууль ёсны нотлох баримтад үндэслээгүй болох нь тогтоогдсон.

            Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтыг баримтлан хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1473 дугаар дүгнэлтээр уг хууль зөрчсөн бүртгэлийн асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж дуусах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн.

            Сонсох ажиллагаа хийсэн талаар:

            1/ Захиргааны акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар оролцогч С 9901********дугаараар, Д 91**********дугаараар нь тус тус холбогдож, мөн С. ирүүлсэн гомдлыг Д вайбер аппликейшн ашиглан зургийг нь явуулж тайлбар, санал гаргах боломжийг олгож, түүний дагуу Д 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр и-мэйл ирүүлснийг хүлээн авч сонсох ажиллагааг явуулсан болно.

            Гомдолд хариу өгсөн талаар:

            1/ Уг дүгнэлтийн талаар иргэн *************** нарт Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу Хяналт шалгалтын газрын  2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 8/2369 дүгээр албан бичгээр хариуг өгч, мөн иргэн ********нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан дээрх дүгнэлттэй холбоотой гомдолтой танилцаад Тамгын газрын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3/4969 дугаартай албан бичгээр хариуг өгч, мөн иргэн Д 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн гомдолтой танилцаад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т "төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно" гэж заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 911****** дугаарын утсаар нь мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.

            Дүгнэлт хууль ёсны талаар:

            1/Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл гэх хэсэгт эрх зүйн үндэслэлээ дурдаагүй, шүүх хууль хяналтын байгууллагын гаргасан шийдвэр тусдаа асуудал гэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжтой шууд хамааралтай юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлд заасан журмыг хангаж захиргааны гаргасан болох нь хавсралт баримтуудаар  тодорхойлогдоно.

            2/Дээрх эрхийн улсын бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түдгэлзүүлсний дараа буюу Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 224 дүгээр "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай" тогтоолоор бүртгэлийг түдгэлзүүлсэн байна.

            Иймд Д тус шүүхэд гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1473 дугаартай Захиргааны ерөнхий хууль, улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай огноо дугааргүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

             5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С 2 удаа гомдол гаргасан байдаг. Өмнөх гаргасан гомдол дээр хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэл  байгаа. Сонсох ажиллагааны явцад 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д 28 хуудас баримтыг цахим шуудангаар ирүүлсэн байдаг. Д цахим шуудан ирүүлсэн нь тухайн захиргааны актын талаар мэдэж байсан нь харагдаж байна. Үүний дараа 03 сарын 19-нд ирсэн гомдолд мөн тусад нь сонсох ажиллагаа мөн хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг заавал хийдэг бөгөөд хийх үүрэгтэй. Viber цахим аппликэйшн ашиглаж утсаар нь сонсох ажиллагаа явуулсан. Бүртгэлийг түдгэлзүүлэх гомдол ирсэн тул гомдолтой холбоотой тайлбар саналаа ирүүлнэ үү гэдэг байдлаар мэдэгдсэн. Ойрын хугацаанд гаргаж өгөөрэй гэдгийг хэлсэн. Утсаар холбогдоход Д нь би завгүй, улсын бүртгэлийн байцаагч бүртгэл түдгэлзүүлэх эрх хуульд байхгүй гэдэг тайлбар хэлдэг бөгөөд үүнийг тэмдэглэлд тусгасан байгаа. Сонсох ажиллагааг орхигдуулаагүй хийсэн нь Улсын байцаагчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт сонсох ажиллагааг хийсэн талаар дурдсан байдаг. 

            3 хүүхдийн хувьд Д нь хууль ёсны төлөөлөгч гэж үзсэн учраас 3 иргэнд сонсох ажиллагааг хийгээгүй. Д сонсох ажиллагааг явуулж, сонсох ажиллагааг дуусгасан. Хэдийгээр сүүлд нь шинжээчийн дүгнэлтээр дээрх нөхцөл байдал тогтоогдсон боловч Улсын бүртгэлийн тухай хуульд заасан зөрчилд бүртгэгдсэн гэж үзсэн. Хэрвээ Улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцэхгүй бол дүгнэлт хүчингүй болох ёстой. Харин миний бие дүгнэлтээр бүртгэлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Бүртгэлийг түдгэлзүүлсний дараа прокуророос зөвшөөрөл ирсэн байдаг. Дүгнэлттэй маргахын өмнө Нийслэлийн прокурорын газраас С гомдол гаргасан, өмнөх гарсан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлэж байгаа гэсэн хариу ирсэн тул Улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14,Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 заасныг тус тус үндэслэн бүртгэлийг түдгэлзүүлсэн дүгнэлт гаргасан.” гэв.

