Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00053

 

   Н.О-гийн нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00176 дугаар шийдвэртэй,

Н.О-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я. Сьезд, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэмжийн үлдэгдэл мөнгө 2493000 төгрөгийг гаргуулах” тухай.

 

                Нэхэмжлэлд: “Миний бие тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа “Асрамжийн газар”-т жижүүр, асрагчаар 1993 оны 5 дугаар сард томилогдон ажиллаж байсан. Үүнээс хойш одоо хүртэл тус байгууллагад ажиллаж байна. Ажил олгогч Н.О намайг 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр “Н.О-г ажлаас чөлөөлөх тухай “30 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч нь тухайн үед Н.О намайг үүрэгт ажлаас чөлөөлөх үед 12 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөхөөр тохиролцсон. Гэтэл 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2493000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банк дахь 291400153726 дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн байна. 2018 он гараад Б.С даргатай хэд хэдэн удаа очиж уулзаж үлдсэн 6 сарын тэтгэмжийн мөнгийг нэхсэн боловч өгөхгүй байна. Тус байгууллагад урьд ажиллаж байсан Х.Ш нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус байгууллагаас олгож байсан практик бий.

Иймд Н.О миний өндөр насны тэтгэвэрт гарахад үйлчилгээний албан хаагчдад төрөөс олгох 12 сарын тэтгэмжээс үлдсэн 2493000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилээний газрын санхүүгээс гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

               

Хариуцагчийн тайлбарт: “Н.О нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтийн дагуу гарсан. Тэр үед манай нягтлан бодогч Ж.М нь Н.О-гийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн материалыг аймгийн Төрийн сангийн мэргэжилтэн Ө-д хүлээлгэж өгсөн. 2017 оны 12 дугаар сард Н.О-гийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болох 6 сарын цалинтай тэнцэх 2492000 төгрөгийг Төрийн сангаас өгсөн. Төрийн сангийн мэргэжилтэн Ө-өөс тэтгэмжийн талаар лавлахад төрийн үйлчилгээний ажилтанд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 6 сар болчихсон гэсэн хариу өгсөн. Миний бие Төрийн сангаас тогтоож өгсөн тэтгэмжийг бүрэн олгосон ба дээрх асуудлыг би шийдвэрлэх боломжгүй төрөөс тогтоож өгсөн мөнгийг бүрэн олгосон.

Иймд энэ талаар аймгийн Төрийн сан хариуцах нь зүйтэй, хариуцагч нь аймгийн Төрийн сан болно. Тухайн үед тэтгэвэрт гарахад 12 сар хүртэл гэж тушаал гаргасан боловч Төрийн сан 6 сарын цалинтай тэнцэх олговрыг өгсөн байна. Энэ тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг тус байгууллага хариуцах боломжгүй болно.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00176 дугаар шийдвэрээр:  

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тэтгэмжийн мөнгө болох 2493000 төгрөгийг гаргуулан Н.О-д олгосугай.

2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 54838 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны гишүүний 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 12 сар биш зөвхөн 12 сар хүртэлх гэсэн заалттай ба Төрийн үйлчилгээний албан хаагчийн ТҮ-1-р шатлалд 6 сарын тэтгэмж олгож байгаа. Үүний гол жишээ нь Төрийн сангийн мэргэжилтэн н.Өмирзахын хэлж байгаагаар Өлгий сумын хот тохижуулах албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан ажилчид 6 сартай тэмцэх хэмжээний тэтгэмж авсан нь тодорхой байна. Хоёрдугаарт тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг байгууллагаас биш Сангийн яам ба ашгийн Төрийн сангаас олгох ёстой. Иймд Н.О-гийн 6 сарын тэтгэмж болох 2493000 төгрөгийн тус байгууллагаас олгох боломжгүй. Учир нь: Асрамжийн төвийн төсвийг орон нутгаас баталж, орон нутгийн төсвөөс бүрддэг. 

Тухайн байгууллага төсвийн байгууллага Улсын болон орон нутгаас баталж өгсөн төсвийг зарцуулах эрхтэй аж ахуйн тооцоотой өрийн орлогоор санхүүждэг, байгууллага биш гэдгийг анхаарч үзээгүй байна. Миний бие тушаал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж гаргасан гагцхүү эрх бүхий байгууллагаас баталж өгсөн тэтгэмжийг өгсөн. Хэрэв аймгийн Төрийн сангаас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалинг баталж өгсөн байхад би өгөөгүй бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргах шийдвэр гаргах ёстой.

Иймд 12 сарын тэтгэмж авах ёстой гэсэн шийдвэр аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сан гаргах ёстой гэж бодож байна. Хэрэв үндсэн 6 сарын тэтгэмж олгох шийдвэр эцсийн шийдвэр болсон нөхцөлд тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгох боломжгүй. Тийм санхүүгийн эх үүсвэр байхгүй бөгөөд баталж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Н.О  нь  хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан 12 сарын тэтгэмжийн мөнгөнөөс үлдсэн 2493000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.О-г Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул жижүүр асрагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 12 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 2493000 төгрөгийг олгосон нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад, нэхэмжлэгч 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах ёстой, одоо үлдсэн 6 сарын мөнгийг олгохгүй байна гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан байх тул ажил олгогчоос Н.О-д 6 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай тушаалд “12 хүртэлх” сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг зөрчөөгүйгээс гадна энэ нь ажилтанд 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгосныг үгүйсгэхгүй, түүнчлэн ажилтанд дахин 6 сарын тэтгэмж олгохыг ажил олгогчид үүрэг болгох үндэслэлийг нотлохгүй юм. Ажил олгогчоос ажилтан Н.О-д “12 сар хүртэлх” хугацааны мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэр гаргаж, улмаар 6 сарын хугацааны үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

Анхан шатны шүүх “олгож болох тэтгэмжийн доод хэмжээг тусгасан болохоос дээд хугацааг хязгаарлаагүй байх тул ажил олгогчийн шийдвэрээр олгохоор тогтоосон тэтгэмжийг нэхэмжлэгч шаардах эрхтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр Н.О-гийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан тэтгэмжийн үлдэгдэл 2493000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хуульд зааснаар Н.О-гийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.О-гийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан “тэтгэмжийн үлдэгдэл 2493000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар Н.О-гийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Н.ТУЯА

 

                                                                        Д.КӨБЕШ