| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00548/и |
| Дугаар | 00619 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 00619
| 2019 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00619 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Т багт оршин суух, З овогт М-ийн М //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох,
хууль бусаар суутгал хийсэн 956,971 /есөн зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 153/2019/00548/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуульд 2013-2017 онд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа багшийн Lenovo маркийн зөөврийн компьютер болон өнгөт принтерийг намайг засуулаад аваад ир гээд өгсөн байсан. Гэнэт манай дүүгийн бие өвдөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Эмчилгээ сунгагдсан учир би 1 жилийн чөлөөг үргэлжлүүлэн авсан. Тэгээд 2017 оны 5 сард над руу сургуулийн захирал Д.Гантогоо яриад нөүтбүүкээ хүлээлгэж өг гэж хэлсэн. Тэгээд би хүлээлгэж өгч чадаагүй байж байтал над руу ярьсан. Тэгээд 2017 оны 5 сард над руу сургуулийн захирал Д.Гантогоо яриад нөүтбүүкээ хүлээлгэж өг гэж хэлсэн. Тэгээд би хүлээлгэж өгч чадаагүй байж байтал над руу ярьсан. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр сургуульдаа хүлээлгэж өгөхөд сериал номероор нь зөөврийн компьютер болон принтерийг хүлээж авлаа гэдэг бичиг хийж өгөөд тэр бичгийг би аудитын газарт аваачиж өгсөн. Гэтэл миний 2019 оны амралтын мөнгөнөөс 956971 төгрөгийг суутгаж авсан байсан. Эд зүйлийг хүлээлгэж өгсөн байхад яагаад ингэж байгаа юм бэ үүнд гомдолтой байна. Амралтын мөнгө бодох үед би амралтын мөнгөнөөс суутгасан гэдгийг мэдсэн. Сая мөн 200,000 төгрөгийг суутгаж авсан. Одоо үлдэгдэл мөнгийг бас суутгаж авна гээд байгаа. 2019 оны 12 дугаар сард бас цалингаас суутгах юм уу үүнд гомдолтой байгаа. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 956,971 төгрөгийг гаргуулж авахыг шаардаж байна. Одоо 956,971 төгрөгөө нэхэмжилж байна....Би 956971 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа.Lenovo маркийн нөүтбүүк байсан. Сургуулиас надад нөүтбүүкийг 2016 онд өгсөн....Принтер нь EPSON маркийн өнгөт принтер байсан....Би 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар ажилд орсон....Би 2017 оны 3 дугаар улирлын амралтаар чөлөө аваад, намар нь үргэлжлүүлээд жилийн чөлөө авсан....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнхараацай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Жаргалант сумын 3 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу хяналт хийсэн. Бид нар ажлын 10 хоног ажилласан. Тэгэхэд ганц М.М биш 2, 3 багш дээр багш нарт олгосон Lenovo маркийн нөүтбүүк дутсан. Шалгалтын хугацаанд эд хөрөнгийг буцаан авах гээд М.Мөнгөн-Эрдэнийг байгууллагын даргаар нь удаа дараа шаардуулсан. Тэгээд авч ирээгүй. Гэхдээ 1 жилийн дотор гаргаад өгчих боломж байсан. Тийм зүйл хэзээ ч байгаагүй. 2017 оны 4 дүгээр сард чөлөө аваад явсан байдаг. Тэгээд чөлөөний хүсэлтээ дахиж үргэлжлүүлж гаргасан байдаг. Хөрөнгийн хувьд шалгалтын хугацаанд өчнөөн олон хүний хөрөнгийг авсан. Авч ирж өгөөгүй 2, 3 хүнд акт тавигдсан. Ер нь хөрөнгө дутаах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эд хөрөнгө дутаасан ажилтанд байгууллагаас эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Эд хариуцагч биш боловч өөрт нь бүрэн хариуцуулахаар заасан тусгай хувцас хунарыг үрэгдүүлсэн бол бүрэн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд төрийн байгууллагын эд хөрөнгө албаны мэдээллийн хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай зохицуулж өгсөн. Техникийн эд хөрөнгийг бүрэн гүйцэд ашиглах талаар зааж өгсөн. Манай тайлан мэдээ улирал, улирлаар сангийн яаманд мэдээлэгддэг. Тухайн үед манай Ц.Давааням гэдэг ахлах байцаагч уг актыг гаргасан. Тайлан мэдээг Ц.Давааням гаргадаг байсан. Тухайн дутагдсан хөрөнгийг акт тавиад захиралд нь утсаар мэдэгдсэн байхад М.М нь мэдэгдээгүй гэж хэлсэн. Акт тавигдсанаас хойш 1 жилийн дараа цалингаас нь суутгал хийсэн. Энэ талаар өөрт нь мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Манайх жил болгоны ажлын төлөвлөгөөгөө оны эхэнд хийж батлуулдаг. 2018 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 2018 оны 5 дугаар сард Жаргалант сумын гуравдугаар сургуульд санхүүгийн шалгалт хийсэн...Тухайн сургуулийн данс нь дээр байгаа үнээр нь төлбөр төлүүлэхээр акт тогтоосон....Тухайн сургуулийн захирлын авсан гэсэн бичиг байгаа. Аль ч байгууллагын эд хөрөнгө байгууллагын дансандаа үнэтэй байдаг. Багш Lenovo маркийн зөөврийн компьютерийг боловсролын хэрэгцээнд олгосон болохоос хувийн хэрэгцээнд өгсөн зүйл биш. Принтер ч тэр энэ хүний хувийн хэрэгцээнд олгоогүй. Энэ хөрөнгүүд чинь төрийн өмч хөрөнгө бөгөөд тухайн эд хөрөнгүүдийг дараагийн багш нь аваад сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байх ёстой....956,971 төгрөг 6 сарын ээлжийн амралтаас орсон....Уг актыг Сангийн сайдын шийдвэр эсвэл шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.