            6. Гуравдагч этгээд С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д нь С миний гаргасан гомдлын дагуу хяналт шалгалтыг явуулж, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1473 дугаар дүгнэлтийг гаргаж, эрхийн улсын Ү-22030165** дугаартай бүртгэлийг түдгэлзүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг баримталсан нь хуульд нийцсэн байна.

            Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулж, талуудын эрхийг хангасан, процессын зөрчилгүй байна. Нэгэнт 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэлд үндэслэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030165** дугаартай бүртгэл нь хууль тогтоомжид нийцээгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1951 тоот дүгнэлтээр тогтоогдсон өөрөөр хэлбэл С миний гарын үсгийг дуурайлган, хууль бус гэрээ хэлцлийг үйлдсэнийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан болох нь нотлогдож байх тул улсын байцаагчийн 14** тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

            Харин Д нарын 4 хүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

            7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ 3 дугаар сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт бол Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан хуулийн хэм хэмжээг баримтлан гаргасан. Дээрх заалтад улсын байцаагчийн эрхийг тодорхой заасан байдаг бөгөөд хяналт шалгалтын явцад хуульд заасан журмын дагуу маргаантай байгаа асуудлаар түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан байдаг. Улсын байцаагч түдгэлзүүлэх эрхийг нь сонгоод, хүчингүй болгох эрхийг нь орхигдуулан шийдсэн. Энэ 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа иргэний гомдол, хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлэсэн. Үүн дээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдол бүрдсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийхгүй байх боломжтой байсан. Харин ч улсын байцаагчаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заагдсан ажиллагааг явуулж мэдэгдсэн байна. Тухайн сонсох ажиллагаанд иргэн өөрөө оролцохгүй байгаа нь түүний өөрийн эрхийн асуудал байдаг. Үүнийг тэмдэглэлд тусгуулмаар байна. Мөн хариуцагч тайлбартаа тодорхой заасан байдаг.  Хэрвээ нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг худлаа гэж үзсэн бол нэхэмжлэгч гар утасныхаа цахим хаягийг шалгуулаад тухайн өдөр улсын байцаагч Г нь над руу залгаагүй гэдгээ нотолж, няцаалт хийх боломж нь байсаар байтал энэ талын нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Утсаар залгаж, түүний эрхээ эдлэн оролцох боломж олгосон талаар дурдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар иргэний гомдлыг ханган шийдвэрлэж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байх боломжтой гэж заасан байдаг. Иргэний өргөдөл, гомдлыг эрх бүхий байгууллага хүлээж аваад ханган, улсын байцаагч дүгнэлт гарган явуулсан. Иргэний гомдлыг хүлээж аваад сэргээнэ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тухай нотлох баримтууд ирсэн тул улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна.

            Мөн нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг зөрчсөн. 03 дугаар сарын 22-ны өдөр буюу тухайн захиргааны акт гарч байгааг мэдсээр байж, 5 сарын дараа 08 сарын 30-нд нэхэмжлэлийг гаргасан байдаг.  94 дүгээр зүйлийн 94.1-ийг тайлбарлаад захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх боломж байсан. Нэхэмжлэгч өргөдөл гомдол гаргах хугацаагаа яагаад хэтрүүлсэн тухайгаа тайлбарлаад хугацаагаа сэргээлгээд явах боломжтой байсан. Захиргааны ерөнхий хууль нь захиргааны байгууллагад хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон, шүүхийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор тогтоосон хэм хэмжээ. Эдгээр боломжийг хуульчлаад өгчихсөн байхад хуульч хүн өөрөө үүнийг дагаж мөрдөөд явах боломж байсан. Гэтэл энэ эрхээ бол эдлээгүй. Энэ нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заагдсан хөөн хэлэлцэх хугацааны шалтгаант холбоог бий болгож байна. Нэхэмжлэгч тал мэдсэн байж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг хэрэглэхгүйгээр  шууд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандсанаа  94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг орхиод Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандсан хугацаанаасаа 14 хоногоо тоолоод явсан байдаг. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан үүргийг алдагдуулах хуулийн цоорхой буюу хуулийн алдааг бий болгоод байдаг. Тийм учраас нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 94-т заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэл бий болж байна.

