| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00522/и |
| Дугаар | 00620 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 00620
| 2019 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00620 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт оршин суух, Э овогт Д-ийн Д //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 153/2019/00522/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Д.Д миний бие нь 2016 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургуулийг төгсөөд Говь-Алтай аймгийн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн харьяа Анагааах ухааны их сургуульд элсэн орж суралцсан.
Говь-Алтай аймгат суралцаж байхдаа 2018 онд Б.Хатанбаатартай танилцаж, үерхсэн. Тэр үед Б.Хатанбаатар нь цэргийн албанаас халагдаж ирсэн байсан бөгөөд Говь-Алтай аймагт амьдардаг өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг гэж ярьж байсан.
2018 оны өвөл 12 дугаар сард миний бие жирэмсэн болсон. Энэ талаар Б.Хатанбаатарт хэлэхэд хүмүүст надаас жирэмсэн болсон гэж битгий хэлээрэй гэж чатаар хариу өгсөн. Тэр үед Б.Хатанбаатар Улаанбаатар хот руу явчихсан байсан. Намайг жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд Фэйсбүүкт байгаа миний хаягийг блоклочихсан.
2019 оны хавар Б.Хатанбаатар нь Говь-Алтай аймагт ирсэн уулзахад Эцэг нь олдоогүй хүүхдийг битгий минийх гээд хүн болгонд хэлээд бай гэж хэлсэн. Түүнээс хойш надтай холбоо бариагүй.
Д.Д миний бие нь 2019 оны 06 сард Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийг сувилагч мэргэжпээр төгссөн. 2019 оны 07 сарын 25-ны өдөр би 2 ихэр охин төрүүлсэн. Охидуудыг минь Д.Үлэмж, Д.Бүтэмж гэдэг.
Хүүхдүүдийн эцэг болох Б.Хатанбаатараар тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Говь-Алтай аймагт байхгүй, Улаанбаатар хотод амьдарч гэсэн сураг байна.
Б.Хатанбаатар нь 1998 онд төрсөн, 99493949 гэсэн утасны дугаартай байдаг.
Б.Хатанбаатарын Фэйсбүүк хаяг нь Б.Хака гэсэн хаягтай.
Иймд Б.Хатанбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна.
Миний бие нь 3 сартай 2 ихэр хүүхэдтэйгээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдарч байгаа тул шүүхэд ирж ажиллагаанд оролцох боломжгүй тул итгэмжпэгдсэн төлөөлөгч оролцуулна....гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Хатанбаатар нь тухай үед нэхэмжлэгчтэй танилцахдаа Гавь-Алтай аймагт эмээ, өвөөтэйгөө амьдарч байсан. Нэхэмжлэгч эмээ өвөөгийнд дагаж очиж байгаагүй. Нэхэмжлэгчид ярихдаа аав, ээж нь Улаанбаатар хотод байдаг гэж хэлсэн. Батсайханы Х нь ..регистрийн дугаартай....Б.Хатанбаатар Д.Д нарын дундаас 2 ихэр хүүхэд мэндэлсэн. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хоёр хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Гэтэл бага насны 2 хүүхдийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа учир гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг Б.Хатанбаатараар тэжээн тэтгүүлэх үүргийг хүлээлгэхийн тулд шүүхэд хариуцагчаар татах зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Б.Хатанбаатарын хаана байгаа нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хариуцагчийн оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаарыг заавал тодорхойлж бичих шаардлагатай. Ингэснээр шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргах боломжтой болох юм....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд хариуцагчийн хаяг тодорхойгүй, өөрөө олох боломжгүй нөхцөлд шүүхэд хүсэлт гаргаад эрэн сурвалжлах боломжийг хуульчилж өгсний дагуу Д.Д шүүхэд хүүхдүүдийн эцэг болох Б.Хатанбаатарыг эрэн сурвалжлах хүсэлтийг гаргасан. Хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг нь тодруулсны үндсэн дээр Бүтэмж, Үлэмж гэдэг хоёр ихэр охиныхоо эцгээр нь тэжээн тэтгүүлэх үүргийг хүлээлгэх зорилгоор нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч өөрт олдсон боломжит хэмжээгээр мэдээллийг шүүхэд өгсөн. Иймд Б.Хатанбаатарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хатанбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хатанбаатар, нэхэмжлэгч Д.Д нарын дундаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.Бүтэмж, Д.Үлэмж нар төрсөн гэх үндэслэлээр Б.Хатанбаатарыг эрэн сурвалжуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Д нь гаргасан байна.
Д.Д нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.Бүтэмж, Д.Үлэмж нарыг төрүүлсэн болох нь №8401000646, 8401000647 дугаартай улсын бүртгэлийн дугаартай Дийн Үлэмж, Д-ийн Бүтэмж нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдлоо.
Батсайханы Хатанбаатарын бүртгэлтэй болон оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хүсэлт/-ийг шүүх хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргахаар, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэхээр тус тус заасан.
Түүнчлэн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр,гаргана гэж заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тул Б.Хатанбаатарын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Д.Д-т нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгов.
Харин иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл /хүсэлт/-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэдэг ба энэхүү нэхэмжлэл /хүсэлт/-ийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэдэггүй болохыг дурдлаа.
Б.Хатанбаатарын талаарх мэдээлэл: Говь-Алтай аймагт 1998 онд төрсөн гэх, ДИ98012319 регистрийн дугаартай, утасны дугаар нь 99493949.
Нэхэмжлэгч Д.Д-тэй холбоо барих утасны дугаар 88390127, 95413767 болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ДИ98012319 регистрийн дугаартай, Батсайханы Хатанбаатарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Батсайханы Хатанбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Б.Хатанбаатарын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Д.Д-т нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