Дутагдсан хөрөнгийг төлүүлэх ёстой. Тийм ч учраас акт тавьсан. Акт тавьсны дараа буцаагаад өгч байгаа нь учир актыг биелүүлэхгүй гэж болохгүй. Хувийн зүйл биш шүү дээ тэгж гуйвуулж болохгүй....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан хууль бусаар суутгал хийсэн 956,971 /есөн зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Lenovo маркийн зөөврийн компьютер, EPSON маркийн өнгөт принтер зэргийг биет байдлаар сургуульд буцаан өгсөн байхад 2019 оны амралтын мөнгөөөс хууль бусаар 956,971 төгрөгийг суутгал хийсэн.... 956,971 төгрөгийг гаргуулна... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнхараацай нэхэмжлэлийг эс зөвшөөрч ....Дутагдсан хөрөнгийг төлүүлэх ёстой. Тийм ч учраас акт тавьсан. Акт тавьсны дараа буцаагаад өгч байгаа нь учир актыг биелүүлэхгүй гэж болохгүй. гэж маргасан болно.
Нэхэмжлэгч М.М нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн чөлөө авч, улмаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр жилийн чөлөө хүссэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
М.М нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар ажиллаж байх хугацаандаа авсан 2015 оны 11 сард олгосон Lenovo маркийн зөөврийн компьютер, Epson маркийн өнгөт принтер зэргийг 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд математик, мэдээлэл зүйн багшийн үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байх хугацаанд буюу чөлөө авсан гэх 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын гуравдугаар сургуулийн үндсэн хөрөнгийн дансанд 1,138,290 төгрөгөөр бүртгэгдсэн 2016 онд багш нарт олгосон Lenovo маркийн зөөврийн компьютер, үндсэн хөрөнгийн дансанд 600,000 төгрөгөөр бүртгэгдсэн Epson маркийн өнгөт принтер зэргийг эзэмшил, ашиглалтдаа байлгасан байна.
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын гуравдугаар сургуулийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчий тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Чөлөө авсан гэх үедээ өөрт нь хүлээлгэн өгсөн байгууллагын эд хөрөнгийг байгууллагадаа буцаан хүлээлгэн өгөөгүй байсан М.Мөнгөн-Эрдэнийн үйлдэлд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 35-04-57 дугаартай актаар 1,738,290 төгрөгийг гаргуулахаар тогтоосон болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнхараацайгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Уг Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актыг үндэслэн Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Ч.Энхтөр, нягтлан бодогч Д.Санжидмаа нар нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн цалин хөлснөөс 956,791 төгрөгийн суутгал хийсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдлоо. Талууд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч М.М нь багшийн үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд олгогдсон эд хөрөнгө болох Lenovo маркийн зөөврийн компьютер, Epson маркийн өнгөт принтер зэргийг байлгасан үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг нь зөрчжээ.
Иймээс Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 35-04-57 дугаартай акт нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч нь актад тусгагдсан төлбөрийг эд хөрөнгө хэлбэрээр нь холбогдох байгууллагад нь буцаан өгсөн байхад цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн гэж маргав.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн актыг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан гомдлоо Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид, улмаар түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, уг акт хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
Харин уг актыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн цалин хөлснөөс 956,791 төгрөгийн суутгал хийсэн Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн эрх бүхий этгээдүүдийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.
2-т заасан ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.
Гэвч суутгал хийх хэмжээнээс хэтрүүлэн суутгал хийсэн үйлдэлд хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг буруутгах үндэслэлгүй юм.
Учир нь, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн цалин хөлснөөс 956,791 төгрөгийн суутгалыг Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд хийсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг тодорхойлсон болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан М.Мөнгөн-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох, хууль бусаар суутгал хийсэн 956,971 /есөн зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,600 төгрөгөөс 956,971 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 83 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан М.М-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох, хууль бусаар суутгал хийсэн 956,971 /есөн зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мөнгөн-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,600 төгрөгөөс 27,517 /хорин долоон мянга таван зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 83 /наян гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