            Шинжээчийн дүгнэлт дээр тодорхой заагаад өгчихсөн. Шинжээчийн дүгнэлтийг улсын байцаагч эшлэл болгосон. Дүгнэлтдээ улсын байцаагч 03 дугаар сарын 22-ны 1473 тоот захиргааны акт, шийдвэрийнхээ 3 дахь заалтаа тодорхой заагаад өгчихсөн байна. 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Д өмчлөгчөөр нэмэгдэж, мөн 2009 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн С өмчлөгчөөс хасаж бүртгүүлсэн байна гэх маргаан цагдаа дээр шалгагдаж байгаа. Үүнтэй холбоотой тухайн хэлцлүүд дэх С гарын үсэг нь хуурамчаар зурагдсан тухай шинжээчийн дүгнэлт гарчихсан байна. Тийм учраас би түдгэлзүүллээ гээд улсын байцаагч тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн энэ хэлцлийг маргаж байсан. Энэ хэлцэлтэй холбоотой улсын байцаагчийн дүгнэлт дээр байгаа нотариаттай холбоотой иргэний маргаан явж байсан. Иргэний маргаан хянан шийдвэрлэгдэж байхад 6 дугаар сард өөрөө үүнтэй холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учраас иргэний маргааныг түдгэлзүүлж өгөөч гэсний дагуу иргэний маргааныг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлэх, ажиллагааг саатуулах зогсоох хуулийн хэм хэмжээнүүдийг хэрэглэж болно гэдгийг нэхэмжлэгч өөрөө сайтар мэдэж байсан. Гэтэл энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагддаг. Нэгэнт 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг, хэлцэлтэй холбоотой иргэний маргааныг түдгэлзүүлж байгаа юм чинь, түдгэлзүүлсэн захирамжийг үндэслээд бас л дахин улсын байцаагч 3 давхрын өмчлөх эрхийг түдгэлзүүлэх боломжтой. Бас дахиад л улсын байцаагч гаргасан, улсын байцаагч нь анхан шатны жижиг нэгж юм чинь, улсын байцаагчийн шийдвэр хүчингүй болох үндэслэлтэй гээд маргаад байхыг хориглоод байгаа. Тийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан зохицуулалтыг оруулж өгсөн. Анхан шатны улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг эрх бүхий дээд байгууллага буюу эрх бүхий дээд албан тушаалтан хүчингүй болгоно. Гэхдээ хүчингүй болгохдоо 30 хоногийн дотор. Өгсөн өргөдөл үндэслэн хүчингүй болгох боломжтой. Гэхдээ үүн дээр анхаарч үзэх зүйлүүд бий. 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар няцаагдах байдлаар гарч ирж байна.

            Ийм учраас нэхэмжлэлийн үндэслэлийг бүхэлд нь харахаар сонсох ажиллагаа хийсэнгүй гээд байдаг. Сая бас нэхэмжлэлээ дэлгэрүүлэн тайлбарлахдаа ************** гээд 4 өмчлөгч байгаа. Надад сонсох ажиллагаа хийсэн байгаа боловч бусад 3 өмчлөгчид сонсох ажиллагаа хийх боломжоор нь хангаж өгөөгүй гэдэг байдлаар тайлбарласан. Гэтэл эдгээр өмчлөгч нар нь тухайн хэрэг маргаан 2, 3 жил дамнан прокурорын байгууллага дээр хэрэг бүртгэлтийн шатанд явж байгааг мэдэж байгаа. Мөн өөрсдөө гэрчээр дуудагдаж асуугдаж, дээрх нөхцөл үүссэн гэдгийг маш сайн мэдэж байгаа. Насанд хүрээгүй гэдгээр зарим нь гэрчийн мэдүүлэг өгөөгүй хойшлогдоод байгаа асуудлууд байгаа. Тийм учраас улсын байцаагчийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1473 тоот захиргааны акт, дүгнэлт хуульд нийцэн гарсан, оролцогчийн эрхийг бүрэн хангасан байдлаар шийдвэрлэсэн ажиллагаа болжээ. Тийм учраас энэ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ер нь бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5.3-т заасантай холбогдож байдаг. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг тухайн акт гарах үедээ хууль ёсны байх бөгөөд гарсан байх хугацаандаа хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөний улмаас гэдэг байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ярьж байгаа нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг баримтлан ярьж байгаа харагдаад байдаг. Илт хууль бус гэдэг байдлаар гаргаад байдаг. Захиргааны ерөнхийн 47 дугаар зүйл өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг шаардаж байдаг. Сонсох ажиллагаа хийгээгүй, хууль зүйн үндэслэлгүй, хууль зүйн ямар нэгэн хэм хэмжээг баримтлаагүй гаргасан байхыг шаардаж байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа зөрчилдөж байгаа нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ гэж хүсэж байна.

            2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас өмнө бол Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээтэй холбоотой маргаан бол явагдаж байсан. Энэ маргаанд сая нэхэмжлэгчийн шүүгчийн асуултад хариулж өгөхгүй байгаа тэр 3 хариуцагч бол орж ирж байсан. Орж ирээд тухайн өмчлөх эрхтэй холбоотой маргаан болоод байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Мөн мэтгэлцээний явцад бол нэхэмжлэгч өөрөө тодорхой хэлж байна. 2017 оноос хойш эцгийг нь нас барснаас хойш өмчийн маргаан үүсээд, сонин хэвлэл цахим орчинд янз бүрийн мэдээлэл яваад байсан, миний хүүхдүүд хямраад байсан, мэдээд байсан гэдэг талаар ярьж байна. Энэ мэдээд байгаа зүйл нь тухайн улсын байцаагчийн шийдвэр гаргахаасаа өмнө ээжид нь хэлээд байгаа нь, ээж нь бусад өмчлөгч нарт дамжуулан хэлэх мэдэгдэх боломжтой байсан гэдгийг харуулаад байна. Хуулийн 14 дүгээр зүйлд 2 объектив шинж байдаг. Мэдэгдэх боломжтой, мэдэх боломжтой байсан гэж.

            Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т нэг гэр бүлийн гишүүн гэж юуг хэлдэг вэ гэхээр гэрлэгчид түүнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчилсэн хүүхэд, төрөл садан хүнийг хэлнэ гэж тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхлээр нэг гэрт амьдарч байгаа нэг гэр бүлийн гишүүн хуульд заасан нэр томьёоллоор. Гэтэл ээж нь байж хүүхдүүдийнхээ өмчлөх эрх, эд хөрөнгийг эрхийг нь хамгаалах үүрэгтэй. Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Өмчлөх эрхэнд нь халдаад түдгэлзүүлээд байгааг улсын байцаагч мэдэгдэх үүрэгтэй гэж улсын байцаагч руу өөрийнхөө хариуцлагыг чихээд байна. Сая хэлэлцэх үед хэлэхдээ надад мэдэгдсэн байж болно, гэхдээ нөгөө 3 өмчлөгчид мэдэгдээгүй гэдэг байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуульд заасан 26, 27-д заасан сонсох ажиллагааг 3 өмчлөгчид мэдэгдсэн бол зовлон, жаргалаа яриад зогсоочих боломж байсан гэдэг үндэслэл яригдаад байна.

            Сая мэтгэлцээний явцад 06 дугаар сарын 29-ний өдөр анх гомдлоо гаргасан гэдгээ хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байдаг. 2021 оны 06 сарын 29-ний гомдлын хариу 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан байдаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 04-нд буюу сарын дараа авсан. Энэ нь өөрөө тухайн үйл баримт, тухайн байцаагчийн гаргасан шийдвэр, дүгнэлтийг тухайн захиргааны актад өртөж байгаа этгээд мэдэж байсан. Мөн яаж гомдлоо гаргаж, яаж хүчингүй болгох вэ гэдэг талаар бодож тооцоолж явж байсныг харуулж байна. Мөн захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн 18 дугаар зүйлийн 18.7.1-т улсын байцаагчийн бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх хэмжээг  заасан байдаг. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхээ хэрэгжүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосноороо ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй, нэхэмжлэгчид ашигтай байдал үүсэхгүй. Яагаад вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан буюу 2 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд байгаа 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн улсын прокурорын улсын байцаагчид олгосон зөвшөөрөл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заагдсанаар үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарла, түдгэлзүүл гэсэн байдаг. Утга нэг боловч нэр томьёоны хувьд арай өөрөөр хэрэглэдэг. Гэтэл энэ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байсныг харуулаад байгаа. 28 дугаар зүйлийн 28.1.4-т байгаа захиргааны актад заавал биелүүлэх Мөрдөн шалгах эрхтэй байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг биелүүлэх шаардлагатай учраас сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд хийнэ гэсэн нийцэж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн прокурор, цагдаа дээр  энэ маргаан шалгагдаж байгаа. Нэгэнт энэ маргаан шалгагдаж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгож чөлөөллөө гээд нэхэмжлэгч талд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж хийхгүй л бол ашигтай байдал үүсэхгүй. Дахин хэн нэгэн хүний нэр лүү шилжүүлэх санаа бодол агуулаагүй л юм бол хууль зүйн ямарваа  нэгэн үр дүнтэй, эерэг байдлыг авчирахгүй. Харин энэ шийдвэрийг хүчингүй болгосноороо нэхэмжлэгч талд ямарваа нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдох нөхцөл боломжийг хангаж өгөх учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Захиргааны акт болох 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг 2 үндэслэлээр талууд маргалдаж байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт хууль зүйн үндэслэлтэй гарсан уу? тухайн актыг хууль журмын дагуу гаргасан уу? Хоёрдугаарт процесс ажиллагаа, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн үү гэдэг дээр 3 тал маргаж байна. Үүн дээр нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны асуудал, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр яаж гарахаас үл хамаараад хэрхэн яаж сэргээгдэх асуудал хаана байгаа вэ? Сэргээгдэх явдал байхгүй юм биш үү? Хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн зүйл байхгүй гэдэг асуудал яригдах ёстой.

            Миний үйлчлүүлэгч С хувьд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаад, сүүлд нь хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлэх байдлаар түдгэлзүүлэх гэж оруулж ирсэн. Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар бол улсын бүртгэгч үнэхээр нотлох баримтаар улсын бүртгэл нь хууль ёсны биш байна. Энэ баримт нь өөрөө хууль зөрчсөн байна гэдэг нотолгоо гарч ирвэл түдгэлзүүлэхээс гадна хүчингүй болгох эрх нь улсын байцаагчид байгаа. Тийм учраас гуравдагч этгээдээс хангалттай нотлох баримт байгаа учраас миний үйлчлүүлэгч хүчингүй болгуулахаар хандсан. Үүний дагуу улсын байцаагч бүртгэлийг хүчингүй болгох боломжтой гэж хардаг. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын ерөнхий прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн шалгуулах тогтоол гарснаар О нь түдгэлзүүлэх хүсэлтийг нэмж өгсөн. Яагаад нэмж өгсөн бэ гэхлээр миний үйлчлүүлэгч бичгийн нотлох баримт судлуулахад хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан***** прокурорын тогтоолын 4 дэх хэсгийг судлуулаад байсан. Яагаад гэвэл энэ хэрэг өнөөдөр 3 жил гаруй хугацаанд хэрэг бүртгэлтийн хэрэг явж байгаа.  Хэргийг хэрэгсэхгүй болгодог, сэргээдэг асуудлаар явдаг. Гэтэл түдгэлзүүлээгүй асуудлаас болоод прокурор бол 1 өдрийн 1 дугаартай тогтоолын 4 дэх заалтыг 2 өөр утга агуулгаар гаргаснаас болоод хэрэг бүртгэлийн ажиллагаа бүрэн цэг тавигдаж дуусаагүй байхад бид нарын гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх явцад улсын бүртгэлд тогтоолыг хүргүүлээд, шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг хүчингүй болгосугай гэсэн хууль бус /прокурорын ажиллагаа бас өнөөдөр шалгагдаад явж байгаа/ ажиллагаанаас болоод миний үйлчлүүлэгчийн хохирсон дээрээ улам хохироод, улам олон өөр өмчлөгч гарч ирээд, 2020 оны дотор 3 удаа улсын бүртгэлд өөрчлөлт орсон зэрэг үр дагаврууд үүсээд байсан учраас С.Оюунцэцэгийн хувьд бүртгэлийг хүчингүй болгох боломжтой юм байна. Гэхдээ нэгэнт хэрэг сэргэсэн учраас бүртгэлийг түдгэлзүүлэх асуудлыг ярихгүй бол энэ асуудал улам цаашаа дахиад хэний ч өмчлөлд шилжээд явж магадгүй гэдэг үүднээс өгсөн байдаг. Үүний дагуу улсын байцаагч Х бол Нийслэлийн прокурорын газраас буюу тухайн албан тоотыг төрийн байгууллагууд хуулиараа албан бичгээр баримтуудыг өгөлцөж авалцах эрхтэй учраас аваад энэ хэрэг бол ажиллагаанд явж байгаа юм байна. Дээрээс нь энэхүү улсын бүртгэлийн анх С нэр дээрээс өөр хүний нэр өмчлөлд шилжих болсон 2009 оны 10, 11 дүгээр сарын 2 гол хэлцлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд улсын байцаагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/289 дүгээр тушаалыг баримталсан байсан. Мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг баримтлаад түдгэлзүүлэх эрхээ хэрэгжүүлж бүртгэлийг түдгэлзүүлсэн байдаг. Түдгэлзүүлсэн захиргааны акт нь хууль зүйн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д нийцэж байгаа гэж үзэж байна.

            Хоёрдугаарт бол хариуцагчийн хэлснээр 2021 оны 02 дугаар сарын  10-ны өдөр өгсөн хүсэлтийг шалгаж байх явцад нэмэгдүүлсэн шаардлагаар орж ирсэн. Энэ хооронд бид нар Д хүсэлтийг цахим хаягаар явуулаад үүний дагуу 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 34 хуудас баримт ирсэн байдаг гэдэг. Сүүлийн түдгэлзүүлэх хүсэлтийг утсаар мэдэгдсэн гэдэг. Утсаар мэдэгдсэн талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч үүнийг юу гэж үгүйсгэж байна вэ гэхээр тэр утасны дуудлага гарч ирэхгүй байна гэдэг. Энэ нь мэдэгдээгүй гэсэн үг биш гэж хараад байна. Нэгдүгээрт сонсох ажиллагаа үргэлжлээд хийгдээд явж байсан. Хоёрдугаарт утсаар мэдэгдсэн тэмдэглэл байна. Мобиком Скайтелаас ирсэн албан тооттой танилцаж байхад мэдэгдээгүй гэснийг нотлох баримт гэж үзэхгүй байгаа. 6 сарын өмнөх жагсаалтыг гаргах боломжгүй байна гэсэн албан тоот байна гэж харсан.

            Энэ хүүхдүүдийн хувьд бол Г төлөөлөгчийн хэлсэн үнэн. Энэ маргаан өнөөдрийн байдлаар эрүү, иргэн, захиргаа гээд бараг 6 , 7 хэрэг дээр задраад явж байгаа асуудал байгаа. Ер нь бол эрүү, иргэн, захиргаа гээд бүх хэрэг дээр ээж нь хууль ёсны төлөөлөгч бөгөөд хүүхдүүдээ төлөөлж байгаа гээд хүсэлт гомдлоо гаргаад явдаг. Хариуцагчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар аль ч хэлбэрээр сонсох ажиллагааг явуулж болохоор байгаа. Тэгэхээр ээжид нь мэдэгдсэн учраас хүүхдүүд нь мэдэж байгаа гэдэг байдлаар хандсан гэдэг бөгөөд өмгөөлөгчийн хувьд энэ асуудал дээр ижил байр суурьтай байгаа. Иймээс маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй, Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмаар авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1473 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Үйл баримтын хувьд.

1. Маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн хувьд Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Сөүлийн гудамж 24 дугаартай барилгын 1, 3, 4, 5, 6 дугаар давхрын Ү-22030137** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс салгаж Нийслэл орд ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр 2007 оны 10 дугаар сарын 18-нд С өмчлөлд контор, үйлчилгээний зориулалтаар уг барилгын 3 дугаар давхар /361 м.кв/, 1, 2, 3 давхрын шатны хонгил /54 м.кв/, 1 давхрын үүдний хэсэг /25 м.кв/ нийт 440 м.кв талбайгаар эрхийн улсын бүртгэлийн Y-22030165** дугаарт анх 80 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн ба, уг бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах” ********** нарын хооронд 10 дугаар сарын 16-нд байгуулсан хэлцлээр Д хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, улмаар 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “өмчлөлөөс хамтран өмлөгч хасуулах” ******* нарын хооронд байгуулсан хэлцлээр С өмчлөгчөөс хасаж, Д өмчлөлд бүртгэгдсэн, 2010 оны 2 дугаар сарын 01-нд ******** ХХК-ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр бүртгэгдсэн, 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С өмчлөлд бүртгэгдсэн, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гээгдүүлсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, шинээр бичиж олгосон, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******** нарын өмчлөлд тус бүр 25 хувиар бүртгэгдсэн, уг барилга бүхэлдээ 2007 онд улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 24-нд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгч нарт шинэчлэн олгосон, өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээгээр 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ********** өмчлөлд 50 хувь, *********** нарын өмчлөлд тус бүр 25 хувь бүртгэгдсэн, 2020 оны 12 дугаар сарын 25-ы өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээгээр ********** нарын өмчлөлд тус бүр 25 хувиар бүртгэгдсэн байна.

2. Иргэн ********* нараас гаргасан ... 24 дугаартай барилгын энэ захиргааны хэрэгт хамаарах 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд хамтран өмчлөгч нэмж оруулах 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг, мөн уг барилгын бусад хэсгийн өмчлөлийн бүртгэлд өвлөх эрхийн гэрчилгээг Д хуурамчаар үйлдэж өмчлөлдөө шилжүүлэн авсан гэх гомдлоор 2018 оны 5 дугаар сарын 26-нд эрүүгийн хэрэг бүртгэлтийн 18090244** дугаартай хэрэг нээн шалгасан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2412 дугаар, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2710 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан ч  дээд шатны прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр дүүргийн прокурорын газарт хэргийг хүргүүлсэн талаар Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4/631 тоот хариу мэдэгдэх хуудсанд дурдсан байдаг.

3. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг бүртгэлтийн 1809024** дугаартай хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 457 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2412 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааснаар улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг цуцалсан байжээ.

            4. Иргэн ***** Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон "өмчлөх эрхээ сэргээлгэж бүртгэл хүчингүй болгуулах" хүсэлт гаргасан нь 2 дугаар сарын 10-ны өдөр Хяналт шалгалтын газрын дарга **********, нэгжийн даргаас улсын байцаагч ******** цохогдсон, 3 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон "улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай" хүсэлт гаргасан нь 3 дугаар сарын 18-нд Хяналт шалгалтын газрын дарга ******, 3 дугаар сарын 19-нд нэгжийн даргаас улсын байцаагч Д цохогдсон байх бөгөөд ******* бүртгэл хүчингүй болгуулах хүсэлтдээ эрүүгийн хэрэгт мөрдөгчийн тогтоолоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1951 дугаартай “С гомдлын үндэслэл болсон улсын бүртгэлийн хувийн хэрэг дэх 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэлд зурагдсан гарын үсэг нь С гэх гарын үсэгтэй тохирохгүй гэсэн” дүгнэлтийг хавсаргасан байдаг.

            5. Хяналт шалгалтын улсын байцаагч нь эрүүгийн хэрэгт мөрдөгчийн тогтоолоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1951 дугаартай “С гомдлын үндэслэл болсон улсын бүртгэлийн хувийн хэрэг дэх 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэлд зурагдсан гарын үсэг нь С гэх гарын үсэгтэй тохирохгүй гэсэн” дүгнэлтээр 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэлд үндэслэсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22030165** дугаартай бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн эсэхэд маргаантай, өөрөөр хэлбэл  “бүртгэлийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч гэх энэ асуудлыг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд гомдол гаргасан” үндэслэлээр хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14** дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн байна.  

            6. Энэ дүгнэлтийг нэхэмжлэгч нар “бүртгэл хүчингүй болгуулах тухай эхний өргөдөлд зөвхөн 25 хувийг өмчлөгч Д сонсох ажиллагаа хийсэн, бүртгэл түдгэлзүүлэх тухай  хүсэлтэд сонсох ажиллагаа хийгээгүй, бүртгэлийг түдгэлзүүлэх үндэслэл байгаагүй, эрүүгийн хэрэгт улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнд прокурорын тогтоолоор хязгаарлалт, хориг тавигдсан тул улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох боломжтой буюу давхар түдгэлзүүлсэн нь одоо шаардлагагүй” гэх үндэслэлүүд зааж дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргасан. 

            Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд.

            1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэдэгт эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагаа хамаарах бөгөөд улсын бүртгэл нь нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөгдөх ёстой, тэгж байж эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчим хангагдана.

            Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг хангуулах зохицуулалтууд орсон ба 6.5-д эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэж хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулахаар заасан, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлээр улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлэхээр, тухайлбал хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ... эрх үүрэгтэй байна.

            2. Бүртгэлийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч гэх энэ асуудлыг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд гомдол гаргасан үндэслэлээр уг бүртгэлийн хөдөлгөөнийг  түдгэлзүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 улсын бүртгэл үнэн зөв байх, 4.1.5 улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцсэн, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийн хүрээнд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэж хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна гэсэн зохицуулалтын дагуу хийгджээ.

            Тодруулбал эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэж хийсэн талаар гомдол гарсан, хуурамч баримт бичиг үйлдсэн гэх асуудлыг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн эрүүгийн журмаар шалгаж байгаа буюу эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд гомдол гаргаснаар хяналтын улсын байцаагч гомдлыг шалгах тухайн үед прокурорын уг тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх тул улсын байцаагч бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн дүгнэлт гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.

            3. Хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 03-нд ******** хүсэлт, гомдлын талаар сонсох ажиллагаа хийж, хүсэлт, гомдлыг илгээснээр Д нь 3 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт, гомдолд холбогдох тайлбар, шалгалтын хувийн хэрэгт хавсаргах баримтуудыг е-майлээр илгээсэн байдгаас үзвэл 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн "өмчлөх эрхээ сэргээлгэх" хүсэлт, гомдлын талаар сонсох ажиллагаа хийж, тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангажээ. Харин ***** 3 дугаар сарын 17-ны өдөр нэмж гаргасан улсын бүртгэлийг түдгэлзүүлэх хүсэлтийн хувьд хариуцагч нь утсаар Д ярьж сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн, тухайлбал “оролцогч Д дугаараар холбогдож ирүүлсэн гомдлын талаар танилцуулахад “захиргааны байгууллага бүртгэлийг зогсоох эрхгүй шүү” гэсэн” хэмээн тэмдэглэл үйлдсэн байх хэдий ч холбогдох үүрэн холбооны компаниуд тодорхой хугацааны өмнөх ярианы болон үгэн зурвас илгээсэн эсэх лавлагааг гаргах техникийн боломжгүй гэсэн тул ийнхүү 3 дугаар сарын 17-ны өдөр нэмж гаргасан улсын бүртгэлийг түдгэлзүүлэх хүсэлтийн хувьд сонсох ажиллагааг Д хийсэн болох нь тогтоогдохгүй байна.     

            4. Гэсэн хэдий ч С 3 дугаар сарын 17-ны өдрийн "улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай" хүсэлт нь өмнө нь өмчлөх эрхийг сэргээлгэх хүсэлт гаргасан, хуурамч баримт бичгээр бүртгэл хийлгэсэн гэх асуудлыг эрүүгийн хэрэгт шалгаж шийдвэрлээгүй байхад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байх тул шүүхээр шийдвэрлэгдэж дуусах хүртэл эрхийн улсын бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлаж түдгэлзүүлэх” агуулгаар гарсан, өөрөөр хэлбэл эрхийн улсын бүртгэлийн Y-22030165** дугаартай бүртгэлийн хуурамч нотлох баримтыг үндэслэн хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэхэд нэмэлт ажиллагаа хийлгэх агуулгаар гарсан, хүсэлт гомдлын үндэслэл, агуулга хэвээр байх тул тэдгээр хүсэлтүүдийг нэгтгэж шийдвэрлэхдээ тухайлан сонсох ажиллагааг дахин хийх шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна. Иймээс 3 дугаар сарын 17-ны өдөр нэмж гаргасан улсын бүртгэлийг түдгэлзүүлэх хүсэлтийн хувьд сонсох ажиллагааг Д хийсэн эсэх нь улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.       

            4. Улсын байцаагчийн дүгнэлт нь эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэж хийсэн талаар гомдол гарснаар нэгэнт эрх бүхий байгууллага  шалгаж байгаа, шалгаж дуусах хүртэл хугацаанд тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж буй арга хэмжээ бөгөөд, энэ нь өмчлөх эрхийг дуусгавар болгож, өмчлөгчийн эрхийг зөрчиж буй ажиллагаа биш, харин өмнөх өмчлөгчийн бүртгэлтэй холбоотой маргааныг эрх бүхий этгээд шалгаж шийдвэрлэх хүртэл сүүлд олж авсан өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд тодорхой хязгаарлалт тогтоож буй ажиллагаа, нөгөөтэйгүүр эцэг, эх нь хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах тул "өмчлөх эрхээ сэргээлгэх" хүсэлт, гомдлын талаар бусад өмчлөгч нарт буюу Д хүүхдүүдэд сонсох ажиллагааг тухайлан явуулаагүй гэж хариуцагчийг шүүх буруутгасангүй.    

            6. С түүний гаргасан хүсэлтээр улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 8/2369 дүгээр албан бичгээр хариуг өгөхдөө албан бичгийн хувийг Д хүргүүлснийг иргэн ************нар 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3/49** дугаар албан бичгээр өгсөн хариуг 8 дугаар сарын 04-ний өдөр Д гардан авч, 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байна.

7. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээж шалгаж байгаа үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор ийнхүү улсын байцаагчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсний дараа бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хориг тавьсан нь улсын байцаагчийн дүгнэлт одоо шаардлагагүй болсон гэж дүгнэх, улмаар дүгнэлтийг хууль бус гэж үзэх, дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь прокурорын болон улсын байцаагчийн “улсын бүртгэлийн хөдөлгөөнийг хязгаарлаж буй” шийдвэрүүд нь тус тусын үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу хийгдэж буй ажиллагаа юм.    

8. С нь 2014 оны 2 дугаар сарын 27-нд уг барилгын 3 дугаар давхар өөрийнх нь өмчлөлд бүртгэлтэй эсэх, үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн эсэх лавлагааг, 2018 оны 4 дүгээр сарын 30-нд уг үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг, 2018 оны 5 дугаар сарын 04-нд бүртгэлийн хувийн хэргээс холбогдох хэлцлийн хуулбарыг гаргуулахаар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өргөдөл, мэдүүлэг гаргаж байсан байх бөгөөд энэ нь 2021 онд уг бүртгэлийн талаар өргөдөл гомдол улсын бүртгэлийн байгууллагад гаргахад, шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй захиргааны хэрэгт бие даасан шаардлагагүйгээр гуравдагч этгээдээр оролцоход ямарваа хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах үндэслэл болохгүй, учир нь хөөн хэлэлцэх хугацаа нь маргах эрхийн хувьд буюу нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргахад хамаарна.    

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1473 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч ***********нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА